Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

 

                                            Д.Бямбацогтод холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Бямбацогтод холбогдох эрүүгийн 2031002740041 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Дашпунцагийн Бямбацогт, 1976 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны чулуут 16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:МТ76091815/;

 

Шүүгдэгч Д.Бямбацогт нь 2020 оны 08 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутагт байрлах “Ахын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.Бямбацогтын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Дашпунцагийн Бямбацогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтод тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтод оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.1, 4.3, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Бямбацогтын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал нийт 5,233,466 /таван сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран зургаа/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Хьюндай Робекс” 300ЛС маркийн гар аргаар сэргээн засварласан, экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Төрбадрах овогтой Алтанбаганад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 13,000,000 /арван гурван сая/-н төгрөг, алт угаах төхөөрөмж 1,000,000 /нэг сая/ төгрөг, нийт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Бямбацогтоос гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулж, Д.Бямбацогт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж  шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2022 оны 02 сарын 09-ний өдрийн №05 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:  Шийтгэх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бямбацогтод холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 07 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах талаар дурдсан байна.

Харин шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ ямар хугацаанд уг албадлагын арга хэмжээг хэрэглэх, улмаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4,5 6 дахь заалтад заасан уг албадлагын арга хэмжээний улмаас үүсэх ур дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад тусгасан албадлагын арга хэмжээг ямар хугацаанд хэрэглэх талаар тодорхой дурдаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн зөрчилд хамаарч байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгчид  албадлагын арга хэмжээг хэрэглэх хугацаа, мөн үүнээс үүсэх үр дагаврын талаар зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг  шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:  Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.  Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар албадлагын арга хэмжээ авсан атлаа түүний үр дагаврын талаар  тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн байна.

Албадлагын арга хэмжээг шүүгдэгчид ямар хугацаагаар авч байгаа нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учрах бөгөөд тус  арга хэмжээг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг шүүгдэгчид тайлбарлаагүй зэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх зөрчсөн гэх үндэслэл болох тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасны дагуу өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн тул эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Харин прокурорын эсэргүүцлийн хувьд давж заалдах шатны шүүхээс хуулийн дагуу  шийтгэх тогтоол өөрчлөлт оруулахад өмгөөлөгчийн зүгээс тусгайлсан саналгүй байна гэв.  

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Бямбацогтод холбогдох 2031002740041 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Бямбацогт нь 2020 оны 08 дугаар  сарын 21-ээс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны  нутагт байрлах “Ахын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болох нь:

шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн тухай мэдүүлэг,

гэрч Б.Батцэнгэлийн “ ... Д.Бямбацогт над руу яриад “ууланд ажилд хамт яв”  гэж хэлсэн. “...Ахын ам” гэдэг газар луу орсон... газрын хөрс хуулалт хийгээд эхэлсэн...маргааш нь цагдаагийн ажилчид ирж шалгасан..” гэсэн /хх-ийн 27-28/ мэдүүлэг,

гэрч Э.Одгаравын “...Ахын ам” гэх газарт ямар нэгэн нөхөрлөлтэй гэрээ байгуулаагүй, эдгээр хүмүүсийн үйлдэл нь  хууль зөрчсөн...” гэсэн /хх-ийн 31-32 / мэдүүлэг,

гэрч Т.Алтан-Эрдэний “...эксковатор бариад надтай хамт ажиллаад өг гэсэн...  газар заагаад “ шуруп ухаж үзнэ , энд алт  байна уу шалгана” гэж хэлээд надаар ухуулсан ...баяжмал байгаагүй учраас ухахаа болиод амарсан...” гэсэн /хх-ийн 37-38/ мэдүүлэг,

Мэргэжлийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04-003/12 акт,  Шинжээчийн  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  18-05-038/23 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Бямбацогт нь тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдлийн улмаас  байгаль орчинд 5.233.466 төгрөгийн хор уршиг учирсан байна.  Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бямбацогтын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, улмаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр тус тус шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын ерөнхий прокурор /дээд шатны прокурор/  эсэргүүцлээ анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ ямар хугацаанд уг албадлагын арга хэмжээг хэрэглэх, улмаар албадлагын арга хэмжээний улмаас үүсэх ур дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн,  мөн албадлагын арга хэмжээг ямар хугацаанд хэрэглэх талаар тодорхой дурдаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал  зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнд тодорхой төрлийн ял сонгон оногдуулахаас гадна үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ давхар оногдуулахаар хуульчилсан.

Шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ялтай давхар оногдуулахдаа  ял оногдуулах зарчимд харшлах үр дагавар үүсгэхгүй, тухайн ял  хуулийн зорилгод нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх ба албадлагын арга хэмжээний хугацааг үндсэн ялтай нь нийцүүлэн хэрэглэх түүнчлэн  тухайн ялыг зөрчсөн тохиолдолд үр дагавар үүсдэг тул энэ талаар тодорхой тайлбарласан байх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулахдаа албадлагын арга хэмжээ авах болсон үндэслэл, түүний  хугацаа болон үр дагаврын талаар тодорхой тайлбарлаагүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын  Тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.Бямбацогтод  хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай” гэж,

 

3 дахь заалтыг:

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтод оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 жил 06 /нэг жил зургаан сар/  сарын хугацаагаар  хүлээлгэж хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

 

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбацогт нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан  хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 02 сарын 09-ний өдрийн №05 дугаартай  эсэргүүцлийг хангасугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН