| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 19320012200190 |
| Дугаар | 2022/ДШМ/15 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ДШМ/15
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Д.Шинэбал /цахим/
Шүүгдэгч ******* /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ******* овогт *******гийн *******, халх, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, ****** ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх ******** тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:***********/,
Шүүгдэгч ******* нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд *******тай Сэлэнгэ аймгийн Мандал суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122.528.350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан, мөн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч *******тай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний шилжүүлсэн 50.000.000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт байх "Тост өргөө" байрны В блокны 1-1, "Тост өргөө" 3 дугаар байрны В зоорины давхрын 36 м.кв талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.Пагмадулам, Б.Отгончимэг нарт худалдаж, залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх: ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, эсхүл бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ыг уг торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 165.028.350 /нэг зуун жаран таван сая хорин найман мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ****-р хороо ****-р хорооллын **** тоотод оршин суух, РД:*****, утас:****/ ****** овогт *****ийн *****д олгож, Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүйг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт *******гийн *******ийн эзэмшлийн ***** дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүл толгойн ****** тоотод байх 104 м2, 36 м2 талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1рт:Өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан тухайд:
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай магадлалаар хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцаасан ба түүнээс хойш хэргийг хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин надад танилцуулалгүйгээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш хэргийн материалтай танилцаагүй ба мөрдөгч болон прокурорын зүгээс нэг ч удаа холбогдож мөрдөн шалгах ажиллагаатай танилцуулаагүй, оролцуулаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 зүйлийн 1 дэх хэсэг...Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах... эрхтэй 2 дах хэсэг ...хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана...гэсэн эрхийг зөрчсөн байна.
Сум дундын шүүгчийн туслахаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээр хэрэг шүүхэд ирснийг ойлгоод өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэсэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хуралдааны тов гарсан гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй болно.
Хэдийгээр шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж хэргийн материал танилцуулах эрхээр хангасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчийн эрх, үүрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн эрх, үүрэгт тус тус заасан хохирогчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг хаасан үйлдэл гэж ойлгож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “хавтаст хэргийн материал танилцуулах”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүсэлт гомдол гаргах журам” гэх мэт хуулинд заасан бүхий л ажиллагаанд оролцуулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2рт: Давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй байхад хэргийг шилжүүлсэн тухайд:
Тус шүүхийн 2021 оны 05-р сарын 18 ны өдрийн 21 дугаартай магадлалаар...шүүгдэгч “ Мандал ХХК-ны нэрээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахдаа ашиг олсон эсэх, *******аас шилжүүлсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулсан эсэх, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгийн байдал зэргийг тогтоолгох ...гэх мэт үндэслэлүүдийг шалган тогтоогоогүй байна
Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр *******аас авсан мөнгийг бусдад барьцаатай зээлүүлснээс гадна барьцаагүй хүнд мөнгөний ихэнх хэсгийг зээлүүлсэн гэх боловч үүнийг тогтоогоогүй, мөн төрийн албан хаагч нарт ажлаа бүтээхийн тулд хээл хахууль өгсөн талаар мэдээлээд /өмнө ч тэгж мэдүүлсэн/ байхад шалгах ажиллагаа хийгдээгүй байна.
Зрт: Шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь хууль болон бодит байдалтай нийцээгүй байна.
Шийтгэх тогтоолд...хууль ёсны, шударга ёсны зарчим, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн...торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзсэн байна.
-Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь сайн дураараа гэм буруугаа хүлээгээгүй байдлууд болон мэдүүлгүүд удаа дараа гарсан,
-Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч ******* нь эд хөрөнгийн байдал дээрээ өөртөө 30 сая төгрөгөөр машин авсан гэж мэдүүлэг өгсөн нь хохирогчийн илтэд басамжилж хохирол төлбөрөө төлөх сонирхолгүй байна гэж үзэхээр,
-Давж заалдах шатны шүүхээс хэрэг шийдэгдсэнээс хойш 6 сарын хугацаанд прокурорын хэлснээр 500.000 төгрөг, шүүх хурал болох өдөр 1.000.000 төгрөгийг хохирогчид шилжүүлж байгаа үйлдэл нь гэмшсэндээ биш ял хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн санааг агуулсан байна.
Учир нь шүүгдэгч болон түүний гэр бүлийн хүн 2 уулаа тогтсон ажил төрөл хийдэг ба шүүгдэгчийн хувьд үндсэн ажлын цалингаас гадна өөр хувийн ажлын шугамаар цалин хөлс олдог гэж шүүх хурал дээр хэлсэн ба энэ нь анхнаасаа хохирогчид учирсан хохирлыг төлөх сонирхолгүй гэж ойлгогдохоор байхад шүүх анзаарч үзээгүй байна.
-Мөн хохирогчид учирсан хохирлыг ямар байдлаар яаж төлөх талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаагүй байхад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би тухайн үед 30,000,000 төгрөгийн өр тавиад машин авахуулсан. Түүнээс биш би хохирогчийн мөнгөнөөс машин аваагүй гэв.
Прокурор Г.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан завших гэмт хэргийг тус тус хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь худ ургийн холбоотой бөгөөд 2015 оны эхээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьцаалан зээлдэх газар /авто ломбард/ ажиллуулахаар харилцан тохирч үйл ажиллагаа явуулахад зориулах мөнгийг хохирогч ******* гаргаж барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг шүүгдэгч ******* хариуцан ажиллуулахаар харилцан тохиролцож улмаар хохирогч *******аас 2015 оны 01 сарын 19-ний өдрөөс эхлэн хамтын үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг шүүгдэгч *******д шилжүүлжээ.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сард нэг гишүүнтэй “ Мандал” ХХКомпанийг шинээр үүсгэн байгуулж үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа гэж тодорхойлон хуулийн этгээдийг улсын эрхийн бүртгэлд бүртгүүлэн хохирогч *******аас шилжүүлсэн мөнгөөр иргэдэд зээл олгож компаний үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
“ Мандал” ХХКомпаний үйл ажиллагааг ******* удирдан явуулж, олсон орлогоос хохирогч *******д мөнгийг буцаан төлөх талаар харилцан тохиролцсон” гэж хэргийн оролцогчид тайлбарлажээ.
Уг тохиролцооны дагуу ******* нь орлогоосоо мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас тэдгээрийн хооронд зөрчил үүсэж, улмаар хохирогч ******* нь цагдаагийн газарт гомдол гаргаснаар 2019 оны 07 сарын 01-ний өдөр шүүгдэгч *******д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрхи үйл баримтууд тогтоогдсон.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт тодорхой ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч ажиллагааг бүрэн хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж улмаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.
Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлоо “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж хязгаарласан, давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй, торгуулийн ял хэрэглэсэн нь зохисгүй” гэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь: Тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21 тоот магадлалд заагдсан “ дэвжих Мандал” ХХК болон шүүгдэгч ******* нарын эзэмшдэг арилжааны банкууд дахь дансуудыг илрүүлэн тогтоож үзлэг хийх замаар хохирогчоос авсан их хэмжээний мөнгөний захиран зарцуулалтыг тогтоож, уг гэмт хэргийн үйл явц, тэр дундаа түүнээс гарсан хөрөнгө хэрхэн захиран зарцуулагдсан байдлыг нарийвчлан тогтоох ажиллагааг огт хийлгүйгээр шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэгт хөтлөгдөн мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж, улмаар хохирогч болон түүний эрх ашгийг хамгаалан эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож буй өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, түүний гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан байдал тогтоогдсон.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “ Мандал” ХХК нь эрх бүхий байгууллагаас зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх, зээлийн үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон эсэх, татвар төлсөн эсэх, тус компани нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, компаний хөрөнгийн болон дансны талаарх мэдээлэл зэргийг огт шалгаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж үзнэ.
Түүнчлэн дээрх ажиллагаануудыг хийлгүйгээр хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******аас шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүйн дээр шүүгдэгчийн орлого, эд хөрөнгийн байдал, түүний бусдад худалдсан хоёр үл хөдлөх хөрөнгийн төлбөрт авсан гэх автомашинуудын лавлагааг авто тээврийн газраас гаргуулж тухайн үед эзэмшиж байсан хөрөнгийн өмчлөгчөөс мэдүүлэг авах замаар шалгах, хохирогч, шүүгдэгч нар нь хамтран ажиллах хэлцлийнхээ дагуу тодорхой үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл тухайн үйл ажиллагаа явуулахад гаргасан гэх зардлыг хохиролд оруулан тооцох эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Магадлалд заагдсан ажиллагааг хийснээр шүүгдэгчийн уг хэрэгт хандсан хандлага, санаа зорилго нарийвчлан тогтоогдох боломжтой бөгөөд түүний хөрөнгө, орлогыг нарийвчлан тогтоох нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд оногдуулах ялын төрлийг сонгох, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Хуулийн хүрээнд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаануудыг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох үүргээ гүйцэтгээгүй, хохирогчийн сонгосон өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй нь мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан зөрчил гаргасан байхад анхан шатны шүүх дээрхи байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж байгаа тул хэргийн шийдэл болон хохирогчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.
2. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ