Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 122/ШШ2024/0004

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.*******ийг уг албан тушаалд томилохыг даалгах, 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.*******аас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат, хариуцагч Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.*******, түүний өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

            1.1. Нэхэмжлэгч Б.*******ээс Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус албан тушаалд томилохыг даалгах, ажлын байр албан тушаалын цалин хөлс нэмэгдлийг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            1.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.*******ийг уг албан тушаалд томилохыг даалгах, 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.*******аас гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Б.*******ийг Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгожээ.

 

2.2. Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/10 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан ба Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс “... Б.*******ийг тус албан тушаалд томилохоос татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй байна” гэж үзэн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгажээ.

 

2.3. Нэхэмжлэгч хариуцагчийн дээрх албан бичгээр өгсөн татгалзсан хариу, албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд удаа дараа гомдол гаргаж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 01/2004, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/2586 дугаартай албан бичгүүдээр хариу авч, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Б.******* миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тооны нээлттэй сонгон шалгууралалтад шалгуур шаардлагыг хангаж Төрийн албаны тусгай шалгалт өгч 93,7 оноотойгоор шалгуулж тухайн ажлын байран дээр томилогдох эрх үүссэн юм.

Үүний дагуу Төрийн албаны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тогтоолын хэрэгжилт хангах тухай” 49 дүгээр тогтоол, түүнтэй холбоотой албан бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд удаа дараа ирүүлсэн ч өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа нь Төрийн албаны төв зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэл, Засгийн газраас Авилгатай тэмцэх “Шүүр ажиллагаа”-ны хөтөлбөр зэрэг нь орон нутагт хэрэгжихгүй зөрчигдсөөр байна.

Б.******* миний бие төрийн албан хаагчийнхаа хувьд хуулийн хүрээнд шатлан дэвших боломжоо эдлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.*******тай уулзаж томилгооны асуудлаа тавьдаг ч өмнө нь ажиллаж байсан С.******* нь шат шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан тул томилох боломжгүй, шүүхийн эцсийн шийдвэрийг харна гэж удаа дараа санаатайгаар хойшлуулж бусдын боломжийг хязгаарлаж, албан тушаалын эрхээ хэтрүүлэн ашиглаж нам, улс төрийн аливаа хэлбэрийн нөлөө үзүүлж хуулиас дээгүүр эрх хэмжээ эдэлж байгаад гомдолтой байна.

Намайг удаа дараа уулзаж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны үр дүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичиг С.*******ийг 2023.10.01-ний өдрөөр чөлөөлж хурлын ажилтан Э.*******г хавсран гүйцэтгүүлж байна.

Б.******* би Төрийн албаны хуульд заасны дагуу гомдлоо Төрийн албаны төв зөвлөлд 2023 оны 08 дугаар сарын 22-нд бичгээр гаргаад хариуг Төрийн албаны төв зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2004 тоот албан бичгээр Б.*******ийг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны дотор Төрийн албаны төв зөвлөлд хариуг ирүүл гэж мэдэгдсэн. Гэтэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.******* нь Төрийн албаны төв зөвлөлийн “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг үл хайхран намайг өдий хүртэл томилохгүй хохироож байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.*******тэй биеэр ирж уулзахад дахин Төрийн албаны төв зөвлөлд гомдол гарга гэсний дагуу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин гомдол гаргасан. Төрийн албаны төв зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/2586 дугаартай албан бичгээр хариу авсан.

Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурыг хангаж тусгай шалгалтад орж төрийн албаны ахлах түшмэлд томилогдох шаардлага хангасан намайг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгаж, 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.*******аас гаргуулж өгнө үү гэв.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.******* нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 03 сарын 27-ны өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тооны нээлттэй сонгон шалгаруулалтад шалгуур шаардлагыг хангаж 93.7%-ийн гүйцэтгэлтэйгээр шалгагдаж тэнцсэн. Ахлах түшмэлийн орон тоонд томилогдох эрх үүссэн. Гэвч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2023 оны 04 сарын 25-ны өдөр томилох боломжгүй гэж Төрийн албаны зөвлөлд хариу өгсөн. Үүнийг дахин хэлэлцэж 2023 оны 05 сарын 23-нд тогтоол хэрэгжүүлэх тухай мэдэгдсэн боловч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мөн биелүүлээгүй. Удаа дараа илгээсэн тогтоолыг биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэсний дагуу Төрийн албаны зөвлөлөөс Авлигатай тэмцэх газарт хамтран ажиллах тухай албан тоот хүргүүлсэн. Я.*******ы нэхэмжлэгчийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг санаатай гэж хэлж болох ба Төрийн албаны зөвлөлийн тогтоолуудыг үндэслэн Б.*******ийг тус албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр гаргахыг хүсэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдэл”,  Хөдөлмөрийн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт “хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг үндэслэн ажиллаагүй үеийн цалинг нэхэмжилж байгаа. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлдэггүй гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцсэн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ийг дараахь шалтгаануудын улмаас авч ажиллуулах боломжгүй болно.

1.Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* нь өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай хийж гүйцэтгэдэггүй.

2.Байгаль орчноос орох орлогыг төсөвт төвлөрүүлдэггүй.

3.Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн.

4.Өнөөдрийн байдлаар төсөвт байгаль орчноос оруулах 76 сая төгрөгийг тасалдуулсан. Иймээс Б.*******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж байна.

Мөн Байгаль орчны хяналтын байцаагч Б.******* нь 2019-2020 оны байгалийн хадлангаас орох ургамал ашигласны татварыг одоог хүртэл төвлөрүүлээгүй, 2021, 2022, 2023 оны байгалийн хадлангийн ургамал ашигласны төлбөрийг тасалдуулсан гэх үндэслэлээр шалгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт материалыг хүргүүлсэн.

Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн 10 дугаар сарын 09-нийг хүртэл ээлжийн амралттай байсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2004 албан тоотыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 33.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Байгаль орчны улсын байцаагч Б.******* нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан гэв.

 

3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгдүгээрт, тусгай шалгалт Төрийн албаны тухай хуулийн 33.3, 33.10 дахь хэсэгт заасан шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. Одоо үүнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Хоёрдугаарт, Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай 06 дугаар тогтоолд Б.*******ийг томилох тухай үүрэг өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны тусгай шалгалт өгөх журмын 7.3-т зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан тушаалтныг нэг удаа томилохоос татгалзах эрхийг олгосон байдаг. Харин ямар үндэслэлээр татгалзах тухай аль ч хуульд заагаагүй байгаа. Тиймээс татгалзлын үндэслэлд шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, цалин хөлсөө авдаг мөртлөө ажиллаагүй үеийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй байж ажилд томилуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч давхар ажил эрхлэхийг хориглосон. Мөн ажилд орох хүсэлт гаргаж байгаа бол шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6 дахь хэсэгт “Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх” гэж заасан буюу бүрэн эрх Я.*******д олгогдсон. Дээр дурдсан шаардлагыг хангаагүй байгааг үндэслэн томилгоо хийх боломжгүй байсан.

Улсын Их Хурлын 2019 оны 12 сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлагдсан. Энэ журмаар Төрийн албаны зөвлөл албан бичиг ирүүлэх ёсгүй байсан. Гомдлыг үндэслэн хурлаар хэлэлцээд дүгнэлт гаргах ёстой. Төрийн албаны төв зөвлөл өөрсдөө журмаа биелүүлээгүй байхад хариуцагч томилгоо хийх боломжгүй. Төрийн албаны зөвлөлийн 01/2004 дугаар албан бичгийг Б.******* 2023 оны 9 сарын 17-нд хүлээн авсан гэж мэдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч 11 сарын 30-нд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байгааг харуулж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийг хэтрүүлсэн буюу нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байна гэж бодож байна. Хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг мөн адил гаргаагүй байгааг шүүх харгалзан үзнэ үү.

Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах үүрэгтэй. Ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж буй хуулийн үндэслэл тодорхойгүй байна. Мөн албан тушаалд томилоогүй байгаа нь Б.*******ийн эрх ашигт хохирол учруулаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч цалин хөлсөө авч, ажил эрхэлж байгаа. Тиймээс цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Төрийн албаны зөвлөлөөс зарласан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тооны нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байхад үндэслэлгүйгээр уг ажлын байранд томилохоос татгалзаж байгаа нь хууль бус ... ” гэж, хариуцагчаас “ ... Б.******* нь өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай хийж гүйцэтгэдэггүй, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн, төсөвт байгаль орчноос оруулах 76 сая төгрөгийг тасалдуулсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцэхгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт өгч 93.3 оноогоор тэнцсэн Б.*******ийг Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.*******д санал болгож, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/10 дугаар албан бичгээр нэр дэвшүүлж санал болгосон Б.*******ийг тус албан тушаалд томилох боломжгүй гэсэн татгалзсан хариуг салбар зөвлөлд хүргүүлжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

4. Төрийн албаны салбар зөвлөл Б.*******ийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан байдлыг судалж, салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж “Б.*******ийг тус албан тушаалд томилохоос татгалзсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.*******ы үндэслэл нь хуульд нийцээгүй” гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.*******д даалгасан байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчээс ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд удаа дараа гомдол гаргаж, улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.*******д “... Б.*******ийг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилж, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү ...” гэх агуулга бүхий 01/2004 /хх-ийн 9-11 дүгээр тал/, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад “Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.*******ы дээрх эс үйлдэхүйд ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж, хамтран ажиллахыг хүсье ...” гэх агуулга бүхий 04/2586 дугаар албан бичгүүдийг /хх-ийн 49-50 дугаар тал/ тус тус хүргүүлсэн байна.

 

6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.”, 12.3-д Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно.”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.”, 12.8-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгана.” гэж тус тус заасан.

 

7. Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулсны дүнд төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй, хэрэв нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй бол тухайн нэр дэвшигчийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргах үүрэгтэй байна.

 

8. Тодруулбал, Төрийн албаны салбар зөвлөлөөс журмын дагуу Б.*******ийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан Я.*******ы татгалзлыг хянаж, хуульд нийцээгүй гэж 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг хариуцагч Я.*******д даалгасан байтал нэр дэвшүүлсэн иргэнийг удаа дараа томилохоос татгалзаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчсөний дээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн байна.

 

9. Хариуцагчаас Б.*******ийг уг албан тушаалд томилохоос татгалзсан үндэслэлээ нэгдүгээрт; ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай хийж гүйцэтгэдэггүй, хоёрдугаарт; төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн, гуравдугаарт; байгаль орчноос орох орлогыг төсөвт төвлөрүүлдэггүй гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч дээрх үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

10. Өөрөөр хэлбэл Төрийн албаны салбар зөвлөлөөс албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилохоос татгалзсан үндэслэл нь “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.3-д заасан хугацааны дотор нотлох баримтаар тогтоогдсон, түүнчлэн томилохоос татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байхыг шаардана.

 

11. Нэхэмжлэгч Б.*******ийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдэл нь дээрх үндэслэлээр Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын холбогдох заалтуудыг зөрсөн болох нь тогтоогдож байх тул татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, нэхэмжлэгчийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

12. Нэхэмжлэгчээс гаргасан “2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.*******аас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

13. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж зааснаар иргэн, хуулийн этгээд захиргааны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлыг арилгуулахаар тухайн захиргааны байгууллагаас нэхэмжлэх эрхтэй байна.

 

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “... учирсан  хохирлоо Хурлын даргаас биш, иргэн Я.*******аас нэхэмжилж байна ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтнаас бус иргэнээс хохирол нэхэмжилсэн нь хувийн эрх зүйн асуудал учир иргэний журмаар тусдаа шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

 

15. Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан хариуцагчийн хууль бус үйлдлийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд удаа дараа гомдол гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/2586 дугаар албан бичгийг хүлээн авч, нэхэмжлэл гаргасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

16. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Б.*******ийг томилохоос татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.*******аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.*******ийг Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.*******ийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, үлдэх 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 (хорин долоон сая найман зуун арван дөрвөн мянга нэг зуун гучин ес) төгрөгийг иргэн Я.*******аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ЦЭРЭНХАНД