Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

                                А.*******д холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Хохирогч Б.******* /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн /цахим/

Шүүгдэгч өмгөөлөгч М.Гансүх, П.Батжаргал

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Б.Эрдэнэмөнх, Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлоор шүүгдэгч А.*******д  холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, *********ажилтай, ам бүл ****** хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ***** дүгээр хороо, ********* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** хороолол, ******** багийн ****** тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД: ******/,

Шүүгдэгч А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн “Төмөртэй” гэх газарт байрлах “Монголын төмөр зам" ХХК-ийн ажилчдын 24 айлын байрны 16 тоотод Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.*******ыг хутгаар нуруун тус газарт нь хутгалснаар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгийг нь гэмтээж, цээжний хөндийд цус, хий хуралдалт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:  А.*******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч   Боржигон овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч   А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,

2021 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас 2/хоёр/ жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1/нэг/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.*******ын цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын Газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалган,

Шүүгдэгч   А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Хохирогч   Б.******* нь хохиролд баримтаар 10.809.554 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлсөн, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зардалд 7.987.537 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр, өмгөөлөгчийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр тус тус хангахгүй орхиж..." шийдвэрлэв гэжээ.

Гэтэл хохирогч Б.******* нь ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 6-12 сарын 7 сарын цалин х 1.430.000 /1 сарын цалин/=10.010.000 төгрөг болох ба үүнээс листний мөнгө 2.022.463 төгрөг авсныг хасаж, зөрүү 7.987.537 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа, цалингийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Тодруулвал дээрх нотлох баримтаар Б.*******ын үндсэн цалингийн хэмжээ, ажилгүй байсан хугацаанууд, листны мөнгөн дүн зэргийг нотолж байгаа бөгөөд үүнээс өөр төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолт шаардлагагүй байхад шүүх нотлох баримт хангалтгүй гэж үндэслэлгүй дүгнэж хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хохироож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна.

 Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна" гэж зохицуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэснийг зөрчиж тогтоох хэсэгт орхигдуулсан байна.

2.Мөн хэсэгт шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.. 1.4-т заасан “Хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно гэсэн заалтыг зөрчсөн ба агуулгыг танилцуулахдаа энэ талаар дурдаагүй шийтгэх тогтоолд нэмж бичсэн байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолд “Гэмт хэрэг үйлдэх үед хохирогч Б.*******, шүүгдэгч А.******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо ялимгүй зүйлээс шалтгаалан маргалдаж, болж буй үйл явдлынхаа учир шалтгаан, ач холбогдол, гарах үр дүнд нь ухамсартайгаар хандах чадваргүй болоход хүргэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзлээ” /шийтгэх тогтоолын 6 дахь талд/. “Б.******* нь А.*******г цочрон давчдуулахаар, сэтгэл зүйд нь гэнэт, шууд нөлөөлөхөөр хүчээр илүүрхэж дарласан, хүндээр доромжилсон, заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй бөгөөд согтуурсан үедээ харилцан үргэлжилсэн маргаан, ноцолдсноос шалтгаалж А.******* нь уурлаж гэрээс нь гарч явсан хүний араас хутга авч гарч Б.*******ыг хутгалсан ...шийтгэх тогтоолын 7 дахь талд/ гэж тус тус шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн атал хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ’’-ыг ноцтой зөрчиж ял оногдуулсан.

Өөрөөр хэлвэл шүүх тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын санкц нь 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.7, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчсөн тул хэргийг хянан үзэж мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсгийг дагуу анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогч Б.******* давж заалдах гомдолдоо:  “...шүүх хуралдааны үеэр гэрчүүдийн мөрдөн байцаалтын үеэр өгсөн мэдүүлэг үнэн гэсэн боловч шүүх хурлын үед худал мэдүүлэг өгсөн мөн шүүгчдийн асуултад бүрэн гүйцэд хариулт өгөөгүй шүүгч нар хариулт аваагүй шүүгдэгчийн өмгөөлөгч болох П.Батжаргал шүүгч нар хандан хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж хохиролгүй болгосон тул шүүгдэгчийн эдлэх шийтгэлээс хасч өгнө үү гэсэн үгстэй санал нийлэхгүй мөн миний биеийн байдал одоог хүртэл бүрэн эдгэрээгүй цаашид эмчилгээ шаардлагатай байгаа нь баримтаар нотлогдсон тул одоогоор баримтаар өгсөн бүх зардал болон өмгөөлөгчийн зардал цаашид гарах зардал  зэргийг мөн миний эрүүл мэнд амь настай холбоотой гэж харгалзан үзэж ...анхан шатны шүүх хурлын тогтоолын шийдвэрийг нягталж дүгнэж өгнө үү, мөн үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хавтаст хэрэг авагдсан нотлох  баримтын хүрээнд шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд 23.159.850 төгрөгийг төлсөн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр юм. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хуульд зааснаар эрүүл мэндэд учирсан хохирол, цалингийн зөрүү бас шаардлагатай зардлуудыг баримтаар төлсөн. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын нийт хэмжээнд 10.809.554 төгрөгийн нотлох баримтыг хохирогчийн зүгээс гаргаж өгсөн. Үүний зөрүү нь 12.000.000 төгрөг болж байгаа юм. Шүүгдэгчээс 12.000.000 төгрөгийг илүү төлсөн. Энэ талаар шүүгчийн захирамжид тодорхой тусгасан. Анхан шатны шүүх цалингийн зөрүүг нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээ хангаагүй орхисон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна.

...Өмгөөлөгчийн зардлын хувьд хохирогч нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу өмгөөлөгч авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-д “... өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй...” зааснаар

өмгөөлөгчийн зардал гаргуулах асуудал энэ заалтаар үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш,  хохирогч эрхийнхээ дагуу өмгөөлөгч авсан. Тиймээс өмгөөлөгчийн зардлыг гаргахгүйгээр шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна.

... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүх болзлыг хангасан байсан. Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлын баримтыг анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэг дээр гаргаж ирсэн. Түүнээс өмнө А.******* аль хэдийнээ 20 гаруй сая төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардлыг шууд болон шууд бусаар дэд сайдын хэмжээнд ярьж байгаад хэвтэн эмчлүүлсэн. Энэ бол сэтгэл гаргаж байгаа зүйл. Анхнаасаа хүнд гэмтэл учруулсан гэм буруу дээр бид маргадаггүй. Өмгөөлөгчийн хувьд юу гэж маргадаг вэ гэхээр нотолж байгаа байдал чинь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийцэхгүй байна, хууль зөрчсөн.  Шүүхийн шийдлийн хувьд маргахгүй.

...Хохирогч талаас гаргасан гомдолд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуулийн ноцтой зөрчил харагдахгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр өөрчлөлт оруулах үндэслэл байхыг үгүйсгэхгүй. Учир нь хохирогчийн өмгөөлөгчийн хүсэж байгаагаар хэлэлцэхгүй орхих юм уу, нээлттэй орхих юм уу, эсхүл огт хэрэгсэхгүй орхих юм уу энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэж байна. Тэгвэл шүүгдэгчээс өгсөн 23.000.000 төгрөгөөс яг тийм тийм хохирол төлөгдсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарынх нь яриад байгаагаар илүү төлсөн 12.000.000 төгрөгт нь дүгнэлт хийгээд буцаан олгох юм уу. Зөрүүлээд ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардлыг яагаад нэхээд байгаад нь дүгнэлт хийгээд 7.000.000 төгрөгийн гаргуулж шийдвэрлэхээр бол илүү төлсөн 12.000.000 төгрөгөөс зөрүү үүсч байх тул шийтгэх тогтоолд тодорхой өөрчлөлт хийж шийдвэрлэх боломжтой. Тиймээс шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан, хэвээр үлдээж өгнө үү гэв.    

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр А.*******д холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн “Төмөртэй” гэх газарт байрлах “Монголын төмөр зам" ХХК-ий ажилчдын 24 айлын орон сууцны 16 тоотод Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нуруун тус газарт нь хутгалснаар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгийг нь гэмтээж, цээжний хөндийд цус, хий хуралдалт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Б.*******ын анхан шатны шүүхэд өгсөн “...ахыг нь заазуур ******* гэдэг гэж хэлээд миний нуруу руу цохих шиг болохоор нь би заазуурдчихлаа гэж бодсон чинь хутгалсан байсан...” гэх, гэрч Ө.Ууганцэцэгийн анхан шатны шүүхэд өгсөн “...Тэгээд тэр архийг уух явцдаа ******* эвгүй ааш араншин гаргаад байсан, ширээний хажууд сууж байхдаа аяга таваг руу бөөлжсөн. ******* ахын дүү гэртээ ороод амарчихаа гэж 2-3 удаа хэлсэн. Тэгээд тэр хоёр муудалцаад барилцаж аваад байхаар нь би нөхрөө дуудаж салгуулсан” гэх, хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.*******ийн “...манай нөхөр Б.******* намайг А.******* ах хутгалчихлаа гээд цус асгаруулаад ороод ирсэн” гэх /хх-ийн 30-34 тал/, гэрч Г.*******ын “...******* ах хутга барин гарч ирээд ******* руу дайрсан ба энэ үед ******* тонгойход нуруу руу нь хутгалсан тэгээд би гүйж очоод салгаад ******* ахыг гэрлүү нь оруулаад хаалгыг нь хааж зогсоод *******ыг гэрлүүгээ оръё гэхэд явж чадахааргүй байсан” гэх /хх-ийн 41 тал/, мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5406 дугаартай шинжээчийн “...Б.*******ын биед цээжний хөндийд нэвтэрч баруун уушги гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 68-69  тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 4700 дугаартай хохирогч Б.Дамнямын өвчитний түүх /хх-ийн 71-79 тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 03 жил 04 сарын хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар оногдуулсан хорих ялаас 02 жилийг хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жил 04 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогчийн зүгээс 2 дугаар хавтаст хэргийн 07-29 дугаар талд авагдсан өөрийн хохирол хор уршигтай холбоотой баримтуудаа гарган ирүүлсэн бөгөөд уг баримтуудыг шинжлэн судалж дүгнэн үзвэл эмчилгээний болон бусад зардал нь 10.809.554 төгрөг болсон ба харин шүүгдэгчийн зүгээс түүнд учруулсан хохирол, хор уршигийг арилгах зорилгоор 23.159.850 төгрөгийг нөхөн төлсөн, энэ талаар талууд маргаангүй байна.  

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “...Хохирогчийн ажилгүй өвчтэй байх үеийн цалин хөлс, үндсэн цалингийн зөрүүг холбогдох нотлох баримт нь байсаар байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан, Хохирогчоос өмгөөлөгчид төлсөн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуралдаан завсарлаж орж ирээд шийтгэх тогтоолоо уншиж танилцуулахдаа шүүх хуралдаан даргалагч уншиж танилцуулах хуулийн заалттай байхад, илтгэсэн шүүгч уншиж танилцуулан хуулийг зөрчсөн, шийтгэх тогтоолоо танилцуулах явцдаа хохирогчийн зүй бус үйлдэл байсан эсэх талаар тайлбарлаагүй атлаа, шийтгэх тогтоолдоо бичсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын санкци нь 5-12 жилийн ялтай байхад үндэслэлгүй буруу ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь: Хохирогч Б.*******ын 2021 онд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх лавлагаа 2 дахь хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан ба энэ лавлагаанд үндэслэн цалингийн зөрүүг шүүх бодож гаргах боломжгүй байжээ. Түүний үндсэн цалин нэмэгдэл хэдэн төгрөг болох, хэзээнээс хэдий хүртэл ажил хөдөлмөрөө эрхлээгүй болох, ажил хөдөлмөрөө эрхлээгүй үедээ хэдэн төгрөгний олговор авсан эсэх нь тодорхойгүй хавтаст хэрэгт холбогдох баримтаа ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

Харин хохирогч Б.******* түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 21/06 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж буй гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохгүй бөгөөд өмгөөлөгчид төлсөн хөлс 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд энэ хуулийг ноцтой зөрчих зөрчлүүдийн талаар заасан ба мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 2-д “...шийтгэх тогтоолыг шүүх хуралдаан даргалагч шийтгэх тогтоолын агуулга, тогтоох хэсгийг уншин сонсгож, шаардлагатай бусад зүйлсийг тайлбарлана” гэж заасан нь дээрх ноцтой зөрчилд хамаарахгүй байгааг дурьдаад дээрх төрлийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн зүй бус авир энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн талаар тайлбарлаагүй атлаа энэ талаар нэмж бичсэн гэх гомдлын шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй, тухайн өдөр шүүгдэгч А.*******н гэрт хохирогч Б.******* уригдаж гэрт орж тэндээ согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн бөгөөд тухайн үед гэрт бөөлжсөн, гэртээ харьж амар гэх шаардлагыг хүлээн авахгүйгээр согтууруулах ундааг нэмж уухаар гуйсан, энэ үедээ зүй бус үг хэллэг хэлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн  үйлдлийг  анхан шатны шүүх дүгнэж үзээд тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж ял оногдуулсан энэ талаараа тогтоох хэсэгтээ зааж уншиж танилцуулсан байх тул энэ талаар хуралдааны тогтоол унших үед мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан

ялын санкцид заагдаагүй ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйл баримт байхгүй, анхан шатны шүүх  мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 03 жил 04 сарын хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар оногдуулсан хорих ялаас 02 жилийг хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жил 04 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзнэ.   

 Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад найруулга зүйн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

7 дахь заалтыг:

“7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.*******аас ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангасан 10.809.554 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч 23.159.800 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү 7.987.557 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлс 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                     ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ