Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

 

                                            Б.Батсүхэд холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлоор Б.Батсүхэд холбогдох эрүүгийн 2131002160228 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Зузаан овогт Бат-Эрдэнийн Батсүх, 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны Арабатын 1-51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЙЮ92013011/;

 

Шүүгдэгч Б.Батсүх нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Батсүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Зузаан овогт Бат-Эрдэнийн Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсүхэд 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 72-46 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 45.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батсүхээс гаргуулж, үүнээс түүний гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөр болох 8.156.156 төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэгдэл 36.843.844 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, 72-46 УН улсын дугаартай экскаватор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Дорж овогт Шийрэвжанцангийн Дамбарагчаа /РД:Й092041115/-д, буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 72-46 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Б.Батсүх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 06 өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2-р заалтаар Бат-Эрдэнэ овогтой Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэхь хэсэгт заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох "гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялыг нээлтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгчийн хувьд тухайн зүйл ангийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаан байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн байдаг. Шүүгдэгчийн хувьд хуульд заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх боломжтой гэж үзэж хохиролоо төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон байдаг.

Шүүхийн шийтгэх тогтоолын 3-р заалтаар хохирол төлбөрийг гэмт хэргийн улмаас битүүмжлдэгдсэн эсковаторын “Ашид билгүүн” ХХК-ны үнэлэгдсэн 45.000.000 төгрөгөөс 8.156.156 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-р зүйлд заасан 5-р заалтаар ... бодит хохиролыг нөхөн төлүүлэх ,хор уршгийг арилахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэсэн заалтын дагуу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит хохирол болох 1.932.030 төгрөгийг эхний ээлжинд төлүүлсэн болно.

Батсүхийн хувьд залуу хүний хувьд гэр бүл болж, өрх тусгаарлан, үрийн зулайгаа үнэрлэн дөнгөж 06 сар болж байхад гэмт хэрэгт холбогдон ингэж хорих ял эдлэнэ чинээ бодож яваагүйн улмаас өвлийн хүйтэнд эхнэр,нярай хүүхдээ орхин ийм байдалд хүрсэндээ туйлаас харамсаж , сэтэл санааны хямралд орж байгаа талаараа өмгөөлөгчдөө хэлж байгаа зүйлийг гомдолдоо тусгалаа.Түүний охин Ирмүүнзаяа 2021.06.22-ны өдөр төрсөн болно. Гэр бүлийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг цахимаар хүлээн авсан.

Иймээс гэм буруугийн хувьд, зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, ахуй амьдралын байдал ,нялх нярай хүүхэдтэй байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэв.

 

Прокурор А.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Батсүх нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй үндэслэлээр хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлыг нөхөн төлсөн байгаа нь хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэж байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч О.Атарцэцэгийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Батсүхэд холбогдох 2131002160228 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Б.Батсүх нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Батсүхийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 92-94,129-134-р ху/, хохирогч Л.Болормаа /хх-ийн 22-р ху/, иргэний нэхэмжлэгч Ш.Дамбарагчаа /хх-ийн 25-26-р ху/, гэрч Б.Цолмонбаатар /хх-ийн 28-29-р ху/, Т.Билгүүн /хх-ийн 36-37-р ху/, С.Мөнхтулга /хх-ийн 42-43-р ху/,Н.Ариун-Энх /хх-ийн 45-46-р ху/, Н.Батбаатар /хх-ийн 48-49-р ху/, А.Мөнхбат /хх-ийн 52-53-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт бүс” ХХК-ий шинжээчийн 55-74-р ху/, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №1000879 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Гэвч Б.Батсүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан бодит хохирол болох 1.932,030 төгрөгийг давж заалдах шатанд нөхөн төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулалгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтанд өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагч Б.Батсүх, хохирогч Л.Болормаа нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулж /хх-ийн 105, 108- ху/ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналтайгаар прокурорт ирүүлж улмаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 174 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хор уршгийн хэмжээг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчдод танилцуулагдаагүй, яллах дүгнэлтэнд дурьдагдаагүй, танилцаж хүлээж авсан зөрчилд холбогдогчийн гарын үсэггүй Мэргэжлийн Хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №18-04-003/63 дугаартай актыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хүрээлэн буй орчинд учруулсан хор уршгийн хэмжээг тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн акттай танилцах, дээд шатны албан тушаалтан болон шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан, түүний эрх зүйн байдлыг дордуулсан зөрчил болохыг прокурор, анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Б.Батсүхэд мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай” гэж,

 

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д -д зааснаар шүүгдэгч Б.Батсүхийг тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа арилгах, оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс  хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай” гэж өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

3.Шүүгдэгч Б.Батсүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.932.030 /нэг сая есөн зуун гучин хоёр мянга гуч/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

 

4.Шүүгдэгч Б.Батсүхэд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

 

              ШҮҮГЧ                                                       Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                        

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ