Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 149

 

2017 оны 11 сарын 27  өдөр                 2017/ШЦТ/149                               Баруун-Урт  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч  Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох 1730001150098 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1973 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү, дүүгийн гэр бүлийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д.Б 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Д.Б нь 2017.10.05-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Дээж худалдааны төвийн зогсоол дээр байсан Портер маркын 07-96 УНЯ улсын дугаартай машины кабин дотроос иргэн Т.Э-ын эзэмшлийн Самсунг Ноте-4 маркын гар утас, бэлэн 500.000 төгрөг, 40 доллар, 11 юань зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 824.668 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч Д.Б: Мэдүүлэг өгнө, 2017 оны 10 сарын  05-ны өдөр Дээж худалдааны төвийн урд Портер маркийн машин зогсож байсан. Машины хажуу талаар явахад жолоочийн эсрэг талын хаалга онгорхой байхаар нь хаалгыг нь нээгээд суудал дээр байсан цагаан цүнхэнд түрийвч, гар утас байсан. Би гар утас, түрийвчийг аваад түрийвчнээс мөнгө, долларыг аваад түрийвчийг нь 16 давхрын хашааны хажуугаар хийсэн. Тэгээд Монмарс дэлгүүрээс 30000 төгрөгт гар утас аваад гарч ирээд цагдаад баригдсан. Цагдаа дээр байхад хохирогч нар ирээд эд зүйлийг нь бүгдийг нь буцааж өгсөн гэв. 

 

          - Хохирогч Х.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017.10.05-ны 14 цагт нөхөр бид хоёр өөрсдийн эзэмшлийн Портер маркын 07-96 УНЯ улсын дугаартай машиныг Дээж худалдааны төвийн зогсоол дээр тавьчихаад Дээж худалдааны төв рүү орчихоод 3-4 минут болчихоод гарч ирэхэд машин дотор байсан цүнхнээс Самсунг Ноте-4 маркын гар утас, бэлэн 500.000 төгрөг, 40 доллар, 11 юань зэрэг эд зүйл  алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 2017 оны 10 сарын 05-ны өдөр алдсан зүйлээ бүрэн хүлээж авсан...гэх мэдүүлэг /хх-н 19-20 х/,  

 

- Гэрч Ж.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... 2017.10.05-ны 14 цагт эхнэр бид хоёр өөрсдийн эзэмшлийн Портер маркын 07-96 УНЯ улсын дугаартай машиныг Дээж худалдааны төвийн зогсоол дээр тавьчихаад Дээж худалдааны төв рүү орчихоод 3-4 минут болчихоод гарч ирэхэд машин дотор байсан цүнхнээс Самсунг Ноте-4 маркын гар утас, бэлэн 500.000 төгрөг, 40 доллар, 11 юань зэрэг эд зүйл  алга болсон байсан.  Буруу талын хаалганы түгжээ дутуу дарагддаг гэдгийг мэдээгүй юм. Би машиныг аваад удаагүй байгаа юм...гэх мэдүүлэг / хх-н 24 х /,

 

         - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 173000115 дугаартай тогтоол / хх-н 1 х /, 

- Авто машинд хийсэн үзлэг, гэрэл зургууд / хх-н 3-4 х /

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. 2017.09.21. /хх-3- 9 /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 11 сарын 20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ/ хх-н 5 х / 

 

- Д.Б-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33 х / 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн засаг даргын 2017.11.23-ны өдрийн 1/585 дугаартай тодорхойлолт, 

 

-   Д.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-н 34 х /

 

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004.09.27-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 37-38 х / 

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай 2017.11.24-ний өдрийн 58 дугаартай Прокурорын санал/ хх-н 48 х / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

  Шүүгдэгч Э.Б нь 2017.10.05-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Дээж худалдааны төвийн зогсоол дээр байсан Портер маркын 07-96 УНЯ улсын дугаартай машины кабин дотроос иргэн Т.Эын эзэмшлийн Самсунг Ноте-4 маркын гар утас, бэлэн 500.000 төгрөг, 40 доллар, 11 юань зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 824.668 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.Э, гэрч Ж.М нарын мэдүүлгүүд, Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Д.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

         Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Д.Б нь ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр зогсоол дээр байсан тээврийн хэрэгслийн хаалгыг нээж, эд зүйлийг хууль бусаар авч, хохирогч  Х.Эт 824.668 төгрөгийн хохирол учруулсан  бөгөөд энэ нь хохирогч Х.Э-ын “...Дээж худалдааны төв рүү орчихоод 3-4 минут болчихоод гарч ирэхэд машин дотор байсан цүнхнээс Самсунг Ноте-4 маркын гар утас, бэлэн 500.000 төгрөг, 40 доллар, 11 юань зэрэг эд зүйл  алга болсон байсан... ” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мын  “...Дээж худалдааны төв рүү орчихоод 3-4 минут болчихоод гарч ирэхэд машин дотор байсан цүнхнээс Самсунг Ноте-4 маркын гар утас, бэлэн 500.000 төгрөг, 40 доллар, 11 юань зэрэг эд зүйл  алга болсон байсан.  Буруу талын хаалганы түгжээ дутуу дарагддаг гэдгийг мэдээгүй юм. Би машиныг аваад удаагүй байгаа юм... “ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь  хөнгөрүүлэх нөхцөл байдал  болох бөгөөд мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

 

          Шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал/ биеийн эрүүл мэндийн/ зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо. 

    Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Д.Б-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар  тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг ялтан Д.Б-д хүлээлгэсүгэй.

 

 

    4. Ялтан Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдсугай.

 

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

      6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР