Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 135/шш2024/00740

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2023/01562/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** хороо, ***** байр, ***** тоотод оршин суугаа, ******* овогт ******* *****ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** хороолол, ****** байр, ***** тоотод оршин суугаа, ******* овогт ******* *****т холбогдох,

45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бумаа,

Хариуцагч ******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хороо, ***** байр, ***** тоот байр худалдан авахаар ******тай харилцан тохиролцож, сар бүр 500,000 төгрөг 10 жилийн хугацаатай төлж байхаар тохиролцож ******ын Хаан банк дахь ****** тоот дансанд нийт 65 сар тушааж, нийт байрны төлбөрт 31,000,000 төгрөг төлсөн байдаг. Тухайн үед ****** нь эмнэлэгт хэвтэж байна гээд гэрээгээ хийж чадаагүй. Бид байрандаа амьдарч байх хугацаанд ямар нэгэн асуудал үүсэж байгаагүй бөгөөд бид цаашид өөрсдийн болох үл хөдлөх хөрөнгөө өөрсдийн мөнгөөр засаж сайжруулж байсан. Байр худалдан авснаас хойш нийт 14,000,000 төгрөгийн засвар хийсэн. 2022 оны 09 сард *****ын ***** гэдэг хүн байран дээр ирээд биднийг хөөж наад байр чинь миний байр гээд бидэнтэй маргаан үүсгэсэн. Энэ үед ******тай холбоо барихад манай хүүгийн байр байсан юмаа. Хүү байраа зарахгүй гэж хэлээд байна гээд утсаа тасалсан. Иймд хариуцагч ******аас байрны төлбөрт төлж байсан 31,000,000 төгрөг, засварын 14,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнөх шүүхийн хэлэлцүүлэг дээр хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэртэй хэрэг болон түүнтэй холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотой тус шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаж, хэргийн материал эх хуваариа татагдаж ирсэн байгаа. Үүнтэй холбоотой хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг иш татаж итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Хариуцагч ******аас 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дансны хуулгаар нотолж байгаа. Хариуцагчийн ****** тоот дансанд нийт 62 сарын хугацаанд гүйлгээ хийсэн. Нэхэмжлэгч *****ы данснаас гүйлгээ хийгдсэн баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Тус материалаас харахад нэхэмжлэгчийн хүсэл зоригийг харж болно. ***** сар бүр мөнгөө хийхдээ байр худалдаж авах төлбөр гэсэн гүйлгээний утгатай хийсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Юуны түрүүнд хэлэхэд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1432 дугаартай албан бичиг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга хошууч ***** гэж хүнээс ирсэн байна, энэ хэрэгт байгаа. Энэ бичигт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, хаах саналтай байна гэсэн байгаа, харин хаалаа, хаасан гэсэн зүйл байгаагүй. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэг хэргийн төлөө 2 газар шалгаж болохгүй, хааж өгөөч гэж одоогийн байдлаар намайг дуудаж асуусан зүйл байхгүй. Би өөрийн саналаар удаа дараа очиж байсан. Энэ хүмүүс танилын шугамаар удаа дараа олон удаа хэрэг нээлгэж байсан. Одоо дэслэгч Хулан гэж хүн дээр байгаа. Энэ хүмүүс намайг 4 удаа цагдаад өгсөн, одоо ч шалгагдаж дуусаагүй байгаа. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Энэ хүмүүс сүүлийн 7 жил миний байрыг маш хямд, барьцаагүй, сарын 500,000 төгрөгөөр хөлсөлж суусан. Уг байрыг анх ***** биш ****** гэж хүн хөлсөлж суухаар надтай тохирсон. Тийм учраас би байрны засварын зардлыг хариуцахгүй, надад хэлээгүй, тэр байр угаасаа засвартай байр байсан. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан. Зарын дагуу манай хүргэн *****аас аль хэзээний түлхүүрийг авч ороод нэг сар болчихсон байсан. Хүргэн ***** Япон улс руу явахаар виз нь бүтээд, энэ хүмүүст миний утасны дугаарыг өгөөд, энэ хүмүүс дөрвүүлээ миний он жавыг дагуулаад, 1 кг алим бариад ирсэн. Тэгэхэд нь би ар гэрийн зовлонгоо яриад мөнгийг нь тасралтгүй өгөөрэй гэж хэлсэн. *****д эхний нэг сарын төлбөрийг бэлнээр өгсөн гэсэн бичиг авч ирсэн. Би энэ хүмүүст миний бие муу, ээжийн бие муу, би эхнэргүй, тахир дутуу хүүхэдтэй гэж бүх зовлонгоо тоочоод, төлбөрөө л сар бүр таслахгүй өгөхийг хүссэн. Ингээд би дансаа өгсөн, үүнээс хойш эхний 2-3 сар байрны түрээс гэсэн утгатайгаар ****** биш, ***** шилжүүлж байсан. Сар бүр 500,000 төгрөг орж ирж байсан. Энэ нь нийт 31,000,000 төгрөг болсон байх, энэ хүмүүс тооцож үзсэн байх гэж бодож байна. 3-4 дэх сараас эхлээд байр худалдаж авах гэсэн утгатай орж ирсэн. Би гайхаж байсан, гэвч мөнгөний шилжүүлгийн гүйлгээний утга дээр юу гэж бичих нь энэ хүмүүсийн л асуудал. Түрээсийн мөнгөө таслахгүй өгч байсан учраас 1 ч удаа энэ хүмүүстэй уулзаагүй. Ингээд манай хүү сургуулиа төгсөж ирээд байрандаа орно гээд очиход хэрүүл хараал болоод арга буюу цагдаа шүүхэд хандсан. Над дээр 4 удаа хэрэг үүсгэсэн, хүүг маань 1 удаа шалгуулж байсан. Байрнаас амархан гараагүй, шүүхийн шийдвэрээр албадан гаргуулсан. Гарахдаа байрны түрээс, хэрэглээний мөнгөө ч төлөөгүй, эвдэж хэмхлээд гарсан. Тийм учраас энэ хүмүүс надад байрны түрээсээ өгч байсан учраас би хариуцахгүй, миний байранд үнэгүй суух гэж байгаа юм уу. Засварыг би мэдээгүй, надад хамаагүй. Надад хэлэхгүй, ерөнхийдөө засвар хийж байгаад худалдаж авсан гэж дайрна гэсэн бодолтой байж гэж сүүлд бодож байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын дээд шүүхийн тогтоолд хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар тайлбарласан байдаг. Энэ тогтоолоос харахад ******ын хувьд өдий насны хүн дэндүү хариуцлагагүй хандсан нь харагдаж байна. Хамгийн гол нь энэ байрыг зарын дагуу олж утсаар холбогдож худалдан авахаар тохиролцсон байдаг. ***** нь уг байрыг 5 жил 2 сарын хугацаанд засаж тохижуулж, хүүхдүүдээ оруулаад, өөрөө тэтгэврийн насны хүн, насжилт дууссан, хуучирч муудсан байрыг орцтой нь үзэмжтэй болгоод, өөрийн байр гэж итгээд явж байсан байдаг. Худалдах худалдан авах гэрээ хийх үү, хэзээ хийх вэ гэж байнга асуудаг байсан байгаа. Тэр бүрд ****** за хийнэ, би өвчтэй байна, мөнгөө төл гэж хэлдэг, энэ хүмүүс мөнгөө төлөөд яваад байсан байгаа. ***** тэтгэврийн насны хүн зарим сар төлж чадахгүй ахаараа төлүүлж байсан удаа байгаа. Ингэж явсаар байгаад энэ залилан юм байна гээд цагдаад өгөхөд цагдаа хаасан байдаг. ****** ямар ч үндэслэлгүй энэ хүнээс мөнгө аваад хүүхдийнхээ байрыг зарна гэж олон нийтийн сүлжээнд тавьсан асуудал байна. ***** ч үүнд нь хөнгөмсөг хандаж хууртаж, мөнгөө өгөөд итгээд яваад байсан байдаг. Үүн дээр шүүх үнэн шударга шийдвэр гаргахгүй бол цаашид энэ асуудал даамжрах магадлалтай байна. Энэ бол зөвшөөрөлгүй хийгдсэн, хуулиар тогтоосон зарчмыг зөрчсөн үйлдэл юм. ****** өнөөдрийг хүртэл нотариатаар ороогүй, гэрчилгээг нь шилжүүлж өгөөгүй яваад байсан байдаг. Тэгэхээр ****** манай хүүгийн байр гэж анхнаасаа хэлсэн бол Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хүү нь би зөвшөөрч байна, эсвэл татгалзаж байна гэж талуудад мэдэгдэх ёстой байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-г хархаар Бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан байгаа. Тэгэхээр 2022 оны Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр ******ын хүүд байр буцаж очсон байгаа. Тийм учраас энэ хэлцэл хүчин төгөлдөр бид байрыг нь буцааж өгсөн учраас төлсөн мөнгөө буцааж авъя гэдэг шаардлага тавьж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсэн хуулийн заалт хэрэгжих байх гэдэг үүднээс хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар *****ы ******т төлсөн мөнгөний асуудал яригдаж байгаа болохоос Баянзүрх дүүргийн шүүх дээр болсон Э.*****, ****** нарын хооронд болсон хэрэг дурдагдаж, холилдох ёсгүй гэдгийг хэлмээр байна гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдлын шаардлагыг өөрчилж байх шиг байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байна. Анхнаасаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *****, Батмөнх нар худалдах худалдан авах гэрээ хийсэн баримт байгаа. Үүнийг үнэлж байгаа бол Батмөнх, ***** нар гэрээ хийсэн байна. Үүнд ****** хамаагүй. ****** хүний байр зөвшөөрөлгүй түрээсэлж ашиг олсон гэж байна, энэ үндэслэлгүй. ****** өөрөө тайлбарласан, өөрийн төрсөн хүүхдийн байрыг ОХУ-руу сургуульд явсан эзгүй хойгуур нь хөлсөлсөн гэж ярьдаг. Үүн дээр худалдах худалдан авах харилцаа үүсээгүй, нотлох баримт байхгүй байна. Тэгэхээр нэхэмжилж байгаа 31,000,000 төгрөг нь энэ хүмүүсийн байр хөлсөлсөн буюу сар бүр 500,000 төгрөгөөр хөлсөлж амьдарч байсны төлбөр гэж үзэж байгаа. Үүнийг буцааж өгөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Худалдах худалдан авах гэрээ хийгээгүй байхад яагаад засвар хийсэн юм, энэ бол нэхэмжилж байгаа талын өөрийнх нь асуудал. Олон жил түрээсэлж суусан байна, тавтай тухтай амьдрахын тулд өөрийнхөө амьдарч байгаа орчныг сайжруулж засвар хийсэн байх гэж бодож байна. Байрнаас гарахгүй болохоор нь ****** Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байгаа. Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байгаа. Анхан шатны шүүх байр хөлслөх харилцаа үүссэн байна гэдгийг тогтоосон байгаа. Давж заалдах шатны шүүхээр ******, Э.***** нарын хооронд байр хөлслөх гэрээ тогтоогдоогүй боловч ******, ***** нарын хооронд байр хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлт хийсэн. Тэгэхээр энд худалдах худалдан авах хэлцэл огт явагдаагүй. Нэгэнт олон жилийн түрээс төлсөн, байрыг залилан мэхэлж авах үндэслэлээр, ар гэрт нь тусалж дэмжих хүнгүй, өвчтэй хүүхэдтэй хүнийг хууран мэхлэх аргаар авах арга хэрэглэж байсан юм биш үү. ***** ******т холбогдуулж уг байрыг залилан мэхэлсэн талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан нь үнэн юм байна. Энэ нь одоо хүртэл хаагдаагүй, шалгагдаж байгаа юм байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа. Иргэний хэрэг Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бол хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа. Хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж тогтоогдохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас огноо, төгрөг, данс бичигдсэн гар бичмэл баримт, гэрээ гэх гар бичмэл баримт, гэрэл зураг, төлбөр төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *****тай чааталсан чат гэх гарчигтай баримт, зарлагын баримтууд, Улаанбаатар хотын БЗД-н 19-р хороо, 4-р байр, 26 тоотод хийсэн засварын зардал, үндсэн материал гэх баримтууд, фото зураг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

5. Хариуцагч талаас *****ын Золжаргалын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, *******, , нарын гараар бичсэн тодорхойлолт, 2011 оны 12 сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2008 оны 09 сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2015 оны 08 сарын 19-ний орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Цэргийн төв эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 101/***** дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн ***** дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 сарын 25-ны өдрийн ***** дугаартай тогтоо зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *****ы хариуцагч ******т холбогдуулан гаргасан орон сууцны үнэд шилжүүлсэн 31,000,000 төгрөг, орон сууцанд хийсэн засварын зардалд 14,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр байрны 26 тоот, 28 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******тай тохирч 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, сар бүр 500,000 төгрөгийг 10 жилийн хугацаанд төлөхөөр тохирч, ******ын дансанд 62 сарын хугацаанд 31,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тухайн байрнаас түүний хүү Э.***** ирээд биднийг хөөсөн. Иймд байрны үнэд шилжүүлсэн 31,000,000 төгрөг, мөн байранд өөрсдийн мөнгөөрөө засвар хийхэд гарсан зардал 14,000,000 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ****** нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Би энэ асуудлыг мэдэхгүй, Энэ байр миний хүүдээ авч өгсөн байр. Тухайн үед миний хүү гадаадад сурахаар явсан байсан тул манай хүргэн энэ хүмүүстэй холбогдоод байрыг түрээслэхээр болсон байсан. Сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тохирсон байсан. Манай хүргэн над руу яриад та мөнгийг нь дансандаа авч байгаарай гэсний дагуу энэ хүмүүс мөнгөө хийгээд л явж байсан. Гэтэл худалдан авахаар тохирсон гэж худлаа ярьж шүүх цагдаагаар олон явж шийдвэрлүүлсэн. Мөн өөрийн амьдарч байгаа байраа өөрсдийн тав тухыг хангах зорилгоор засвар хийснийг би хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

3. Хэрэгт Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд болон *****ы Хаан банкны депозит дансны хуулганууд авагдсан бөгөөд 31,000,000 төгрөгийг хариуцагч ******ын дансанд шилжүүлсэн, түүнийг хүлээн авсан, мөн тус орон сууцанд нэхэмжлэгчийн хүүхдүүд амьдарч байсан талаар талууд маргаангүй байна.

Харин нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул 56.6-д зааснаар төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, хариуцагч тал нь орон сууцыг хөлсөлсөн тул амьдарсан хугацааны төлсөн хөлсийг буцаан шаардах эрхгүй гэж тус тус маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан 2012 оны 08 сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 26 тоот орон сууцны зориулалттай, 28 м.кв талбайтай хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь *****ын ***** болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 101/***** дугаартай шийдвэрээр тус орон сууцыг хариуцагч Ц.******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч Ц.******өөс 2,064,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*****ид олгож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн ***** дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 302 дугаар зүйлийн 302.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Тус магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд магадлалын хянавал хэсэгт зохигчдын маргааны зүйл нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байр, 26 тоот, 28 м.кв талбайтай орон сууц байх ба хариуцагч нь уг орон сууцанд 2017 оны 04 дүгээр сараас хойш амьдарч байгаа, хариуцагчийн хадам эх Н.*****, нэхэмжлэгчийн эцэг ****** нар харилцан тохиролцсоны дагуу Э.***** ******т сар бүр 500,000 төгрөг төлдөг үйл баримт тогтоогдсон байна, Нэхэмжлэгч Э.***** ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлжээ, Хариуцагч Ц.****** нь хадам эцэг эх нь орон сууцыг худалдан авсан гэх боловч түүний тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, ... 500,000 төгрөгийг байрны мөнгө, байрны төлбөр, байр худалдан авсны төлбөр зэрэг гүйлгээний утгаар шилжүүлж байсан нь орон сууцны өмчлөх эрх шилжих үр дагаврыг бий болгохгүй, ******, ***** нарын хооронд орон сууцны талаарх тохиролцоо хийгдэж, ***** ******т төлбөр төлж байсан байх ба харин Э.*****, Ц.****** нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

 

5. Дээр дурдсан баримтууд болон талуудын тайлбараар зохигчдын хооронд орон сууцтай холбоотой тохиролцоо хийгдсэн, төлбөрт нийт 31,000,000 сая төгрөгийг *****, хариуцагч ******т шилжүүлсэн, тухайн тохиролцооны дагуу 2017 оны 04 дүгээр сараас хойш нэхэмжлэгчийн хүүхдүүд тус орон сууцанд амьдарсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд *****, ****** нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаагүй гэж дүгнэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчинтэй байна.

Нөгөө талаас зохигчдын хооронд хийгдсэн тохиролцооны үр дүнд тус орон сууцанд нэхэмжлэгч *****ы хүүхдүүд амьдарч байсан, мөн дээрх шүүхийн магадлалд хариуцагчийн хүүхэд болох орон сууцны өмчлөгч Э.*****, нэхэмжлэгч *****ы хүүхэд болох тухайн байранд амьдарч байсан Ц.****** нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй гэх дүгнэлт зэргээс үзэхэд зохигчдын тохиролцоо нь орон сууц хөлслөх гэрээний шинжийг агуулж байна гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл *****аас хариуцагч ******т сар бүр шилжүүлж байсан 500,000 төгрөгийг орон сууц хөлсөлсний төлбөр гэж үзэх, нөгөө талаас ***** нь өөрийн хүүхдүүдийг тус орон сууцыг эзэмшүүлэхээр оруулсан тул зохигчдын хэлцлийн үр дүн биелсэн байна.

Иймд *****ы худалдах, худалдан авах хэлцлийн дагуу шилжүүлсэн гэх 31,000,000 төгрөгийг буцаан шаардах шаардлага үндэслэлгүй юм.

 

6. Нэхэмжлэгч нь тус байрыг эзэмшиж байх хугацаанд 14,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж холбогдох баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагч нь энэхүү засварыг би мэдэхгүй, өөрсдийн амьдрах хугацааны тав тухыг хангасан сайн дурын үндсэн дээр хийсэн зүйл тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд засварын үнийн дүнгийн хувьд маргаж тайлбар гаргаагүй болно.

Нэхэмжлэгч энэхүү шаардлагаа хариуцагч ******т холбогдуулан гаргаж байгаа бөгөөд тухайн засвар хийсэн орон сууцны өмчлөгч нь ****** биш харин Э.***** болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл орон сууцанд засвар хийгдсэнээр тухайн хөрөнгийн хэмжээ буюу үнийн дүн нэмэгдсэн гэж үзвэл орон сууцны өмчлөгчид хөрөнгө бий болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Гэтэл тус орон сууцанд засвар хийж, 14,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэхүү засварын зардал хариуцагч ******ын хөрөнгөд зарцуулагдаагүй байх тул энэхүү шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч *****ы хариуцагч ******т холбогдуулан гаргасан нийт 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

9. Хариуцагч ****** нь тухайн үед орон сууц хөлслөх зах зээлийн ханшийг тодорхойлох зорилгоор бусадтай хийсэн орон сууц хөлслөх гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь маргааны зүйлтэй хамааралгүй тул шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******аас 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *****ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.ОЮУНЦЭЦЭГ