| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/04198/И |
| Дугаар | 102/ШШ2024/02979 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/02979
| 2024 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/02979 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Д
Хариуцагч: Х.Э-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг болон асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж болон төлбөр гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д, Х.Э бид 2003 онд танилцаж 2004 оноос хамтран амьдарсан бөгөөд гэрлэлт бүртгүүлж байгаагүй. Бидний дундаас хүү Т 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, охин Е 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Бидний хооронд зан харилцааны таарамжгүй байдал үүсэж 2021 оны 08 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр зохицуулсан бөгөөд хариуцагч Х.Э энэ зүйлийн 26.2-т заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасан хэмжээгээр хүү Э.Т, охин Э.Е нарт сар бүр тэтгэлэг тогтоолгох шаардлагатай нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлага гаргасан ба хүүхдийн асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан асрамжийн тогтоолгоно гэж маргажээ. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Бид танилцаад 2003 онд нэг гэрт орж амьдарсан. Миний хүү Э.Т 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, охин Э.Е 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Амьдарч байх хугацаанд хэд, хэдэн удаа салж нийлж байсан ба тухай бүр Д-с болдог байсан. Тэрээр өөр хүнтэй гэр бүлийн харилцаанд орж, гэрээс минь явахдаа гэр орны минь хаалганууд, шал, суултуурыг хүртэл салган авч болох бүх зүйлийг аваад явсан байхад нь ч үр хүүхдээ элэг бүтэн амьдруулахын тулд түүнийг уучилж байсан үе ч бий. Тэрээр мөн л намайг хуурч аль эрт өөр хүнтэй болчихсон байж шинэ байрандаа бүтэн сар гаруйн хугацаанд супер засвар хийлгэсэн. Тухайн үед бүх засвар, тавилгыг би өөрөө хийсэн. Гэртээ сар гаруйн хугацаанд амьдраад, ачаа ачдаг ажил хийж байгаад Өмнөговь аймаг руу ажлаар тээвэр хийгээд 2 хоног яваад ирэхэд гэрийн хаалганы цоож болохгүй байхаар нь утсаар залгахад утсаа авахгүй, машиндаа хоноод маргааш нь залгатал наад байрыг чинь зарсан, бид нар нүүсэн гэсэн. Яасныг нь асуухад "хайртай хүнтэйгээ суусан л гэсэн. Тэр үед суусан гээд байгаа хүнтэй нь хүртэл утсаар маргалдаж байсан. Гэрийнхэн гадаа очиж хүүхдүүдтэйгээ уулзаж ч байсан. Тэрээр "уучлаарай, би чамаас их муухай салсан, би чамаас хүүхдийн тэтгэмж нэхэхгүй ээ" гэж байсан, манай ах Б намайг олон сар машиндаа амьдарсныг мэдээд Д-тай утсаар ярьж "чи нэгнийгээ хорлож салах ямар хэрэг байна, орох оронгүй гудамжинд гаргаж болж байгаа юм уу гэхэд нь Дарьбулган "би Э-тэй ярьж тохирсон, хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй, Э-д 1 өрөө байр авч өгнө, танай Э-г бодоход боломжтой хүнтэй суусан, би нэрээ бузарлахгүй" гэж байсныг нь гэрчлэх хүн ч байгаа. Тухайн үед элэг бүтэн амьдралыг хүссэндээ би бүгдийг нь уучилж, бүх зүйлээ зориулж байхад, энэ хүн аль эрт байраа зарангуутаа очоод амьдарчихдаг хүнтэй байсан байна. Би хүү, охин хоёроо хойд эцгийн гарт, ёс зүйгүй хүнд 2 хүүхдээ асрамжид нь үлдээмээргүй байна. Тэрээр 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярихад би хөдөө амарч байна гэхээр нь хүүхдүүдийн хичээл эхлэх гээд байхад юун амралт вэ гэхэд би хүн юм байгаа биз дээ, амарч болно биз дээ" гэж байсан нь одоо амьдарч байгаа хүнтэйгээ байсан юм байна лээ. Ийм ёс зүйгүй, 2 хүүхдийн эрхийг эх хүн байж энэ тэргүүнд тавих ёстой байтал зугаа ц-г урьтал болгож байсан хүн, эцэстээ миний хүүхдүүдийг гэр орон ч үгүй, хүний гэрт өсгөж чадахгүй болоод ирэхээрээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж байна. Түүний буруугаас болж би хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа учир 2 хүүхдээ түүний асрамжид өгч, тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй. Хэрвээ ийм асуудал ярьж байгаа бол би 2 хүүхдээ авч өсгөж, хүмүүжүүлэх болно. Иймд хүү Т, охин Е нарыг миний асрамжид үлдээж өгнө үү, эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй болно. гэжээ.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2003 оноос 2021 оны 8 дугаар сарыг дуустал хамт амьдарсан /энэ талаар Д маргадаггүй/ тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг байсан ба "байгууллагаас байр өгөх гэж байгаа, хоёулаа байрандаа засвар хийж, бүрэн тохижуулах, бизнесээ өргөжүүлэх, байрны мөнгөө төлж дуусгах төлөвлөгөө-гийн би дэмжиж 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн өмчлөлийн ... өрөө орон сууцыг зарж, эхний ээлжид шинэ 3 өрөө байранд нь 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өөрийн мөнгөөр, өөрөө барилгын материалаа авч супер засвар хийж эхэлсэн. Засварыг 2021 оны 7 дугаар сарын 18-ний өдөр хүртэл бүтэн сар гаруйн хугацаанд ганцаараа хийж байхад ирж байгаагүй, дуусахад л ирж цэвэрлэгээ хийсэн. Надад нэг удаа ч хоол хийж авчирч өгөөгүй, одоо бодоход салах төлөвлөгөөтэй байсан юм байна лээ. Шинэ байрныхан барьцаанд нь эцэг, эхийнхээ байрыг тавьж ч байсан. Би сэтгэлээсээ хандаж байхад, энэ хүн намайг ашиглаж л байсан ба найз нөхөд нь хүртэл "Э-г байртайн үлдээчихгүй дээ гэсэн яриа ч гарч байсан. Д-д салахын өмнө ч, салсны дараа ч мөнгө зарцуулж байсан гэтэл түүний хэлж, ярьж байсан үг нь ч худлаа, надаас мөнгө зээлж байхдаа ч худлаа заль гаргаж байсан байна лээ. Иймд Д-с Би хэрэгт орох гээд байна, 5 сая төгрөг хэрэгтэй байна гээд 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр авсан 5 сая төгрөг надаас зээлж авсан. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.5 сая төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 1 сая төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.4 сая төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1 сая төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 3 сая төгрөг, 1 сая төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 6 сая төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 380.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1 сая төгрөг нийт 21.980.000 төгрөг, өөрийн байраа заран байж түүний байранд хийсэн засварын материалын үнэнд 13.168.000 төгрөг, бусад зардал, ажлын хөлсийг тооцоогүй. /Тухайн үед ажил төрөл хийгээгүй, зөвхөн байранд нь байрлаж засвар хийсэн/ нийт 34.148.000 төгрөгийг Д-с гаргуулж хүүхдийн тэтгэлэгт тооцуулахыг хүсэж байна. Иймд Д-тай 2003-2021 оны 9 дүгээр сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, би өөрийн өмчлөлийн байраа заран байж Д-д зарцуулсан 34.148.000 төгрөг гаргуулан хүүхдийн тэтгэлэгт тооцуулж өгнө үү, хүү Т, охин Ес нарыг миний асрамжид тогтоож өгнө үү. Д-ас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...нэгэнт хариуцагч хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлж байгаа болохоор хүндэтгэлтэй хандаж байгаа ч нэхэмжлэгч тал энэ шаардлагатай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Э.Т, Э.Е нарын саналыг асуух шүүхийн ажиллагаа хийгдэх нь тодорхой боловч хариуцагч тэтгэлэг төлөхгүйн тулд маргаж өсвөр насны хүү, охиноо шүүхэд дуудан асуулгах ажиллагаа хийлгэж байгаагийнхаа үр дагаврыг ойлгохгүй байгаад харамсаж байна. "Хамтын амьдралтай байсныг тогтоолгох" шаардлагын хувьд: Зохигчид 2003 оноос 2021 оны 08 дугаар сарын дуустал хамтын амьдралтай байсантай маргахгүй, энэ шаардлагыг хүлээн зөвшөөрнө. "Төлбөр гаргуулах" шаардлагын хувьд: Зохигчдын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй, энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 21.980.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг үндэслэлгүй, байранд хийсэн засварын материалд 13.168.000 төгрөг зарцуулсан гэдэг нь мөн үндэслэлгүй бөгөөд Х.Э нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, зөвхөн банкны харилцах дансны хуулгаар нэхэмжлэгчид зээлсэн, байранд хийсэн засварын материалд зарлага гарсан гэж үзэхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
5. Нэхэмжлэгчээс хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт /хх 4-5/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 6/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 7-8/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 9/, хариуцагчаас Х.Э хаан банкны дансны хуулга /хх 40-46/, төрийн банкны дансны хуулга /хх 47-57/, фото зураг /хх 58-64/ тус тус шүүхэд гарган өгчээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.Е, Э.Т нарын саналыг асуужээ./хх 79-80/, хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон боловч хариуцагч дүгнэлт гаргуулахаас татгалзжээ /хх 109/.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
7. Н.Д болон Х.Э нарын дундаас 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү Э.Т, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин Э.Е нар төржээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ тус тус зааснаар хамтран амьдрагчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилсон боловч хариуцагч шинжээч ажиллуулахаас татгалзсаны улмаас дүгнэх гаргах боломжгүй болж, шинжээчийн дүгнэлт гарахаас татгалзжээ.
Иймээс шүүх 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Э.Т, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Э.Е нарын санал, одоо ээжтэйгээ эрүүл, өсөн торниж байгааг харгалзан үзэж хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Цаашид эхийн зүгээс хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдвэл асрамжийг солиулах эрх нээлттэй болно.
9. Хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцнэ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсоны үндсэн дээр 34,148,000 төгрөг шилжүүлсэн болохоо, эсхүл нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн болохоо тус тус баримтаар нотлоогүй байна.
Мөн хамтран амьдрагчид бие биеэ тэжээн тэтгэсэн, эсхүл бусад байдлаар шилжүүлсэн төлбөрийг хүүхдийн тэтгэлэгт нөхөн тооцох нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, Хүүхдийн эрхийн тухай конвенцид нийцэхгүй.
Хүүхдийн тэтгэлэг нь тухайн хүүхдийн сурах, өсөж хөгжих, амьдрахад нь зориулагдсан амьдралын наад захын хэрэгцээг хангах зорилготой бөгөөд түүнийг нөхөн авах, эсхүл суутган тооцох боломжгүй юм.
11. Дээрхээс гадна хариуцагчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагын үндэслэл хуульд нийцээгүй, хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор материаллаг эрх зүйн ямар шаардах эрх, ашиг сонирхол сэргэх үндэс болох нь тодорхойгүй болжээ.
Шүүх онгой ажиллагааны журмаар хамтын амьдралтай байсныг тогтоох асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд хэргийн талуудын шаардах эрхийг бус эрх зүйн байдлыг тогтоох зэрэг шүүх хянан шийдвэрлэх ёстой асуудлыг хэлэлцдэг онцлогтой тул энэ талаарх сөрөг шаардлага мөн үндэслэлгүй байна.
12. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шаардлага гаргасан эсэхээс үл хамааран шийдвэрлэх учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,296 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 135,296 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Э.Т, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Э.Е нарыг эх Н.Д-ны асрамжид үлдээж, хариуцагч Х.Э-ний хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 34,148,000 төгрөг тооцуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Э.Т, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Э.Е /РД:УО12242561/ нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Х.Э-с гаргуулан хүүхдүүдэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 205,496 төгрөг, хариуцагчаас төлсөн 398,890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас 135,296 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ
*