Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

                                                 П.*******д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******

Хохирогчийн өмгөөлөгч О.*******

нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч О.*******ийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 1931002810152 дугаартай 175/2021/0149/Э индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******ийн *******, 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Агрономич мэргэжилтэй, “Хатан Сүлдэт Хангай” ХХК-д зөвлөх, аграномич ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Өгөөмөрийн 74-32 тоотод оршин суух хаягтай,  /РД:*******/

 

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч П.******* нь Гацуурт ХХК-ийн харьяа Баяндулаан Уул ХХК-ийн Газар тариалан, мал аж ахуй хариуцсан дэд захирлаар ажиллах байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, “Гацуурт” ХХК-ийн өмчлөлийн 73-28 УН улсын дугаартай, Жон деер (John Deer) маркийн комбайныг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Сайхан толгой гэх газарт Нуурын Хишиг ХХК-ийн 120 га талбайд тариалсан рапс хураах ажилд түрээслэн, түрээсийн төлбөрт 6,800,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн орлогыг “эмчийн 70 га хураасан ажлын хөлс” гэж мэдүүлж 4.700,000 төгрөгийг компанийн кассанд тушааж үлдэгдэл 2,100,000 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас 2,100,000 төгрөгийн хохирол,

 

-2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18.060 кг, 1940 кг нийт 20,000 кг буюу 20 тонн тэжээлийн буудайг ачуулах зөвшөөрөл олгож, завшсаны улмаас 9,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас Баяндулаан Уул ХХК-д нийт 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.*******д 12,000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 12,000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг П.*******д анхааруулж,

 

Шүүгдэгч П.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянган/ төгрөгийг “Гацуурт” ХХК-ний харъяа “Баяндулаан Уул” ХХК-д нөхөн төлснийг дурьдан  шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.*******д холбогдох эрүүгийн 1931002810152 дугаартай хэргийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн дугаар 2022/ШЦТ/13 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Нэг. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим зөрчигдөж байгаа тухайд

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүнийг 12,0 сая төгрөгөөр торгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт". гэмт хэрэг үйлдсэн хүн Хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай^ хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан зарчим, зорилт тус тус зөрчигдөж байна.

Шүүгдэгч П.******* нь “Гацуурт” ХХК-ийн мал аж ахуй, газар тариалан эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байх хугацаандаа олон удаагийн үйлдлээр “Гацуурт” ХХК-ийн хөрөнгийг залилж авсан байдаг бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2020 оны 09-р сарын 16-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор 10.000 000 төгрөгөөр торгох ял шийтгэл хүлээж байсан юм.

Эрүүгийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ‘Эрүүгийн хариуцлагын зорилго нь  гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилго хангагдахгүйд хүрч байна.  П.*******гийн удаа дараагийн үйлдэлд нь торгох ял оногдуулж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зорилго хангагдахгүйд хүрч байна. П.******* нь шүүх хуралд оролцохдоо гэм буруугаа ухаарсан, гэмшсэн мэт байдаг боловч шүүхээс гадуур “Гацуурт” ХХК, түүний удирдлагуудтай харилцахдаа өөр олон гэмт хэргийн үйлдэл байгаа гэж хэлэн тохуурхан даажигнадаг.

 

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаа тухайд

 

Шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсгийн 1-т “******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж хэргийн бодит байдалтай нийцэхгүй буюу П.*******гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн.

П.*******гийн хувьд Б.Насанжаргалын өвөлжөөний төлбөрт өгнө гэсэн утгаар 20 тонн тэжээлийн буудай буюу 12,000,000 төгрөгний эд зүйлийг “Гацуурт” ХХК-аас ачуулан авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан Завших гэмт хэрэг биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Завших гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан байдаг бөгөөд хохирогчийн зүгээс эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг олгосон байдаг.

Гэтэл П.******* нь “Гацуурт” ХХК-ийн мал аж ахуй, газар тариалан эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, болон Гацуурт ХХК-ийн дотоод журам, компанийн дүрмээр П.*******д ямар нэгэн эд хөрөнгө захиран зарцуулах, хүлээн авах зэрэг санхүү, хөрөнгөтэй холбоотой эрх мэдэл олгогдоогүй.

Компанийн хөрөнгийг захиран зарцуулах, үр тариа, буудай ачуулах зөвшөөрлийг зөвхөн “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал олгох бөгөөд Б.Насанжаргалд тэжээлийн буудай олгох ямар нэгэн зөвшөөрлийг “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирлаас олгоогүй. П.******* нь өөрт байхгүй эрхийг эдэлж, уг тэжээлийн буудайг авч явсан байдаг.

 

Мөн П.******* нь 2018 оны 11-р сарын 16-ны өдөр ажлаа хүлээлгээд өгчихсөн байдаг бөгөөд 2018 оны 11-р сарын 20-ны өдөр 20тонн тэжээлийн буудайг авч явсан нь албан тушаалын хувьд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн “Гацуурт ХХК”-ийн хувьд Б.Насанжаргалтай өвөлжөө авахаар тохирсон энэ талаар ярилцсан зүйл огтоос бий болоогүй байхад П.******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, компанийн ажилчдыг хууран мэхэлж 20 тонн тэжээлийн буудайг авч явсан нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шуүхийн дугаар 2022/ШЦТ/13 шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2-т "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.*******д 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж шийдвэрлэн хоёр гэмт хэрэгт нэг ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно' гэж заасныг зөрчиж байна.

П.*******гийн “Нуурын хишиг” ХХК-аас Гацуурт” ХХК-д шилжүүлж буй мөнгөнөөс 2,100,000 төгрөг авч байгаа үйлдэл болон иргэн Б.Насанжаргалаас өвөлжөө 12,000,000 төгрөгний 20 тонн улаанбуудай залилж авч явсан үйлдлүүд нь гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэж буй цаг хугацаа, хамгаалагдаж буй эрх ашиг, орон зайн хувьд өөр өөр тул хоёр тусдаа гэмт хэрэг юм.

2015 оны Эрүүгийн хуулийн зорилго, зарчим, үзэл баримтлал нь гэмт хэргийн шинжиг' хангаж байгаа үйлдэл, эс үйлдэхүй бүр тусдаа гэмт хэрэгт тооцогдож, гэмт хэрэг бүрт нь яг оногдуулахаар заасан. Түүнчлэн П.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.:.” гэх шинжийг хангаж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад энэ талаар огт дурьдаагүй.

 

Гурав. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэслэлгүй тухайд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг шүүх хянасны үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэхээр заасан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллах дүгнэлт дурьдаж ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгтэй тохирсон эсэхийг шүүх хянах ёстой. Энэхүү зүйлчлэл тохирохгуй байгаа нөхцөл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй юм.

П.*******гийн хувьд Б.Насанжаргалын өвөлжөөний төлбөрт өгнө гэсэн утгаар 20 тонн тэжээлийн буудай:буюу 12,000,000 төгрөгний эд зүйлийг “Гацуурт” ХХК-аас ачуулан авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан Завших гэмт хэрэг биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг юм.

Гэтэл шүүхийн зүгээс прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх саналын үндэслэлтэй эсэхийг хянаж үзэлгүйгээр хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...гэм буруугүй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм биш үү гэдэг байдлаар асуудал байна...шүүгдэгчийг өнөөдөр цагаатгах хэрэгтэй” гэх зэргээр үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлж, хэрэг, маргааны эсрэг талд ашигтай өмгөөЛлийн дүгнэлтийг хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна” гэж өмгөөлөгчийн хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр гүтгэлгийн шинжтэй дүгнэлт хийсэн байна.

 

Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч П.*******г цагаатгах талаар огт дурьдаагүй, гагцхүү прокурорын яллах дүгнэлтэд П.*******гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл ангиар зүйлчлээгүй учир хэргийг прокурорт буцаах байр суурьтайгаар өмгөөллийн дүгнэлтээ хэлсэн.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн дугаар 2022/ШЦТ/13 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.*******д холбогдох эрүүгийн 1931002810152 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Энэ хэргийн талаар л ярих ёстой. Түүнээс яллагдагчаар татаагүй өөр хэргийг ярих нь үндэслэлгүй, тогтоогдоогүй үйлдлийг хулгайлсан, залилсан гэх мэтчилэн зохисгүй үг хэрэглэж байгаа нь зүйд нийцэхгүй.

Нэгдүгээр гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар “...нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохироогүй...” гэж үзэж байх шиг байна. П.*******гийн гаргасан үйлдэл ямар нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй юм бэ. Гацуурт компани яаж хохироод байна вэ хохирсон зүйл байхгүй. Компани харин ч ашиг олсон байдаг. ...2018 оноос хойш П.******* нь хуулийн байгууллагаар явсан сэтгэл санааны хүнд байдалд оролцсон. Эрүүл мэндээрээ хүртэл хохирсон. Сүүлдээ туйлдаад гаргасан бүх гомдлоо татаж, хуульд заасан эрхээ эдэлж, хохирол төлбөрөө төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн.

...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд зааснаар үндэслэлтэй гарсан. Харин П.*******гийн хувьд хэргээ нэгтгэх талаар санал гаргаагүй. Одоогийн байдлаар яллагдагчаар татсан нэг ч тогтоол байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор А.******* дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 193100281052  дугаартай эрүүгийн хэрэгт П.******* нь Гацуурт ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн орлогоос 2.100.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20 тонн тэжээлийн буудайг ачуулах зөвшөөрлийг өөрийнхөө шийдвэрээр олгож, компанид 9.000.000 төгрөгийн хохирол нийт 11.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд л энэ хэргийг хянан хэлэлцэнэ. ...П.******* нь компанид 11.100.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирлын хэмжээнд тохирсон ял шийтгэлийг авсан. Улсын яллагчийн зүгээс тохирсон ял шийтгэл оногдуулж чадсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

 

                                     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч О.*******ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр П.*******д холбогдох 1931002810152 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал:

Прокуророос шүүгдэгч П.******* нь “Гацуурт” ХХК-ийн харьяа “Баяндулаан Уул” ХХК-ийн Газар тариалан, мал аж ахуй хариуцсан дэд захирлаар ажиллах байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, “Нуурын Хишиг” ХХК-ийн 120 га талбайд тариалсан рапс хураах ажилд техник түрээслэн, түрээсийн төлбөрт 6,800,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, компанийн дансанд түрээсийн орлого 4,700,000 төгрөг тушааж, үлдэгдэл 2,100,000 төгрөгийг хувьдаа завшсан, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18.060 кг, 1.940 кг нийт 20,000 кг буюу 20 тонн тэжээлийн буудайг ачуулах зөвшөөрөл олгож, 9,000,000 төгрөг компаниас завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  сайн дураар хүлээн зөвшөөрч  хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх  хүсэлт гаргасан байх ба хүсэлтийг прокурор хүлээн авч 2021 оны 11 сарын 11-ний өдөр “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай”  69 дугаартай Прокурорын санал анхан шатны шүүхэд хүргүүлсэн байх ба  шүүх хүсэлтийг хүлээн авч  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхээр  хурлын тов тогтоосон байна.

 

Хуралдааны тов тогтоосны дараа хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирлын талаар  маргаантай байгаа талаар  хүсэлт ирүүлсэн байх ба хэргийг хялбаршуулсан  журмаар шийдвэрлүүлэх үед  энэхүү саналаа дахин гаргасан байна.

Мөн  хэрэг хянан шийдвэрлэх явцад хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа талаар  санал нийлэхгүй байгаа болон  П.*******гийн үйлдсэн хэрэгт прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийн талаар санал нийлэхгүй маргаантай байгаа талаар тус тус тайлбарлан улмаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналыг шүүх хуралдаан дээр гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг заасан бөгөөд 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар  нотлогдсон эсэх талаар” шүүх хуралдаанаар нөхцөл байдлыг хянах, дээрхи шаардлага  хангагдсан гэж үзвэл энэ талаараа дүгнэлт хийж  хэргийг шийдвэрлэх,  харин дээрхи хуульд заасан шаардлага хангагдаагүй  гэж үзэх үндэслэл байвал шүүх мөн хуулийн 17.4 дүгээр  зүйлд 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт  буцаах шийдвэр гаргахаар тус тус заажээ.   

Энэхүү заалтаар зөвхөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл шалтгаалан хэргийн бусад нөхцөл өөрөөр хэлбэл  шүүгдэгчийн гэм буруу,  тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн эсэх,  прокуророос шүүгдэгчийн үйлдэлд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, прокурор, шүүгдэгч нарын тохиролцсон ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал болон Эрүүгийн хуулинд заасан зарчмуудтай нийцэж байгаа эсэх, түүнчлэн хохирогч болон бусад эрх бүхий этгээдээс гэмт хэргийн зүйлчлэл болон бусад байдлаар маргасан тохиолдолд шүүх дээрхи асуудлаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх зэрэг ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийг шаардсан гэж ойлгоно.

 

Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийн болон оногдуулах ял шийтгэлийн талаар зарчмын зөрүүтэй санал гарган мэтгэлцэж  байхад шийтгэх тогтоолдоо энэ талаар тусгаагүй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэлийн талаар хийсэн эрх зүйн тайлбар, талуудын мэтгэлцээнийг шүүх хэрхэн үнэлж байгаа талаар  огт дүгнэлт хийхгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бзэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн зүйлчлэлийн талаар эрх зүйн тайлбар хийж маргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцэх бөгөөд шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн мэтгэлцээний талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч   П.*******д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч П.*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН