Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 156

 

В.Р-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоолтой, В.Р-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1932 оны байдлаар 37 настай, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, ам бүл 6, хөрөнгө хураалгаагүй, ял хүлээж байгаагүй, хөрөнгийн хувь 55, эзэрхэг засгийн үед зайсан хэргэм цол хүлээж байсан, Өвөрхангай аймгийн  Шүүн таслан газрын 1932 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 48, 99 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих ял оногдуулж, гэр бүлийн хүмүүст хөрөнгийн 5 хувийг өгч, үлдсэн хөрөнгийг хураасан, В-ийн Р нь “Эзэрхэг засгийн үед зайсан хэргэм тушаалтай явж, ард олноос албан татвар гаргуулан мөлжиж байсан, Ванчин богд Монголын нутагт залран ирнэ, хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хураах юм гэнэ, Алтанбулагт албан газрууд удаа дараа шатаж, олон тооны хүмүүс түлэгдэж үхсэн гэнэ хэмээн цуурхал тараасан, винтов хэмээх хурдан буу нэгийг олж, албан газрын зөвшөөрөлгүйгээр хадгалж байгаад бусдад хадгалуулсан ба ялыг завшин өнгөрүүлсэн, дуран нэгийг олж албан газрын зөвшөөрөлгүйгээр нуун дарагдуулж байгаад үрэгдүүлсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн  Шүүн таслан газрын 1932 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 48, 99 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих ял оногдуулж, гэр бүлийн хүмүүст хөрөнгийн 5 хувийг өгч, үлдсэн хөрөнгийг хураах ял шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...В.Р-г улс төрийн хэрэгт хилсээр, Шүүх цаазны бичгийн 48, 99 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорьж, гэр бүлийн хүмүүст хөрөнгийн 5 хувийг өгч, үлдсэн хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: В.Р-г дайчлан баривчилсан, урьдчилан хорьсон тогтоол хэрэгт байхгүй, эд зүйлс хураан авсан жагсаалт байгаа боловч хэн, хэзээ хураасан он, сар, өдөр байхгүй байна. Өвөрхангай аймаг дахь Дотоодыг хамгаалах ангийн төлөөлөгч Бадамжав нь В.Р-г Шүүх цаазны бичгийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өдүүлсэн гэж нягтлан байцаасан боловч ял төлөвлөхдөө Шүүх цаазны бичгийн 47 дугаар зүйлд зааснаар зүйл ангийн зөрөөтэйгөөр ял төлөвлөсөн байна. В.Р-г 1932 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэг удаа байцаагаад ял төлөвлөсөн нь түүний үйлдсэн гэх хэргийг баримтжуулах, тараасан гэх цуурхлыг үнэн эсэхийг гэрчээр тогтоолгох зэрэг ажиллагаа хийгдээгүй. В.Р-гийн тараасан гэх Ванчин богд Монголын нутагт залран ирнэ, хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хураах юм гэнэ, Алтанбулагт албан газрууд удаа дараа шатаж, олон тооны хүмүүс түлэгдэж үхсэн гэнэ хэмээх цуурхал нь тухай үедээ ард олны дунд түгээмэл яригдаж байсан яриа ба энэ цуурхлын улмаас нийгэмд учирсан ямар нэгэн хор хохирол учирсан нь тогтоогдоогүй байна. Шүүхээс В.Р-гийн хэргийг нягтлан хяналгүй шилжүүлэн ирүүлсэн өдөрт нь шийдвэрлэсэн байна. Хэрэгт байгаа баримтуудаас дүгнэвэл В.Р-гийн тараасан гэх цуурхал нь нотлогдохгүй, Өвөрхангай аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийн 137 дугаар тогтоолоор хилсээр ял шийтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Өвөрхангай аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийн 137 дугаар тогтоолыг хүчингүй болгож, В.Р-д холбогдох 1356 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, В.Р-г цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа болон шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцад нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай“ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь энэ хуулиар тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсан явдал юм.

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шинээр хянан шийдвэрлэнэ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.

Ийнхүү В.Р-д холбогдох хэргийг цагаатгал хариуцсан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

В.Р нь “Эзэрхэг засгийн үед зайсан хэргэм тушаалтай явж, ард олноос албан татвар гаргуулан мөлжиж байсан, Ванчин богд Монголын нутагт залран ирнэ, хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хураах юм гэнэ, Алтанбулагт албан газрууд удаа дараа шатаж, олон тооны хүмүүс түлэгдэж үхсэн гэнэ хэмээн цуурхал тараасан” гэх гэмт үйлдэл болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Шүүх цаазны бичгийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өвөрхангай аймгийн шүүн туслах газрын тогтоолд дурдсан дээрх цуурхлыг тараасан гэх үйлдлийн улмаас нийгэмд учирсан ямар нэгэн хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Харин В.Р-гийн Шүүх цаазны бичгийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь шинэ нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлд хамаарахгүйг дурдвал зохино.

Иймд прокурорын дүгнэлтийг холбогдох хэсгийг хүлээн авч, Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоолын Шүүх цаазны бичгийн 48 дугаар зүйлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, В.Р-д холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, 99 дүгээр зүйлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоолын Шүүх цаазны бичгийн 48 дугаар зүйлд зааснаар В.Р-д ял шийтгэл оногдуулсан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, В.Р-д холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

2. В.Р-д холбогдох тогтоолын Шүүх цаазны бичгийн 99 дүгээр зүйлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                 Д.ГАНЗОРИГ

                                                Ч.ХОСБАЯР

                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН