| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2017/0067/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/70 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/70
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Т.Энхмандах, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
иргэдийн төлөөлөгч Г.Лхагвадулам,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Н.Нацагдорж, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Навааны Нацагдоржид холбогдох эрүүгийн 1717000000002 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Навааны Нацагдорж /РД:ХЗ64031478/ Улаанбаатар хотод 1964 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1-4 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,
-урьд 1997 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн 256 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Н.Нацагдорж нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1-4 тоот гэртээ хадам дүү Д.Содномдаржаатай маргалдан түүний хэвлий тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Нацагдорж нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1-4 тоот гэртээ хадам дүү Д.Содномдаржааг согтууруулах ундаа хэрэглэн агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэсний улмаас түүнтэй маргалдан хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.Нацагдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гэртээ унтаж байхад Содномдаржаа нилээд согтуу орж ирээд эгч рүүгээ агсраад би эхнэр хүүхдээсээ салсан, та нар миний талд байсангүй гэж хэлээд тамхи, хоол нэхээд уурласан. Би яагаад эгч рүүгээ агсраад байгаа юм бэ чамайг өсгөж өндийлгөсөн, аавын чинь оронд аав, ээжийн чинь оронд ээж болсон эгчийгээ ингэж хэлж болохгүй гэж хэлсэн. Надад нээх доромжилсон үг хэлээгүй, гол нь эхнэр хүүхдээсээ салсан гээд уурлаж байснаа намайг цохих гээд босоод ирсэн. Би нэг мэдсэн гэдсэнд нь хутгалсан байсан. Хаанаас хутга авснаа мэдэхгүй байна. Би эмнэлэг болон цагдаа дуудсан. Хэвлийд нь хутгалсан байсан. Уурнаасаа болоод ийм хэрэг хийсэн гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Содномдаржааг би эхнэртэйгээ хамт багаас нь өсгөсөн. Жаахан байхдаа манай эхнэртэй хамт ирсэн, багаасаа өнчирч үлдсэн. Би уг нь дүүдээ хайртай. Өөрийг нь гэж явж байж би өөрөө балраад байна. Би өглөө нэг шил архи хоёулаа хувааж уугаад гэртээ ороод хэвтсэн. Хэрэг болоход миний архи гарсан байсан. Гэрт Содномдаржаа бид хоёр л байсан. Өмнө нь Содномдаржаа энэ тэнд ажил хийж байхдаа архи ууж агсарч намайг зодож байсан. Хохиролд 3 сая төгрөг төлсөн гэв.
1.2. Хохирогч Д.Содномдаржаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би эхнэр Үүрийнтуяатай муудаад сүүлийн 10 гаруй хоног хүргэн ах Нацагдоржийнд амьдарч байна. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөө би тэднийхээс гарч хонхорын Хаан банк орж мөнгө аваад дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Ерөөл архи авч Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэн орж Эрдэнэбаатар гэдэг хүний хамт хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад дээшээ Андууд орж дахиж 1 шил 0,33 литрийн Ерөөл архи аваад мөн л Эрдэнэбаатартай хувааж уухад тэр согтчихоор нь би жаахан үлдсэн архийг түүнд өгөөд явуулсан. Тэгээд би тэр хавиар байж байгаад Баянбулагийн 1-4 тоотод эгчийнд очсон. Би нилээн согтсон байсан. Намайг тэднийд очиход хүргэн ах Нацагдорж гэртээ ганцаараа баруун орон дээрээ жижиг ширээ өмнөө тавьчихсан сууж байсан. Харин Жаргал эгч хашаандаа юм угаагаад сууж байсан. Би гэрт ороод гэрийн баруун урд хэсэгт сандал дээр суугаад Нацагдорж ахад хандаж та нар намайг манай хадмын талаас өмөөрдөггүй, очоод ганц үг хэлчихэж чаддаггүй. Одоо би ямар ч хамаатан садангүй хүн шиг байна гэхэд миний өөдөөс өмөөрөөгүй яасан юм, гэр орондоо байлгаад байгаа биз дээ гэхээр нь би чи муу ер нь юу гээд хуцаад байгаа хар пиздаа вэ гэж хэлээд босоод өөдөөс нь яваад очиход гэнэт л Нацагдорж би дүүгээ хутгалчихлаа гэхээр нь гайхаад гэдэс рүүгээ хартал миний гэдэснээс /хүйсний нүхний харалдаа баруун талд/ цус гарч байхаар нь цамцаа тайлаад уг газарт нь дарсан. Нацагаа ах харин эмнэлэг, цагдаа руу дуудлага өгөхөд удахгүй эмнэлэг ирсэн. Эмнэлэгт ирсэн өдрөө нарийн гэдэсний хагалгаанд орсон. Одоо миний биеийн байдал хэвийн сайн байна. Би тэр өдөр Нацагдоржийг цохиж зодоогүй. Нацагдорж ч намайг цохиж зодоогүй, шууд л хутгалсан байсан. Би хутгалуулснаа ч мэдээгүй. Өмнө нь архи ууж согтсон үедээ Нацагдорж ахад би 2 удаа гар хүрч зодож байсан. Намайг ямар хутгаар дүрсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Би ер нь согтохоороо л ах, эгч хоёрыгоо дээрэлхэж агсам тавиад байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-13 хуудас/
1.3. Гэрч Д.Жаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай төрсөн дүү Д.Содномдаржаа нь эхнэр хүүхдээсээ салсан гээд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш манай гэрт байх болсон. Тэр хугацаанд Содномдаржаа 2017 оны 07 дугаар сарын 14-15-ны өдөр архи уугаагүй бөгөөд бусад өдөр байнга архи уусан. Архи уухаараа хэл үггүй зүгээр л унтаад өгдөг байсан. Өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Содномдаржаа нилээн согтуу ууртай орж ирсэн. Хэнтэй хаагуур архи уусан талаар би мэдээгүй. Тэр үед нь манай нөхөр Нацагдорж гэртээ унтаж байсан. Би гэрийн гадаа юм угааж байсан. Содномдаржаа ууртай нь аргагүй хэвтэх гэснээ болиод тамхи байна уу, хоол байна уу гээд ганцаараа хашгичаад байсан. Би Содномдаржааг их согтсон гэж бодоод нээх тоохгүй харьцахгүй байсан. Тэгсэн манай нөхөр Нацагдорж Содномдаржаагийн хашгичих дуунаар сэрсэн байх намайг гадаа байхад гэр дотор Нацагдорж Содномдаржааг чи архи дарс уулаа, эгч рүүгээ яагаад том том дуугараад байгаа юм гэж уурлаж байгаа бололтой надад сонсогдсон. Нацагдорж, Содномдаржаа хоёрыг хоорондоо муудаад байхаар нь би гэр лүү ороогүй. Гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй. Манай нөхөр Нацагдорж өдөр гадуур архи уугаад гэртээ ирээд унтаж байсан юм. Нацагдорж, Содномдаржаа хоёрын дуу нь их өндөрсөөд байсан. Намайг гэрийн ар талд зогсож байхад Содномдаржаа гэрээс эгчээ гээд бахираад гараад ирсэн. Би намайг зүгээр дуудаж байна гэж бодоод хүрээд очсон. Тэгтэл Содномдаржаа дээгүүрээ нүцгэн баруун хэвлий орчимд гараараа дарсан байдалтай нөгөө гартаа хар иштэй хутга барьчихсан, тэр дарсан газраас нь цус гарсан зогсож байсан. Тэгээд Нацагаа ах намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би гүйгээд гэр лүү ороход Содномдаржаа миний араас гэр лүү ороод ирсэн. Тэгсэн Нацагдорж цагдаа, эмнэлэг дуудаарай би наадхыг чинь хутгалчихсан шүү гэж хэлсэн. Манай нөхөр Нацагдорж өөрөө эмнэлэг цагдаа дуудсан. Содномдаржааг эмнэлэг дээр авч ирээд яаралтай хагалгаа хийхээр аваад орсон. Манай нөхөр Нацагдорж яаран уурлах хүн биш болохоор би хутга барина гэж бодоогүй. Хоорондоо маргалдаж байгаад болих байх гэж бодоод гадаа зогсоод байсан юм. Би Нацагдоржтой гэр бүл болоод 30 орчим жил болж байна. Тэр хугацаанд манай дүү Содномдаржаа манай нөхөр Нацагдорж нар хоорондоо маргалдах жижиг асуудал байлгүй л яахав. Ингэтлээ хурцдаж байгаагүй. Хэрэг болдог өдөр тэр хоёр яагаад муудсаныг би мэдэхгүй байна. Би Содномдаржаагаас айгаад гэртээ оролгүй хашаанаас гараад хашааныхаа завсраар урд талаас нь хараад зогсож байсан. Ямар ч байсан чанга чанга хэрэлдэж муудаж байгаа нь сонсогдож байсан. Нацагдорж 1 удаа чанга зайл гэж хашгирч байгаа нь тод сонсогдож байсан. Содномдаржаа намайг болон Нацагдоржийг 2-3 жилийн өмнө зодож байсан. Түүнээс хойш Содномдаржааг согтуу ирэхээр нь би айгаад байдаг болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-17 хуудас/
1.4. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай дүгнэлтэнд: Д.Содномдаржаагийн биед хэвлийн хөндийд нэвтэрч чацархай, нарийн гэдэсний гогцоо гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /500мл/, нарийн гэдэс тайрч, залгах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 23 хуудас/,
1.5. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7143 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Содномдаржаа” гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаяр гэжээ. /х.х-ийн 34 хуудас/
1.6. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7144 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Д.Содномдаржаагийн гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /х.х-ийн 35 хуудас/
1.7. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7139 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Нацагдорж” 53/эр“ гэж хаягласан цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,3 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаяр гэжээ. /х.х-ийн 37 хуудас/
1.8. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7140 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Н.Нацагдоржийн гэх цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /х.х-ийн 38 хуудас/
1.9. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 7161 дугаартай дүгнэлтэнд: Хутган дээрээс цус илэрсэн байна. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Бактериологийн шинжээч, АУ-ны магистр Г.Таня гэжээ. /х.х-ийн 43 хуудас/
1.10. Д.Содномдаржаагийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 70-97 хуудас/
1.11. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 822 дугаартай дүгнэлтэнд: “Н.Нацагдорж нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Нацагдорж нь өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Нацагдорж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Нацагдорж нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Н.Нацагдорж нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Н.Нацагдоржид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
Комиссын дарга: Д.Дэжидмаа, гишүүн Ц.Цэрэнмөнх, илтгэгч Я.Ганхүү гэжээ. /х.х-ийн 116-118 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Н.Нацагдоржийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь Н.Нацагдоржийн үйлдлээс болоод хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдож байгаа, маргах зүйлгүй. Харин энэ үйлдлийг санаатай учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй гэдэг үүднээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг,
Иргэдийн төлөөлөгч Г.Лхагвадулам нь Н.Нацагдорж нь хадам дүү Содномдаржааг хутгалсан байна. Энэ нь архинаас болсон боловч санаатай бус гэж бодож байна. Хохирогчийн буруу байсан гэж бодож байна. Иймд Н.Нацагдоржийг гэм буруугүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь: Хохирогч Д.Содномдаржаа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг хадам талаас өмөөрсөнгүй, тамхи хоол нэхэх зэргээр агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэсний улмаас шүүгдэгч Н.Нацагдорж нь түүнтэй маргалдан хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч нь хэн нэгэнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гараагүй, гэр бүлээсээ салсан гэдэг шалтгаанаар хэсэг хугацаанд шүүгдэгчийн гэрт амьдрахдаа шүүгдэгч болон түүний гэр бүлийг эрхшээл дарамтанд оруулаагүй болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Содномдаржаа, гэрч Д.Жаргал нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 822 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Нацагдорж нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан болох нь тогтоогдож байна.
Харин хохирогчийн буруутай үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Н.Нацагдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Д.Содномдаржаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Нацагдорж нь намайг бага байхад миний эгчтэй сууж манайд хүргэн орж байсан. Миний төрсөн ах шиг хүн байгаа юм. Хүнийхээ хувьд их сайхан тохитой, томоотой, дөлгөөхөн хүн байдаг. Яагаад тэр өдөр хутга барьсныг нь би ойлгохгүй байна. Би өөрийн буруугаас болж хүнийг хэрэгт хийлээ. Ахыг минь ял, зэмгүй салгаж өгнө үү. Би хүнд гай болсондоо маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-13 хуудас/
2.2. Гэрч Д.Жаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Нацагдоржтой би анх 1987 онд танилцсан бөгөөд 1991 онд гэр бүл болсон. Албан ёсы гэр бүлийн баталгаа байхгүй. Бидний дундаас 5 хүүхэд төрсөн. Нацагдоржийн дагавар охинтой нийлээд 6 хүүхэдтэй. 4 хүүхдийнхээ хамт айлын хашаа түрээсэлж амьдарч байна. Нацагдорж нь хувийн зан байдлын хувьд дөлгөөн тайван зантай, уурлаж уцаарлаад байдаггүй. Хүүхдүүддээ элдэв янзын ааш гаргадаггүй, хань ижил, үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Сүүлийн жилүүдэд тогтсон ажил төрөл хийгээгүй. Миний үгнээс огт гардаггүй ноомой хүн. Миний нөхөр нь 2000 оноос хойш гэнэт л унаж татдаг болсон. Яагаад ийм өвчтэй болсныг мэдэхгүй. Их мартамхай хүн. Энэ хүнийг би дэндүү сайн мэднэ, үнэхээрийн сайн хүн, амьдралын төлөө хэдэн хүүхдээ хоолтой хонуулахын төлөө зүтгэж яваа хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/
2.3. Гэрч В.Гэрэлтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Нацагдоржийг би 20 гаруй жилийн өмнөөс Жаргал эгчтэй суусан цагаас нь хойш мэднэ. Нацагдорж ах нь мөрөөрөө хүний үгнээс гардаггүй. Үг дуу цөөтэй, төлөв даруу зантай, элдэв янзын ааш авир гаргаад байдаггүй, гэр бүл, хань ижилдээ халамжтай анхаарал сайн тавьдаг ноён нуруутай хүн байгаа юм. Нацагдорж ах бол баргийн зүйлд уурлаад байх хүн биш түүний тэвчээрийг алдтал нь уурлуулсан байх л гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 дүгээр хуудас/
2.4. Гэрч Г.Сүхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Нацагдоржийн эхнэр Жаргалын нагац ах нь байгаа юм. Нацагдоржийг манайд анх хүргэн болж ирснээс хойш таньдаг болсон. Нацагдорж нь тогтуун тайван, дөлгөөн зантай хань ижил, үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Хүний үгнээс гардаггүй, ажил төрөлд сайн. Жаахан мартамхай, барьсан тавьсан юмаа мартаж санаад байдаг. Бие хаа муутай унаж тусдаг өвчтэй. Амьдрал ахуйн хувьд тийм сайн биш, ажил олдвол хийдэг. Хань ижил үр хүүхдээ тэжээх гэж амьдралын төлөө зүтгэж яваа хүн. Уг нь хэрэг төвөгт орооцолдоод байхаар хүн биш. Манай дүү Содномдаржаагийн буруу бас байгаа байх гэж бодож байна. Би бол Нацагдоржийг ийм хэрэг хийсэн гэдэгт одоо хүртэл итгэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
2.5. Гэрч Д.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Нацагдорж нь үг дуу цөөтэй, даруу төлөв зантай жаахан чих хатуу, дуугүй ноомой, элдэв янзын ааш араншингүй хүний үгнээс гардаггүй, хар ажилд сайн, эхнэр хүүхэд гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, ноён нуруу сайтай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Гэрийнхээ ажлыг байнга л хийж байгаа харагддаг тийм л хүн. Миний хувьд бол их л сайн хүн л гэж боддог. Содномдаржаа түүний уурыг хүргэж тэвчээрийг барсан болоод л тэр ийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Бусдаар яаран огцом уурлаад байхаар хүн биш. Өмнө нь ч гэсэн Содномдаржаа Нацагдорж ахад агсам согтуу тавьж байсан гэж сонсож байсан. Тэгэхээр тэвчээр нь барагдаад л тэр ийм зүйл хийсэн байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
2.6. Гэрч Н.Энхбуян мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай аав залуу байхаасаа унаж татдаг байсан. Өөрөө их тайван уурлаж уцаарладаггүй, зодож жанчихгүй хүн. Архи дарс уугаад байдаггүй, хааяа ганц нэг архи уудаг, уухаараа ямар нэгэн ааш зан байхгүй унтаад өгдөг. Толгойны өвчтэй. Ажил төрөлд их сайн хүний итгэлийг алдаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 112 хуудас/
2.7. Гэрч Д.Удвалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Нацагдорж ах нь манайд 1989 онд хүргэн орсон. Би тусдаа гарах хүртлээ /2000 он/ тэднийд амьдарч байсан. Манай хүргэн ах төлөв даруу, үг дуу цөөтэй нэг их юм хум яриад байдаггүй хүн. Миний сонссоноор цэрэгт байхдаа сонс эргэж байгаад турникнээс унаад тархиндаа гэмтэл аваад хожим нь татаж унадаг өвчтэй болсон гэж сонссон. Намайг тэднийд байдаг байхад Нацагдорж ах татаж унадаг байсан. Бид нар тийм өвчтэй хүнийг уурлуулж болдоггүй гээд ер нь л тайван байлгадаг байсан. Өөрөө ч нэг их уурлаад байдаггүй тайван хүн байгаа юм. Миний хувьд бол аавын минь оронд аав болж намайг өсгөж хүмүүжүүлсэн хүн. Ийм хэрэгт холбогдсонд нь маш их гайхаад байгаа. Барагтай бол тэгж уурлаад байхаар хүн биш. Түүний тэвчээрийг үнэхээрийн их барсан болоод л тэгж их уурласан байх гэж бодож байна. Ажил төрөлд маш сайн, хүмүүст магтуулж сайшаагдаж байдаг л хүн. Амьдрал ахуйн хувьд эхнэр 5 хүүхэдтэй, өрхийн амжиргааны түвшингийн доод ангилалд хамаарагддаг айл. Энэ хүн л энэ айлыг өдий зэрэгтэй авч явж байгаа хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 113 хуудас/
2.8. Гэрч Д.Үүрийнтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би түүнийг 2001 оноос хойш таньдаг болсон. Манай нөхөр Содномдаржаагийн төрсөн эгч Жаргалын нөхөр байгаа юм. Хувийн зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй төлөв даруу, үг дуу цөөтэй, манай нөхөр Содномдаржааг дагаж барилгын ажил төрөл хийгээд явдаг хүн. Би ер нь тэр хүнийг нэг их уурлаж, уцаарлаж байхыг нь бол мэдэхгүй. Бие хаа ер нь жаахан муутай, унаж тусдаг өвчтэй. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Амьдрал ахуйн хувьд олон хүүхэдтэй. Яг тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Энэ тэнд халтуурын ажил гарвал хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Содномдаржаа бид хоёр 2001 онд нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр 4 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүл байгаа юм. Манай нөхөр Содномдаржаа нь архи дарс байнга хэрэглэдэг, хэрэглэхээрээ гэр орондоо агсам согтуу тавьж амар тайван байлгадаггүй байсан бөгөөд түүнийг олон удаа цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл бичиж өгч байсан. Мөн гэр орондоо архи уудаг хүмүүсийг дагуулж ирж архиддаг байсан. Тэгээд би арга ядаад түүнээс 2016 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байна. Салснаас хойшхи хугацаанд мөн л архи байнга ууж хамаатан, ах дүү нарынхаараа байдаг байсан. Ер нь Содномдаржаа нь Нацагдорж ахад их дээрэнгүй ханддаг байсан. Ядарсан юм болохоор нь тэгдэг байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 114 хуудас/
2.9. Өвчтөний картын хуулбар /х.х-ийн 56-59 хуудас/
2.10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /х.х-ийн 46, 49 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Нацагдоржийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Д.Содномдаржааг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нацагдоржид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25см урттай, хар өнгийн хутгыг хураан авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.Нацагдорж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Навааны Нацагдоржийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Нацагдоржийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нацагдоржид оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25см урттай, хар өнгийн иштэй хутгыг хураан авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч Н.Нацагдорж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Нацагдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР