Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0309

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбаатар тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ирүүүлсэн хүсэлтэндээ:

... 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/162 тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо БД10-1966 тоот 350 м.кв газрыг хүчингүй болгосон шийдвэрийг сэргээхээр хүсэлт гаргасан. Итгэмжлэлийг Энхтүвшин овогтой Энхцэрэнд олгож цаашид хариуцуулахаар өгсөнийг татгалзаж, мөн өгсөн нэхэмжлэлээ буцаан авах хүсэлттэй, нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг хүлээж авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан ба тэрээр энэхүү нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулжээ. Энэхүү хуулийн заалтын агуулгын хүрээнд нэхэмжлэгч Д.Ганбаатар нь өөрийн биеэр нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатарын зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Д.Ганбаатарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганбаатарын ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох 128/2019/0324/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН