Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 118/ШШ2024/0009

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.*******

Хариуцагч: Завхан аймгийн ******* нарын хоорондын газар эзэмшүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/317 дугаар захирамжийн Ж.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.*******т Улиастай сумын Богдын гол багийн Шагж аваргын ******* гэх хаягт байршилтай 1000 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй бөгөөд “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх 2020 оны А/378 дугаар захирамжийн Ж.*******т холбогдох хэсгийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

3. Нэхэмжлэгч тал “Завхан аймгийн ******* газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан хэдий ч надад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй бөгөөд газраа зориулалтын дагуу эзэмших, холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авах боломжгүй байсныг харгалзан үзэхгүйгээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж, хариуцагч тал “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн тул 2020 оны А/378 захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн” гэж  тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШЗ2023/0180 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

 5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10-р сарын 13-ны өдрийн А/378 дугаартай захирамжаар Улиастай сумын 4-р баг, Богдын гол баг, Шагж аваргын гудамж ******* тоот хаягт 1000 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Захирамж гарсан ч газар эзэмших гэрчилгээ, гэрээ байхгүйгээс газар эзэмших, холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Удалгүй Коронавируст (Covid-19 ) цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т зааснаар хөл хорио тогтоосон, таны гэрчилгээг гаргаж өгнө гэсээр байсан. Гэтэл Завхан аймгийн ******* миний хууль ёсны дагуу эзэмших эрх авсан газрын эзэмших эрхийг хууль бус захирамжаар хүчингүй болгосон байна. Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08-р сарын 01-ний өдрийн А/317 тоот захирамжаар Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосонд гомдолтой. Надад газрыг чинь хүчингүй болгосон захирамж гарсан ирж аваарай гэж хэлээгүй, хүлээлгэж өгөөгүй, хүмүүсийн сургаар миний газрыг хүчингүй болгосон гэж дуулаад газрын албанаас энэ захирамжийн хуулбарыг 2023 оны 09-р сарын 28-нд авсан... гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн газар эзэмших хүсэлтээ гаргаж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ж.******* нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаагүй. Гэр бүлийн хэрэгцээнээс бусад зориулалтын газрыг дуудлага худалдаагаар олгох журамтай байдаг. Дуудлага худалдаагаар олгох журмыг зөрчиж олгосон учир, газар эзэмших эрх олгосон захирамжийг нь хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжаар гурван иргэнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байгаа, Ж.*******ийн тухайд Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, мөн дуудлага худалдаа явуулах журам зөрчигдсөн гэх үндэслэлүүд хамаарч байгаа, бусад үндэслэл хамаарахгүй... Эхний жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учир гэрчилгээ олгоогүй. Мөн дуудлага худалдаа явагдаагүй тул гэрчилгээ олгохгүй боломжгүй байсан. Хууль бус захирамж гарсан гэдгийг тухайн үед өөрт нь тайлбарлаж хэлсэн. Ж.*******ийн газар эзэмших тухай өргөдлийг аймгийн ******* өөрөө өгөөд манайд цохогдоод захирамж нь автоматаар гарсан. Нэхэмжлэгчийн өргөдөл надаар дамжиж, захирамж гараагүй. Өргөдөл нь аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамж гарахаас нэг сарын өмнө  ирсэн, нэг л өргөдөл байсан, өөр өргөдөл манай газарт байхгүй. 2020 онд 3 хүний хүсэлт, материал байсан. Нэг хүнийх нь газар өмнөх оны төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Тэр хүнд газар эзэмшүүлэх захирамжтай хавсаргаад Ж.*******т газар эзэмшүүлэх асуудлыг шууд шийдвэрлэсэн байсан. Тиймээс дуудлага худалдаа огт явагдаагүй. Энэ маргаан бүхий газар нь Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн сул чөлөөтэй, ногоон байгууламж бүхий талбай гэх байдлаар тусгагдсан тул үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй газар юм. Энэ Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөө нь Ж.*******т газар эзэмшүүлэх тухай 2020 оны А/378 дугаар захирамжаас өмнө гарсан байсан... Дуудлага худалдаа өмнөх оны төлөвлөгөөнд тусгагдан, батлагдаж цахим системд цагийн өмнө байрших зарчмаар явагддаг. Тухайн газар өмнөх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учир дуудлага худалдааг зарлан явуулах боломжгүй байсан. Тухайн 2020 онд дуудлага худалдаа нэгэнт явагдаагүй тул хуульд нийцүүлэх үүднээс өмнөх захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Засаг даргын  2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжаар урьд гаргасан хэд хэдэн захирамж болон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Ж.*******т газар эзэмшүүлэх эрх олгосон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжийн холбогдох хэсэг багтсан байх бөгөөд захирамжийн хавсралт дахь жагсаалтын хоёрдугаарт энэ агуулгыг тусгажээ. /Хавтаст хэргийн 4-6 дугаар хуудсанд/

3. Дээрх 2023 оны А/317 дугаар захирамжид Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,  21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40.1.5, 40.1.6, 40.2, 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг тус тус үндэслэжээ.

4. Завхан аймгийн Засаг даргын 2023 оны А/317 дугаар захирамжаар хэд хэдэн газар эзэмшигчид хамааралтай асуудлыг шийдвэрлэсэн тул захирамжид дурдсан зарим үндэслэл нь нэхэмжлэгч Ж.*******т газар эзэмших эрх олгосон 2020 оны А/378 дугаар захирамжийг хүчингүй болгосон үндэслэлд хамаарахгүй хэмээн хариуцагчийн төлөөлөгч  тайлбарласан.

5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд буюу “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон” гэх үндэслэлүүд нэхэмжлэгчид хамааралгүй хэмээн тайлбарласан.

6. Хэргийн үйл баримтуудаас үзэхэд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, газар эзэмшүүлэх талаар гэрээ байгуулаагүй байх тул газрын төлбөр төлөх, газраа зориулалтын дагуу эзэмших талаар гэрээгээр хүлээсэн үүрэг нэхэмжлэгч Ж.*******т үүсээгүй байх ба Завхан аймгийн Засаг даргын 2023 оны А/317 дугаар захирамжид дурдсан дээрх үндэслэлүүд нь нэхэмжлэгч Ж.*******т хамааралгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна. /Хавтаст хэргийн 1, 24 дүгээр хуудсанд/

 7. Иймд маргаан бүхий 2023 оны А/317 дугаар захирамжид дурдсан “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлээгүй” гэх үндэслэлээр 2020 оны А/378 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ж.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэжээ.

9. Дээрх бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Завхан аймгийн *******ас гаргасан маргаан бүхий захиргааны акт буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамж нь газрын тухай хууль тогтоомжид нийцсэн бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч Ж.*******т маргаан бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

10.1. Нэхэмжлэгч Ж.******* нь Улиастай сумын Богдын гол багт байрлах хөл бөмбөгийн талбайн баруун талд байршилтай 1000 м.кв газрыг эзэмших тухай хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хадгалагдаж байсан бөгөөд хүсэлтэд ямар нэг баримт /тойм зураг гэх мэт/ хавсаргаагүй байна. /Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд/

10.2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д аймгийн *******ас газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан байх ба 21.3.2-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн ******* дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заажээ.

10.3. Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэр дэх Шагж аваргын гудамж ******* гэх хаягт байршилд 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар Ж.*******т эзэмшүүлэхээр анх шийдвэрлэсэн байна.

10.4 Шүүхийн үзлэгийн 2023 оны 11 дүгээр сарын 24, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлээс харахад дээрх маргаан бүхий газар нь Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөг спортын талбайн баруун урд хэсэгт, Авто тээврийн газрын зүүн талд байршилтай хашиж хүрээлээгүй сул хоосон талбай бүхий газар байна. /Хавтаст хэргийн 49-51, 53-55/

 10.5. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх талаар, 33 дугаар зүйлийн 33.1-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх журмын талаар тус тус зохицуулсан бөгөөд 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны ******* гаргана.”, “33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ******* дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4-д “...аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэжээ.

10.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харвал *******ас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилгээний зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ заавал төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмыг баримтлахаар байна.

10.7. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1.2-д газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны *******, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулахаар заажээ.

10.8. Гэтэл Завхан аймгийн *******ас  2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.*******т 1000 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

10.9. Тиймээс нэхэмжлэгч Ж.*******т үйлчилгээний зориулалтаар 1000 м2 газрыг эзэмшүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж, дуудлага худалдаа явуулаагүй гэх хариуцагч талын тайлбар үндэстэй байх ба маргаан бүхий захиргааны актыг уг үндэслэлээр гаргасныг буруутгах үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгчийн маргаж буй 1000 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгаагүй гэх үндэслэлийн тухайд:

11.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д аймгийн *******ас газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан байх ба 21.3.2-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.

11.2. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор баталсан тус аймгийн 2018-2033 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд аймгийн нийт сумдын нутаг дэвсгэрийн хэмжээгээр төлөвлөлт хийсэн байх Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын талаар нарийвчилж тусгаагүй байна. /Хэргийн 61-62 дугаар хуудсанд/

11.3. Харин дээрх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн аймгийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг батлах ёстой боловч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан гаргаагүй, зөвхөн иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг баталсан болох нь тус Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 235 дугаар албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолоор нотлогдож байна. /Хэргийн 40, 41 дүгээр хуудсанд/

11.4. Харин Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан гаргажээ. /Хэргийн 105-108 дугаар хуудсанд/

11.5. Уг төлөвлөгөөнөөс харахад маргаан бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон байх ба түүн дотор Богдын гол багийн нутаг дэвсгэр дэх Авто тээврийн газрын зүүн талд, хүүхдийн тоглоом, хөл бөмбөг, спортын талбайн баруун урд хэсэгт 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгагдаагүй байна.

11.6. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Завхан аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй, Улиастай сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн маргаж буй  байршилд 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр заагаагүй байна.

11.7. Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарим бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 99 дүгээр тогтоолоор баруун бүсийн тулгуур төв Улиастай хотыг 2038 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байх ба уг төлөвлөгөөнд нэхэмжлэгчээс маргаж буй газарт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, такси, автобусны нэгдсэн зогсоол байхаар төлөвлөгдсөн байна. /Хавтаст хэргийн 83-100 дугаар хуудсанд/

11.8. Дээрх 99 дүгээр тогтоол нь Ж.*******т 1000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжаас өмнө гарсан байхад уг төлөвлөгөөг мөн харгалзан үзэлгүйгээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

11.9. Тухайн жилийн болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлэхээр урьд гаргасан захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуульд нийцсэн байна.

12. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ******* дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 33.4-д “Аймаг...сум...ын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж гаргасан 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжийн Ж.*******т холбогдох хэсгийг хариуцагч Завхан аймгийн *******ас маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн байна.

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд 29.3-д зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй захирамжаа өөрөө өөрчлөх хүчингүй болгох эрхтэй.

14. Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх нарийвчлан зохицуулагдсан байна.

15. Эдгээр зохицуулалтаас харвал хууль тогтоомжид нийцээгүй захирамжаа хүчингүй болгох эрх *******д олгогдсон байх ба уг эрхийн хүрээнд хариуцагч Завхан аймгийн *******ас маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.*******т газар эзэмшүүлэх асуудлыг урьд шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд дээрх хуулиудад заасантай нийцсэн байна.

16. Хууль тогтоомжид заасан журмын дагуу газар эзэмшүүлэх эрхийг олж аваагүй нэхэмжлэгчийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, хамгаалагдах эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.

17. Иймд нэхэмжлэгч Ж.*******т газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй, бөгөөд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулж шийдвэрлэх талаарх газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан захирамжаа хариуцагчаас хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул шүүх маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

18. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоогүй талаар:

18.1. Тус хэргийг хянан хэлэлцэхээр тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд анх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон бөгөөд Б.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлээс татгалзаж байгаагаа шүүх хуралдааны явцад илэрхийлснээр нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах нөхцөл байдал үүссэн тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  96 дугаар зүйлийн 96.2-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 118/ШЗ2024/0023 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. /Хавтаст хэргийн 124-128 дүгээр хуудсанд/

18.2. Шүүгчийн туслахын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлээс харахад дээрх шүүх хуралдааны тов болон хэргийн материалтай танилцах, цахимаар шүүх хуралдаанд оролцох талаар холбогдох журмуудыг нэхэмжлэгч Ж.*******т тайлбарлан танилцуулжээ. /Хавтаст хэргийн 131 дүгээр хуудсанд/

18.3. Гэвч нэхэмжлэгч Ж.******* нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоох тухай шийдвэр, эмчийн тэмдэглэл зэрэг баримтыг хавсарган ирүүлснийг үндэслэн нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг 14 хоногоор буюу 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 118/ШЗ2024/0025 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ж.*******т мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба ирээгүй шалтгаанаа шүүхэд тайлбарлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа шүүхэд баримт ирүүлээгүй болно. /Хавтаст хэргийн 137-142 угаар хуудсанд/

18.4. Шүүх нэхэмжлэгчээс урьд нь ирүүлсэн эмч, эрүүл мэндийн байгууллагын баримтуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах үндэслэлээр мөн л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг 6 хоногоор буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15.00 цаг хүртэл хойшлуулахаар 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 118/ШЗ2024/0037 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч мөн өдрийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн л шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн ба хүсэлтэд эмчилгээ хийлгэж байгаа болон шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх нотлох баримт ирүүлээгүй байна. /Хавтаст хэргийн 146-151 дүгээр хуудсанд/

18.5. Нэхэмжлэгчээс хамаарах шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан ба 2024 оны 02 дугаар сарын 09, 15-ны өдрүүдийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлыг нотлох баримтаа нэхэмжлэгчээс ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг  явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2,  33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар  сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Ж.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ТУНГАЛАГ