Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00764

 

 

Самдонг интернэшнл ХХК,

Самдонг ОУ-ын төлөөлөгчийн газрын 

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-уул, Сонгино-хайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00630 дугаар шийдвэртэй,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 760 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Самдонг Олон улсын төлөөлөгчийн газар,

Нэхэмжлэгч Самдонг интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Алтанчимэг,

Хариуцагч Т.Маргад,

Хариуцагч М.Төмөр нарт холбогдох,

462.738.779 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

116.737.950 төгрөг гаргуулах тухай М.Төмөрийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Одгариг, хариуцагч Л.Алтанчимэгийн төлөөлөгч М.Төмөр, хариуцагч Т.Маргад, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын Самдонг интернэшнл ХХК-ийн төлөөлөгчийн газар нь иргэн Л.Алтанчимэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан Сонгино-хайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах Л.Алтанчимэгийн өмчлөлийн 360 м.кв газарт байрлах  гаражны дээр 2, 3 давхрын өргөтгөл барилгыг нийгмийн халамж үзүүлэх зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн зориулалтаар "Иннова констракшн" ХХК-иар 2013-2014 оны хооронд бариулсан. Уг барилга нь БНСУ-ын Засгийн газрын байгууллагын “Койка”-гaac хөгжиж буй Монгол Улсын нийгмийн халамж үйлчилгээг Самдонг интернэшнл ХХК-иар дамжуулан нийгмийн эмзэг бүлгийнхэнд үзүүлж, мэргэжлийн сургалт, сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан. Одоо 60 хүүхэд, 4 багшийн хамтаар хичээллэж байгаа болно. Гэтэл уг барилгын газрыг өмчлөгч Л.Алтанчимэг, түүний нөхөр М.Төмөр нар нь барилгын 2, 3 давхарыг өөрийн өмч мэтээр үзэн 2015 оны 5 сараас сургуулийн гэрэл цахилгааныг таслан, орох хаалгыг хааж, сургуулийн үйл ажиллагааг тасалдуулж, цаашдаа үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Т.Маргад нь сургуулийн захирал хийдэг, М.Төмөр нь сургуулийн багш бөгөөд эдгээр хүмүүс хамтран ажиллах болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, барилгыг барьж оруулсан хөрөнгө болох 232.389,58 ам.доллар буюу 462.738.779 төгрөгийг Л.Алтанчимэг, Т.Маргад, М.Төмөр нараас гаргуулж өгнө үү. Мөнгийг Л.Алтанчимэг, Т.Маргад нараас шаардаж байна. М.Төмөрт холбогдуулан нэхэмжлэлээс татгалзаж байна  гэжээ.

Хариуцагч Л.Алтанчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Самдонг интернэшнл ТББ-тай 2014.07.01-нд байгуулсан хамтран ажиллагааны гэрээнд уг барилгын ажил дууссан цагаас хойш 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай Самдонг интернэшнл ТББ-тай харилцан тохиролцон шийдвэрлэхээ амлаж байна гэсэн бичгээр хийсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээ байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байгаа. Бид эхлээд хамтран ажиллах гэрээг Самдонгийн олон улсын төлөөлөгчийн газартай хийсэн гэж бодсон боловч дараа нь Самдонг интернэшнл ХХК-тай хийсэн гэж хэлсэн. Бид үүнд маргаагүй зөвшөөрч байгаа ба мөнгө төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Т.Маргад шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013.10.01-нд Самдонгийн олон улсын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад үүсгэн байгуулах эрхийг аавтайгаа хамт хөөцөлдөж авсан. 2014.01.01-ний өдрөөс эхлэн Самдонгийн мэргэжил олгох сургалтын төвийн захирлын ажил хийж  Хөдөлмөрийн яамны харьяа газраар батлуулан сургалт явуулах эрхийг авсан. Тус байгууллагад хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирсэн байсныг би сайн мэддэггүй, цалингаа л авч байгууллагын өдөр тутмын ажиллагааг явуулж ирсэн. Гэтэл намайг ажил тасалсан, хоцорсон байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж ажлаас халах мэдэгдэл өгсөн. Би тус байгууллагын бүхий л эрх болон Солонгос хүмүүсийн визний асуудал, эрхийг хөөцөлдөн сунгуулж өгсөний 1 сарын дараа ажлаас халсанд их гомдолтой байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ байгууллага биднээс болж үйл ажиллагаа нь зогссон зүйл байхгүй. 4 хүнийг үндэслэлгүй халах гэснээс болж  тог цахилгаанаар хязгаарласан зүйл болсон. Мөн нэг удаа нөхөрийнхөө дансыг нь санаандгүй харахад зөндөө их мөнгөтэй байсан. Би гайхаад энэ юун мөнгө юм бэ гэж нөхрөөсөө асуухад захирал СонХон Гу дансаар мөнгө оруулаад буцаагаад авдаг юм гэж хэлсэн гэжээ.

Хариуцагч М.Төмөр шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгино-хайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах хашаанд сургалт үйлдвэрлэлийн барилга барих зорилгоор "Иннова констракшн" ХХК, Самдонг олон улсын төлөөлөгчийн газар хоорондоо гэрээ хийсэн. Самдонгийн удирдлага, "Иннова констракшн" ХХК-ийн Тае хо ли бид нар үйл ажиллагаа явуулж дуусаад барилгыг манайд өгнө гэж ярьснаар мэргэжлийн сургалтын барилгыг бариулах эрхийг өгсөн. Миний бие "Иннова констракшн" ХХК-ийн албан ёсны ажилчин биш байсан ч чин сэтгэлээсээ ажил хийсэн.  Миний өмчлөлийн болон манай эхнэрийн эзэмшлийн газарт энэ барилгыг барьсан. Энэ байшин барихад гэрээ гэж зүйл байгаагүй. 2013.5.30-ны өдөр “..дэлхий нийтийн гэр бүл..” гэсэн хашаанд Самдонг интернэшнл компани барилга барьсан. Энэ газрыг нь авна гээд барьж байсан барилга нь зогсож 20 хоног маргаан үргэлжилсэн. Тэгээд хашаанд ирсэн. Гэрээ гэж  байгаагүй. 8 сарын 12-ны өдөр  барилгын ажлын үйл ажиллагаа эхэлсэн. 2013.3.24-ний өдөр Тае хо ли бид нартай гэрээ байгуулсан. Тэгсэн мөртлөө 2013.02.22-ны өдөр 40.000 ам.доллар, 5 дугаар сарын 9-ний өдөр 10.000 ам.доллар ямар ч гэрээ байгуулаагүй байхад Тае хо лигийн дансанд шилжиж орсон. Энэ бүх мөнгийг надаас нэхэж байна. Миний үзэж хараагүй, аваагүй, данс руу шилжүүлээгүй мөнгийг манай гэр бүлээс нэхэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч М.Төмөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний хувьд барилга барихад мөнгө үргэлж дутагдаж байсан учраас  өөрөөсөө мөнгө гаргасан. 8 сарын 12-ны өдрөөс 1 сарын 27-ны өдрийг хүртэл өглөө 6 цагаас орой 10 цаг хүртэл ажилладаг байсан. Сүүлд ажилчдын цалин олгох гэхээр мөнгө байхгүй. Ингээд би өөрөөсөө гаргадаг байсан. Ийм учраас би оруулсан хөрөнгө 23 сая төгрөг, ажилласан цалин 12 сая төгрөг, 27 сарын газрын төлбөр болох 81 сая төгрөг нэхэмжилж байгаа юм. Хөлсгүй ажилласан цалингаа гаргуулна. Сарын 1.2 сая төгрөгөөр тооцож 10 сараар нэхэмжилж байна. Мөн газар ашигласны төлбөр нэхэмжилж байна. Миний болон манай эхнэрийн өмчлөлийн газрыг ашиглаж тог цахилгаан, усаар хангуулсан учраас газар ашигласан төлбөр нэхэмжилж байна. Иймд гараашийн дээр барьсан 2, 3 давхрын өргөтгөл барилгыг барихад оруулсан хөрөнгө болох 116.737.950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 23 сая төгрөгийг хэзээ, хаана, ямар мөнгө, албан ёсны санхүүгийн тамга тэмдэгтэй баримт хүлээлгэж өгсөн, юунд зарцуулсан гэсэн баримт байхгүй байна. Хэрэгт хэдэн баримтууд өгсөн байсан боловч энэ баримтууд дээр нь Самдонг интернэшнл ХХК гэж нэг ч үг үсэг байхгүй. Хэрвээ үнэхээр 23 сая  төгрөгийг барилга барихад оруулсан гэж байгаа бол нотлох баримтаар нотлох ёстой. Хуулийн дагуу албан ёсны баримтыг хүлээлгэж өгсөн, хүлээж авсан баримт байж нотлогдоно. М.Төмөр нь 10 cap хөлсгүй ажилласан цалин нь өдрийн 40.000 төгрөг, сарын 1.000.000 төгрөг гэж Самдонг олон улсын төлөөлөгчийн газраас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл ажлын хөлс хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах ёстой. Барилга дээр М.Төмөр гэдэг хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж цалин авна гэх гэрээ байхгүй. Барилга барьсан, барилга баригдаж дуусаад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллах тийм зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн харилцаа Самдонг интернэшнл ХХК-ийн хооронд үүсээгүй байна. Хөдөлмөрийн харилцаа үүссэний дараа цалингийн талаараа асуудлаа тавих ёстой. Газар ашигласан, тог, усаар хангуулсан төлбөрийг гаргуулна гэж байна. Гэтэл газар, тог, усаар хангуулна гэж М.Төмөртэй гэрээ хийгээгүй. Л.Алтанчимэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд нарийвчилсан зохицуулалт ороогүй. Тэгээд ч Самдонг интернэшнл ХХК тодорхой хэмжээний зардлуудыг төлж байсан баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Өөрсдийнх нь газрын асуудлыг дүүрэгтэй гэрээ хэлцэл хийсэн байгууллагатай ярилцах ёстой. Тийм учраас үндэслэлгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч нараас М.Төмөр гэдэг хүн гаргасан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар сөрөг нэхэмжлэлийг хариуцагч л гаргадаг. Гэтэл бид энэ хүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагчаас хасч өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Баянгол, Хан-уул, Сонгино-хайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00630 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Самдонг интернэшнл ХХК, Самдонг олон улсын төлөөлөгчийн газрын хариуцагч М.Төмөрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476.1, 476.3.8-д заасныг баримтлан Самдонг интернэшнл ХХК, Самдонг олон улсын төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй  Л.Алтанчимэг, Т.Маргад нарт холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзах, 462.738.779 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан  М.Төмөрийн нэхэмжлэгч Самдонг интернэшнл ХХК, Самдонг олон улсын төлөөлөгчийн газарт холбогдуулан гаргасан гараашийн дээр барьсан 2,3 давхрын өргөтгөл барилгыг барихад оруулсан хөрөнгө болох 116.737.950 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 2.471.643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.Төмөрөөс төлсөн 737.950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан М.Төмөрт буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 760 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгч өөрөө гэрээг хүчинн төгөлдөр гэж тооцсон боловч уг гэрээгээр талуудын эрх, үүрэг хэрхэн тодорхойлогдож байгааг анзаараагүй байна. Гэрээнд "...Самдонг интернэшнл 5 жилийн хугацаагаар 3 удаа сунгах нөхцөлөөр нийт 15 жилийн хугацаанд сунган эзэмшихээр гэрээ хийсэн..." гэж тохиролцсоноос үзэхэд гэрээний нэг тал болох Л.Алтанчимэг нь өөрийн эзэмшлийн газар дээр баригдсан барилгын 2, 3 давхрыг Самдонг интернэшнл ХХК-д эзэмшүүлэх үүрэг хүлээсэн гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ёстой. Барилгын давхарууд Самдонг интернэшнл ХХК эзэмших гэдгийг Иргэний хуулийн 89.1, 150.1, 150.2-т заасны дагуу томьёолох хууль зүйн үндэслэлтэй байгааг шүүгч ойлгоогүй байна. Хариуцагч тал гэрээний энэ үүргээ биелүүлэлгүй зөрчсөн байгааг шүүгч хууль зүйн талаас нь олж хараагүй. Талуудын байгуулсан гэрээгээр эрх үүргийг нарийвчлан тодорхойлоогүй ч Иргэний хуулийн 8, 187.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал талаас нь харж, үүрэг үүссэн эсэхийг тодорхойлж, уг үйл явдлыг зохицуулсан хуулийн заалтуудад үндэслэн дүгнэлт хийх ёстой байтал зөвхөн талуудын хооронд үүссэн маргаан талаас нь авч үзээд гэрээ зөрчигдсөн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Барилгын 2, 3-р давхрын эзэмшлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйг баримтаар нотлох шаардлагагүй бөгөөд хариуцагч талын эс үйлдэхүй нь \эзэмших эрх шилжүүлээгүй\ үүнийг нотолж байгаа болно. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбарт хариуцагч эзэмших эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж байгаа бөгөөд энэ нь ИХШХШ тухай хуулийн 37.2-т заасан "...нотлох баримт нь...зохигчийн тайлбараар нотлогдоно" гэсэн заалтын дагуу нотлогдож байгаа бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт ч Иргэний хуулийн 150.7, 150.12 дахь заалтуудыг дурдаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үүнийг давхар нотолж байгааг шүүгч ойлгоогүй байна. Иргэний хуулийн 476.3.8, 477.1, 477.3-т заасны дагуу бий болсон хөрөнгөд хамаарах хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл Л.Алтанчимэг нар нь барилгын 2, 3-р давхрыг барихад ямар нэгэн хөрөнгө гаргаагүй тул дундын хөрөнгийг хуваах ойлголт байх ёсгүй. Харин түүний өмчлөлд байгаа 1 давхрын асуудал бол гэрээнд тусгайлан зааж оруулаагүй, тэнд үйл ажиллагаа явагдаагүй тул дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Тэгээд ч хамтран ажиллах гэрээгээр ямар нэгэн ашиг олох зорилгогүй, Самдонг интернэшнл XXК нь Л.Алтанчимэгийн өмчлөлийн газар дээрх гараашийн дээр 2, 3 давхар болгон барилга барьж, түүнийгээ үнэ төлбөргүй сургалтын үйл ажиллагаа явуулахад ашиглаж байсан болохоос Л.Алтанчимэг сургалтын үйл ажиллагаанд хамтран оролцож зорилго хэрэгжүүлэх талаар гэрээнд тусгаагүй байх тул дундын хөрөнгө хуваах талаар тохиролцоогүй гэсэн шүүгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Самдонг интернэшнл ХХК болон БНСУ-ын КОIКА-ийн хооронд байгуулагдсан "СЗО хамтын ажиллагааны гэрээ"-гээр Солонгос улсын 2 хуулийн этгээдийн хооронд эрх зүйн харилцаа үүсэж, уг гэрээгээр Самдонг интернэшнл ХХК нь КОIКА-аас төсөл хэрэгжүүлэх санхүүжилт авсан бөгөөд уг санхүүжилтийг нийт төсөл хэрэгжүүлэхэд хэрхэн яаж зарцуулах нь тухайн Самдонг интернэшнл ХХК-ийн эрх хэмжээний асуудал ба Монголд байгуулагдсан гэрээний дагуу зөвхөн барилга барих санхүүжилтэд зориулагдаагүй гэдгийг ялгаж, салгаж ойлголгүйгээр Солонгосын 2 хуулийн этгээд 2-уулаа барилгын санхүүжилтийг хувааж гаргасан тул Самдонг интернэшнл ХХК нэхэмжлэх үндэслэлгүй гэж буруу дүгнэж, КОIКА төслийг санхүүжүүлэх, Самдонг интернэшнл ХХК төслийг хэрэгжүүлэх 2 тусдаа үйл ажиллагааг хооронд нь хольж хутгасан нь үндэслэлгүй байна. Иймээс төсөл хэрэгжүүлэгч Самдонг интернэшнл ХХК нь барилга барихад оруулсан хөрөнгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх 2 талын маргааныг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй. Иргэний хуулиар тодорхойлсон иргэний эрх зүйн хамгаалалт бол зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл шүүх нэгэнт эвлэрэхгүй гэсэн байдлаар хандаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг барилгыг эзэмших эрх хуулийн дагуу бий болоогүй тул оруулсан хөрөнгөө нэхэмжилсэн сэргээлгүй хууль зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтууд дотор Л.Алтанчимэгийн нөхөр М.Төмөр, охин Т.Маргад нарын бичсэн шаардлага, мэдэгдэл гэх зүйлүүдэд "...хашаан дотор явахыг хориглоно, 2 давхар луу зөвхөн зүүн хаалгаар орж гарах, түрээс 2500 ам.доллар төлж байх, цалин нэмэх..." гэсэн агуулга бүхий гэрээгээр тохиролцоогүй зүйлүүдийг нэг тал дангаараа шаардлага болгон гаргасан, тог, усыг дур мэдэн хязгаарлах, ажлын цагийг баримталдаггүй зэрэг бүдүүлэг байдал гаргасан нь иргэний эрх зүйн харилцааны талуудын эрх тэгш байдлыг алдагдуулж, цаашид хамтран ажиллах боломжгүй байгааг шүүгч зөв дүгнэж чадаагүй байна. Самдонг интернэшнл  ХХК-иас Монгол улсын "...туйлын ядууралд байгаа иргэдэд мэргэжлийн сургалт олгох, эмэгтэйчүүдийг дэмжих..." хүмүүнлэгийн үйл ажиллагаа бол манай улсын иргэдийн амьдралд нэн чухал ач холбогдолтой. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, гэрээг үргэлжлэх хугацааг тохирсон байна гэж үзсэн мөртлөө Самдонг интернэшнл ХХК эзэмшихээр гэрээг байгуулсан гэдэг дүгнэлт өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. "Эзэмших" гэдэг бол хуульд зааснаар эрх үүсэж, уг эрх үүссэнийг нотолсон баримт буюу гэрчилгээ Самдонг интернэшнл ХХК-ийн нэр дээр гарах ёстой байтал гэрээний нэг тал болох Л.Алтанчимэг энэ үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн, 15 жилийн хугацаанд уг барилгын 2, 3-р давхар хэний эзэмшилд байх, эзэмшилтэй холбоотой эрх үүрэг хэрхэн хэрэгжих талаар шүүх бодитой дүгнэлт хийхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүхийн дүгнэлтээр гэрээний үүрэг зөрчигдсөнийг нотлох шаардлагатай гэж байгаа тул гэрээгээр эзэмшүүлэх үүрэг хүлээсэн Л.Алтанчимэгээс энэ байдлыг тодруулсны үндсэн дээр дахин энэ асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дээрх байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Алтанчимэг гомдолд өгсөн хариу тайлбартаа: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.8-д “дундын хөрөнгийг хуваарилах журмын талаар” зөв үнэлж дүгнэсэн. Мөн хариуцагч "Самдонг төлөөлөгчийн" газартай гэрээ байгуулсан, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг анхан шатны шүүхээс судлаад олон улсын төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 150 дугаар зүйл "бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн" талаар дурдсан байна. Энэ үг нь тухайн хэрэгт хамаарахгүй заалт юм. Энэ талаар хоёр талд тохиролцсон зүйл байхгүй байхад гомдолдоо дурдсан байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.8-д зааснаар “дундын хөрөнгийг хуваарилах журмын талаар тохиролцоогүй” гэдгийг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 476.3.8-ын томъёолол бол мөн хуулийн 477.1, 477.3-т заасны дагуу бий болсон хөрөнгөд хамаарах тухай дурдсан байна. Мөн энэ зүйл нь уг хэрэгт огт хамаагүй зүйл. Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээгээрээ тохирсон атлаа үнэндээ зайлшгүй хүндэтгэн үзэх ямар шалтгааны улмаас гэрээнийхээ хугацаанаас өмнө гарах болсон, энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Талуудын байгуулсан хамтын ажиллагааны гэрээг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2-т зааснаар дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Самдонг интернэшнл“ ХХК, Самдонг олон улсын төлөөлөгчийн газар нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаа гэсэн үндэслэлээр барилгын 2, 3 давхарыг барихад гаргасан зардал  462.738.779 төгрөгийг  М.Төмөр, Л.Алтанчимэг, Т.Маргад  нараас шаарджээ.  Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан бөгөөд М.Төмөр нь нэхэмжлэгч нараас  нийт 116.737.950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр "Самдонг интернэшнл" ХХК, Самдонг олон улсын төлөөлөгчийн газар нь  М.Төмөрт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, 462.738.779 төгрөгийг Л.Алтанчимэг, Т.Маргад нараас гаргуулахыг хүүсэн байна. 

Шүүх Л.Алтанчимэг, Т.Маргад нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, М.Төмөрт холбогдох нэхэмжлэлээс “Самдонг интернэшнл” ХХК, Самдонг олон улсын төлөөлөгчийн газар татгалзсаныг баталж холбогдох хэргийг М.Төмөрийн  сөрөг нэхэмжлэлийн хамт тус тус хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. “Самдонг интернэшнл” ХХК, Самдонг Олон улсын төлөөлөгчийн газар нь М.Төмөр, Л.Алтанчимэг, Т.Маргад нараас нийт 462.738.779 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаан дээр М.Төмөрт холбогдох шаардлагаас татгалзсаныг шүүх хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 73 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийн хэмжээг багасгах зэрэг эрхтэй тул шүүх “Самдонг интернэшнл” ХХК, Самдонг Олон улсын төлөөлөгчийн газар нь М.Төмөрт холбогдох шаардлагаас татгалзсанг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. 

2. Нэхэмжлэгч нар нь 462.738.779 төгрөгийг хариуцагч нараас шаардсан боловч уг мөнгөнөөс хэдэн төгрөгийг Т.Маргад хариуцах талаар нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй,  гараж дээр барьсан 2, 3 давхартай холбоотой Т.Маргадтай байгуулсан гэрээ хэрэгт байхгүй тул Т.Маргадад холбогдох нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

3. "Самдонг интернэшнл" ХХК Л.Алтанчимэг нар нь Улаанбаатар хотын Сонгино-хайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод Л.Алтанчимэгийн өмчлөлийн газар  дээр байралдаг агуулахын дээр нэмж 2, 3-р давхар барихаар тохиролцож "Хамтран ажиллах гэрээ" байгуулжээ. Гэрээнд зааснаар энэхүү барилгын ажил дууссан тохиолдолд "Самдонг интернэшнл" ХХК барилгыг 5 жилийн хугацаагаар 3 удаа сунгах нөхцлөөр нийт 15 жилийн хугацаанд эзэмшихээр, Л.Алтанчимэг нь өөрийн газар болон агуулахыг ашиглах хугацаа дууссаны дараа өөр хүмүүст худалдах болон бусад өөрчлөлтийг хийх тохиолдолд "Самдонг интернэшнл" ХХК-тай харилцан тохиролцох тухай заажээ. 

Талууд "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан талаар маргаагүй бөгөөд энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцсэн байна.  "Хамтран ажиллах гэрээ"-г хариуцагч Л.Алтанчимэг зөрчсөнийг нэхэмжлэгч нотлож чадаагүй, нэхэмжлэгч нар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон буюу гэрээнээс татгалзах Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, 462.738.779 төгрөгөөс хэдийг Л.Алтанчимэг хариуцах талаар нэхэмжлэлд тодорхой заагаагүй тул Л.Алтанчимэгт холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй ба шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 476, 478 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00630 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 760 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 2.471.643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ