Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

 

К Ю- гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181ШШ2019/02580 дугаар шийдвэртэй, К Ю-  /Kwon Yongjoo/-ийн нэхэмжлэлтэй, Г.Х- д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 63 199 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: БНСУ-ын иргэн Kwon Yongjoo /цаашид К Ю-  гэх/ нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Х- тэй, зээлийн гэрээ байгуулж, 53 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эргэн төлөх нөхцөлтэй бэлнээр өгсөн. Зээлдэгч Г.Х-  нь зээлийг төлөөгүй тул зээлдүүлэгч нэмэлт хугацааг тогтоож, талууд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр зээлийг тодорхой хугацаанд гурав хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан. Ийнхүү гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алдангийг төлөх үүрэг зээлдэгчид үүссэн байна. Гэрээнд заасны дагуу зээлдэгч Г.Х-  нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 25 000 000 төгрөг төлөх байсан боловч төлөөгүй. Иймээс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 820 хоногийн алданги 172 744 480 төгрөг болсон бөгөөд өмнөх алданги дээр нэмж нийт алданги 179 181 504 төгрөг болж байна. Үндсэн гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 42 132 800 төгрөг байгаа бөгөөд дээрх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 21 066 400 төгрөгийн алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд зээлийн үлдэгдэл 42 132 800 төгрөг, түүний хугацаа хэтэрсний алданги болох 21 066 400 төгрөг, нийт 63 199 200 төгрөгийг Г.Х- гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбар гаргаагүй болно.  

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг баримтлан хариуцагч Г.Х- гээс 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Квон Юн Жүү /Kwon Yongjoo/-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 33 199 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 473,950 төгрөгийн 473 946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Х- гээс 307 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Квон Юн Жүү /Kwon Yongjoo/-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө шилжүүлээгүй байдаг. Хэрэв мөнгө зээлсэн гэж үзвэл, энэ талаарх баримт байх ёстой. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэх боловч зөвхөн гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 2.4-т зааснаар 53 000 000 төгрөг төлсөн гэж дурдсанаар мөнгийг хүлээн авсан гэж үзэхгүй. Талууд зээлийн гэрээ, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээнд орчуулагч М.Пүрэв-Очир гэх хүн оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь Монгол хэл мэдэхгүй гэдэг нь харагдаж байна. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг байгуулах үедээ ямар нэгэн хэлмэрч, орчуулагчийн тусламж аваагүй. Иймд зээл олгох хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, харин бодит байдалд бусдын үүргийг гүйцэтгэж түүнд төлбөр төлсөн үйл баримт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч К Ю-  нь хариуцагч Г.Х- д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 42 132 800 төгрөг, алданги 21 066 400 төгрөг, нийт                        63 199 200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлийн талаар тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. /хх1-3/

 

Хэргийн баримтаас үзвэл, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нд Г.Х-  нь БНСУ-ын иргэн К Ю- гээс             53 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 сар 14 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцлөөр зээлэх, мөнгөн хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бэлнээр авсан талаар тусгасан. /хх7/ 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлсэн дээрх 53 000 000 төгрөгийг хугацаа зааж, хэсэгчлэн төлөх хуваарь гаргаж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон “Төлбөр барагдуулах гэрээ” гэх баримтыг талууд үйлджээ. /хх8/

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд хариуцагчийн төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарласан төлбөрүүдийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцсоноор нийт 30 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дах хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Харин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй, мөнгөн хөрөнгө нэхэмжлэгчээс хүлээн аваагүй...” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал, хариуцагч Г.Х-  нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээл болон төлбөр барагдуулах гэрээ тус бүрт 53 000 000 төгрөгийн үүрэг болон тус үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох талаар харилцан тохиролцож, хэлцлийг бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх7,8/ Энэ нь талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийгдсэнд тооцох Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасантай нийцсэн байна.  

 

Түүнчлэн, шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Х- гээс төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА