Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00286

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Г.Даваадорж,

Хохирогчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-т холбогдох эрүүгийн 1738001930077 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Ань 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дөрвөн замын уулзвар дээр 02-47 УНУ улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Бүргэд маркийн 72-62 ХӨТ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж уг мотоциклийг жолоодож явсан Г.Баяндоржийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ань 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дөрвөн замын уулзвар дээр 02-47 УНУ улсын дугаартай Toyota Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Бүргэд маркийн 72-62 ХӨТ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж уг мотоциклийг жолоодож явсан Г.Баяндоржийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Би дөрвөн замын уулзвар дээр зогсож байгаад ногоон гэрлээр уулзварт орсон. Тухайн үед өмнөөс ирж яваа мотоциклийг харалгүй мөргөлдсөн. Тооромз гишгэсэн боловч амжилгүй мөргөсөн. Миний анхаарал болгоомжгүйгээс болж ийм осол гарсанд маш их харамсаж байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 дугаар хуудас/,

      Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 09 дүгээр хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 11-14 дүгээр хуудас/,

      Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /37-38, 42-43 дугаар хуудас/,

Осол гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч зураг /ХХ-ийн 6 дугаар хуудас/,

      Хохирогч Г.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”...Миний төрсөн дүү болох талийгаач Г.Баяндорж хот хоорондын товчооноос хотоос ирж байгаа хүүхэд тосож авахаар өөрийнхөө мотоциклиор гарсан байсан. Ирэхгүй удаад байхаар нь манай эхнэр утас руу нь залгасан чинь цагдаагийн ажилтан утсыг нь аваад осолд орсон байна, яаралтай эмнэлэг дээр очоорой гэж хэлсэн байсан. Намайг эмнэлэг дээр ирэхэд дүү маань амьсгал хураасан байсан... Одоо хохирлын талаар гомдол, санал хүсэлт байхгүй. Дүүгээ алдсандаа харамсалтай байна.... " гэх мэдүүлэг,

       Гэрч Г.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Манай хүргэн ах А машин жолоодож явсан. Дөрвөн замаас эмнэлэг тал руу эргэж байтал машины урдуур мотоцикль орж ирээд мөргөлдсөн. А ах архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

 Гэрч М.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Уулзвар дээр зогсоод ногоон гэрлээр хөдөлсөн. Манай хүргэн ах А машин жолоодож явсан. Дөрвөн замаас эмнэлэг тал руу эргэж байтал машины урдуур мотоцикль орж ирээд мөргөлдсөн. Би мотоцикль ирж байхыг хараагүй. Буугаад хартал мотоцикльтой хүн мөргөсөн байсан. А ах архи, согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

       Гэрч Г.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Манай нөхөр А машин жолоодож явсан. Дөрвөн замаас эмнэлэг тал руу эргэж байтал машины урдуур нэг зүйл орж ирээд мөргөлдсөн. Буугаад хартал мотоцикльтой хүн мөргөсөн байсан.  А архи, согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Т.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Манай хадам дүү болох талийгаач Г.Баяндорж хотоос ирж байгаа хүүхэд тосохоор манайхаас өөрийнхөө мотоцикльтой гарсан. Ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгатал цагдаагийн ажилтан аваад осолд орсон байна, эмнэлэг дээр яаралтай очоорой гэсэн. Тэгээд намайг эмнэлэг ороход өнгөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Д.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...2017 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 8 цагийн үед Бишрэлт дэлгүүрлүү буюу ажилруугаа орох гээд зам хөндлөн гарч явтал тас хийх чимээ гарахаар нь хартал машин, мотоцикль хоёр мөргөлдсөн байсан. Би өөрийнхөө утаснаас осол болсон талаар цагдаагийн газарт дуудлага өгөөд ажилруугаа орсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Р.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Бүрэнтогтох сумын иргэн О.Ханчингэл гэдэг хүнээс Ланд-80 маркийн 02-47 УНУ улсын дугаартай цагаан өнгийн машиныг худалдаж авсан. Намайг худалдаж авах үед Ю.Эрдэнэтөмөр гэдэг хүний нэр дээр байсан. Энэ машинаа би 2015 оны 11 дүгээр сард Аамаа гэдэг залууд зарсан. Эрдэнэтөмөр гэдэг хүн нь гадаад байгаа ирэхээр нь шилжүүлж өгнө гэж Ханчингэл хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Цэдэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...А манай 4 дэх хүүхэд байгаа юм. Хүү маань 2017 оны 08 дугаар сард Мөрөнд өөрийн Ланд машинаа унаж яваад зам тээврийн осол гаргасан байсан. А архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, их төлөв томоотой хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Г.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Манай дүү А хувь хүнийхээ хувьд төлөв даруу зантай, хүнд тусархуу нутаг усандаа нэр хүнд сайтай сайн хүн гэж боддог. А архи дарс огт хэрэглэдэггүй юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

  Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч  Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 116 дугаартай дүгнэлтэд:

         1. Г.Баяндоржийн биед дагз ясны баруун хэсгээс нугасны их нүх, дагз ясны төвгөр хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны доорх цусан хураа, их тархины баруун зүүн талын дух болон дагзны дэлбэнд зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, баруун зүүн талын олон хавирганы хугарал, эрүү зүүн гуя баруун сарвууны 1, 2-р хурууны төгсгөл хэсэгт язарсан шарх, зүүн гуя өвдөг, шилбэнд зулгаралт бүхийг гэмтлүүд учирсан байна.

         2. Дээрх дагз ясны баруун хэсгээс нугасны их нүх, дагз ясны төвгөр хүрсэн шугаман хугарал хатуу хальсны доорх цусан хураа, их тархины баруун зүүн талын дух болон дагзны дэлбэнд зөөлөн бүрхүүл доорх цус хуралт бүхий гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн байна. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүгд шинэ гэмтэл байна.

        3. Шинжилгээгээр талийгаач Г.Баяндоржийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

        4. Г.Баяндорж нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

       5. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       6. Задлан шинжилгээ онош хэсгээр баталгаажиж байна гэх дүгнэлт /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,

       Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахмад А.Мөнх-Эрдэний 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаартай дүгнэлтэд:

       1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 4 замын уулзварт 2017.08.27-ны өдөр Ц.Ань Тоёото Ландкруйзер-80 маркийн 02-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.4-д заасан “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, Бүргэд маркийн 72-62 ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баяндорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

      2. Уг осол Тоёото Ландкруйзер-80 маркийн 02-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ань өөдөөс яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй урдуур нь зүүн гар тийш эргэсэн шатгааны улмаас гарсан. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 47 дугаар хуудас/,

      Зам тээврийн осол дээр тогтоосон акт /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 56-57, 61-62 дугаар хуудас/,

       Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 55, 60 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738001930077 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.Ань ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 74 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Г.Даваадорж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 103 дугаар хуудас/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь цаашид гарах гэм хорын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ба эвлэрлийн гэрээгээр хохирлын талаар талууд харилцан тохиролцсон байх тул цаашид гарах гэм хорын хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Ц.Ань тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, 4-10 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1738001930077 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Тоёото Ландкруйзер-80 маркийн 02-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Ц.Ат буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар дархад Ц.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.А-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Тоёото Ландкруйзер-80 маркийн 02-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Ц.А-т буцаан олгосугай.

6. Эрүүгийн 1738001930077  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Даваадорж нь цаашид гарах гэм хорын хохирлоо шүүгдэгч Ц.А-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР