Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03202 дугаар шийдвэртэй, Г.Г-ын нэхэмжлэлтэй, П.А-, Ч.Н- нарт холбогдох, 8 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, хариуцагч Ч.Н-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр П.А-тай 14 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ бүрэн биелүүлээгүй. 2018 оны сүүлээр бид тооцоо нийлж 8 000 000 төгрөгийн үлдэгдэл байгааг баталгаажуулсан. Тодруулбал, Г.Г- нь 2010 онд Ч.Н-д 10 000 000 төгрөг зээлсэн, мөн гэрчээр асуугдсан П.Гантөмөрийн нэхэмжлэгч Г.Г-т төлөх 4 000 000 төгрөгийг Ч.Н- нь П.Гантөмөрт төлөх ёстой байсан тул эдгээр мөнгөн хөрөнгийн дүнг нэгтгэснээр Ч.Н- нь нийт 14 000 000 төгрөгийг Г.Г-т төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Харин түүний зааснаар хариуцагч П.А-тай гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хуульд заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулж, 2 зуслангийн газар барьцаалсан боловч газрын гэрчилгээг Ч.Н- түр хэрэглээд буцаагаад өгнө гэсэн боловч өгөөгүй. Нэхэмжлэгч нь Ч.Н-гийн хүсэлтээр түүний сэлбэгийн дэлгүүрт сарын 450 000 төгрөгийн цалинтай, худалдагчийн ажил хийсэн.  Хариуцагч 2016 оноос цалин олгосон гээд хуанли гэх баримтад үзлэг хийлгэхэд 2016 оны 1 дүгээр сард 230 000 төгрөг, 3 дугаар сард 150 000 төгрөг, 4 дүгээр сард нийт 325 000 төгрөг, 5 дугаар сард 120 000 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдөр 153 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан байдаг, цалин авсантай маргадаггүй.

Хариуцагч Ч.Н- цалин бэлнээр, зээлийн төлбөрийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарласан. 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бэлнээр 3 067 000 төгрөг, дансаар 1 655 000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1 000 000 төгрөгөөр хэсэгчлэн төлсөөр 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 9 000 000 төгрөгийг төлсөн. Хоёр тал хүсэл сонирхлоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болдог. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Үүнд, 14 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй 2 жилийн хугацаанд тооцоход 20 720 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Үүнээс төлсөн 9 000 000 төгрөгийг хасвал 11 720 000 төгрөгийн үлдэгдэл байх боловч 8 000 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ.

Гэрч П.Гантөмөр 6 жилийн хугацаанд сар бүр зээлийн мөнгийг зөөсөн гэж хэлдэг. Манай талаас гэрчийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. 6 жилийн турш зээлийн хүү бус өөрөө Г.Г-аас худалдаж авсан орон сууцны төлбөрийг төлж байсан гэдэг нь тодорхой болсон. Иймд 8 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.А- тайлбартаа: Миний бие 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Г.Г-тай байгуулсан боловч бодитоор мөнгийг шилжүүлж аваагүй. Гэрээг Ч.Н-гийн хүсэлтээр байгуулсан тул 8 000 000 төгрөгийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн цаашид намайг оролцуулахгүйгээр, эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй, энэ мөнгийг Ч.Н- мэдэж байгаа гэжээ.

 

Хариуцагч Ч.Н- тайлбартаа: Миний бие Г.Г-аас анх 10 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед би өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулах боломжгүй байсан тул П.А-ын нэр дээр гэрээг байгуулж, төлбөрийг би өөрөө төлөхөөр тохиролцсон. 10 000 000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн, үндсэн төлбөр төлөөгүй учраас н.Төмөрөөд өгөх ёстой 4 000 000 төгрөгийг Г.Г-т төлөх болж, 14 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Миний тооцоогоор бол зээлийг төлж дууссан. Зээлийн төлбөрийг дансаар шилжүүлсэн, цалин шилжүүлж байгаагүй. Г.Г-т “дансаар зээл чинь орно, харин гарын үсгээ зураад цалингаа бэлнээр авч байгаарай” гэж хэлсэн. 2016 он хүртэл сард 560 000 төгрөг буюу жилд 6 720 000 төгрөгийн хүү төлсөн, 2010 оноос хойш нийт 50 000 000 гаруй төгрөг өгсөн байхад 8 000 000 төгрөг өг гэж байгаа нь шударга бус байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Н-гээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, үлдсэн 800 000 төгрөг, хариуцагч П.А-т холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Н-гээс улсын тэмдэгтийн хураамж 130 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүх 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэрэгт  авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай , ач холбогдолтой , үнэн зөв эсэхийг бүрэн үнэлсэнгүй. Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Ч.Н-гийн эзэмшдэг 77 99 нэртэй автосервист 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 6 сарыг дуустал 2 жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хугацаанд Г.Г- сэлбэгийн дэлгүүрт нь худалдагчаар ажиллаж сарын цалин 450 000 төгрөг, сүүлд 500 000 төгрөгөөр цалинждаг байсан. Хариуцагч Ч.Н- шүүхийн хэлэлцүүлэгт Г.Г-ын цалинг хуанли гэх баримт дээр гарын үсэг зуруулж бэлнээр өгдөг байсан, дансаар нь хийсэн мөнгө цалин биш зээлээ төлсөн гэж тайлбарласан. Гэтэл Ч.Н-гийн шүүхэд нотлох баримтаар гаргаж үзлэг хийлгэсэн, хуанлид тэмдэглэгдсэн Г.Г-ын цалинд авсан бэлэн мөнгө нь зөвхөн 2016 онд байдаг бөгөөд 3 067 000 төгрөг байгаа юм. 2016 онд Г.Г- нь 4 дүгээр сарын 01-ний өдрөөс он дуустал ажилласан учир нийт / 450 000 х 9 сар / 4 050 000 төгрөгийн цалин авах ёстой. Үүнээс дүгнэхэд цалингийн зөрүүг Ч.Н- харилцах дансаар нь өгдөг байсан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч Ч.Н- Г.Г-ын цалинг бэлнээр өгдөг байсан гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд сар сард нь цалинг нь өгдөгггүй, эсхүл янз бүрийн шалтгаан хэлж дансаар нь хийдэг байсан байна.

Хариуцагчийн нотлох баримаар гаргаж өгсөн хуанлид Г.Г-т 2017-2018 онд бэлэн мөнгө өгсөн тухай тэмдэглэл огт байхгүй байгаа юм. Хариуцагч нь Г.Г-ын цалинг дансанд нь хийхдээ цалин гэж бичилгүй, ЗТ гэж бичдэг байсан ба үүнийг шүүх зээл төлсөн байна гэж дүгнэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хариуцагч Ч.Н- Г.Г-т зээлээ төлж эхэлсэн бөгөөд өмнө нь дансаар бага багаар хийсэн мөнгөнүүд бүгд Г.Г-ын цалин юм. Хэрэв энэ мөнгө цалин биш зээл төлөгдсөн байна гэж үзэх юм бол 2017-2018 онд цалингүй ажилласан болж байна. Иймд шүүхийн шийдвэрт 800 000 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Н- давж заалдах гомдолдоо: Би Г.Г-т зээлийн төлбөрт тооцон 1 960 000 төгрөгийг бэлнээр төлсөн эх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Уг бэлэн мөнгө олгосон ногоон өнгийн дэвтэрт Г.Г- 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 200 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Хаан банк” ХХК-ийн 5721244986 тоот дансаар 400 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Хаан банк” ХХК-ийн 5069089326 тоот дансаар 360 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус бэлнээр болон хүний дансаар дамжуулан авснаа баталж гарын үсэг зурсан байдаг. Уг нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж хариуцагч мэтгэлцэж байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэлгүйгээр зөвхөн дансаар төлсөн баримтуудыг зээлийн төлбөр төлсөн гэж үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Г.Г- нь зээлийн төлбөртөө тооцон өөрийн хүргэн болон өөртөө нийт                  1 350 000 төгрөгийн автомашины сэлбэг авсан эсэхэд маргаагүй, харин сэлбэг хэрэгслийн үнэлгээнд маргасан. Гэтэл шүүх уг үйл баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчсөн. Г.Г-т бэлэн гарын үсэг зурж 1 950 000 төгрөг, сэлбэгэнд 1 350 000 төгрөг, “Хаан банк” ХХК-ийн дансаар 14 620 000 төгрөг, нийт 17 770 000 төгрөг, 2010 оны 3 дугаар сараас эхлэн сард 560 000 төгрөгийн хүү 1 жилд 6 720 000 төгрөг 6 жилд 40 320 000 төгрөг, нийт 58 090 000 төгрөг төлсөн атал 7 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Миний бие 2010 оны 3 дугаар сараас эхлэн 6 жилийн хугацаанд нийт 40 320 000 төгрөг өгснийг гэрч нотолсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж шүүхэд тайлбар өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлсэнгүй. Иймээс хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул зөвтгөн, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч П.А-т холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ч.Н-г татан оролцуулсан байна. /хх1-2,36,46/

 

Хариуцагч П.А- нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг Ч.Н-гийн хүсэлтээр нэхэмжлэгч Г.Г-тай байгуулсан, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй тул үүрэг хүлээхгүй гэх тайлбар гаргаж, хариуцагч Ч.Н- нь П.А-ын энэхүү тайлбарыг дэмжиж, хүлээн зөвшөөрсөн, харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн үндэслэлээ, тухайн зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө аваагүй, 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс зээлсэн 10 000 000 төгрөг болон н.Төмөрөө гэгчид өгөх ёстой 4 000 000 төгрөгийг мөн нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож нийт 14 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан боловч төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэх агуулгаар маргажээ. /хх16, 53/

 

Хэрэгт авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Г.Г- нь зээлдэгч П.А-т 14 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлэх, зээлийн хүүг сар бүр, үндсэн төлбөрийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. Гэвч талууд уг гэрээний дагуу бодитоор 14 000 000 төгрөг хүлээлцээгүй буюу 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас Ч.Н-гийн хүсэлтээр П.А-ын нэрээр дээрх гэрээг байгуулсан талаар зохигч  маргаагүй. /хх6/ Энэ тохиолдолд нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч Ч.Н- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Ч.Н- зээлийн төлбөр төлдөг байсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.  

 

Талуудын хооронд өмнө нь 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Ч.Н- “зээлийн хүү төлсөн” гэсэн тайлбар гаргасныг нь нэхэмжлэгч няцаагаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд Ч.Н- гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар Ч.Н- нь хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүйн гадна хүүгийн талаар талууд тохиролцсон гэх бичмэл  баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зээлийн гэрээний хүүд холбогдох хэсгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, харин үндсэн зээлийн 14 000 000 төгрөгийг Ч.Н-гээс шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан Ч.Н-, Г.Г- нарын эзэмшлийн “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга тус бүрээс үзвэл, Ч.Н-гээс Г.Г-т шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн гүйлгээний утгаар “хүү төлсөн” гэх агуулга байхгүй, харин “зээлийн төлбөр” гэсэн агуулга харагдаж байна. /хх37-41, 54-173/ Иймд хариуцагчийн төлсөн гэх 13 520 000 төгрөгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй талаар шүүх дүгнэснийг буруутгахгүй тул 14 000 000 төгрөгийн зээлээс Ч.Н-гийн төлсөн 13 520 000 төгрөгийг хасч, 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн, П.А- зээлийн гэрээний оролцогч тал биш болохыг талууд хэн аль нь зөвшөөрсөн тайлбар гаргасан, мөн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул дээрх шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Ч.Н-гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03202 дугаар шийдвэрийн

 тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Н-гээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 480 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, үлдсэн 7 520 000 төгрөг, хариуцагч П.А-т холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “....130 150...” гэснийг “...15 050...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ч.Н-гийн төлсөн 130 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА