| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03548/И |
| Дугаар | 182/ШШ2024/03240 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/03240
2024 08 01 182/ШШ2024/03240
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: П.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭМ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 242,087,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021.07.31-ний өдөр ******* ******* ХХК-тай МН-241 тоот мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээг байгуулж, уг гэрээгээр тус компанийн ... хотхоны 2с загварын 77.85 м.кв-г нэгж талбайн үнэ 2,750,000 төгрөгөөр тооцон, 3 өрөө байр, 15 м.кв автомашины зогсоолыг 28,000,000 төгрөгөөр тус тус тооцон, нийт 242,087,500 төгрөгийг 100% төлөлттэйгөөр захиалга өгч гэрээ байгуулсан.
Гэрээний 4.1.2-д зааснаар дээрх орон сууцыг 2022.02.21-ний өдөр тус компанид өргөдөл бичиж, гэрээнээс татгалзан, орон сууц захиалгыг гэрээний төлбөрөө буцаан авах хүсэлт гаргасан. ******* ******* ХХК-иас гэрээний төлбөрийг хэзээ барагдуулах талаар тодруулахад ямар нэгэн хариулт өгөх боломжгүй байна гэдэг, өнөөдрийг хүртэл төлбөрийг буцаан төлөөгүй, хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд гэрээнээс татгалзаж байх тул хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 242,087,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ХХК, түүний төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2021.07.31-ний өдөр манай ******* ******* ХХК-тай №МН-241 тоот мульти хаус ангиллын орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... ******* ... хотхоноос 77,85 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, 15 м.кв талбай бүхий автомашины зогсоол тус тус захиалж, гэрээ байгуулсан байдаг.
Гэвч ковид-19 цар тахлын улмаас барилгын материал олдохгүй, хэт их үнийн хөөрөгдөлд орсон тул гэрээний 7.6-д заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болж, үүргээ биелүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй болсон. Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний дагуу 242,087,500 төгрөг төлсөн бөгөөд энэ үнийн дүн нь санхүүгээс гаргаж өгсөн тооцоотой таарч байна.
Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 242,087,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулж гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 242,087,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 242,087,500 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгч Х.Э-н шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******д 242,087,500 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******эс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,388 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 684,194 төгрөгийг буцааж, хариуцагч ******* ******* ХХК-иас 684,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА