Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 110/ШШ2024/0004

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Ж.Р,

              Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Н нарын хоорондын  төрийн албаны маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

             1. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зарласан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цуцалсан салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгох, зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

             2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан: 

            2.1. Миний бие Ж.Р нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдахаар зарлагдсан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг цахимаас үзэж тухайн орон тооны сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр бүртгүүлсэн.

          2.2. Гэтэл тус салбар зөвлөл нь 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дээрх зарлагдсан сонгон шалгаруулалтыг үндэслэлгүйгээр цуцалсан. Үүнээс болж миний сонгон шалгаруулалтад чөлөөтэй өрсөлдөх эрх маань зөрчигдсөн. Салбар зөвлөл сонгон шалгаруулалтыг цуцлах болсон шалтгаанаа Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1062 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу цуцалсан гэж тайлбарлаж байгаа.

2.3. Өлгий сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар тус сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг шинээр баталж, сул орон тооны захиалгыг салбар зөвлөлд хүргүүлсэн байдаг. Энэхүү захиалга, холбогдох материалуудыг салбар зөвлөлөөс хянаад сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, тус зөвлөлөөс мөн холбогдох материалуудыг хянаад сул орон тооны зарыг нийтэд зарласан.

2.4. Гэтэл энэ үед Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос албан тушаалын тодорхойлолттой холбоотой асуудлаар гомдол гаргаж, дээрх гомдлыг үндэслэн Төрийн албаны зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1062 дугаар албан бичгээр цуцлах чиглэл өгсөн. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь төрийн бус байгууллагын статустай байгууллага бөгөөд зарлагдсан сонгон шалгаруулалтын талаар гомдол гаргах эрх бүхий субъект биш.

2.5. Сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг тухайн сонгон шалгаруулалтад оролцож байгаа оролцогч эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд гаргахаас биш огт хамааралгүй төрийн бус байгууллага гомдол гаргах ёсгүй.

2.6. Сумын Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах батлах, сул орон тооны захиалга хүргүүлэх бүрэн эрхтэй.

2.7. Төрийн захиргааны төв байгууллагаас сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалын тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг баталдаг боловч сумын Засаг дарга тухайн үлгэрчилсэн загварыг үндэслэн албан тушаалын тодорхойлолт батлахдаа түүнийг үг, үсгийн зөрүүгүй хуулах биш, өөрийн эрх хэмжээний хүрээнд, аймаг, орон нутаг, сум, сургуулийн онцлог зэргийг үндэслэн зохих өөрчлөлт хийж батлах эрхтэй.

2.8. Өлгий сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар баталсан тус сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүнийг өөрчилсөн, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан сургуулийн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан ба түүнд өрсөлдөхөөр надтай хамт 3 хүн бүртгүүлж, хүсэлт илгээсэн байсан ба шалгалт эхлэхээс нэг хоногийн өмнө албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу цуцлагдсан явдалд гомдолтой байна.

2.9. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч сонгон шалгаруулалтыг цуцлах шийдвэр гаргасан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан.

2.10. Тус салбар зөвлөл миний гомдлыг хянаад 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаартай албан бичгээр “...Сонгон шалгаруулалтыг өмнөх зарласны дагуу, тухайн үед бүртгүүлсэн бүртгэлээр зохион байгуулж өгөх тухай хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд уламжилсан болно. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөе” гэсэн хариу өгсөн. Би хариуг эс зөвшөөрч эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд  хандаж байна.

Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зарласан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цуцалсан тус зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгох, зарлагдсан  сонгон шалгаруулалтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакений шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Сонгон шалгаруулалттай холбоотой Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Г.А 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Үүний хариуг 2023 оны 5 дугаар сарын 23-нд ирүүлсэн. Гэхдээ энэ албан бичиг нотлох баримтаар авагдаагүй. Төрийн албаны салбар зөвлөлийн уламжилсан хүсэлт байна. Тухайн хүсэлтэд “... нэгэнт сонгон шалгаруулалт зарлагдсан, сургуулийн захирлыг томилох эрх бүхий албан тушаалтан боловсруулсан. Энэ үлгэрчилсэн зааврын дагуу боловсруулсан, дахиж боловсруулах шаардлага байхгүй. Тийм учраас томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд баталсан байна. Тиймээс таны гомдлыг үндэслээд сонгон шалгаруулалтыг цуцлах үндэслэл байхгүй” гэсэн хариу ирүүлсэн.

3.2. Дараа нь  2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1062 тоот албан бичгээр зөрүүтэй байдлаар хариу ирүүлсэн. Мөн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гомдлоор гэж хариу ирсэн. Аливаа сонгон шалгаруулалттай холбоотой асуудал тухайн сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн шалгуулагч нартай холбоотой эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүсийн хүрээнд гомдол гаргахаас олон нийтийн байгууллагын асуудалтай холбоотой цуцалж байгаа нь буруу гэж үзэж байна. Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам гэж байгаа. Үүний 5.3-т “төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын байр албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн томилох эрх бүхий этгээд батална” гэсэн.

3.3. Энэ утгаар үзэхэд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны  3 дугаар тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн заавар өөрөө энэ журмыг зөрчиж байна. Энэ журмын 4-т Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагч нартай холбоотой төрийн захиргааны албан хаагч нартай холбоотой тодорхойлолтыг хянаж батлах талаар заасан. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын тодорхойлолтыг төрийн захиргааны албан хаагч нартай адилхан баталж байгаа нь буруу гэв.

4. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

4.1. Өлгий сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/99 дугаар албан бичгээр тус сумын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны захиалгыг салбар зөвлөлд ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлд төрийн үйлчилгээний 13 байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын захиалгыг хүргүүлж, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд сонгон шалгаруулалтын бүртгэл 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагийн хооронд  цахимаар 10 хоног  явагдаж, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шалгалтын комисс  бүртгүүлэхээр ирүүлсэн  иргэдийн материалтай  танилцаж бүртгэл  баталгаажуулсан.

4.2. Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад 3 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлж, 2 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн боловч шалгалтын өдрөөс нэг хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаалын шалгалтыг цуцлах  тухай албан бичиг ирүүлснээр шалгалт цуцлагдсан болно.

4.3. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилох эрх бүхий албан тушаалтнаас баталж ирүүлсэн албан тушаалын тодорхойлолтын дагуу сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, улмаар Төрийн албаны зөвлөлөөс хянагдаж, сул орон тооны зар олон нийтэд зарлагдсан боловч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Сонгон шалгаруулалтын тухай” 02/1062 дугаар албан бичгийн дагуу шалгалт цуцлагдсан болно гэжээ.

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Хариуцагч салбар зөвлөлөөс Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлыг томилох эрх бүхий этгээд болох тухайн үед Өлгий сумын Засаг даргаас ирүүлсэн 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгын дагуу салбар зөвлөлийн  2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлд нийтдээ 13 төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай захиалга хүргүүлсэн.

5.2. Сонгон шалгаруулалтыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өглөөний 09 цагаас 4 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг хүртэл буюу нийтдээ 10 хоногийн хугацаанд нээлттэй  зарлаж, бүртгэл явуулсан.

5.3. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шалгалтын комисс бүртгэлийн материалтай танилцсан. Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сул орон тоонд нийтдээ 3 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн. Үүнээс  шаардлага хангасан 2 хүнийг бүртгэсэн байсан.

5.4. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтыг цуцлах тухай албан бичиг ирүүлсний дагуу тухайн үеийн комиссоос албан бичгийг хэлэлцээд шалгалтыг цуцалсан. Энэхүү Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн сонгон шалгаруулалтын тухай 02/1062 дугаар албан бичгийг үндэслэл болгож сонгон шалгаруулах комиссоос  шалгалтыг цуцалж шийдвэрлэсэн.

Иймд энэхүү маргааныг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж өгнө үү  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Р Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зарласан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цуцалсан салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгох, зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Өлгий сумын Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлд /цаашид салбар зөвлөл гэх/ Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сул орон  тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/99 дүгээр албан бичгийг[1] Өлгий сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дугаартай “Албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” захирамжийн[2] хавсралтаар баталсан ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн  захирлын албан тушаалын тодорхойлолтын[3] хамт хүргүүлсний дагуу салбар зөвлөл нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр “Сул орон тооны захиалга хүргүүлэх тухай” албан бичгээр[4] сонгон шалгаруулалт зохион байгуулах зарыг цахим хуудсаар нийтэд зарлаж мэдээлэхийг Төрийн албаны  зөвлөлөөс  хүсжээ.

3.  Төрийн албаны зөвлөл нь “OPEN-EXAM” шалгалтын цахим системд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах зарыг[5] байршуулснаар нийт 3 иргэн  бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс  2 иргэн нь  шаардлага хангаж бүртгүүлсэн байна.

4.  Улмаар сонгон шалгаруулалт зохион байгуулагдахаас  өмнө буюу 2023 оны  5 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны төв зөвлөлөөс “... зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хэсгийг  эрх бүхий албан тушаалтан нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Б/03 дугаарын тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын тусгай шаардлага хэсэгт заасныг зөрчиж баталсан тул үлгэрчилсэн загварын дагуу баталсны дараа дахин сонгон шалгаруулалт зохион байгуулах“ агуулга бүхий 02/1062 дугаартай “Сонгон шалгаруулалтын тухай” албан бичгийг[6] салбар зөвлөлд  хүргүүлсэн байх ба уг албан бичгийг үндэслэж шалгалтын комисс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хуралдаад,  Өлгий сумын ерөнхий боловсролын 4 болон 5 дугаар сургуулийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтыг цуцлах шийдвэрийг[7] гаргажээ.

5. Дээрх үйл баримтууд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Өлгий сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дугаартай захирамжийн 1  дүгээр хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны төв зөвлөл хянаад сул орон тооны захиалгыг нийтэд зарласан, дараа нь Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос албан тушаалын тодорхойлолттой холбоотой гомдол гаргасны дагуу Төрийн албаны төв зөвлөл сонгон шалгаруулалтыг цуцлах чиглэл өгснөөр  салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтыг цуцалсан ба энэ шийдвэр нь  анхны батлагдсан албан тушаалын тодорхойлолтын дагуу өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

7. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т "албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”, 23 дугаар зүйлийн 23.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн  “Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журам батлах тухай ” 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журам”-ын  Нэгийн 1.4-т Албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын зорилго нь төрийн албан хаагчдын албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид тавигдах шаардлагыг чадахуйн /мерит/ зарчимд нийцүүлэн тодорхойлоход оршино”, Тавын 5.3-т “үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална гэж тус  тус заасан.

8. Мөн 2002 оны Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байх ба  28.1.2-т “боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарынхаа холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох”, 28.1.27-д “ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах” гэж заажээ.

9. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн албан тушаал мөн, энэ  албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэхэд  тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, батлах  эрх хэмжээ нь журамд зааснаар томилох эрх бүхий этгээдэд байгаа боловч уг албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа    Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2020 оны Б/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын  ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг[8] үндэслэж, түүнд нийцүүлэн батлах ёстой.

10. Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургууль нь 2358 суралцагчтай сургууль болох нь хэрэгт авагдсан сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Г 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар албан бичгээр[9] тогтоогдож байна.

11. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын III. Албан тушаалд тавигдах шаардлагын “Мэргэжил” хэсэгт[10] “Боловсролын шинжлэх ухаан /0111/, Багш мэргэжлийн /0113, 0114/, Байгалийн шинжлэх ухаан /0511, 0512, 0531, 0533, 0541/, Мэдээллийн технологи /0611, 0612, 0613/, Хүмүүнлэг /0222/, хэл /0231, 0232/ ” гэж, “Туршлага” хэсэгт “Багшлах болон удирдах ажлын туршлагыг заавал тусгах ба туршлагын шаардлагын доод жишгийг тогтоохдоо сургуулийн суралцагчийн тоо, сургуулийн хэв шинж, хамрах сургалтын хүрээ зэргээс хамаарч доорх байдлаар тогтоож болно. ... 1501-дээш суралцагчтай сургуульд ерөнхий боловсролын сургуульд 8-аас доошгүй жил ажилласан,тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, 4-өөс доошгүй жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай байх” гэж тус тус заажээ.

12. Өлгий сумын Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Мэргэжил” хэсэгт дээрх үлгэрчилсэн тодорхойлолтод заасан мэргэжлүүдээс гадна Нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /031/ гэснийг нэмсэн, “Туршлага” хэсгийн  удирдах ажил эрхэлсэн туршлагатай байх  хугацааг 2-оос доошгүй  жил гэж тогтоосон болох нь хэрэгт авагдсан анхны баталсан албан тушаалын тодорхойлолтоор батлагдаж байгаа бөгөөд дээрх үлгэрчилсэн тодорхойлолтод заасан тусгай шаардлагуудыг зөрүүтэй байдлаар  тусгасан байна.

13. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдад хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд баталсан  Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтоор  захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсэгт удирдах албан тушаал хашиж байсан хугацааг  тухайн сургуулийн суралцагчийн тоо, сургуулийн хэв шинж, хамрах сургалтын хүрээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялгамжтайгаар  тогтоосон байх ба   томилох эрх бүхий этгээд  нь уг үлгэрчилсэн тодорхойлолтод заасан “Туршлага” хэсгийн 4-өөс доошгүй жил гэснийг 2-аас доошгүй жил гэж бууруулж өөрчилсөн нь төрийн албанд баримтлах чадахуйн зарчмыг  зөрчсөн гэж дүгнэлээ.

14. Түүнчлэн, томилох  эрх бүхий этгээд нь уг албан тушаалын тодорхойлолтыг батлахаас өмнө  Төрийн албаны зөвлөлийн саналыг аваагүй болох нь маргаан бүхий  албан тушаалын тодорхойлолтыг баталсан   гэрч Д.Е мэдүүлгээр[11] тогтоогдож байх  бөгөөд энэ нь  “Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журам”-ын Тавын 5.3-т  заасан “... Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэсэнтэй нийцээгүй байна.

15. Иймд,  Өлгий сумын Засаг дарга нь  дээрх байдлаар холбогдох хууль болон журмыг зөрчиж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар  Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан  байх тул уг тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 23 дугаар зүйлийн 23.5, Боловсролын тухай хуулийн  /2002 оны/ 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.27-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Р Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зарласан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цуцалсан салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгох, зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 35 дугаар тал

[2] Хэргийн 36 дугаар тал

[3] Хэргийн 37-49 дүгээр тал

[4] Хэргийн 50 дугаар тал

[5] Хэргийн 102 дугаар тал

[6] Хэргийн 98 дугаар тал

[7] Хэргийн 99 дүгээр тал

[8] Хэргийн 85 дугаар тал

[9] Хэргийн 82 дугаар тал

[10] Хэргийн 91 дүгээр тал

[11] Хэргийн 43-44 дүгээр хуудас /2 хавтас/