Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 422

 

 

 

 

 

 

 

 

 

“Д-О ББСБ”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/01984 дугаар шийдвэртэй,”Д-О ББСБ”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-, Ц.А- нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 48 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл хариуцагч бөгөөд хариуцагч Ц.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

                       

Нэхэмжлэгч тал тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.А-, Б.Н- нартай 000001069 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний үүрэгт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 32 байрны 14 тоот Ү-2202004497 тоот улсын бүртгэлийн дугаартай, 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрт 10 912 000 төгрөг төлсөн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан ч гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 6.2-д заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19 153 925 төгрөг, хүү 12 909 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 662 542 төгрөг, нийт 33 726 177 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 14 273 823 төгрөг, нийт 48 000 000 төгрөгийг Ц.А-, Б.Н- нараас гаргуулах, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Бид 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Даймонд Очир ББСБ” ХХК-аас 20 000 000 төгрөг зээлж, 10 920 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн болох 33 726 177 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн 14 273 823 төгрөгийг төлөх боломжгүй. Зээлдэгч Б.Н- зээл авснаас хойш 2 удаа БНСУ явж, мөн байраа түрээслүүлснээр зээлийн төлбөрийг төлдөг байсан. Хүүхэд маань хүнд өвдсөн учир асраад ажил хийх боломжгүй байсан одоо цэцэрлэгт оруулсан тул ажил хийх боломжтой болсон. Шүүхийн заасан хугацааны дагуу төлбөрийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-, Ц.А- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 447 561 төгрөг гаргуулж нэхэмжлэгч”Д-О ББСБ”  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 23 552 439 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004497 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000213644 дугаар гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 32 байр 14 тоот 15 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-, Ц.А- нараас 350 388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч”Д-О ББСБ”  ХХК-д олгож,

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч тал нь зээлдэгч нарыг зээл болон хүүг буцаан төлөх хуваарь зөрчиж, төлбөрийг дутуу төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэжээ. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан зээлийн дансны хуулганд энэ талаар тодорхой байгаа бөгөөд шүүх нотлох баримтыг дутуу үнэлснээр зээлийн тооцоолол буруу гарсан. Зээлийн гэрээний 24 сарын хугацаанд төлөх ёстой байсан график дээрх 10 095 590 төгрөгний зээлийн хүүгээр тооцож зээлийн тооцоолол гаргасан нь зээлийн хуваарь зөрчсөнөөс үүсэх тухайн хүүний зөрүү болон хугацаа хэтрэлтийн нэмэгдүүлсэн хүүг илтэд хасч тооцсон байгаад гомдолтой. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 09-ны байдлаар зээл 19 153 925 төгрөг, хүү 12 909 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 662 542 төгрөг, нийт 33 726 177 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүх хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөж болзошгүй гэж үзээд гэрээг хүлээн аваагүй нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүх хуульд заасан эрхийн хүрээнд хэргийг бүх талаас нь хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын 33 726 177 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч”Д-О ББСБ”  ХХК нь хариуцагч Ц.А-, Б.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 726 177 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд тооцогдох зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэмж, нэхэмжлэлийн үнийн дүнг нийт 48 000 000 төгрөг болгон шаардсан байна.

 

Хариуцагч нар дээрх шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн тайлбараа өөрчилж, нэхэмжлэлийн нийт дүн 48 000 000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулж хэрэгт хавсаргажээ. /хх1-2, 28, 32, 34/

 

Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ /хх10-14/ болон зохигчдын тайлбараас үзвэл, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлдүүлэгч”Д-О ББСБ”  ХХК нь зээлдэгч Б.Н-, Ц.А- нарт 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл болон хүүг хуваарийн дагуу буцаан төлөх, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Ц.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004497 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 32 байр 14 тоот орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх14/ Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдүүлэгч нь зээлийн гэрээ ёсоор зээлдэгч нарын өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээрхээс үзвэл, зээлдүүлэгч”Д-О ББСБ”  ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нараас гэрээний үүргээ гүйцэтгэхийг, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, зээлийн хуваарь зөрчсөнөөс үүсэх хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй, талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй гэж тодорхойлсон байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, талууд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр харилцан тохиролцож нийт 48 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн гэх бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагад бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны явцад зохигчдын гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзвэл, дээрх үнийн дүнгээр эвлэрэн хэлэлцэх хүсэл зоригоо зээлдэгч тал бодитоор илэрхийлснээр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Эвлэрлийн гэрээний үнийн дүн нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсоноор тодорхойлогдсон гэж нэхэмжлэгч тайлбарласан байх тул анхан шатны шүүх энэ үндэслэлээр “Эвлэрлийн гэрээ”-г батлаагүйг буруутгахгүй бөгөөд нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. /хх34, 42/

 

Харин, шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээнд хамаарах зээлдэгчийн хариуцлагын талаарх зохицуулалтыг буруу тайлбарласны улмаас зээлдэгч нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг буруу тооцоолсон байна. Зүй нь, зээлдэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ ёсоор тохирсон хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар тусгаж, зээлдэгч нар тухайн нөхцөл тус бүрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үе болон гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, эргэн төлөлтийн хугацаа, хэмжээний талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй тул 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд эргэн төлсөн нийт 10 912 000 төгрөгийг дээрх хуулийн дагуу хасч тооцох бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн нийт 196 хоногт тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход хариуцагч нар нийт 36 854 640.8 төгрөг төлөх үүрэгтэй байна. Гэвч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх үндсэн дээр хэрэгждэг бөгөөд нэхэмжлэгч тал 33 726 177 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар давж заалдах гомдол гаргасан тул уг үнийн дүнгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан хэмжээнээс илүү үнийн дүн бүхий үүргийг хариуцагч нараас гаргуулах тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим хөндөгдөх учраас гомдолд заасан дүнг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнд өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/01984 дугаар шийдвэрийн

 тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-, Ц.А- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 726 177 төгрөг гаргуулан нэхэмжлэгч”Д-О ББСБ”  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 273 823 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “....350 388...” гэснийг “...396 781...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч”Д-О ББСБ”  ХХК-ийн төлсөн 163 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Т.ТУЯА