| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2131000640236 |
| Дугаар | 2022/ДШМ/21 |
| Огноо | 2022-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/21
Г.Батмөнхөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Г.Батмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шийдвэрлэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уран овогт Ганболдын Батмөнхөд холбогдох эрүүгийн 2131000640236 дугаартай 175/2022/0009/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Уран овогт Ганболдын Батмөнх, ***** оны **** дугаар сарын ****ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *****хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * баг***, *****хэсэг **** тоотод оршин суух хаягтай, /РД:*******/;
Урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1-т зааснаар гэм буруутайд тооцогдож 1 жил хорих ял оногдуулсныг 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Г.Батмөнх нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2-р багийн нутаг “Тасархайн даваа” гэх газраас 12-33 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн О.Мөнхсүхийн хадаж бэлтгэн хураасан боодолтой өвснөөс 604 ширхэг боодол өвсийг хулгайлан авч 4.228.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.Батмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Уран овогт Ганболдын Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Уран овогт Ганболдын Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулан,
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Батмөнх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан,
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 12-33 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Г.Батмөнхийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Батмөнхөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ” дүгнэсэн байна.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дахь хэсэгт шүүгдэгчид хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Дээрх байдлаас үзэхэд шүүх шүүгдэгчид гэм буруутайд тооцогдсон хуулийн зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулах болсон үндэслэлээ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаж тайлбарлаагүй, мөн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт заасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, үндэслэлийг зөрүүтэй дүгнэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнслээ гэсэн зүйлийн талаар яригдаагүй. Харин прокурорын болон өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу Өршөөлийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн талаар уншин танилцуулсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн “... хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн...” гэж бичсэн нь бичигдэх явцад гарсан алдаа гэж үзэж байна. Дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Г.Батмөнхөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хангаагүй байна гэж үзэж байна. ...шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг зөрүүтэй болсон. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.2 дугаар зүйлийн 3 буюу шүүхийн шийдвэр ойлгомжтой байх, тодорхой эргэлзээгүй байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна гэж үзэж байна.
Мөн шийтгэх тогтоолын нүүрэнд “...Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сэнгэсамба...” гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн. Мөн хоёр дахь нүүрэнд Иргэний нэхэмжлэгч Отгонтуяа гэсний араас иргэний нэхэмжлэг...” гэж буруу бичсэн. Техникийн үг үсгийн алдаатай гарсан. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Батмөнхөд холбогдох 2131000640236 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.Батмөнхийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар зохих дүгнэлт хийж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуульд зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ.
Гэтэл шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгтээ тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлтээс өөр байдлаар шүүгдэгчийг тухайн зүйл ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэжээ.
Үүнээс үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээсээ өөрөөр ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн, 36.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус биелүүлээгүй буюу хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Г.Батмөнхөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх шаардлагатай байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Батмөнхөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Г.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН