Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00761

 

З.Мөнхбатын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр шийдвэртэй,        

Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч З.Мөнхбатын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Г.Ганбаатар,

Хариуцагч П.Цэндсүрэн нарт холбогдох,

8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нэг ёмкость-г 1.500.000 төгрөгөөр тооцож аваад төлбөрт нь  нүүрс буулгаж өгөөд үлдэгдэл мөнгийг нь няравт өгч тооцоо дууссан гэсэн бичгийг Лувсанжамц даргаар хоёр хувь хийлгүүлж авсан. Ингээд манайх 2003 онд Эрдэнэт хот руу шилжсэн. Гэтэл захисан 2 хүн болох Галаа эмч, Мэндсайхан хоёрыг 2007 оны хавар хил яваад ирэхэд нь хоёроос  нэг  ёмкость нь байхгүй байсан гэсэн. Сураглахад  “...Ганбаатар, Цэндсүрэн нар авсан...” гэж надад хэлэхэд нь би Ганбаатартай холбогдож мөнгөө авахаар ярилцаад бид үнэ дээр тохироогүй. Ёмкость нь нефть хангамжийн баазын цаад толгойн тэнд байсан зэвгүй, нэг нь  уурын хажууд байсан учраас зэвтэй шаардлага хангахааргүй байсан тул түүгээр айлууд гараж, амбаар хийж байсан. Тиймээс би цаад толгойн тэндээс хуучин орос цэргийн анги байсан газраас ёмкость шилж гаргаж авсан. Гэтэл Ганбаатар нь Цэндсүрэнтэй хамтран  зузаан ханатай сайн ёмкостъ-г шилэн авч дур мэдэн Төгрөг суманд колонк барьж тус сумын иргэн Сүхбаатарт худалдсан байна. Үлдсэн нэг ёмкость-г Ванжил гуайн гадаа байршуулсан байгаад Төгрөг сумын иргэн Лувсанжамц гэдэг хүнд зарж тооцоо дууссан тухай бичгээ сая шүүхэд өгсөн. Улаанбаатар хотод одоогоор 25 тонны ёмкость нь  10 сая төгрөг, шинэ нь  50.000 долларын үнэтэй байгаа. Ганбаатар ёмкость-ны  мөнгийг өгнө гэж худал хэлж явсаар өдийг хүрсэн тул 8.000.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид З.Мөнхбат гэдэг хүнээс ёмкость худалдаж аваагүй. Нефть хангамжийн баазын хяналтанд байсан ёмкость-г З.Мөнхбат  өөрөө дур мэдэн ухаж гаргаад зөвшөөрөлгүй ачуулсан байсныг асууж сураглахад 2 ёмкость ачсан машин Төгрөг сум руу явж байна гэж сонсоод дарга Төгрөг сумын шатахуун түгээгчээр замд нь буулгуулж байсан. Тухайн үед би даргад ёмкость хэрэгтэй байгаа талаараа хүсэлт гаргахад Төгрөг суманд зөвшөөрөлгүй ачиж яваад буулгуулсан 2 ёмкость байгаа тэрнээс нэгийг нь ав гэж амаараа зөвшөөрөл өгсөн. Би Говь-Алтай аймгийн нефть хангамжийн баазтай наймаа хийж 2001 онд 100.000 төгрөгөөр ёмкость худалдан авч, мөнгийг нь няравт тушааж байсан. Тухайн үед эдгээр ёмкость-дём төв компаний мэдэлд  байсан. Манайх 2002.9.22-нд Төгрөг суманд анх хувийн колонк байгуулж байсан. Санхүүгийн баримтуудыг авах гэхээр архивын хуулиараа 10 жил хадгалагдаад устгалд ордог байгаа, гэтэл өнөөдөр 10 жил байтугай 2016 он гэхээр 16 жил өнгөрч байна. Харин нефть хангамжийн баазын даргаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан Лувсанжамц дарга ажлаа өгсөн. Ажлаа өгсөн атлаа ямар учраас  бичиг хийж өгсөнг гайхаж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2, 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.2-т заасныг тус тус баримтлан Г.Ганбаатар, П.Цэндсүрэн нараас 8.000.000 төгрөг гаргуулах тухай  З.Мөнхбатын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс  төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хоёр шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул миний гомдлыг хүлээн авч зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Мөнхбат нь Г.Ганбаатар, П.Цэндсүрэн нараас 8 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа “...би өөрийн хөрөнгөөр худалдан авсан 25 тонн ёмкость-г хариуцагч нар миний зөвшөөрөлгүй авч явсан...” гэсэн үндэслэл заажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх З.Мөнхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээснийг З.Мөнхбат эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээв.

Г.Ганбаатар, П.Цэндсүрэн нар нь нэхэмжлэгчийн 25 тонны нэг ширхэг ёмкость-г  худалдан авсан эсхүл зөвшөөрөлгүй авч явсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул З.Мөнхбатын нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын гаргаж өгсөн тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ