Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 129

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох 1730001160079 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн харьяат, 1973 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц.Б.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

           Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Номин хайпер маркет”-ын баруун талын 4 замын уулзвараар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14.00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн приус-10 маркийн 59-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д зааснаар  гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавь өгнө гэсэн заалтыг зөрчин гол ба туслах 4 замын уулзвар нэвтрэх үедээ гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс осол гаргаж Д.Д-ийн жолоодож явсан Енганг маркийн 23-57 СҮЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж Д.Д-ийн биед “зүүн шилбэний шаант бяцарсан далд хугарал ” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 04-ний өдөр эмнэлгийн гаднаас таксинд хүн авч явж байгаад хажуу талаас мотоцикль ирж байгааг хараагүй мөргөлдсөн. Санамсар, болгоомжгүйгээс болсон. Би машин дагаад уулзвар руу орсон. Хохирогчид гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчийг эмнэлэгт байхад нь 40.000 гаруй төгрөгийн кальци авч өгсөн, хохиролд 1.200.000 төгрөг өгсөн. Би 1.200.000 төгрөгийг даатгалаас авах гэсэн боловч бүтэхгүй байгаа учраас хүнээс авч өгсөн. Д ахад 1.500.000 төгрөгийг 2017 онд багтааж өгнө. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь төлнө.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв. 

 

- Яллагдагч Ц.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн: Би өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн 59-56 сүэ улсын дугаартай машинараа хувиараа таксинд явдаг юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед өөрийнхөө машинтай Аймгийн нэгдсэн эмнэлгээс зүс үл таних хоёр хүнийг таксигаар аваад Хаанбанк руу явсан. Тэгтэл нэгдсэн эмнэлгийн баруун талын засмал замаар урагшаа чигээрээ явж байтал дөрвөн замын уулзвар дээр баруун талаас нэг мотоцикль орж ирээд надтай мөргөлдсөн. Тухайн үед би уулзвар нэвтрэхдээ тэр мотоцикльтой хүнийг хараагүй гэнэт л мөргөлдсөн.Тухайн үед би 20 орчим км хурдтай явсан юм. Би В ангиллын №155456 дугаарын жолооны үнэмлэхтэй юм. Миний болон манай машинд явсан 2 хүний биед гэмтэл учраагүй. Тэр хоёр хүн осол болох үед юу ч хэлэлгүй буугаад яваад өгсөн юм. Миний машины урд талын гуперны баруун хэсэг зурагдсан. Өөр эвдрэл, гэмтэл байхгүй. Мотоцикль жолоодож явсан Д гэх хүний зүүн хөлний шилбэ орчмоор хугарсан байсан..  гэх мэдүүлэг /хх-н 51 х /, 

 

- Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмчилгээний зардал 1.080.000 төгрөг болсон. Ц.Б надад эмчилгээний зардал гэж 1.200.000 төгрөг өгсөн. Би насаараа тахир дутуу болсондоо харамсаж байна. Эмч намайг 6 сар босож болохгүй гэж хэлсэн. 6 сарын дараа эдгэрэх үгүйг мэдэхгүй байна. Хүний гарт ороод байна. Энэ хүнээс мөнгөө авч Улаанбаатар хот руу явж эмчлүүлмээр байна. Миний хөл шөнөдөө янгинаж өвдөөд байна. Залуу хүн байсан бол хурдан эдгэрэх байх. Би 60 нас хүрч байгаа болохоор миний хөл эдгэрэхгүй байна. Хөлийнхөө оёдлыг ч авахуулаагүй байгаа. Би одоо боолт хийлгэж байгаа. 

Манай дүү ажил хийж байгаад намайг хагалгаанд ороход миний шээс баасыг зөөж, намайг асарч байгаа. Дүү Д.Г-ийг чөлөөтэй хугацааны цалин 450.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би зүгээр байсан бол талхныхаа мөнгийг олоод байх байсан. Би мотоциклоор таксинд явдаг байсан. Энэ орлогоо тооцож 5.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би татвар төлж байгаагүй. Зогсоолын хүмүүс заримдаа надаас 500 төгрөг авдаг байсан. Намайг эмнэлэгт байхад ганц ч удаа эргэж ирээгүй, би гомдолтой байна...гэв.

 

- Хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би өөрийн эзэмшлийн Енганг маркийн 23-57 сүз улсын дугаарын мотоцикльтой 2013 оноос хойш Баруун-Урт сумын төвд таксинд явж байгаа юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Номингийн баруун талын замаар баруунаас зүүн тийшээ дээрхи мотоцикльтойгоо явж байтал 4 замын уулзвар дээр хойноос ирсэн Приус-10  маркийн машин миний мотоциклийн арын хэсгийг мөргөж намайг унагаасан юм. Тэр үед миний зүүн хөл хугарч гэмтсэн.Тухайн үед би 20 орчим км цагийн хурдтай явсан. Би өөрөө таксинд байнга явдаг болохоороо 20 орчим км цагийн хурдтай яваад сурчихсан юм. Миний зүүн хөлний шилбэний яс цуурч няцарсан учраас хагалгаанд орж 4 шрүпээр хадуулчихаад байгаа юм.Тухайн үед миний мотоциклийн гинж нь тасарсан, урд талын карлоны будаг нь халцарсан, аль нэг толь нь хугарсан. Өөр бол эвдрэл байхгүй. Надад гомдолтой байна, эмчилгээний зардал болон өвчтэй байх үедээ орлого олох олох байсан мөнгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-н 13 х/, 

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны  10 сарын 09-ний өдрийн  372 дугаартай дүгнэлт : 1.Д.Д-ийн биед зүүн шилбэний шаант бяцарсан далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэжээ. /хх-н 17 х/,

 

- Техникийн шинжээчийн 19 дугаартай дүгнэлт: “1.Приус-10 маркийн 59-56 сүэ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.Бнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2. Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад жолооч Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д: Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Енганг маркийн 23-57 сүз улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д овогтой Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.4. Жолооч Ц.Б нь гол ба туслах 4 замын уулзвар нэвтрэх үедээ гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. 5.Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” /хх-н 40 х /

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 173000116 дугаартай мөрдөгчийн тогтоол / хх-н 1 х /

 

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3 х/,

 

     -Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 7-11 х /,

 

- Автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг  /хх-н 45-46 х /

 

-  Ц.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 52 х /

 

     - Ц.Б-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53 х / 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн засаг даргын 2017.10.05-ны өдрийн 4/785 дугаартай тодорхойлолт, / хх-н 54 х /

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл  /хх-н 62-74 х/,

 

- Ц.Б-ы хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт / хх-н 81 х /  зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Ц.Б 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14.00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн 59-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ Номин ” сүлжээ дэлгүүрийн баруун талын 4 замд гол ба туслах замын уулзвар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “ зааснаар  гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэсэн заалтыг зөрчин гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Д.Д-ийн жолоодож явсан Енганг маркийн 23-57 СҮЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, Д.Д-ийн биед “зүүн шилбэний шаант бяцарсан далд хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 372 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

 

          Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Ц.Б 4 замын уулзвар нэвтрэхдээ баруун гар тал буюу гол замаар ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй буюу анхаарал, болгоомжгүй явснаас Д.Д-ийн жолоодож явсан Енганг маркийн 23-57 СҮЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, осол гаргасан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний яллагдагчаар өгсөн “ 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед өөрийн Приус-10 маркийн 59-56 сүэ улсын дугаартай машинтай Аймгийн нэгдсэн эмнэлгээс хоёр хүнийг таксинд аваад Хаанбанк руу явсан. Тэгтэл нэгдсэн эмнэлгийн баруун талын засмал замаар урагшаа чигээрээ явж байтал дөрвөн замын уулзвар дээр баруун талаас нэг мотоцикль орж ирээд надтай мөргөлдсөн. Тухайн үед би уулзвар нэвтрэхдээ тэр мотоцикльтой хүнийг хараагүй, гэнэт л мөргөлдсөн юм. Санамсар, болгоомжгүйгээс болсон. Би машин дагаад уулзвар руу орсон ” гэх,  хохирогч Д.Д-ийн “ 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Номингийн баруун талын замаар баруунаас зүүн тийшээ мотоцикльтойгоо явж байтал 4 замын уулзвар дээр хойноос ирсэн Приус-10 маркийн машин миний мотоциклийн арын хэсгийг мөргөж намайг унагаасан.Тэр үед миний зүүн хөл хугарч гэмтсэн “ гэх мэдүүлгүүд, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт нотлогдоно.

 

Ц.Б гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр “ гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө“ гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч анхаарал болгоомжгүй явснаас осол гарч, бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байна.

       

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

  

           Шүүгдэгч Ц.Б-ы гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Ц.Б нь гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, 2017 оны 12 сард багтааж 1.500.000 төгрөг төлөх хүсэлтийг бичгээр гаргасан, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Д.Д нь эмчилгээ болон бусад зардалд 1.180.505 төгрөг, дүү Д.Г-ийг ажлаас чөлөөлүүлж асруулсан хугацааны цалин 450.000 төгрөг, мотоциклоор таксинд явж олох байсан орлого буюу 2017.10.04-нөөс 2017.11.01-нийг хүртэл 28 хоног, хавар 2018.03.15-наас 2018.11.01ний өдөр хүртэл 9 сар буюу 270 хоногийн 5.400.000 төгрөг буюу нийт 7.030.505 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний болон бусад зардлын  1.180.505 төгрөгийн хохиролд шүүгдэгч Ц.Б 1.200.000 төгрөгийг нөхөн төлжээ.

 

Шүүх дээрх нэхэмжлэлээс дүү Д.-Гийг ажлаас чөлөөлүүлж асруулсны цалин 450.000 төгрөг, мотоциклоор таксинд явж олох байсан 270 хоногийн орлого 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйгээр үлдээлээ.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр дээрх нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй, мөн энэ талаарх баримтууд хэрэгт хангалтгүй байгааг дурдая. Тухайлбал, хэрэгт “Дөрвөн гэгээн эрдэнэ ” хоршооны “ Д овогтой Г нь тус хоршоонд тогооч ажилтай, сарын үндсэн цалин 450.000 төгрөг “ гэсэн баримт байх бөгөөд Д.Г нь ямар хугацаагаар чөлөө авч ах Д.Д-ийг асарсан, хэд хоногийн цалинтай, цалингүй чөлөө авсан, мөн Д.Д нь мотоциклоор таксины үйлчилгээ эрхэлдэг, орлого олдог эсэхийг тодорхойлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлоход хамааралтай Д.Г-ийн чөлөөний хуудас, түүний цалинг тодорхойлох нийгмийн даатгалын дэвтэр, Хөдөлмөрийн гэрээ, мөн өөрийн орлого нь тодорхойгүй үйл ажиллагаа эрхэлдэг талаарх эрх бүхий байгууллага буюу татварын хэлтсийн тодорхойлолт, орлогоосоо татвар төлж байсан талаарх баримт зэргийг хэрэгт ирүүлээгүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр хохиролд 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Ц.Б-ыг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь “ дүү Д.Г-ийг ажлаас чөлөөлүүлж асруулсны цалин 450.000 төгрөг, мотоциклоор таксинд явж олох байсан 270 хоногийн орлого 5.400.000 төгрөг гаргуулах “ тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Ялтан Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр хохирогч Д.Дийн хохиролд 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН