Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 

 

 

“Х С”   ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03382 дугаар шийдвэртэй, “Х С”   ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.О-т холбогдох, түрээсийн төлбөр, алданги, олох байсан орлогод нийт 2 871 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Ж.О- нь “Х С”   ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 16 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн А корпусын 2 давхарын 201 тоотод байрлах 80 м.кв талбайг оффис, үйлчилгээ, оёдлын газрын зориулалтаар 1 м.кв талбайг 12 500 төгрөг буюу 1 сарын нийт        1 000 000 төгрөгөөр түрээслэх болж 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр талууд албан тасалгааны түрээсийн гэрээг байгуулсан. Ж.О- 5 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 300 000 төгрөг төлөөгүй тул 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээг цуцлаж, байрыг чөлөөлөх талаар мэдэгдсэн. Тэрээр байрнаас нүүсэн боловч зарим үлдээсэн эд зүйлээ 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр авсан тул уг хугацаанд түрээсийн гэрээний зүйлийг бусдад түрээслүүлэх замаар өмчлөгч өөрөө ашиглаж чадаагүй.

 Ж.О- уг үл хөдлөх эд хөрөнгөд мөн цэцэрлэг ажиллуулдаг тул түрээсийн төлбөрийн тооцоог нэгтгээд төлдөг байсан. Хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан баримтаар хариуцагчаас 2 035 378 төгрөг авах авлагатай байдаг.

Иймд хариуцагчаас 2019 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300 000 төгрөг, 6, 7 дугаар сард бусдад 1 000 000 төгрөгөөр түрээслүүлсэн бол олох байсан орлогод 2 сарын төлбөр 2 000 000 төгрөг, 8 дугаар сарын 8 хоногийн төлбөр тооцож нийт 2 266 400 төгрөг, алданги 305 000 төгрөгийг нэмээд 2 871 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Би “Х С”   ХХК-ийн А корпусын 2 давхарт 201 тоотын 80 мкв талбайг оффис, үйлчилгээ, оёдлын газрын зориулалтаар, 1 давхарыг цэцэрлэгийн зориулалтаар тус тус түрээсэлсэн. Оёдлын зориулалтаар түрээслэх талбайн сарын 1 000 000 төгрөгийг цахилгааны төлбөрийн хамт төлөхөөр тохирч барьцаа 1 000 000 төгрөг байршуулсан. Түрээслүүлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төслийн зээл бүтсэн, байраа зарах болсон тул талбайг чөлөөл гэсний дагуу мөн оны 6 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлж, нягтлан С.Баярмаад хүлээлгэж өгсөн. Надтай хамт оёдлын газрыг ажиллуулдаг байсан эмэгтэй эд зүйлээ үлдээгээд 3 хоногийн дараа авах гэхэд түлхүүр захиралд байгаа гээд өгөөгүй тул дараа нь жижүүрээс авсан гэсэн. Тухайн хугацаанд түрээслүүлэгчээс над руу эд зүйлээ ав гэж шаардаж байгаагүй.

Гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгч тал өөрсдөө гаргасан. Хэрэгт авагдсан тооцоо хийсэн баримтаар 2019 оны 3 дугаар сард барьцаа 1 000 000 төгрөг байршуулж, түрээс 1 000 000 төгрөг төлсөн, 4 дүгээр сард цахилгааны төлбөрийн хамт 1 042 440 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, байрнаас гаргасан тул барьцаа 1 000 000 төгрөгийг 5 сарын түрээсийн төлбөрт тооцсон. Нэхэмжлэгч нь хэрэгт хавсаргасан тооцоолол бүхий баримтыг үндэслэн шүүхэд  хандаж, цэцэрлэгийн түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, 1 баримтаар 2 өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Ж.О-ээс 2 871 400 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Х С”   ХХК-ийн нэхэмжлэлийг                                                                  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 895 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээг цуцалсан байхад хариуцагч 2 сарын дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2 том оврын оёдлын машиныг авснаар түрээсийн байрыг чөлөөлсөн. Үүний улмаас нэхэмжлэгч өөр түрээслэгчид түрээсэлж олох байсан 2 сарын түрээсийн орлогыг олж чадаагүй. Шүүх олох байсан орлогыг нотлохоор хэрэгт хавсаргасан түрээсийн гэрээг тал бүрээс нь харьцуулан үзэлгүйгээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

 

 

Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбоотой хэсгээс татгалзаж, түрээсийн төлбөрийн 2 566 400 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд                       дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг агуулаагүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Х С”   ХХК нь хариуцагч Ж.О-т холбогдуулан түрээсийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг буюу үлдэгдэл төлбөр 300 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний улмаас үүссэн алданги 305 000 төгрөг, хохирол буюу 2 сар, 8 хоногийн хугацаанд бусдад түрээслэн олох байсан орлого гэх 2 266 400 төгрөг, нийт 2 871 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Албан тасалгааны түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр Ж.О- нь нэхэмжлэгч “Х С”   ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс 80 м.кв талбайг оффис, үйлчилгээ, оёдлын газрын зориулалтаар, 1 жилийн хугацаатай, сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэх талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээслүүлэгчийн хүсэлтээр гэрээ 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр цуцлагдсан талаар маргаагүй. /хх5-8/

 

Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Зохигчдын тайлбараас үзвэл, Ж.О- нь түрээсийн гэрээний зүйлийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд эзэмшиж, ашигласан нь тогтоогдох бөгөөд түрээслэгч 2019 оны 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг, барьцаа төлбөрт 1 000 000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгч талын гаргасан тооцооллын хүснэгт бүхий баримтаар нотлогдож байна. /хх19-20/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 8 дугаар сард гэрээний зүйлийг бүрэн чөлөөлсөн үндэслэлээр 6,7,8 дугаар сард олох байсан орлого гэх 2 266 400 төгрөгийг шаардах боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадаагүй буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Түүнчлэн, түрээслэгч Ж.О-ийн гэрээ байгуулах үедээ гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хэлбэрээр төлсөн 1 000 000 төгрөгийг түрээслэгч нь буцаан олгоогүй буюу хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг 5 дугаар сарын түрээсийн төлбөрт дүйцүүлсэн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй тул үлдэгдэл төлбөр 300 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “алдангид холбогдох хэсгээс татгалзаж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон хохиролд тооцож нийт 2 566 400 төгрөг төлүүлэх” агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х С”   ХХК-аас төлсөн 56 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА