Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

“М К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03347 дугаар шийдвэртэй, “М К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Г- т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 110 505 520 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Одонзориг, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: “М К ББСБ” ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2014 оны 05 сарын 21-ний өдрийн 1/370 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан бөгөөд иргэдэд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж билээ. Иргэн Г.Г- той 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-2017/063 дугаар зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 70 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, улмаар гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сунгаж, ЗГ-2019/101 дугаар “Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ”-г байгуулж өмнөх зээлийн гэрээний төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл болох 87 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Ингэхдээ өмнөх БГ-2017/063 дугаар “Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ”-ний зүйл болох Гэрчилгээний ГД000415534 дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2204071624 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 85а байр зоорийн давхрын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон.

Зээлдэгч Г.Г-  нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс зээлийн гэрээний 4.1.4-д заасан үүргээ үл биелүүлэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 87 000 000 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 23 225 424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280 096 төгрөг, нийт 110 505 520 төгрөгийг төлөөгүй байна. Бидний зүгээс Г.Г- ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлбөрөөс төлөөгүй болно.

Иймд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, иргэн Г.Г- оос 110 505 520 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710 478 төгрөгийн хамт гаргуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Г.Г-  миний бие 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-2017/063 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг зээлийн дагуу мөнгө аваагүй болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн данс нээж, уг дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх ёстой. Гэтэл уг үүргээ биелүүлсэн гэж үзэх баримтгүй байна. Мөн дээрх гэрээний дагуу мөнгийг Г.Г- т бус эхнэрт нь шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г- оос 109 805 520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 700 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г-  шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 85а байр, зоорийн давхрын 3-20 тоотод орших 18 ширхэг, нийт 270 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204071624 дугаартай, автозогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 678 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Г- оос 777 177 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М К ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Хэрэгт хариуцагч ашиг олсон гэх баримтгүй, харин эсрэгээрээ хэрэглээгүй мөнгийг төлөх үүрэг хүлээхээр байна. Нэхэмжлэгч нь хууль зөрчиж хамааралгүй хүнд зээлийн мөнгийг шилжүүлсэн, уг мөнгийг шилжүүлэхдээ “М К ББСБ” ХХК-ийн захирал болох Д.Одонзориг нь өөрийн багийн найз Н.Байгальтай урьдчилан тохиролцож, хариуцагчийг зөвхөн нотариат дээр дуудаж зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан болохоос “М К ББСБ” ХХК-д Г.Г-  нь огт очоогүй болно.

“М К ББСБ” ХХК нь зээл олгохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 22, 23 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн болох  нь тогтоогдсон. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Одонзоригоос тодруулсан ба тэрээр дээрх зөрчлүүдийг гаргаснаа хүлээн зөвшөөрдөг. Зээлийн эргэн төлөлтийг Н.Байгаль өөрөө төлдөг талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн дэлгэрэнгүй тайлбарлаж, төлөлтийн задаргааг гаргасан.

Шүүгчийн зүгээс төлөгдсөн төлбөрүүдийг нэг бүрчлэн тодруулж Н.Байгаль нэрээр хийгдсэн 5 000 000 төгрөгийн төлбөрийн хэдэн төгрөг нь Г.Г- ийн төлбөрт, хэдэн төгрөг нь Н.Байгаль өөрийн зээлийн төлбөрт хамааралтайг тодруулж байсан боловч шүүх хуралдааны тэмдэглэл нь хавтаст хэрэгт байхгүй байсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэлд хамтран зээлдэгч Н.Байгаль гээд гарын үсэг зурсан байдаг ба тэрээр дансанд зээлийн төлбөр шилжүүлсэн байхад хамтран хариуцагчаар татаагүй талаар асуухад Д.Одонзориг нь Г.Г- оор гарын үсэг зуруулсан гэдгээс өөр тайлбар хэлээгүй.

Дээрх асуултанд хариулсан байдал бүгд л хэргийн үйл баримтын талаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, түүнийгээ хариуцагчаар хүлээн зөвшөөрүүлсэн хариултыг авсан хэдий ч шүүгчийн зүгээс эдгээр асуулт, асуултанд хариулсан байдлыг нотлох баримтын хүрээнд огт үнэлээгүй болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдолыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “М К ББСБ” ХХК нь хариуцагч Г.Г- т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 87 000 000 төгрөг, хүү 23 225 424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280 096 төгрөг, нийт 110 505 520 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-2017/063 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “М К ББСБ” ХХК нь зээлдэгч Г.Г- т 70 000 000 төгрөгийг, хэрэглээний зориулалтаар, 12 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь 30 хоногт 0.7 хувь байх, зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож зээлийн үйлчилгээний шимтгэл суутгах нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх13-16/ Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч Г.Г- ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 85а байр, зоорийн давхарт байрлах нийт 270 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай, 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийн барьцааны гэрээг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх19-23/

 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр талуудын үйлдсэн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай баримтад /хх17/ “...зээлдэгч Г.Г- т 87 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлийн үндсэн төлбөрийг хугацаандаа хийж чадахгүй болсон тул зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн уг зээлийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 18 сарын хугацаатай сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулсан ЗГ-2017/063 дугаар зээлийн болон барьцааны гэрээний бусад зүйл, заалтууд хэвээр дагаж мөрдөгдөх ба уг зээлийн гэрээ нь зээлийн болон барьцааны гэрээний салшгүй нэгэн хэсэг байх...” талаар тусгаж, талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгахгүй боловч хэргийн баримтаас үзвэл, талуудын хооронд маргаж буй зээлийн гэрээний үүргийн хэмжээг эцэслэн тогтоох боломжгүй буюу зээлдэгч хэдэн төгрөгийг эргэн төлсөн талаарх үйл баримт  эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхээргүй байна. Шүүх энэ талаар тодруулаагүй нь буруу.

 

Тухайлбал, хэрэгт авагдсан “М К ББСБ” ХХК-ийн “Хаан банк” дах эзэмшлийн 5021531226 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх77-81/ болон хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгч талын зээлийн эргэн төлөлтийн талаар хийсэн тайлбар /хх87-88/ зэргийг харьцуулан үзвэл, 5 удаагийн гүйлгээгээр нийт төлөгдсөн 18 785 850 төгрөгийн 12 639 540 төгрөгийг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцно гэх боловч тухайн төлөлт зээлийн төлбөрөөс хэрхэн хасагдаж, түүнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон эсэх, мөн эргэн төлөлтөд нэр дурдагдсан Н.Байгальтай зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх тухайн гэрээнд хэдэн төгрөг төлөгдсөн зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх үндсэн зээл 87 000 000 төгрөг, хүү 23 225 424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280 096 төгрөг, нийт 110 505 520 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж хариуцагч Г.Г- оос гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх байдлыг нөхөн гүйцэтгэх буюу нотлох баримт бүрдүүлэх замаар анхан шатны шүүхийн гаргасан зөрчлийг зөвтгөн өөрчлөх боломжгүй, хуулиар энэ ажиллагааг хийх эрх олгогдоогүй тул уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шүүх зээлдэгчийн биелүүлсэн үүргийн хэмжээний талаар тодруулснаар тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүгнэлт хийх боломжтой болох юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 707 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ                                                            

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА