Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

 

                                     Ш.*******өд  холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.******* /цахим/

Шүүгдэгч өмгөөлөгч Р.******* /цахим/

нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч А.Нарантуяа, Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.*******гийн гаргасан давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******өд  холбогдох эрүүгийн 2131001760059 дугаартай, 150/2021/0062/Э индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овгийн *******ын *******, 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Налайх дүүрэг, 5-р хороо 40-1-1 тоотод оршин суух, одоогоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт түр оршин суух, /РД:*******/,

 

Урьд Дархан-Уул аймгийн 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Ш.******* нь:

 

-2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30 хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр бэлчээрээс иргэн Д.Намжилдоржийн 2 тооны хүрэн зүсмийн гүүг шунахайн сэдэлтээр хулгайлж, Д.Намжилдоржид 2.800.000 төгрөгийн,

 

-2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Н.Бат-Эрдэнийн өмчлөлийн 1 толгой үхрийг шунахайн сэдэлтээр хулгайлж, Н.Бат-Эрдэнэд 500.000 төгрөгийн

 

-2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хавцал" гэх газраас тус сумын иргэн Ш.*******ын өмчлөлийн 2 толгой үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, Ш.*******т 1.000.000 төгрөгийн,

 

-2021 оны 05-р сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн "Хавцал" гэх газраас тус сумын иргэн Н.*******гийн өмчлөлийн 1 толгой үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, Н.*******д 2.670.000 төгрөгийн,

 

-2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Мягмарын өмчлөлийн 1 тос үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, Ж.Мягмарт 1.000.000 төгрөгийн хохирол учруулж,

 

-2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хавцал" гэх газраас иргэн Л.Отгонбаярын өмчлөлийн 2 толгой адуу шунахай сэдэлтээр хулгайлж, Л.Отгонбаярт 3.000.000 төгрөгийн,

 

-2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Намжилдоржийн өмчлөлийн 1 тооны адууг шунахай сэдэлтээр хулгайлж, Д.Намжилдоржид 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 10 тооны бод мал буюу бусдын олон тооны малыг хулгайлж 12.170.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, мал хулгайлах хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас  Ш.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх:

******* овгийн *******ын *******ийг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ш.*******өд 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.*******өд оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 500,000 төгрөгийн үнэлгээтэй бор зүсмийн 1 тооны морь, 15000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг суран бугуйл, 50000 төгрөгийн үнэлгээтэй эмээл 1 ширхгийг хураан авч улсын орлогод оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.*******өд оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, шүүгдэгч     нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон өмгөөлөгчийн хууль, ЭХХШ тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийг баримтлан хуульч өмгөөлөгч Р.******* /2605/ би тус аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолд доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шүүгдэгч *******ын ******* нь бусдын малыг хулгайлсан 8 удаагийн үйлдэлдээ эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүх дүгнэлт хийж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ш.*******ийг 3 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийтгэсэн байна. Шүүгдэгч Ш.******* нь 2021 оны 09 сарын 09 нд мөн сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр бусдын 2 тооны үхэр 2021 оны 06 сарын 23 нд хулгайлсан үйлдэлдээ эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялыг оногдуулж 2021 оны 07 сарын 02 ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн шийтгүүлж ялыг эдлүүлсэн. /54 хоног эдэлсэн/.

 

2.Шүүгдэгч Ш.*******ийн 8 удаагийн үйлдлээс 5 үйлдэлд нь Цагдаагийн хэлтэс 2021 оны 09 сарны 23 ны өдөр 2021 оны 09 сарын 26 ны өдөр 3 үйлдэлд нь тус бүрд нь эрүүгийн 8 хэрэг үүсгэж дугаар авч шалгаж байгаад зөвхөн 2021 оны 06 сарын 23 нд бусдын 2 үхэр хулгайлсан хэргийг салгаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийтгүүлсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29.2-т заасан нэг яллагдагч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ, ижил хэргүүдийг үйлдэж татагдсан бол эхний хэрэгт нь нэгтгэж шийдвэрлэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Яллагдагч Ш.******* нь мөрдөгдөж байхдаа бүх үйлдлүүдээ нэгтгэж шалгуулах тухай мөрдөн байцаагчид хэлсэн боловч нэгтгэж шалгаагүй, мөн энэ тухай шүүхэд бичгээр гаргаж байсан боловч шүүх хүлээж аваагүй байна. Шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолд дурдахдаа 2021 оны 09 дүгээр сарын 09 ний өдрийн тогтоол гарах үед сүүлчийн хэргүүд нь илрээгүй байсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. .       Хуулийн байгууллагын ийм буруугаас болж Ш.******* нь дээрх хэргүүддээ нэг удаа шийтгүүлээд өршөөлд хамрагдах боломжтой байтал хэргийг тасалж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь эрс дордуулж 2 удаа шийтгэсэн гэж үзэж байна.

 

4.Шүүгдэгч бүх хохирлоо төлж барагдуулсан үйлдсэн хэргээ шударгаар өөрөө хуулийн байгууллагад хэлж мэдэгдсэн, чин санаанаасаа гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа амьдралын хувьд хэдэн малаараа амьдардаг амьдралын эх үүсвэр болсон хэдэн малыг нь харж хандах хүн байхгүй, эхнэр нь бага насны 2 ихэр хүүхэдтэй /Өргөмөл/ зэрэг хүнд байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил зорчих эрхийг хязгаарласан ялаас эдлээд үлдсэн 2 жил 11 сар 26 хоног буюу 1041 хоногийг өдрийн 8 цагаар тооцож биеэр эдлэх 3 жил 4 сарын хорих ял дээр нэгтгэж нийт оногдуулах хорих ялаас зохих хэмжээгээр хасаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.

 

Шүүгдэгч Ш.******* давж заалдах гомдолдоо:  “...Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж цаашид хэзээ ч дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ шударгаар хэлж байна. Миний хувьд 3 жил 4 сарын хорих ялыг эдэлж дуусчихаад дахиад 3 жилийн зорчих эрхийг хязгаарласан ялын үлдснийг нэмээд эдлэнэ гэхэд хэцүү байна.  ...эрхэм шүүгч та бүхэн надад оногдуулсан ялыг хуулийнхаа дагуу хасч хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэжээ.

 

Прокурор Г.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.*******гийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Ш.*******өд холбогдох 2131001760059 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн үйлдэлд тохирох зүйл ангиар ял шийтгэл оногдуулаагүй, хуулийн байгууллагын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж хэргийг нэгтгэн шийдвэрлэлгүй хоёр тусдаа шийтгэх тогтоолоор шийтгүүлж шүүгдэгч Ш.*******ийн эрх зүйн байдал дордсон тул зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж, хорих ялаас хасч өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шүүгдэгч Ш.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт амьдарч байхдаа 2020 оны 07 дугаар сард 1 удаагийн, 10 дугаар сард 1 удаагийн 2021 оны 05 дугаар сард 4 удаагийн, 06 дугаар сард 2 удаагийн үйлдлээр нийт 12 толгой бод мал тус тус хулгайлсан гэмт хэргүүдэд холбогдсон ба 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бусдын 2 толгой үхэр хулгайлсан үйлдэлдээ тус аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар хорих ялыг 03 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

Харин үлдсэн 7 удаагийн үйлдэлд нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэх хэрэгт гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь учир дутагдалтай Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь: Шүүгдэгч Ш.*******ийн дээрх 7 удаагийн үйлдлээр 10 толгой бод мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар шүүгдэгчийн зүгээс маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

Шүүгдэгчийн зүгээс тус аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт шийтгүүлэх үедээ дээрх гэмт хэргүүдийн талаар мэдүүлж, хамтатган шийдвэрлүүлэх хүсэлт болон шийтгэх тогтоолд гомдол гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, энэ байдлыг нотолсон баримт энэ хэрэгт авагдаагүй, 36 тоот шийтгэх тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг дурьдав.

 

Харин шүүгдэгчийн дээрх 7 удаагийн үйлдлийг байнгын шинжтэй, амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдэж амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлэх нь тогтвортой хугацаанд давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил ойлголт бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоон тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа
 

болон учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан үзэх ёстой бөгөөд өөрөөр хэлбэл тухай үйлдлийг харьцангуй тогтвортой үйлдэж, өөрийн амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгохыг эрмэлзсэн, шууд санаатай шунахайн сэдэлттэй, амар хялбар аргаар ашиг олохыг эрмэлзсэн байдаг.  

Гэтэл шүүгдэгч Ш.*******ийн үйлдэл нь 2020 оны 07 дугаар сард 1 удаа, 10 дугаар сард 1 удаа, 2021 оны 05 дугаар сард 4 удаа, 06 дугаар сард 1 удаагийн үйлдэл байгаа нь байнга гэх шинжийг хангахгүй, 2021 оны 05 дугаар сард үйлдэгдсэн 4 удаагийн үйлдэл нь дээрх шинжийг хэлбэрийн төдий хангаж байх боловч уг гэмт хэргүүдийн улмаас олсон орлогыг гэр бүл, болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгоогүй, түүнчлэн өөрийн болон тэдгээрийн эрхэлдэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны бодит эх үүсвэр, хэрэгсэл болгон ашиглаагүй, тухайн айлын амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй эрхэлж, түүний улмаас олсон орлого, ашиг шимээр амьдардаг болох нь тогтоогдсон байна.   

Иймд шүүгдэгч Ш.*******өд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэрээ болгосон” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул “олон тооны мал хулгайлах” болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

  Шүүгдэгч Ш.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон түүний хувийн байдлыг харгалзан хуулинд заасан хорих ялын доод хэмжээ 02 жилийн хорих ял оногдуулахаар шийвдэрлэв.

Шүүгдэгч Ш.******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 36 тоот шийтгэх тогтоолоор дээрх зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 03 жилийн хорих ялаар шийтгүүлэх үедээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх хуулинд хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдсон тул дахин өршөөлд хамрагдах боломжгүйн дээр уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссны дараа эдлүүлэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, шийтгэх тогтоол зохих өөрчлөлтийг оруулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1 дүгээр заалтыг:

“1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Ш.*******өд 02 жилийн хорих ял шийтгэсүгэй” гэж,

 

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.*******өд оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй” гэж,

 

5 дугаар заалтыг

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.*******өд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

   3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ