Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0646

 

 

 

 
2017 оны 09 сарын 07 өдөр     Дугаар 221/МА2017/0646             Улаанбаатар хот


Б.Н, П.Г, Д.М,
Б.Б, Б.О, Ж.Ц нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.М, П.Г, Б.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, нэхэмжлэгч Б.Б-ийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0538 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Н, П.Г, Д.М, Б.Б, Б.О, Ж.Ц нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0538 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Д.М-г ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72, П.Г-г ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64, Б.Н-г ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, урьд эрхэлж байсан П.Г-г ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.М-г Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Н-г хороо хариуцсан халамжийн мэргэжилтний, ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  П.Г-т 4666258 төгрөгийн, Д.М-д 6623685 төгрөгийн, Б.Н-т 4015376 төгрөгийн цалин тус тус олгуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан Б.О-г ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52, Ж.Ц-г ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон Б.Од-г Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний, Ж.Ц-г Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан  Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон урьд эрхэлж байсан Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх Б.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаагийн зэрэгцээ анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг шалгаж тогтоох боломжтой бөгөөд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.1.2-т “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаж хариу авснаар дээд шатны захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1249 дүгээр албан бичгийг мэдсэн болно.
Уг албан бичгийг нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардан авч, тус байгууллагын холбогдох бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурж, гардан авсан огноогоо тавьсан байдаг.
Гэвч захиргааны хэргийн анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шууд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д  “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тодруулбал нэхэмжлэгч Б.Б нь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1249 дүгээр албан бичгээр өгсөн хариуг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардан аваад түүнээс хойш хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад дээрх албан бичгийн огноогоор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсаны хариуг авч, мэдсэн мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөнджээ.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0538 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан “Д.М-г ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72, П.Г-г ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64, Б.Н-г ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103  дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон урьд эрхэлж байсан П.Г-г ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.М-г Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Н-г хороо хариуцсан халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны П.Г-т 4,666,258 төгрөгийн, Д.М-д 6,623,685 төгрөгийн, Б.Н-т 4,015,376 төгрөгийн цалин тус тус олгуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн. Тэрээр шийдвэрийнхээ үндэслэлийг “... хариуцагч нэхэмжлэгч П.Г, Д.М, Б.Н нарын албан тушаалын тодорхойлолтод заасан шиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, уг чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан шалгаруулж авах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тэдний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж тайлбарласан.
Шүүх нэхэмжлэгч Д.М, П.Г, Б.Н нарын ажил, албан тушаалыг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн ажил, албан тушаал нь өөрчлөгдсөн болохыг шүүхийн шатанд хариуцагч дараах байдлаар нотолсон.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нэгдэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болсон.
Засгийн газрын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 2016 оны 08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсүүд нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болсон.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тооны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 57 орон тоотой байхаар батлагдсан бөгөөд хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс 30 албан хаагчтай, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс 56 албан хаагчтай, захиргааны болон жирэмсэн, амаржсаны чөлөөтэй нийт 17 албан хаагч байсан бөгөөд нийт 96 албан хаагчийг батлагдсан орон тоонд багтаан ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан.
Хөдөлмөрийн яамны харьяанд байсан 30 албан хаагчийн орон тоотой ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс нь шинэчилсэн бүтцээр 7 орон тоо бүхий Хөдөлмөр эрхлэлтийн алба болон өөрчлөгдөж орон тоо нь хасагдсан.
Д.М-н ажиллаж байсан “Хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаал нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/11 тушаалаар “Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”, П.Г-н ажиллаж байсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаал нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/11 дугаар тушаалаар “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”, Б.Н-н ажиллаж байсан “Нийгмийн халамжийн хэлтсийн 18 дугаар хороо хариуцсан халамжийн мэргэжилтэн” гэх албан тушаал нь “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн” болон тус тус өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт “... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан нь нэхэмжлэгч Д.М, П.Г, Б.Н, нарыг ажилд нь эгүүлэн томилох ёстой гэсэн зохицуулалт биш бөгөөд нэгэнт өөрчлөгдсөн ажил, албан тушаалд нэхэмжлэгч нарыг эгүүлэн томилох боломжгүйг шүүх харгалзан үзсэнгүй.
Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч 1. Төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, 2. Хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн 2 агуулгыг ялгаж салгалгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12/ШШ2017/0538 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан “Д.М-г ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72, П.Г-г ажлаас чөлөөлсөн, 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64, Б.Н-г ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, урьд эрхэлж байсан П.Г-г ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.М-г Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Н-г хороо хариуцсан халамжийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны П.Г-т 4,666,258 төгрөгийн, Д.М-д 6,623,685 төгрөгийн, Б.Н-т 4,015,376 төгрөгийн цалин тус тус олгуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй” гэснийг өөрчилж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Б.Б- нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 456 дугаар захирамжаар “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1249 дүгээр албан бичгийг хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй байна” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулахаар буцааж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан түүний нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 945 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзэн захиргааны хэрэг үүсгэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1249 дүгээр албан бичгийг хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй байгааг тодруулахаар хугацаа тогтоон буцаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд уг шийдвэрийг гардан авснаас хойш хуулийн хугацаа хэтрүүлээгүй талаараа нотлоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ажиллагааг шүүгч хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “нэхэмжлэгч өөрөө Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1249 дүгээр албан бичгийг хэзээ хүлээж авсан талаар нотлоогүй” гэж түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь буруу юм.
Тиймээс Б.Б-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Н, П.Г, Д.М, Б.Б, Б.О, Ж.Ц нар “Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар П.Г-г, Б/72 дугаар тушаалаар Д.М-г, Б/52 дугаар тушаалаар Б.О-г, Б/67 дугаар тушаалаар Ж.Ц-г, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Б.Б-г, 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар Б.Н нарыг ажлаас чөлөөлсөн тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан холбогдуулан гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоол батлагдсаны дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамжаар дүүргийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан байна.
Дээрх тушаалыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгч нарын эрхэлж байсан “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний” албан тушаалд нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн ч нэхэмжлэгч нарын ажлын чиг үүрэг нь хасагдаагүй хэвээр хадгалагдсан байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн, албан тушаалын орон тоо хасагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд харин албан тушаалын орон тоо цөөрсөн нь тогтоогдож байхад мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь буруу болжээ.
Тиймээс Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар П.Г-г, Б/72 дугаар тушаалаар Д.М-г, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Б.Б-г, 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар Б.Н нарыг ажлаас чөлөөлсөн тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчиж, нэхэмжлэгч П.Г, Д.М, Б.Б, Б.Н нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар П.Г-г, Б/72 дугаар тушаалаар Д.М-г, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Б.Б-г, 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар Б.Н нарыг ажлаас чөлөөлсөн эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч Б.Б-н “Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 4015376 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг хариуцагч зөрчсөн гэж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгч Д.М, Б.Б, Б.Н нарыг шууд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах боломжгүй юм.
Дээрх албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах замаар Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зөв байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөгдөхөөс өмнө Нийгмийн даатгалын хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэст аль алинд нь “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн” гэх ажил албан тушаал байсан бөгөөд байгууллага өөрчлөн байгуулагдаж нэгдэн ажлын байрны орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг хэрэгжүүлэх учиртай.
Харин Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоонд “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байрны орон тоо байхгүй болох нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/53 дугаар тушаалаар нотлогдож байх тул Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд нэхэмжлэгч П.Гг эгүүлэн томилох нь үндэслэлтэй бөгөөд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Мөн “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухай албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэсэн төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч Б.О, Ж.Ц нарыг Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.О, Ж.Ц нар гомдол гаргаагүй болно.
Түүнчлэн хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0538 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г-г Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.666.258 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н, Д.М, Б.Б нарын нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.015.376 төгрөг, Д.М-д 6.623.685 төгрөг, Б.Б-д 4.015.376 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулан тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг, Хороо хариуцсан халамжийн мэргэжилтэн, Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах замаар шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгасугай.” гэж нэмж, “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг хасч, 2 дахь заалтын дугаарыг “3” болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж тус тус буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР