Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02690 дугаар шийдвэртэй, Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Д.Д-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Д.Д-гийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагч Д.Д-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Д.Д-тэй 2007 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.Тэлмэн төрсөн. 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хүү Д.Тэлмэн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн Хятад хэлний 5 дугаар ангид сурдаг. Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албанд сувилахуйн арга зүйчээр ажилладаг. Д.Д- нь “ДЦС-3” ТӨХК-д ажилладаг. Д.Д- нь гэр бүл болсон цагаас эхлэн архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “ДЦС-3” ТӨХК-ийн ард 10-1 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг 56 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн хугацаанд гэр орноо тохижуулаад сайхан амьдарч байтал дахин архи ууж элдэв янзын ааш нь эхэлсэн. Би 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл 2 жил 2 сарын хугацаанд 3 250 000 төгрөгийг орон сууцны ашиглалтын төлбөрт төлсөн байдаг. Би сайн сайхан амьдрах гэж бүх л сэтгэл зүрх, цалин хөлсөө зориулсан боловч үргэлж гуйлгачингаараа дуудуулах хэцүү байдаг. Орон сууцны гэрчилгээ авснаа хэлээгүй, намайг бүртгүүлээгүй байсанд их гомдсон. Хэдийгээр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж хичээсэн боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа хэвээр байсан тул 2018 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарсан. Харин хүүгийн хичээлийг тасалдуулахгүйн тулд аавтай нь хамт гэрт нь амьдруулсан боловч тэрээр хүүг зодож, гэрээсээ хөөсөн. Би 2017 онд зүрхний шигдээс өвчнөөр өвдөж, маш том хагалгаанд орсон. Миний эрүүл мэндийн байдал сэтгэл зүйн маш тайван орчинд байх шаардлагатай байгаа тул бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд дахин өртөхөөс айж байна. 2018 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл гаргахад Д.Д- нь өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдлийн талаар хэлсэн байдаг.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Эрчим хотхоны 10/1-р байр 49 тоот, 2 өрөө бүхий орон сууцнаас хүү Д.Тэлмэн бид нарт ноогдох хэсгийг хариуцагч Д.Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д- нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлд дурдсан орон сууцыг “зөвхөн өөрийн өмчлөлд байлгах, ажил олгогчтой маргаан үүсгэсэн тохиолдолд орон сууцыг буцаан авах” гэсэн нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан юм.

Түүнчлэн, хүүхдийн асрамжийн хувьд, миний цалин болон эрүүл мэндийн байдал Г.Г-ээс илүү давуу талтай. Бид тусдаа амьдарсан цагаас эхлэн хүү надтай хамт амьдарч байгаа. Г.Г- нь хүүхэддээ санаа тавьдаггүй, хүүхдийн сэтгэл зүйг огт боддоггүй, хүүхдээр хүчээр аавтайгаа амьдрахгүй гэж хэлүүлдэг, мөн өөр бусад зүйл хүүхдээр хэлүүлж сэтгэл санааны дарамт үзүүлдэг. Орон сууц авахын тулд хүүхдийн асрамжийн талаар маргаж байна. Иймд хүүхдийн асрамжийг өөрт тогтоолгох хүсэлтэй байна  гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-, Г.Г- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар 2008 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Тэлмэнг эх Г.Г-ийн асрамжид үлдээж, хүү Д.Тэлмэнг өөрийн асрамжиндаа үлдээх талаар гаргасан хариуцагч Д.Д-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Тэлмэнг 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, эцэг Д.Д-гээр тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 3 хороо, Үйлдвэрийн баруун бүс, ажилчны гудамж 10/1 байр 49 тоот 49,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчөөр Г.Г-ийг тогтоож,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт зааснаар Д.Д-гээс 49 898 842 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 603 339 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдгийн хураамжид 603 339 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч Г.Г-ийн эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуүлийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тус тус зөрчсөн. Д.Д- нь 3 хүүхэдтэй. Маргаан бүхий орон сууцанд 2 хүүхэд болон ач нартайгаа хамт амьдардаг. Шүүх хуралдааны хүсэлт гаргах шатанд Д.Д-гийн төрсөн хүүхдүүд болох Д.Очир, Д.Онон нар нь гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрсдөд ногдох хувиа гаргуулах тухай бие даасан шаардлагыг баримтын хамт гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Д.Д-гийн 2 хүүхдийг оруулах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт огт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4 дэх заалтуудыг зөрчсөн. Мөн 1 хүний төрсөн 3 хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж , зөвхөн Г.Г-ийн хүүхэд болох Д.Тэлмэнг гэр бүлийн гишүүн гэж тооцно гэсэн шүүгчийн үзэл баримтлал нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх тэгш байх зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 113, 125.1 заалтыг зөрчсөн байдаг.

Шүүх хөндлөнгөөс оролцож шинжээч томилсон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Д- нь Д.Тэлмэн хүүгээ 18 нас хүрэхээр маргалдаж буй орон сууцны өмчлөх эрхийг 100 хувь өгнө гэсэн нөхцөлтэйгээр эвлэрэх санал гаргахад шүүгч  Г.Г- хаана амьдрах юм бэ гэж ууралж байсан. Шүүгч энэ хэрэгт илт хувийн сонирхолтой, уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тул шүүгчээс татгалзахад өөрөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн  маргаан бүхий орон сууцны эх үүсвэрийг Д.Д- 30 жил идэвхи зүтгэлтэй ажилласаныг үнэлж байгууллагаас нь өгсөн талаар баримтууд хэрэгт авагдсан байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Гэр бүлийн тухай хуулийн 20  дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх эцсийн зорилготой байсан .

Шүүх тогтоох хэсэгтээ Г.Г-ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон атлаа дахин ногдох хэсэг 49 898 842 төгрөгийг Д.Д-гээс гаргуулж шийдвэрлэж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1,  129 дүгээр зүйлийн 129.3, 129.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дах хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Д.Д-д холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг өөрт тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Ажилчны гудамж 10/1 дүгээр байр, 49 тоот хаягт байрлах, 49.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас өөрт болон хүү Д.Тэлмэнд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх1-4,119/

 

Хариуцагч Д.Д- нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч, хүүхдийг өөрийн асрамжид тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд харилцан маргажээ.

 

Зохигчид 2007 онд гэр бүл болсон, 2009 онд улсын бүртгэлд бүртгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.Тэлмэн төрсөн үйл баримт хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх8,10/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 228 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл” /хх13/, зохигчдын тайлбараас үзвэл, гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 4 сараас хойш тусдаа амьдарсан, хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байх тул шүүх гэрлэгчдийн хүсэл зоригийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалсан нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлага болон тэдгээрт гаргасан тайлбараас үзвэл, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх, тэднийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар тохиролцоогүй, маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн /хх126/ дагуу томилсон /хх172-173/ шинжээч Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчдийн багийн дүгнэлт /хх185-188/, хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар шийтгэвэр /хх127-131/, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт заасны дагуу 12 настай хүү Д.Тэлмэнгээс эцэг, эхийн хэний асрамжид үлдэх саналтай байгааг асуусан тэмдэглэл /хх27/ зэргийг харьцуулан үзвэл, шүүх хүүхдийг эх Г.Г-ийн асрамжид үлдээж, энэ үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

 

Улмаар, эцэг Д.Д-гээс хуульд заасан хэмжээгээр хүү Д.Тэлмэнд сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Ажилчны гудамж 10/1 дүгээр байр, 49 тоот хаягт байрлах, 49.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зохигчид “Голомт банк” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу авч, зээл бүрэн төлөгдсөнөөр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт цугларсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогджээ. /хх55-100/ Иймд уг орон сууцыг 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин, нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бус гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон хүү Д.Тэлмэнд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байхад шүүх түүнийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээр шаардаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөл, ногдох хэсэгт хамаарах Д.Д-гийн төрсөн 2 хүүхэд болох Д.Очир, Д.Онон нарын бие даасан шаардлагуудыг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, шүүх хэт нэг талыг баримталсан, мөн шүүгчээс татгалзсан татгалзлыг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4, 92.5 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагчийн өмгөөлөгч нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Д.Онон, Д.Очир нарыг оролцуулах тухай хүсэлт /хх195/ гаргасныг, шүүх мөн өдрийн 183/ШЗ2019/14032 дугаар захирамжаар “уг шаардлага нь маргааны зүйлд хамаарахгүй” гэх үндэслэл зааж, хүсэлтийг хангаагүй байна. /хх199/ Уг захирамжид гомдол гаргах эрхтэй талаар заасан байхад хариуцагч тал гомдол гаргаагүй, захирамж хүчин төгөлдөр болжээ.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн, улмаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулж, зохигчдын биеийн байцаалттай танилцсанаар шүүх хуралдааны даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж татгалзал байгаа эсэхийг асуухад татгалзаагүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь татгалзалгүй гэдгээ илэрхийлсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн шинжээч “Лэндс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн шинжээч Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчдийн багийн дүгнэлтийг тус тус эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг /хх203, 207/ шүүх 183/ШЗ2019/14562 дугаар захирамжаар /хх214/ хэрэгсэхгүй болгожээ. Ийнхүү хүсэлт хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шүүгчээс татгалзаж байгааг шүүх хүлээн аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх “шүүгчийг татгалзан гаргах тухай” хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн талаар шийдвэртээ дүгнэсэн байгааг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хасч, 5-8 дах заалтыг 4-7 дах заалт болгож өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02690 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хасч, 5 дах заалтыг 4, 6 дах заалтыг 5, 7 дах заалтыг 6, 8 дах заалтыг 7 болгож өөрчлөн дугаарлаж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Д-гээс төлсөн 407 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ                                                            

                                         ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА