Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 141/ШШ2024/00090

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 141/ШШ2024/00090

Завхан аймаг

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч ………аймгийн …….. сумын засаг дарга Х.Л /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ……аймгийн …… сумын ……..баг хаягаар оршин суудаг Х овогт Н-ын Р-ийн нэхэмжлэлтэй, ……аймгийн …… сумын засаг дарга Ш овогт Х-ын Л-д холбогдох “Банзны үнийн зөрүү 31,320,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Н.Р нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Баянтэс сумын засаг дарга Х.Л нь сумын 100 жилийн ойг угтан сумын төвийн айл өрхүүдийн хашааны банзыг сольж, айл өрхүүдэд 50 хувийн хямдралтай зарж, хашаануудыг нь шинэчлэхээр тохиролцсон. Үүний дагуу 71 өрхөд 10,440 ширхэг банз зарж хашааг нь шинэчилсэн. Засаг дарга Л бүх рамуудад тусгаарлалт хийж өгнө. Хууль зөрчөөд ч хамаагүй мод ав, бензин түлш гоожинг олгож, харж үзнэ гэсэн юм. Засаг даргыг энэ амлалтыг өгч байхад Х.Б, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нар байсан. Гэтэл засаг дарга Л нь амласандаа хүрэлгүй бүх ажлаа хийлгэж аваад намайг шүүхэд өгч намайг шийтгүүлэх хүсэлт гаргасан. Би энэ 10,440 ширхэг банз бэлтгэх ажлаас алдагдал хүлээсэн. Иймд засаг дарга Л- 31,320,000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Сумын засаг даргын орлогч А нь багуудын иргэдтэй уулзсан хурлууд дээр 2 рамаас авсан банзны үнийн зөрүүг рамуудад олгосон гэж ярьсан юм...” гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хамтаар шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгч Н.Р-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
  3. Банз авсан айл өрхүүдийн жагсаалт гэх 71 дугаар бүхий гараар бичсэн жагсаалт 3 хуудас,
  4. Хашааны банзны зураг 17 хуудас зэрэг болно.

Нэхэмжлэгч Н.Р нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр өөрийн эдлэх бүхий л эрх, үүргийг ...... аймгийн ..... сумын ......... баг хаягаар оршин суудаг …. овогт Б-гийн Г-д шилжүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Баянтэс сумын 100 жилийн ойтой холбогдуулан айл бүрийн хашааг шинэчлэх зорилгоор засаг дарга нь рам ажиллуулдаг хүмүүсийн төлөөлөгч нарыг дуудаж уулзсан. Уулзаад хашааны банзны доод үнийг 6000 төгрөгөөр айл бүрт худалдахаар тохирсон. Иргэдэд 3000 төгрөгт өгөхөөр тохирч, үлдэгдэл 3000 төгрөгийг захиргаанаас гаргах талаар тохирсон. Энэ талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар тохирсон. Нийт 10,440 ширхэг банз худалдсан. Үүний үнийн тал 31,320,000 төгрөгийг иргэдээс авсан. Одоо үлдэгдэл 31,320,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Сумын ЗДТГ-т ажилладаг А гэх хүн банзны үнийн тал хувийг сум хөгжүүлэх сангаас төлсөн гэж хурал дээр хэлдэг. Засаг дарга нэхэмжлэгчийг хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж бичгээр гэрээ хийгээгүй, амаар тохирсон. Энэ талаар хариуцагчид хандахад тийм зүйл яригдаагүй гэдэг. Тийм учраас шүүхэд хандах болсон...” гэв.

Хариуцагч ....... аймгийн ......сумын ........... Х.Л нь Н.Р-ийн нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Б сумын засаг дарга Х.Л болон сумын засаг даргын тамгын газар нь 2024 онд тохиох сумын 100 жилийн ойг угтсан тохижилт бүтээн байгуулалтын бүтээлч 100 ажлыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2023 онд гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү ажилд сумын төрийн албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, айл өрх, иргэд идэвх зүтгэл гарган арвайх дэрвийхээрээ ажиллацгааж байна. Энэ ажлын хүрээнд айл өрхүүд өөрсдийн хувийн хашаа хороог засварлан сайжруулж, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажил бас хийгдэх юм. Засаг даргын тамгын газрын зүгээс айл өрхүүдийг уриалах, засварлах талаар мэдэгдэх зэргээр зохион байгуулалтын ажлыг хийж байгаа болно. Түүнээс өөрөөр банзны зардал гаргах төсөв тусгаагүй, төсөвлөх ч боломжгүй юм. Айл өрх, иргэд хашааны банз шинээр авах шаардлагатай бол хувиараа банз зүсвэрлэдэг мэргэжлийн байгууллагуудтай үнийг зах зээлийнхээ шугамаар тохиролцон авах юм. Мод зүсвэрийн мэргэжлийн байгууллагуудын эзэд Түдэвтэй сум дахь ойн ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийлгэх хүсэлт авах, мөн хашааны банзтай холбоотой иргэдээс ирсэн хүсэлт саналтай холбогдуулан удаа дараа ярилцсан юм. Иргэдээс гарсан хүсэлт бол хашааны банз бусад сумуудтай харьцуулахад хэт өндөр байна, олдоц захиалга удаж байна, мөн гадагш модон материал банз, палк гаргахгүй байх, сумынхаа хэрэгцээг 1 дүгээрт хангаж байх гэсэн саналыг хэлж, ой болох гээд хүн бүр санаа тавин ажиллаж байгаа энэ үед иргэдэд аль болох чирэгдэлгүй үнийн хувьд уян хатан байхыг хүссэн юм. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ арга хэмжээг дэмжиж банзныхаа үнийг 50% хямдруулж 6,000 төгрөгөөр олгож байгаа гэсэн хариуг авсан юм. Өөрөөр хууль зөрчиж мод бэлтгэх, түлш бензин олгох, банзны үнийн зөрүүг төсвөөс олгох зэрэг асуудал огт яриагүй, ярих ямар ч боломжгүй зүйл юм. Мөн нэхэмжлэл гаргасан иргэнийг миний бие шүүхэд шийтгүүлэх хүсэлт гаргаагүй болно. Үүнийг бас тухайн иргэнд шүүхийн зүгээс зөвөөр ойлгуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна....” гэжээ.

Мөн хариуцагч Х.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хашааг засварлах тал дээр сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан бүтээлч ажлын төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөнд айл бүрийн хашааг засварлах ажил байгаа. Үүнд сумын ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд дэмжиж ажилласан. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тулгамдаж байсан асуудал нь хашааны банзны асуудал байсан. Үүнд аж ахуйн нэгж, иргэн хоёрыг холбож ажилласан. Хэрэглээний модны хуваарийг аймгийн иргэдийн хурлаар батлаад ирдэг, ойн ангид тусгаарлалт хийлгэх хүсэлт гаргадаг. Манай суманд ойн үйл ажиллагаа эрхэлдэг 2 аж ахуйн нэгж ажилладаг. 2 аж ахуйн нэгж тусгаарлалт хийлгэх хүсэлт гаргасан. Үүний дагуу иргэдийн хүсэлтийг харгалзаж үзээд аж ахуйн нэгжтэй хашааны банзыг хямд үнээр өгөх боломжтой юу гэдэг яриа өрнүүлсэн. Тухайн үед аж ахуйн нэгж сумынхаа ойд зориулж хашааны банзны үнийг тал, хямдралтай үнээр олгож, дэмжиж оролцъё гэдэг байдлаар ярьсан. Үүний дагуу иргэд, аж ахуйн нэгжтэй холбогдсон. Захиргааны зүгээс уриалах, хашаагаа солих шаардлагатай, хашаа хороогоо цэвэрлэх хэрэгтэй талаар шаардлага тавьсан. Түүнээс биш зөрүүг нь олгоно гэсэн зүйл яриагүй. Сумын төсөвт тийм  хөрөнгө байхгүй...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Сумын 100 жилийн ойд зориулан ЗДТГ уриалга гаргаж, үүнийг ард иргэд, аж ахуйн нэгж хэрэгжүүлж ажиллаж байсан. Сум орон нутгийн байгалийн нөөц баялгаас үр шим хүртэж байгаа аж ахуйн нэгжээс модон материалыг хямдруулж, сумынхаа хашааны банзыг хямдруулж ажиллана уу гэж уриалга гаргасан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг банзны үнийн талыг захиргаанаас гаргана гэсэн зүйл яригдаагүй. Тийм төсөв байдаггүй. Хавтаст хэрэгт тэр талаар баримт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х овогт Н-ын Р нь хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын засаг дарга Ш овогт Х-ын Л-д холбогдуулан “Банзны үнийн зөрүү 31,320,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд  гаргажээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь нэхэмжлэгч Н.Р-ээс ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн аваад тус шүүхийн харьяаллын хэрэг мөн байна гэж үзсэн, түүнчлэн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж байна гэж үзсэн учраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Нэхэмжлэгч Н.Р нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Г-ыг оролцуулахаар итгэмжлэл, хариуцагч Х.Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр Н.Г-г оролцуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэж, Иргэний хуулийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж хуульчилсан бөгөөд Н.Р нь Завхан аймгийн Баянтэс сумын засаг дарга Х.Л-д холбогдох иргэний хэрэгт өөрийг нь төлөөлөн шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүхий л эрхийг Б.Г- од итгэмжлэлээр олгож, итгэмжлэлийг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Иймд Б.Г нь нэхэмжлэгч Н.Р-ийг төлөөлөн З аймгийн Б сумын засаг дарга Х.Л-д холбогдох  иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд мөн байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж хуульчилсан ба хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын засаг дарга Х.Л, өмгөөлөгч Н.Г нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хариуцагч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах агуулгаар байгуулагдсан байна.

Иймд өмгөөлөгч Н.Г нь хариуцагч Х.Л хууль зүйн туслалцаа үзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд мөн байна.

Нэхэмжлэгч талаас “Сумын 100 жил болох гэж байгаатай холбогдуулан айл өрх, аж ахйун нэгжүүдийг хашааны банзаа солих хэрэгтэй гэж сум орон нутгийн захиргаанаас шийдвэрлээд сумын засаг дарга мод зүсвэрийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж 1 бүрийг нь 6,000 төгрөгөөр худалдаалдаг банзыг 50% хямдруулж 3,000 төгрөгөөр худалдаалуулахаар, хямдруулсан үнийн зөрүүг сумын төсвөөс олгохоор тохиролцсоны дагуу 10,440 ширхэг банзыг 3,000 төгрөгөөр худалдаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдээсээ 31,320,000 төгрөгийг авсан тул хямдруулсан үнийн зөрүү 31,320,000 төгрөгийг засаг даргаас нэхэмжилж авна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.

 Харин хариуцагч талаас “Сумын 100 жил болох гэж байгаатай холбогдуулан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг хашаагаа шинэчлэх уриалга гаргасан. Үүний дагуу мод зүсвэрийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзахад уг ажлыг дэмжиж 6,000 төгрөгөөр худалдаалдаг банзаа 3,000 төгрөгөөр худалдахаар болсон. Түүнээс зөрүү мөнгийг төсвөөс өгнө гэж тохироогүй, төсөвлөх ч боломжгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан ба нэхэмжлэлийг хариуцахгүй гэж мэтгэлцжээ.

Ийнхүү талуудын хооронд маргаант байдал үүссэн учир тэдний хоорондох маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилсан ба нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг, хариуцагчийн хувьд татгалзал, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичгийн нотлох баримтуудыг ирүүлсэн боловч уг ирүүлсэн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй ба хариуцагч талаас шүүхэд бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчээс гарган өгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргасан тул шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох банз авсан айл өрхүүд гэх гараар бичсэн жагсаалт 3 хуудас, хашааны банзны зураг 17 хуудас зэрэг баримтыг үнэлээгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч талуудаас хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан талаар гомдол гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Талуудын маргааны агуулга нь Завхан аймгийн Баянтэс сумын засаг дарга Х.Лүндээжанцан нь банз хямдруулан худалдаалсан 2 аж ахуйн нэгжид хямдруулан худалдаалсан банзны үнийн зөрүү олгох асуудлаар тохиролцсон эсэх, Н.Р-т 31,320,000 төгрөг олгох эсэх асуудалтай холбоотой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын хүсэлтээр Д.Б, Ж.Д, Д.Г нараас, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г-гийн хүсэлтээр Х.А, Б.М, Х.Б нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн болно.

Нэхэмжлэгчээс гаргаж өгч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч талуудын нэхэмжлэл, татгалзал, тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр “2024 онд Завхан аймгийн Баянтэс сумын 100 жилийн ой тохиох бөгөөд уг ойн арга хэмжээг тохиолдуулан сумын засаг даргын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг хашааны банзаа шинэчлэх талаар уриалж, мод зүсвэрийн үйл ажиллагаа явуулдаг 2 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, банзны үнийг хямдруулан худалдаалах асуудлаар ярилцсаны дагуу уг 2 аж ахуйн нэгж иргэд, аж ахуйн нэгжүүдэд банзыг 1 бүрийг нь 3,000 төгрөгөөр худалдаалсан, иргэд, аж ахуйн нэгжүүд хашаагаа шинэчилсэн үйл баримт” тогтоогдож байна.

Харин З аймгийн Б сумын засаг дарга Х.Л нь дээрх 2 аж ахуйн нэгжид банзны үнийн зөрүүг төсвөөс олгох талаар тохиролцсон гэх, мөн Н.Р-ийн аж ахуйн нэгж иргэдэд 10,440 ширхэг банзыг 1 бүрийг нь 3,000 төгрөгөөр худалдаалсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “Амаар хийх хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх талаар хуульчилсан ба нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд хичнээн ширхэг банзыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдах, үнийн зөрүүнд хичнээн төгрөгийг сум орон нутгаас олгох талаар буюу гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон байдал тогтоогдохгүй байна.

Тиймээс тэдний хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй, Н.Р нь Завхан аймгийн Баянтэс сумын засаг дарга Х.Л-аас банзны үнийн зөрүү 31,320,000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Н.Р-ээс З аймгийн Б сумын засаг дарга Х.Л-д холбогдуулан гаргасан “Банзны үнийн зөрүү 31,320,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Р-ээс ирүүлсэн “Банзны үнийн зөрүү 31,320,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан зохицуулалт хэмжээний хүрээнд түүнээс гаргуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлэхээр хуульчилсан тул нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 314,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. …… аймгийн …… сумын ……. баг хаягаар оршин суудаг …… овогт Н-ын Р-ийн нэхэмжлэлтэй, …… аймгийн …… сумын засаг дарга……….. овогт Х-ын Л-д холбогдох “Банзны үнийн зөрүү 31,320,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,550 /гурван зуун арван дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.УРТНАСАН