Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 145

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч М.Г-д холбогдох 17300001490111 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй,  ам бүл 5 эхнэр, 4-18 насны 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М.Г

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч М.Г нь 2017.10.28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Тал булгийн уурхайн орчимд иргэн Д.Т-г зодож эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын цус хуралт болон өвчүүний 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 28-ны өдөр Т-тэй хэрүүл болсон. Би түүнтэй муудөөд өшиглөчихсөн юм. Т-гийн өвчүү нь хугараад эмнэлэгт 10 хоносон. Би түүнд эмчилгээний зардал 1.000.000 төгрөг төлсөн. Бид 2 эвлэрсэн. Одоо маргаангүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

         - Яллагдагч М.Г-ын  мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 10 сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд эхнэрийн хамт Т-гийн гэрээр ороход Т надад хандан “чи намайг малаа сайн хардаггүй гэж хүнд хэлсэн байна лээ” гэж хэлэхээр нь би “ Хэн тэгж байгаа юм бэ? Би тэгж хэлээгүй гээд хоорондоо маргалдсан. Тэгээд намайг үг хэлээр доромжлоод байхаар нь би цээж рүү нь нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-н 20  х /

 

         - Хохирогч Д.Т-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 10 сарын 28-ны өдөр Г манайд эхнэртэйгээ ирэхээр нь би “ чи намайг мал муу хардаг гэж хүнд ярьсан байна лээ” гэж хэлээд маргалдахад Г нь “ хэн тэгж байгаа юм бэ, би тэгж хэлээгүй” гэсэн. Тэгсэн Г босож ирээд миний цээж рүү нэг удаа хүчтэй өшиглөхөд би хөдөлж чадахгүй болсон. Г тэр үед намайг алчих гээд дайрахаар нь би алх аваад далайсан. Би зодуулсандаа гомдолтой... гэх мэдүүлэг / хх-н 4-7 х /, 

 

         - Гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Г босож ирээд манай нөхрийн цээж рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Манай нөхөр чимээгүй болж байснаа босож ирээд алх аваад Г руу дайрсан. Гэхдээ алхаар цохиогүй... гэх мэдүүлэг,/ хх-н 8 х / 

 

         - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 398 дугаартай дүгнэлтэд: Т-гийн биед дээд уруулын дотор салстын цус хуралт болон өвчүүний 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-н 13 х/,

 

          - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-н 1 х /

 

          - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 5/46 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол  /хх-н 31 х / 

 

          - Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай 2017.11.21-ний өдрийн 57 дугаартай Прокурорын санал/ хх-н 32 х / 

 

          - Хохирогч Д.Т-гийн аймгийн Прокурорын газарт 2017 оны 11 сарын 15-ны өдөр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-н 25 х /

 

          - Яллагдагч М.Г-ын аймгийн Прокурорын газарт 2017 оны 11 сарын 17-ны өдөр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-н 26 х /

 

          - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.10.30-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт /хх-н 22 х /

 

          - М.Г-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 30 х /

 

          - М.Г-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24 / зэрэг болно.

                     Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

         Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу М.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

        Шүүгдэгч М.Г нь 2017.10.28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Тал булгийн уурхайн орчимд иргэн Д.Т-г зодож эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын цус хуралт болон өвчүүний 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгч М.Г-ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Т, гэрч Л.Э нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

         М.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

    

         М.Г гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн цээж рүү өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

         Шүүгдэгч М.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

         Иймд шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

          Шүүгдэгч М.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хүндэвтэр хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 1 сарын 10-ны дотор хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

            5. Ялтан М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

             6. Ялтан М.Г-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР