Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 135/шш2024/00750

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/00390/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хороо, ***** тоотод оршин суух, ******* овогт ****** ******гийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дархан хотын нийтийн хоолны трестийн харьяа дулааны цахилгааны станцын гуанзанд тогоочоор 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Ажлаас гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр алга болсон гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, баярын бичиг, фото зураг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс Дархан-Уул аймгийн Архивын тасгаас тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн ХААТР-1 маягт, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архиваас Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б-1-151 дугаартай тушаал, 1987 оны 07 сарын 07-ны өдрийн Б-173 дугаартай тушаал, 1988 оны 02 сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаал зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч О.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч нь ажилд орсон болон гарсан тушаал байхгүй байгаа учраас шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч О.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн БНМАУ-ын хүн амын ХААТР1 маягтад ...ажилладаг газар ТЗ-ын 1 дүгээр анги, ажилд орсон он 1987, эрхэлдэг ажил замчин, ажиллаж эхэлсэн 1987 он, оршдог сум Дархан... гэх бичилт, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Төмөр замын техник мэргэжлийн сургуулийг зам, барилгын мэргэжлээр төгсөгчдийг хуваарилах тухай тушаалд ... Замын нэгдүгээр ангид ...О.*******... гэх, 1987 оны 07 сарын 07-ны өдрийн Б-173 дугаартай Ажилд авах тухай тушаалд ...нэр бүхий хүмүүсийг 1987 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн замчнаар авч ажиллуулсугай. ....21. ****** ******... гэх, 1988 оны 02 сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай Ажлаас нь түр чөлөөлж курст суралцуулах тухай тушаалд ... О.******* 3:3 цуваа ... гэх, гэрч *******ийн өгсөн ...О.******* нь Цахилгаан станцын ажилчдын гуанзанд тогооч хийдэг байсан. О.******* нь 1984 онд ажилд орж 1991 оныг дуусталх хугацаанд ажилласан байх. Намайг 1991 оны 08 сарын дуустал ажиллаад гарахад О.******* ажиллаад үлдсэн. гэх, гэрч ****** өгсөн ... О.******* манай Дархан хотын Нийтийн хоолны трестийн Дулааны цахилгаан станцын ажилчдын гуанзанд үйлчлэгчээр болон кассчинаар ажиллаж байсан. Би ахлах тогооч байсан учраас сайн мэдэж байна. О.******* нь 1984 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан юм гэх мэдүүлэгүүд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч О.******* нь Дархан хотын Нийтийн хоолны трестийн харьяа Дулааны цахилгаан станцын цайны газарт тогоочоор 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, мөн 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Улаанбаатар Төмөр замын замын 1 дүгээр ангид замчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус тус  ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд О.*******гийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, ******* овогт ****** ******г Дархан хотын Нийтийн хоолны трестийн харьяа Дулааны цахилгаан станцын цайны газарт тогоочоор 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, мөн 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Улаанбаатар Төмөр замын замын 1 дүгээр ангид замчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ