Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0645

 

 

 

 
2017 оны 09 сарын 07 өдөр     Дугаар 221/МА2017/0645             Улаанбаатар хот


Ц.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, П.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрт дурдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан томилох, чөлөөлөх заалт болох 33.4 нь зөвхөн эрх хэмжээ заасан заалт юм. Гэтэл бодит байдал дээр үнэхээр төрийн албан хаагчийг албан тушаал бууруулах бол нарийвчилсан зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой байсан.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах хоёр үндэслэлийг хуульчлан өгчээ. Ц.А-ын 2016 оны жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э, Засаг дарга Х.Б нар дүгнэж А буюу маш сайн үнэлгээ өгсөн байдаг.
Гэсэн ч шүүхээс дүгнэхдээ зөвхөн Засаг даргын Тамгын газрын даргад эрх хэмжээ олгосон заалтыг үндэслэж, харин төрийн жинхэнэ албан хаагчийг ТЗ-7-оос ТЗ-4 болгосон үйлдэлд шүүх дүгнэлт өгөөгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг Засаг даргын Тамгын газрын дарга зөрчсөн гэж нэхэмжлэгч маргасаар байхад ямар ч дүгнэлт өгөөгүй зэрэг үйлдлүүд нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, томилсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй” гээд үндэслэлээ “учир нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргах эрхийг хуулиар олгоогүй байхыг ойлгоно” гэж үзсэн.
Бодит байдал дээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хуулийн зохицуулалт хэрэглэсэн буюу ерөнхий харилцааг зохицуулсан заалтыг хэрэглэсэн байхыг ч илт хууль бус захиргааны актад авч үздэг. Гэтэл шүүхээс хуулийн заалтыг хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл юм.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “тушаал гаргаж албан тушаал бууруулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн ...” гэсэн атлаа энд дурдсан Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан уу үгүй юу гэдэгт дүгнэлт өгөөгүй буюу нотлох баримтыг үнэлээгүй.
Хэргийн материалын 35-36 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан хариуцагчийн сонсох ажиллагаа явуулсан гэх баримт буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлтсийн дарга нарын шуурхай хуралдаанд нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж гарч, бүтэц орон тооны байдал өөрчлөгдөж байгаа талаар дурдсан болохоор Ц.А-г албан тушаал буурч байгааг Захиргааны ерөнхий хуулийн 27.4.3-д “биечлэн уулзах” гэж зааснаар албан тушаал бууруулах, эсхүл үүрэгт ажлаас чөлөөлөгдөх талаар дуулгасан зүйл байгаагүй болно.
Гэтэл шүүхээс Засаг даргын Тамгын газрын даргын нотлох баримтаар тогтоогдсон хууль бус үйлдэлд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй асуудалд ямар ч дүгнэлт өгөөгүй нь хууль бус юм.
Түүнчлэн уг хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Б-ыг томилж, хэрэгт оруулж байсан. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч В.Г оролцсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүнд ямар нэгэн итгэмжлэл олгоогүй байдаг. Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй буюу ямар нэгэн итгэмжлэлгүйгээр оролцсон В.Г-ийн биеийн байцаалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шалгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлээгүй.
Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдахгүй байхад шүүгч хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байсан ба шүүх хүсэлтийг хүлээн авч холбогдох газруудад албан бичиг хүргүүлж нотлох баримт шаардсан ч хариуцагч байгууллагаас шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримтуудыг ирүүлээгүй. Улмаар шүүх өөрөө нотлох баримтаар шаардсан баримтууд ирээгүй буюу нэхэмжлэгч талын шаардсан баримтуудыг ирүүлээгүй байхад хурлыг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй шийдсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим”-ыг тус тус хангаагүй болно.
Иймээс Ц.А-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, түүний 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийнх анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг баталсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, батлагдсан бүтэц, орон тооны дагуу 2 дугаар хавсралтад нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалд томилж, нормативт орон тоог Санхүү, төрийн сангийн хэлтэст 2, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэст 2, Аж ахуйн тасагт 26 байхаар тус тус баталсан байх бөгөөд тушаалын 1 дүгээр хавсралтаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.А-г албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.
Ц.Ал дээрх тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалаар Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчин Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулсныг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Алтансувдад холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж зааснаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын чиг үүргийг тодорхойлсноос үзвэл хариуцагч нь маргаан бүхий актын нэгдүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэгэнт Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаар “Санхүү, төрийн сангийн хэлтэс”-ийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
Тиймээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Харин хариуцагч нь маргаан бүхий актын хоёрдугаар хавсралтыг батлахдаа зохицуулж байгаа харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг баримтлаагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ц.А-ын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж,  хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн болгосон нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ц.А-ын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, ажлын байр хэвээр хадгалагдсан үлдсэн болох нь маргаан бүхий тушаалын хоёрдугаар хавсралтын “Хоёр” дахь хэсэгт тодорхой байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан нь илт хууль бусад тооцохоор байна.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэх гомдлыг хангаж, харин “... шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн ...” гэх гомдлууд үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулахтай холбоотой учир Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа явуулсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн талаараа дурдсан, түүнчлэн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 1/8917, 1/8918 дугаар албан бичгүүд, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/8939 дүгээр албан бичгийн дагуу Үндэсний аудитын газраас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1103 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/2551 дүгээр албан бичиг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4/1686 дугаар албан бичгүүдийг холбогдох нотлох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн гэж буруутгах боломжгүй байна.
Харин хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Г-ийг шүүх хуралдаанд оролцох эрхгүй, итгэмжлэлгүй байсан гэх гомдол нь үндэслэлгүй болохыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав.
    Иймд, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0566 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР