Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Улсын яллагч: Э.Гантулга Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавчаар” гэх газар *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би *******ыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. *******ын хохирлыг бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө манай мал бэлчээд явчихсан байсан. *******гийн ухна, хуцтай нийлчихсэн байхаар нь ялгаж байтал ******* ирээд чи яасан даварсан банди вэ гээд надруу дайраад хоёр шанаа руу цохиод, элэгдээд байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/ ...Миний хохирлыг ******* бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, 2 гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 15-16

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08- ны өдрийн №428 дугаартай шинжээчийн 1.*******ын биед тархи доргилт, зүүн чих, мөр, тохой, гарын алганд зулгаралт, хүзүү, эгэмд цус хуралд, чих, зүүн гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 3. .Дээрх гэмтэл тухайн цаг үедээ болон амь насанд аюулгүй болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-9/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.09.09-ний өдрийн 175 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/,

шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавчаар” гэх газар *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 32-33/, хохирогч *******ын... мэдүүлэг /хх-ийн 13-16/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №428 дугаартай дүгнэлт / хх-ийн 24-25/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 3 Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулан шийдвэрлэв. Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн Optimus Vu маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Таван ханхар овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн Optimus Vu маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА