Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

 

 

Т.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02431 дугаар шийдвэртэй, Т.М-гийн нэхэмжлэлтэй, нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М-, түүний өмгөөлөгч Н.Нарангуа, төрийг төлөөлж прокурор Х.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний эцэг Х.Төмөр нь Дорнод аймгийн Гурван загал суманд төрсөн. 1938 оны 3 дугаар сард баривчлагдаж, 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор 43, 44, 46 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Манай гэр болон хөрөнгийг бүгдийг нь хураан авч явсан. Ээж бид хоёр хөдөө айлынд мал харж амьдардаг байсан. Иймээс цагаатгалын нөхөн олговор болох 80 000 000 төгрөгийг зохих хууль, журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос: Х.Төмөр нь Улс төрийн хилст хэрэгт хэлмэгдсэн болон Т.М- нь түүний төрсөн хүүхэд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Т.М-д Улс төрийн хилст хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.

Учир нь, Улс төрийн хилст хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүнд 80 000 000 төгрөг олгоно гэж зохицуулсан. Иймд 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М-гийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Т.М-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Архивын газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04/513 дугаартай албан бичигт “...Т.М-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын хүрээнд орон сууц олгосон тухай мэдээлэл хадгалагдаагүй байна...” гэсэн нотлох баримт авагджээ. Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас орон сууц, гэр аваагүй болох нь нотлогдож байгаа болно. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт ...энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно гэсэн нь орон сууц, гэр аваагүй тохиолдолд нөхөх олговор олгохоор хуульчилсан байх атал гэр, орон сууцаа хураалгаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эцэг Х.Төмөрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн ялын дээд хэмжээ авсан, улмаар цагаатгагдсан болохыг тогтоосон атлаа зөвхөн өөрийн гэр, орон сууцаа заавал хураалгаагүй гэдэг үндэслэлээр нөхөх олговор олгохоос татгалзсан. Монгол Улс иргэнийхээ амьд явах эрхийг зөрчиж, хилсээр шийтгэсэн явдалд төр хариуцлагаа хүлээн хэлмэгдэгчдийн гэр бүлд 80 000 000 төгрөгийг нөхөх олговор олгохоор хуульчилсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэр орон сууцаа хураалгасан нь бичмэл нотлох баримтаар нотлогдохгүй байна гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.М- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн төрсөн хүүхдэд олгох нөхөх олговор 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д заасны дагуу нэхэмжлэгчид 40 000 000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэсэн тайлбар гаргажээ. /хх1, 34/

 

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийн тухайд уг хэрэгт хамааралтай үйл баримтыг тодруулахын тулд зохих байгууллагаас лавлагаа авах зэргээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийх учиртай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан нөхцөлд хамаарах үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж Нийслэлийн Архивын газраас Т.М-д орон сууц олгож байсан эсэх талаарх лавлагааг гаргуулах ажиллагааг хийсэн нь буруу. /хх22, 27/

 

Зүй нь, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад, мөн хуулийн 23.1 дэх заалтын нөхцөл нь “хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцгүй болсон, түүнтэй холбоотойгоор улсаас гэр, орон сууцаар хэлмэгдэгч болон түүний эхнэр /нөхөр/ хангагдсан” эсэх үйл баримт хамааралтай. Хэрэв хэлмэгдэгч өөрөө болон түүний эхнэр, нөхөр нь уг хуулийн зохицуулалтад заасан журмын дагуу урьд нь орон сууцаар хангагдсан тохиолдолд дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасан нөхөх олговрыг хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нь авах эрхгүй гэх агуулгаар тайлбарлан, энэ талаар тодруулах ажиллагааг хийх ёстой атал зөвхөн хэлмэгдэгчийн хүүхэд Т.М-д орон сууц олгож байсан эсэх талаарх баримт гаргуулж, үүгээрээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

Түүнчлэн, хэлмэгдэгч Х.Төмөр нь хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн гэх боловч энэхүү ял шийтгэл нь ямар төрлийн ялын дээд хэмжээнд хамаарах нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй байна. Үүний улмаас нэхэмжлэгч болон прокурор нөхөх олговорын хэмжээг өөр өөр үнийн дүнгээр тайлбарлаж байгааг тодруулах шаардлагатай гэж үзэв. Өөрөөр хэлбэл, хэлмэгдэгчийн эргэлзээ бүхий ялын байдал нотлох баримтад тулгуурлан зөв тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарах эсэх нь тодорхой болох юм.  

 

Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд дээр дурдсан үйл баримт тодорхой бус байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02431 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д  зааснаар нэхэмжлэгч Т.М- нь  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА