Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 158/2017/0031/з |
Дугаар | 326 |
Огноо | 2018-09-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 326
Б.Э-ы нэхэмжлэлтэй,
Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тушаалыг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй албан тушаалтанд танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0246 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Э, өмгөөлөгч М.Д нарыг оролцуулж,
Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 23, 24 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дугаар тушаал илт хууль бус, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тушаалыг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй албан тушаалтанд танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоон, Б.Э-г хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө нь эрхэлж байсан “Төлөвлөлт судалгаа шинжилгээ сургалт сурталчилгаа нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохыг Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0246 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Э-ыг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохыг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ны ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Э нь шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хариуцагчид гардуулаагүй, хариу тайлбар авахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Гэрч оруулах санал гаргахад шүүх хүлээж аваагүй.
4. Б.Э нь тус байгууллагад: 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулиар бичиг хэргийн ажилтнаар, 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй, байгууллагын дотоод журмыг үндэслэн тэтгэврийн байцаагчаар, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаар тушаалаар жирэмсний амралт чөлөө авсан, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар төлөвлөгч эдийн засагч ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан байцаагчаар, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар төлөвлөгч, эдийн засагч, шимтгэлийн байцаагчаар, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар байгууллагын дотоод журмыг баримтлан тэтгэвэр тэтгэмжийн байцаагчаар, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тоот тушаалаар хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан ба 2017 оны 9 дүгээр сарын 27-ны Б/54 дугаар тушаалаар хяналтын байцаагчийн ажлаас нь халсан. Учир нь Дуламсүрэнг 2016 оны 6 дугаар сарын 29-ний /Б35 дугаар тушаалаар хяналтын байцаагчийн ажилд эргүүлэн авсан байсан. Байгууллагаас Б.Э-д ажил санал болгосон, уг саналыг Б.Э өөрөө хүлээж аваагүй.
5. Б.Э нь 2009 оны 7 дугаар сар, 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаас хойш 2014 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл 3 жил болсон. Энэ хугацаанд дандаа Хөдөлмөрийн тухай хуулиар ажилд авч чөлөөлсөн байдаг, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн албан тушаалд хууль зүйн дагуу жинхлээгүй байсан учраас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн.
6. Г.Д-г хяналтын байцаагчийн ажилд 2016 оны 6 дугаар сарын 29-ний Б/35 дугаар тушаалаар буцаан томилж, 2016 оны Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосон, энэ талаараа Б.Э-д мэдэгдээгүй гэж шүүх дүгнэсэн нь буруу. Б.Э, Г.Д-г хяналтын байцаагчийн ажилд эргүүлэн томилогдсоныг тухайн үед мэдсэн. Мэдээд энэ талаараа гомдол гаргаагүй. 2016 оны 6 дугаар сарын 29-ний Б/35 дугаар тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа.
7. Б.Э нь өмнө эрхэлж байсан “Төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилохыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх уг албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг “Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байр одоо байхгүй, Б.Э-г байхгүй орон тоон дээр шүүхээс ажилд эргүүлэн томилоод байгаа нь үндэслэлгүй болно.
8. Мөн нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлоод хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаагүй хүсээгүй. Б.Э-ны нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс хариуцагчийг өөрчилсөн.
9. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын зургадугаар хавсралтаар Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, тухайн ажлын байр нь байхгүй болж, Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч, Сургалт сурталчилгаа, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн болж, 2 салж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон болно.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Э-г Тэшиг суманд нийгмийн даатгалын байцаагчийн сул ажлын байранд ажил сайжруулах зорилгоор томилсон боловч хүлээж аваагүй, суманд ажиллахгүй гэсэн.
10. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч зарим нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийг буруу тайлбарласан байх тул магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэгч Б.Э нь 2009 онд төрийн албаны шалгалт өгч, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар томилогдон ажиллах эрх үүссэн боловч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас шалгалт өгсөн албан тушаалд биш төрийн үйлчилгээний албан тушаалд томилж, улмаар захиргааны байгууллагаас уг алдааг засч, нэхэмжлэгчийг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс төлөвлөгч-эдийн засагч, шимтгэлийн байцаагчаар томилсон боловч эдгээр үйл баримт нь одоогийн нөхцөлд шууд ач холбогдолгүй, нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчид тооцох тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
13. Тухайн үед буюу 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2012 оны байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаалд төлөвлөгч-эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн орон тоог нэрлэн заагаагүй байхад хариуцагч нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилсон байгаа нь ойлгомжгүй, гэвч энэ байдал нь шийдвэр гаргасан захиргааны байгууллагад хамааралтай тул хариуцагчийн “төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагч гэх албан тушаал байхгүй” тухай тайлбар үндэслэлгүй, байгууллагын бүтэц, орон тоог баталсан албан тушаалын нэршилтэй төрийн албан хаагчийг ажилд томилох тушаалаа нийцүүлэн батлах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байна.
14. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог баталсан байх бөгөөд төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар баталж уг орон тоонд нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан төлөвлөгч, эдийн засагч, шимтгэлийн байцаагчийн чиг үүрэг шилжсэн, уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилох бүрэн боломжтой байжээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтанд бололцооны дагуу өөр ажилд томилох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдаж байна.
15. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь захиргааны шийдвэрийн дагуу хяналтын байцаагчийн ажилд томилогдсон боловч шүүхийн шийдвэрээр өмнөх албан хаагч Г.Д буцаан ажилд томилогдох болсноор нэхэмжлэгч өөрийн өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдаж үлдсэн төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаар шаардах эрхтэй юм.
16. Гуравдагч этгээд Г.Б нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн, энэхүү албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд зааснаар ТЗ-7 зэрэглэлд хамаарч байна. Г.Б-г 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагчаар түр томилсон, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс үйлчилгээний албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр одоо нэхэмжлэгчийн маргаж байгаа албан тушаалд томилсон, уг төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТЗ-5 гэсэн зэрэглэлд хамаарч байна.
17. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.3-т зааснаар нөөцөд байгаа иргэн мэргэжлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн албан тушаалд томилогдож болох ба энэ тохиолдолд гуравдагч этгээдийн нөөцөд бүртгүүлсэн албан тушаалын зэрэглэл нь өөр, мэргэжлийн хувьд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангах эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн эрх түрүүлж хамгаалагдана гэж үзэв.
18. Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг нэхэмжлэгчээс “илт хууль бус” захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа уг харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны хуулийг хэрэглээгүй, Хөдөлмөрийн хуулийг хэрэглэсэн алдаатай боловч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хууль буруу хэрэглэсэн байдал нь уг актыг “илт хууль бус” захиргааны актад тооцох үндэслэл болохгүй.
19. Хариуцагчаас “нэхэмжлэгч илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх санаачилгаараа хүчингүй болгосон” гэх боловч давж заалдах шатны шүүхээс захиргааны байгууллагын Б/54 дүгээр тушаал илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, маргаан бүхий акт болох талаар дүгнэж, харин нэхэмжлэлийн бусад шаардлагад уялдуулан, тухайлбал, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж байгаатай холбогдуулан шүүхийн шийдвэр биелэгдэх бүрэн боломжтой байх, зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх зорилгоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож шийдсэнийг зөвтгөх үндэслэлтэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
20. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон буюу “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй албан тушаалтанд танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” хүсэл зориг байна гэж үзэж, бие даасан нэхэмжлэлийн шаардлагад тооцож шийдвэрлэсэн буруутай, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулсан дүгнэлт хийсэн боловч “тогтоох” хэсэгт шийдэл хийгээгүй орхигдуулсан байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн байх нь хуулийн гол урьдчилсан нөхцөл юм. Энэ тохиолдолд 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаал нь Г.Д-г хяналтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилсон бөгөөд энэхүү тушаалтай нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэгчийн хүсэл зориг үүсээгүй, бусад шаардлагатай зөрчилтэй, тухайлбал, нэхэмжлэгч нь Г.Д-н эрхэлж байгаа албан тушаалд томилогдох нэхэмжлэлийн шаардлага гараагүй, нэгэн зэрэг хоёр албан тушаалд томилогдох шаардлага гаргах эрх зүйн үндэслэлгүй зэргээр нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулав. Ийнхүү уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгчийн “нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй, хариу тайлбар аваагүй, гэрч асуулгах хүсэлт хэрэгсэхгүй болгосон” тухай гомдол маргааны үйл баримтад ач холбогдолгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байна.
22. Хариуцагч “2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын зургадугаар хавсралтаар Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, тухайн ажлын байр нь байхгүй болж, Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч, Сургалт сурталчилгаа, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн болж, 2 салж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон” тухай гомдолдоо дурдсан боловч энэ хэргийг анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр гарсны дараах буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтыг зааж, хяналтын гомдол гаргах эрхгүй, энэ нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад болох үндэслэл биш юм.
23. Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0246 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож” гэсний дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй албан тушаалтанд танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” гэж нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ