Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/14

 

 

 

                                            Б.Эрдэнэбатад холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Ундрах /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Одончимэг /цахим/

Шүүгдэгч Б.Эрдэнэбат /цахим/

нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч П.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2133000240058 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тугчин овогт Батбаярын Эрдэнэбат, 1977 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатарт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “Монгол газар шим” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1а-49 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай /РД: ХП77121512/

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь “Монгол газар шим” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй. зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтыг, Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгын 3 дугаар заалтуудыг тус тус зөрчиж, техник эзэмших мэргэжлийн үнэмлэхгүй Э.Отгонхүүгээр трактор жолоодуулсан, тус ХХК-д аман хэлцлээр ажиллаж байсан Э.Ариунтөгсөд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас Э.Ариунтөгс нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутагт тракторын эд ангид цохигдон эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан бөгөөд Б.Эрдэнэбат нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.Эрдэнэбатын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх:      Шүүгдэгч Тугчин овогт Батбаярын Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 06 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбат нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Ариунтөгс нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх” тухай хяналтын прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт       авагдсан хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий СД 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 

Хохирогч болон түүний хууль төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Уг хэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийг зөрчсөн үйлдвэрлэлийн осол гэдэг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 18-06-018/21 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул бид одоо хийгдэх эмчилгээний зардлыг гаргаж өгөхийг хэргийн холбогдогчоос хүссэн боловч үл тоомсорлож, хүүхдийн эмчилгээг хийлгэх талаар ямар ч санаачлага гаргахгүй байгаа учир гомдолтой байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй талаар дурьдсан байгаа хэдий ч бид эмчилгээг нь хийлгээд нотлох баримтаа бүрдүүлж иргэнийн журмаар нэхэмжлэл гаргаж авах боломжгүй байгаа ба тэгээд ч үйлдвэрлэлийн осол учраас компани нь эмчилгээ, оношилгооны бүх зардлыг бүрэн гаргаж осолдогчийг эмчлүүлэх үүрэгтэй байдаг тул бид компаниас одоо хийгдэх эмчилгээний зардлыг нь гаргуулах хүсэлттэй байна.

Шүүгдэгч нь одоо шүүхийн шийдвэр гарсан учир надад хамааралгүй гэсэн байдлаар үл тоож байгаа тул түүнд оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн, гэм буруугаа ухамсарлаагүй гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй гэж үзэж гомдолтой байна. Өнөөг хүртэл хүүхдийн минь эрүүл мэнд сайжраагүй, байнгын эм тариа хэрэглэж зовиуртай, хэвийн байдалдаа ороогүй тул хүүхдийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан ялыг хөнгөдсөн, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гэж үзэж давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авна уу гэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компаний зүгээс хохирогчид эмчилгээний зардлыг төлсөөр ирсэн. Эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг боловч хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй бид хоорондоо ойлголцож чадахгүй байгаа, эмчилгээний төлбөрийг төлөх талаар ойлголцож чадна гэж бодож байна. Бид эмчилгээний төлбөр төлнө гэдгээ удаа дараа илэрхийлсэн гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Эрдэнэбатад холбогдох 2133000240058 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

“Монгол газар шим” ХХК-ний салбар нь  Сэлэнгэ аймгийн Сант сумд газар тариалангийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  ажил олгогчийн хувьд үйл ажиллагаагаа Хөдөлмөрийн болон холбогдох хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс  үйлдвэрлэлийн байранд осол гарсан байна.

Ажил олгогчоос ажилтандаа хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй. зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" үүрэгтэй. Гэтэл ажил олгогчоос дээрхи хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх ба улмаар техник эзэмших мэргэжлийн үнэмлэхгүй Э.Отгонхүүгээр трактор жолоодуулсан, мөн өсвөр насны хүүхэд болох Э.Ариунтөгстэй хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулахдаа хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны зааварчилга өгөхгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлснээр хохирогч Э.Ариунтөгс нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тракторын эд ангид цохигдон унасны улмаас гэмтэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирчээ.

 

Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь тус компаний захирал  Б.Эрдэнэбат үйл ажиллагаа явуулахдаа Хөдөлмөрийн болон холбогдох хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй   үйлдэл нь үйлдвэрлэлийн байранд осол гарч хүний эрүүл мэндэд хохирол учирсантай шууд шалтгаант холбоотой байна.

“Монгол газар шим” ХХК-ний захирал Б.Эрдэнэбатын болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын бие махбодид хүнд хохирол учирсан байх тул түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид тухайн зүйлд заасан шийтгэл ногдуулсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлээ  ...шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй талаар дурьдсан байгаа хэдий ч бид эмчилгээг нь хийлгээд нотлох баримтаа бүрдүүлж иргэнийн журмаар нэхэмжлэл гаргаж авах боломжгүй байгаа ба тэгээд ч үйлдвэрлэлийн осол учраас компани нь эмчилгээ, оношилгооны бүх зардлыг бүрэн гаргаж осолдогчийг эмчлүүлэх үүрэгтэй байдаг тул бид компаниас одоо хийгдэх эмчилгээний зардлыг нь гаргуулах хүсэлтэй... гэж тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний төлбөрт тодорхой хэмжээний мөнгө тусламж үзүүлсэн байх ба хэрэгт хохирогчоос цаашид   ямар эмчилгээг, хаана хийлгэх, тухайн эмчилгээг хийлгэхэд хэдий хэмжээний зардал шаардагдаж байгаа болон одоо хохиролд хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа зэрэг нь тодорхойгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалтай холбоотой хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа талаар тодруулсан боловч үндэслэл бүхий тодорхой тайлбар хэлээгүй болно.

Хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд хаана, ямар эмчилгээг хэрхэн хийлгэх талаар холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хавтаст хэргийн хүрээнд гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй, дээрхи байдлын улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд хэргийн зохигчид түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг  нотлох  буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг тул хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/64  дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

 

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН