| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2131001000106 |
| Дугаар | 2022/ДШМ/20 |
| Огноо | 2022-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/20
П.*******, *******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оорцог овогт *******гийн *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нар овогт *******ийн ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******гийн *******, ***** оны **** дугаар сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *****хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум **** баг,*********оршин суух хаягтай, /РД: *****/,
Урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
******* ******овогт *******ийн *******, ***** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ****эгтэй, *******боловсролтой, мэргэжилгүй, “********ажилтай, ам бүл ******* хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум ****** баг, *******оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *****/,
Шүүгдэгч П.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн ******* өвөлжөөнд *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:
*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
П.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд;
-Шүүгдэгч ******* *** овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Шүүгдэгч П.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 Дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******, П.******* нарт тус бүрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,
-мөн хуулийн 6 дугаар зүйлийн. 6.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ялтан *******т оногдуулсан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан П.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянга)-н төгрөгийг хохирогч П.*******ид нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2022 оны02 сарын 09-ний өдрийн 06 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:
Шийтгэх тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 08-ны танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын агуулгыг тайлбарлан, хуульд заасан хэмжээнээс хөнгөрүүлж хорих ял оногдуулах талаар дүгнэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба шүүх шүүгдэгчид хуульд заасан энэ хэмжээний ялаас хөнгөрүүлж ял оногдуулахдаа хуулийн ямар заалтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй, шийтгэх тогтоолын хэсэгт хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан...” гэсэн агуулга бүхий хууль хэрэглээний өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Б.*******, О.Бямбалорж нарт холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн зүйлчлэлийн дагуу гэм буруутай гэж тооцсонд прокурорын зүгээс маргаагүй. Харин шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэн эсэргүүцэл бичсэн.
...шийтгэх тогтоолын хоёр дахь заалтад шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлах заалтыг оруулж, зөвтгөхгүй бол шийтгэх тогтоол үндэслэлгүй байх тул эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүхэд гаргах тайлбаргүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, П.******* нарт холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэж үзэх үндэслэл болж байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн ******* өвөлжөөнд С., П.******* нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, *******г модоор болон гараараа цохиж, ар нуруунд нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Д.*******ийг гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч *******н “...Тэгтэл ******* морины уяа руу очоод хус мод авахаар нь би “*******аа одоо болио” гэтэл тэр модоороо намайг цохисон.Тэгээд ******* руу дайрсан....Удалгүй 2 цагийн орчимд ******* Портер машинаар ахтайгаа хамт эргээд ирсэн. Машинаасаа бууж ирээд *******ийг шууд хутгалсан, би зугтаасан чинь намайг хөөж бариад газарт унагаагаад цээжин дээр хутгалах гээд дарахаар нь хутганаас гараараа бариад хажуу тийш болгоод босоод гүйж байхад нуруунд хутгалсан. Тэгээд газарт унасан байхад гараараа нүүр лүү цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 86-89-р ху/
Хохирогч П.*******ийн “ ..., ******* хоёр барьцалдсан зогсож байхаар нь би салгах гээд *******ыг араас нь татсан чинь ******* миний нүүрэнд цохихоор нь би эргүүлээд нүүрэн хэсэг, баруун нүдэнд нь 2 удаа цохисон. Тэгтэл ирээд бид хоёрыг салгах гээд *******ыг барьж аваад газарт унагасан. Тэгтэл ******* босож ирээд түлэх гэж бэлдсэн түлээ аваад Ган-Эрдэнийн шилэн хүзүү хэсэгт цохиод унагасан. Тэгээд дайрахаар нь би барьцалдаж аваад модыг булааж аваад *******ын мөр хэсэгт цохиход ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд ******* гэр лүүгээ явсан. Тэгээд , , бид дөрөв малд өвс өгөх гээд өвөлжөөний хажууд байж байхад ******* ахынхаа хамт машинтай ирээд шууд миний гэдсэн хутгалсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42-45-р ху/
Гэрч Э.ийн “...Бид дөрөв өвөлжөөний хажууд зогсож байтал ******* нь нэг Портер машинтай, тухайн машиныг түүний ах С. барьсан байдалтай ирсэн юм. Тэгээд ******* нь машинаас бууж ирээд л шууд *******ийг цохих шиг болсон. Тэгэхэд ******* газарт ёолоод хэвтэж байсан юм. Тэгээд цамцыг нь сөхөөд харахад гэдэс тус газраа хутгалуулсан хутганы сорви байсан юм. ...Тэгээд Ган-Эрдэнийг хайгаад бид хоёр машиныг хайгаад асаагаад гэрэл гаргаад хайхад С. нь нүүр ам нь цус болсон байдалтай, нуруундаа хутгалуулсан байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-р ху/
Гэрч Ж.ийн “...Бид дөрөв моринд өвс хаяж өгөх гээд өвөлжөөний гадна байж байхад ******* нь төрсөн ах гийн хамт Портер машинтайгаа ирсэн юм. Тэгээд ******* нь машинаас бууж ирээд намайг түлхээж унагаад *******, нар луу явсан юм. ...Тэгээд би ******* руу очиход газарт мөлхсөн байдалтай, ... үхлээ ш дээ би...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цамцыг нь сөхөж харахад гэдэс хэсэгтээ хутгалуулсан байдалтай, гадна цамц нь хутганы ором орсон байдалтай байсан. Тэгээд би нөхрийгөө хутгалуулсан юм болов уу гэж бодоод орилоод нөхрийгөө хайгаад машинаа асаагаад гэрэл тусгаад хайтал байшингийн урд талд нүүр, амнаас нь цус гарсан, цамц нь урагдсан байдалтай, нуруу хэсэгтээ хутгалуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р ху/,
Гэрч Д.н “...Тэгээд орой 22 цагийн үед манай урд талд хүн орилолдох шиг чимээ гарсан юм. Тэгэхээр нь “...нөгөө хэд маань архиа уугаад зодолдож байгаа юм болов уу... гэж бодоод би Портер машинаа асаагаад тухайн дуу гарсан газар явахад миний өмнөөс ******* алхсан байдалтай, хувцасгүй, цээж нүцгэн гараад ирсэн юм. ...Тэгээд ******* нь “...ахаа Ган-Эрдэнийн гэрээс хувцсаа авмаар байна...” гэхээр нь машинтайгаа Ган-Эрдэнийн өвөлжөөний гадна зогссон юм. Тэгтэл машинаас буугаад миний дүү ******* нь *******ийг цохих шиг болоод ******* нь газар эвхрээд унасан юм. Тэгээд ******* нь Ган-Эрдэнийг хөөгөөд би араас нь барих гээд чадаагүй юм. Тэгээд , ******* нарыг салгаад дүүгээ машиндаа суулгаад гэр лүү хөдөлсөн юм. Тэгтэл ******* нь надад хандаж “...агаа би 2 хүнийг хутгаар хатгачих шиг боллоо...” гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-р ху/,
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “1. ******* биед цээжний баруун, зүүн хэсэг, ар нуруу, баруун сарвуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 100-105-р ху/,
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 213 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.П.*******ийн биед хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний нэвтэрч цоорсон шарх, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. 2.П.*******ийн илэрсэн хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь бүдүүн гэдсийг нэвт цоолж, хэвлийн гялтангийн тархмал үрэвслээр хүндэрсэн ба П.******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж гэмтлийн тасагт хагалгаанд орсон байна. 3.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 5.П.*******ийн биед учирсан гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 110-112-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч П.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн ******* өвөлжөөнд *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ын “...Тэгээд би эргээд явж байхад ******* араас шууд боогоод авсан. Тэгтэл нүүр, гэдэс, цээж рүү цохисон. Тэгээд би тэр хоёртой харилцан зодолдсон юм. Зодолдож байхдаа би түлэх гэж бэлдсэн хус мод аваад Ган-Эрдэнийн дал мөр лүү цохисон. Мөн ******* намайг хус модоор толгой руу нэг удаа цохиод дахин цохих гэж байхад “ одоо болно” гэж хэлээд модыг булааж авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73-р ху/
Хохирогч *******н “...Тэгтэл ******* *******ийн нүүрэнд гаргаараа цохиход ******* зөрүүлээд *******ын нүүрэнд 1-2 удаа гараараа цохисон. Би тэр хоёрыг салгах гээд *******ыг газар унагахад ******* түлээн дээрээс мод аваад намайг дал, нуруу, шилэн хүзүү хэсэгт цохисон. Тэгэхэд би ухаан балартаад хэвтэж байхад *******, ******* нар хоорондоо зодолдож байсан. Хэн нь хэнийгээ хаана, яаж цохисон талаар би сайн харж чадаагүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 86-89-р ху/
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.*******ын биед цээж, хэвлийд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-121-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар шүүгдэгч *******т 03 жил 04 сарын /гурван жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болжээ.
Гэвч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4 -д заасныг журамласан заалт оруулалгүйгээр *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... гэсэн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэж үзэх үндэслэл болж байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Иймд дээд шатны прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хэргийг түүний давж заалдах гомдлоор бус дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг товлосон учир шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзээд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн
2 дугаар заалтыг:
“2.Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай” гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны
тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ