Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03086

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03086

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, ** дугаар хороо, *** байр, **  тоотод оршин суух **** овогт С.А**** /рд:д*******/

Хариуцагч: ***** дүүрэг, *** дугаар хороо, *****гудамж, өөрийн байранд оршин байх, ************

Нэхэмжлэлийн шаардлага: Хоёр дахь албан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 30ы өдрийн 2/35 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Н****** холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 30ы өдрийн 2/35 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03993 дугаарт шийдвэрээр С.А****** 371,199,764 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн эрх ашигт хохиролтой, С.А****** миний эрүүл мэндийн байдал муу байгаа, хууль эрх зүйн мэдлэггүй далимдуулж харилцан тохиролцох нэрийдлээр миний эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлэн тогтоосон мэтээр итгүүлж 2024 оны 3-р сарын 04-ний өдрийн дуудлага худалдаагаар 279,000,000 төгрөгөөр борлуулж төлбөр төлөгч С.А**** надад ноцтой хохирол учруулсанд гомдолтой байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь газрын хамт хотын төвийн А зэрэглэлд байрлалтай барилга барих зөвшөөрөлтэй, одоогийн зах зээлийн үнэлгээгээр 800,000,000 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө юм. Н****** нь тухайн эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр худалдан борлуулах харилцан тохиролцоо гэх нэрийн дор 279,000,000 төгрөгөөр худалдан борлуулж мөн иргэн С.А****  намайг ***** ХХК-д 92,147,794 төгрөгийг нэмж төлөх нөхцөл байдалд оруулсанд гомдолтой байгаа тул 2024 оны 2-р сарын 16-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож хөндлөнгийн үнэлгээний шинжээч томилж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03993 дугаар захирамжаар С.А**** 371,197,794 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлд бүртгэлтэй, барьцаа хөрөнгө болох, эрхийн Ү-******, Г-****** дугаарт бүртгэлтэй, **** дүүргийн *** дугаар хороо, *** тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай үйлдвэрлэл, гаражийн зориулалттай үл хөдлөх,700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.А***** шүүхийн шийдвэрийг танилцуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ****  дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч С.А***** 550,000,000 төгрөгөөр үнэлсэнг төлбөр авагч талаас үнэлгээг хүлээн зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид явуулах тухай хүсэлт ирүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцон тогтоосон үнэлгээ болох 550,000,000 төгрөгөөр үнэлснийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ****** дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч С.А***** нь мэдэгдлийг гардаж авсан даруйд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг авах хүсэлт ирүүлсний дагуу нэг сарын хугацааг олгосон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Н******* 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 4-147/4155 тоот албан бичиг /хх 5/, Н******* 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4-142/2864 тоот албан бичиг /хх 6/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 7/, итгэмжлэл /хх 51/,

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 10/, хариу тайлбар /хх 15-16/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 17/, *****дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2022/03993 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 18-19/, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2023/04584 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 20/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 21/, ****** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 429 тоот албан бичиг, хавсралт /хх 22-23/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 24-25/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 26-27/, ********-ын 05/0157 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх 28/, С.А******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх 29/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-147/24305 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 30/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-147/24306 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 31/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 32/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 4-147/273 тоот мэдэгдэл албан бичиг /хх 32/, Н***** анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх 33-34/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 35/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4-142/2864 тоот мэдэгдэл албан бичиг /хх 36/, Н**** анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх 37-38/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 4-147/4155 тоот мэдэгдэл албан бичиг /хх 39/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4-147/5475 тоот мэдэгдэл албан бичиг /хх 40/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч С.А******нь хариуцагч Н***** холбогдуулан **** дүүрэг, *** дугаар хороо, ***** гудамж, ***** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг худалдан борлуулах 2024 оны 1 дүгээр сарын 30ы өдрийн **** дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлэн тогтоосон мэтээр итгүүлж 2024 оны 3-р сарын 04-ний өдрийн дуудлага худалдаагаар 279,000,000 төгрөгөөр борлуулж хохирол учруулсан гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч С.А***** 550,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч талаас үнэлгээг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлсэн, мөн бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 102/ШШ2022/03993 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******ХХК болон хариуцагч С.А****** нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, ******ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 63,487,794.17 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, С.А***** нь үлдэх 370,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч, С.А***** төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох **** дүүрэг, *** дугаар хороо,**** гудамж, **** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-**** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ****** нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газар, Ү-***** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц зориулалттай 80м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Тус захирамжийг биелүүлэхээр 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр *****тогтоолоор барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ***** тогтоолоор хураан авч, хураасан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийн санал авах ажиллагааг эхлүүлэн төлбөр төлөгч С.А***** үнийн санал авахад 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 550,000,000 төгрөгөөр үнэлэх тухай санал өгснийг төлбөр авагч ***** ХХК хүлээн зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг 550,000,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Түүнчлэн төлбөр төлөгч С.А*** өөрийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг бие даан худалдан борлуулах тухай санал гаргасныг үндэслэн хариуцагч Н**** төлбөр төлөгчид бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл олгосон байна.

 

Н****** 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 01/31 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ буюу 550,000,000 төгрөгийн 70 хувиар 385,000,000 төгрөгөөр тогтоосныг, дуудлага худалдааг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр товлогдсон тухай мэдэгдлийг төлбөр төлөгч С.А***** мэдэгдсэн байна.

 

2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг худалдаж авах үнийн санал ирээгүй үндэслэлээр 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2/35 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна гэж заасантай нийцсэн. Түүнчлэн хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 550,000,000 төгрөгийн 50 хувиар 275,000,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасантай нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан Н***** 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4-142/2864 тоот албан бичгээс үзэхэд хоёр дахь албадан дуудлага худалдаа товлогдсон, мөн хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 275,000,000 төгрөгөөр тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч С.А**** 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан байна.

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2/35 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ******* холбогдох, **** дүүрэг, *дугаар хороо, *** гудамж,*** тоот хаягт байршилтай эрхийн улсын Ү-**** дугаарт бүртгэлтэй, 80 м.кв талбайтай, үйлдвэрлэл, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-***** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2/35 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай С.А***** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН