Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

 

                                               П.Ганзоригт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхбаяр /цахим/

Шүүгдэгч П.Ганзориг /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа /цахим/

нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Сувдаагийн гаргасан давж заалдах гомдлоор П.Ганзоригт холбогдох эрүүгийн 2132001110124 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайж овогт Пүрэвсүрэнгийн Ганзориг, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангай №86 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, /РД:РЮ96032531/

 

Шүүгдэгч П.Ганзориг нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн орой 21-22 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 22 тоотод дуудлагаар очиж иргэн Л.Төсөөтэй маргалдаж улмаар цорой хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч Л.Төгсөөгийн биед нойр булчирхайн няцрал, хөндлөн гэдэсний чацархайн няцрал, хэвлийн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: П.Ганзоригийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх: Тайж овогт Пүрэвсүрэнгийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирог санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Ганзоригийг 20.000.000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалган, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, П.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Ганзориг нь хохирогч Л.Төгсөөд 5.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

...Анхан шатны шүүхийн оногдуулсан ял хүндэдсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал.эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх.хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн зарчмыг баримталсангүй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл нь албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг 5.000.000/ таван сая/ төгрөгийг төлж барагдуулсан.хойшид гарах зардлыг тухай бүр нь төлөхөө илэрхийлж байгаа.

...Яллагдагч П.Ганзоригт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй харин хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна.

Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн одоогийн байдлаар нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн зэрэг байдлууд болон хувийн байдал, ар гэрийн амьдралын хүнд нөхцөл.ажлаасаа чөлөөлөгдөж ажилгүй болсон зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шүүхээс оногдуулсан 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэнийг багасгаж 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч П.Ганзориг давж заалдах гомдолдоо:  ...2021 оны 07 сарын 13-ны өдөр томилгооны дагуу албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 21.00-22.00 цагийн хооронд Жижүүрийн шуурхай удирдлагын албанаас Мандал сум дахь 2 дугаар баг ширхэнцэг 22 тоотод дуудлагаар очиж иргэн Л.Төгсөөд хууль ёсны шаардлагыг тавихад шаардлагыг хүлээн аваагүйгээс маргалдаж улмаар Л.Төгсөөгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.  Би өөрөө Мандал сум 6-р баг БХ-86 тоотод хадмындаа эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Саранчимэг сургуульд багшилдаг. 2 хүүхэд маань 01-04 насны том нь цэцэрлэгт бага нь гэртээ байдаг. Би хохирогч Л.Төгсөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан хойшид гарах зардлыг тухай бүр нь төлөхөө илэрхийлж байна. Иймд миний ар гэрийн амьдралын хүнд нөхцөл, ажлаасаа чөлөөлөгдөж ажилгүй болсон, аав өвчний улмаас байнгын асрамжид байдаг, 2 хүүхдийн минь амь амьдрал ирээдүйг бодож цаашид төлөх банкны лизинг төлөлтэй  байгаа зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж  шүүхээс оногдуулсан мөнгөн торгуулийг хөнгөрүүлж нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ялын хэмжээг  багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхээс шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Сувдаагийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр П.Ганзоригт холбогдох 2132001110124 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах  хэсэгт цагдаагаар ажиллаж байхдаа буюу 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн орой 21-22 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед нь иргэнээс “хөршийн гэрт хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 22 тоотод дуудлагаар очсон байх ба  иргэн Л.Төгсөөд хууль ёсны шаардлага тавихад түүний шаардлагыг эсэргүүцэн маргасан байна.

 Ийнхүү маргаж улмаар шүүгдэгч П.Ганзориг нь хохирогчийн биед халдаж  цохисны улмаас хохирогч Л.Төгсөөгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч П.Ганзориг нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  гэм буруугийн талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Ганзоригийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухай дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч П.Ганзоригийн хохирогч Л.Төгсөөгийн хэвлийн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед нойр булчирхайн няцрал, хөндлөн гэдэсний чацархайн няцрал, хэвлийн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Ганзоригийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

П.Ганзориг “...өөрийн хийсэн үйлдлийн хор уршгийг ухаарч ойлгон хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй болгосон тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирогчийн зүй бус үйлдлээс  шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж, шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 114  дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг:

“2.Шүүгдэгч П.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Ганзоригийг 10.000.000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН