Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 322

 

  Л.Н-н нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Л.Атарцэцэг 

                                  Г.Банзрагч

                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.Н-г бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0286 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ч нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.Н-г бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0286 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “шүүхийн шийдвэрийн дагуу Ү-2101001765 дугаар бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Н-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.10 заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 814 дугаартай шүүгчийн захирамжийг гүйцэтгэхийн тулд уг албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2339 дүгээр албан бичгээр уг үл хөдлөх хөрөнгөнд хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлэхийг мэдэгдлийн дагуу хийсэн тусгай тэмдэглэлийг Улсын бүртгэл өөрчлөх эрхгүй юм гэж тайлбарлан хэрэглэсэн байна. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 945 тоот шийдвэр шийдвэрийг биелүүлэх нь Улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Уг заалт нь хууль хяналтын байгууллагаас тусгай тэмдэглэл хийсэн байхад түүнийг хууль бусаар өөрчлөхийг хориглосон заалт бөгөөд хууль ёсны дагуу гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болох заалт гэж үзэх үндэслэлгүй.

4. Уг тэмдэглэгээ хийсэн гэх үл хөдлөх хөрөнгө өөр хүний өмч хөрөнгө болох, тусгай тэмдэглэл хийлгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 814 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэх зорилгоор иргэн Б.Б-н төлбөрийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлд бүртгэсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөрийг гаргуулахыг зорьж Улсын бүртгэлийн газарт хандаж тусгай тэмдэглэгээ хийсэн нь холбогдох баримтаар нотлогдсон. Уг тусгай тэмдэглэл хийсэн хөрөнгө нь тухайн хүний өмч биш болохыг нотолсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба уг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон улсын бүртгэлийн гэрчилгээнд хийсэн тусгай тэмдэглэгээг хүчинтэй тэмдэглэгээ гэж үзэх эсэхийн анхаарч үзэлгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Улсын бүртгэлийн үйл ажиллагааг зөв гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй.

5. Уг тусгай тэмдэглэгээ хийсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байгаа тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах асуудалд үүсвэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.10-т заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй.

6. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 945 тоот шийдвэр нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 р зүйлийн 19.2-т заасантай хамааралтай буюу гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авч байж хэрэгжих шийдвэр гэж давж заалдах шатны шүүх үзэж нотлох баримтад буруу дүгнэлт хийж, дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

7. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 945 тоот шийдвэр нь энэхүү заалтад огт хамааралгүй. Дээрх заалт нь хууль ёсны дагуу хуулиар эрх ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээдэд хамааралтай бөгөөд дээрх шийдвэрийн дагуу эрх ашгаа хамгаалуулсан өмчлөгчийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд хэний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар давж заалдах шатны шүүх дүгнээгүй атлаа дээрх заалтыг хэрэглэсэн нь буруу.

8. Капитрон банк нь шүүхээр эрх ашгаа хамгаалуулж, шүүхийн шийдвэр гаргуулж төлбөрөө хэнээр төлүүлэхээ тодорхойлж,шүүхийн шийдвэр гаргуулсан болох нь хүчин төгөлдөр бүхий Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 814 дугаартай шүүгчийн захирамжаас харагдах ба уг захирамжид тус үл хөдлөх хөрөнгөөр гүйцэтгэлийг хангахыг заагаагүй.

9. Мөн уг шүүгчийн захирамжийн дагуу тогтоосон төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах эсэхэд Улсын бүртгэлийн үйл ажиллагаа огт хамааралгүй байхад хамааралтай гэж үзэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

10. Капитрон банкны барьцаалбал хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсноор түүний эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзвэл эрх ашгаа хамгаалуулахаар зохих байгууллагад хандах эрхтэй ба түүний эрх ашгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 р зүйлийн 19.2 заалт хамгаалж байна гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

11. Улсын бүртгэлд жинхэнэ өмчлөгч болохоо нотолсон шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэл хийлгэхийг хүссэн нэхэмжлэгчийн эрх ашгийг үндэслэлгүйгээр бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч Л.Н нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол, 7 дугаар байр, 11 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.Н-г бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

14. Маргаан бүхий орон сууц нь 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Л.Н, Л.Ж нарын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгч Л.Н-г хамтран өмчлөгчөөс хассан хэлцэл, Б.Б-г нэмсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Л.Ж, Б.Б нарын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00945 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

15. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн эрх зүйн байдал сэргээгдсэн буюу маргаан бүхий орон сууцны өмнөх бүртгэл сэргэж, орон сууц Л.Н, Л.Ж нарын өмчлөлд бүртгэгдэх үр дагавар үүсч байхад хариуцагчаас “гэрчилгээний эх хувь байхгүй, барьцааны бүртгэлтэй” гэх үндэслэлээр бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах” гэж заасантай нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

16. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөс хассан үйл ажиллагаа хууль бус байсан болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул бүртгэлийг шүүхийн шийдвэрт нийцүүлэн өөрчлөх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль дээдлэх, бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцнэ.

17. Давж заалдах шатны шүүхээс “бусдын эрх хөндөгдөх бол уг этгээдээс зөвшөөрөл авах, эрх бүхий этгээдээс түдгэлзүүлсэн бол уг этгээдийн зөвшөөрлөөр бүртгэлийг өөрчлөх” гэх маргааны үйл баримтад хамаараагүй заалтыг үндэслэж, захиргааны байгууллагын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй эс үйлдэхүй “хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь гуравдагч этгээд К банкны тухайд шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ хүчингүй болсон буюу гуравдагч этгээдийн барьцааны эрх үгүйсгэгдсэн тул түүнээс зөвшөөрөл авах шаардлагагүй, нөгөө талаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр 2101001765 дугаартай үл хөдлөх хөрөнгөнд шилжилт, хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн боловч уг 2101001765 дугаартай гэрчилгээ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зөвшөөрөл авахыг шаардахгүй юм.

18. Энэхүү маргааны үйл баримтад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдээс зөвшөөрөл авах зохицуулалт хамааралгүй, маргааны үйл баримтад цаг хугацааны дарааллыг харгалзан үзэх шаардлагатай байна. Учир нь нэхэмжлэгч Л.Н нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд шинэ өмчлөгч биш, харин гуравдагч К банк барьцаалахаас өмнө өмчлөгч нь байсан, гуравдагч этгээдийн зээлийн гэрээ байгуулагдах цаг хугацаанаас өмнө нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч байсан тул хууль ёсны өмчлөгчийн эрх түрүүлж хамгаалагдах учиртай.  

19. Анхан шатны шүүх нь “үндэслэх” хэсэгт хэрэглээгүй заалтыг “тогтоох” хэсэгт хэрэглэсэн, ямар үндэслэлээр маргаанд хамааралтай талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, мөн маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0286 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1” гэснийг “5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ