Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01796

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01796

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, *** баг, ***тоотод оршин суух, ***** овогт О.А***** /рд:*******/

Хариуцагч: **** дүүрэг, *****бүс, *****гудамж,**** хаягт оршин байрлах, Д*****ХХК /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

81,963,798 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч О.А*****,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С****,

гэрч Б.А*****, Б.Б****,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э***** хөтлөв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.А**** нь Д***** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие******-ны дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, гэтэл хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал 39,433,400 төгрөгийн дутагдал гаргасан хэмээн 2022.09.09-ний өдрөөс ажлаас халсан. Компани хугацаа дууссан ашиглалтын шаардлага хангахгүй болсон баллоныг актлахгүй байсаар манай салбарт хураагдсан байгаа, хөдөө сумдад тоног төхөөрөмж борлуулах, компанийн бараа бүтээгдэхүүний хэрэглэгчийг бий болгох зорилгоор явуулын худалдаа хийгээд зарим төрлийн төхөөрөмжийг зээлээр өгч улмаар компанид мэдэгдээд, компанийн дансанд барааны үнийг шилжүүлсэн, мал тушааж төлбөрийг хийдэг байгаа. Уг асуудал сар, улирлын тооллогоор тооцоо нийлээд явж ирсэн, ийм борлуулалтын үндсэн дээр манай салбар 2022 онд шалгарч, шагнал хүртэл авч байсан. Гэтэл гэнэт дутагдал гаргасан нэрээр ажлаас халсанд гомдолтой байна, шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал 39,433,400 төгрөгийн баримттай танилцаагүй, тушаалын үндэслэх хэсэгт заагдсан 22/09-03 тоот зөрчлийн акттай танилцаагүй учир уг баримт материалтай танилцахаар өргөдлийг гаргасан ч шийдвэрлээгүй. Тушаалыг эс зөвшөөрч компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан ч тушаал хүчинтэй болохыг мэдэгдэж ************ хаягаар гомдлын хариуг ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие ажиллах хугацаандаа дутагдал бий болгоогүй, хариуцуулсан үүргийг гүйцэтгэж, ашигт ажиллагааг өсгөж ирсэн гэж үзэж байгаа тул Д***** ХХК-ийн ерөнхий захирлын 2022.09.09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 9,180,000 төгрөгөөр тооцсон, мөн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны цалин 1,964,963 төгрөг суутгасныг гаргуулах, замын зардал 150.000 төгрөг, нийт 11.294.963 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: О.А****** нь манай компанид 2017.05.22-ны өдрөөс түгээгчээр, 2018.11.01-ний өдрөөс борлуулагчаар, 2019.05.01-ний өдрөөс АХЦС47-гийн /Автомашин хийгээр цэнэглэх станц/ даргаар тус тус ажиллаж байсан. О.А****** нь АХЦС47-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гарган сахилгын шийтгэл авч байсан. Үүнээс дурдвал: 2019.12.05-ны өдрийн 19/1611/06/121 дугаар Ерөнхий захирлын тушаалаар 1 сарын цалинг 10%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан /Гаргасан зөрчил: Хариуцсан ажлын байрыг эмх замбараагүй байлгасан, 3 өдрийн орлого тушаагаагүй/, 2020.03.13-ны өдрийн 20/334/06-31 дугаар Ерөнхий захирлын тушаалаар 2 сарын цалинг 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан /Гаргасан зөрчил: АХЦС47-ийн түгээгч Г.Г****, Б.Б***** нар баллон цэнэглэлтийн журнал, хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн бүртгэлийн дэвтрийг дутуу хөтөлдөг, хэрэглэгчдэд хийг баллон дутуу цэнэглэж өгөн мөнгийг хувьдаа завшдаг, мөн салбарын дарга О.А****** нь ажилдаа хариуцлагагүй хандаж, түгээгч нарт хяналт тавьж ажиллаагүй/, 22/06-06 дугаар Зөрчлийн акт /Өдөр тутмын борлуулалтын тайланг худал мэдүүлдэг, өөрөө хөтөлдөггүй, 2022.05.31-ний өдрийн байдлаар 19,082,827 төгрөгийн авто, ахуй, тоног төхөөрөмж, баллоны дутагдал гаргасан. Данс гэрээгүй зээлээр олгосон байгууллагуудын мөнгийг оруулаагүй олон сар болсон. Зээлээр олгохоос гадны борлуулалтын орлого сар бүр дутуу тушаадаг. Мөн ойлголт удаан олон хэлүүлдэг зэрэг шаардлага хангахгүй/, 2022.09.09-ний өдрийн 22-672/07-50 дугаар Ерөнхий захирлын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан /Гаргасан зөрчил: Гэнэтийн тооллогоор хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал нийт 39,433,400 төгрөгийн дутагдал гаргасан, 3 сарын санхүүгийн тайлан өгөөгүй/.

О.А****, Д****ХХК-ийн ***** салбарын мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий ажил үүрэг буюу *****-гийн даргаар ажиллаж байсан этгээд бөгөөд О.А***** гаргасан удаа дараагийн зөрчлийг энэ хэвээр нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан тул манай компани 2022.09.09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажлаас халах тухай тушаалыг О.А****** хүлээн авсаны дараа манай компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийн дагуу манай компани хөдөлмөрийн маргаан таслах комиссоор тухайн асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа оролдсон боловч О.А**** нь харилцах утасны дугаар авахгүй, ар гэрийн хүмүүс нь холбож өгөхгүй байсан тул өргөдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлж хариу албан бичгийг О.А****** хүргүүлсэн болно. О.А****** нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж, ***** салбарын мөнгөн болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажлыг хангалтгүй гүйцэтгэж компанид их хэмжээний хохирол учруулсан тул манай компани нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 81,963,798 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ О.А**** нь манай компанид 2017.05.22-ны өдрөөс түгээгчээр, 2018.11.01-ний өдрөөс борлуулагчаар, 2019.05.01-ний өдрөөс АХЦС47-гийн /Автомашин хийгээр цэнэглэх станц/ даргаар тус тус ажиллаж байсан. О.А****, Д*** ХХК-ийн АХЦС47 салбарын мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий ажил үүрэг буюу АХЦС47-ийн даргаар ажиллаж байхдаа удаа дараагийн зөрчил гаргаж, төлбөрийн акт тавиулж компанийн тоног төхөөрөмж, хийн түлш, орлогын мөнгийг их хэмжээгээр дутагдуулж компанид их хэмжээний хохирол учруулсан тул 2022.09.09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. О.А****** компанид учруулсан хохирлын тооцоог эцэслэн гаргахад нийт 86,470,890 төгрөгийн компанийн тоног төхөөрөмж, хийн түлш, орлогын мөнгийг дутагдуулсан байсан бөгөөд үүнээс О.А****** цалин, халагдах үед тооцогдсон ээлжийн амралт, хуримтлалын санд хуримтлагдсан 500,000 төгрөг, нийт 5,722,872 төгрөгийг суутган тооцож 80,748,018 төгрөгийн өр төлбөртэй болсон. О.А***** энэхүү дутагдлыг тодруулахад орон нутаг дахь байгууллагуудад зээлээр өгсөн гэх боловч ямар ч тооцоо нийлсэн акт байхгүй, байгууллагуудаас зээлээ татаж авч санхүүд тушаана гэсэн боловч одоог хүртэл авчирч өгөөгүй. Энэхүү өр төлбөрийн асуудлаа яаралтай шийдвэрлэхийг О.А***** удаа дараа анхааруулсан боловч завгүй байна, ар гэрт гачигдал гарсан, одоо ажиллаж байгаа газраасаа ажлаас чөлөө авч чадахгүй байна гэх мэт шалтаг хэлсээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. О.А**** удаа дараагийн зөрчлийг гэнэтийн тооллогоор шалгахаар 2022.09.09-ний өдөр манай компанийн 3 ажилтан томилолтоор ажиллаж 743,130 төгрөгийн, 2022.11.08-ны өдөр 2 ажилтан томилолтоор ажиллаж 472,650 төгрөгийн, нийт 1,215,780 төгрөгийн томилолтын зардал мөн компаниас гарч давхар хохирсон. Иймд О.А****, Д**** ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 80,748,018 төгрөгийн Д*** ХХК-ийн тоног төхөөрөмж, хийн түлш, орлогын мөнгө, компанид учруулсан хохирлыг тогтоохоор томилолтоор ажилласан ажилтнуудын томилолтын зардал 1,215,780 төгрөг, нийт 81,963,798 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Компанийн 2022 оны 22/09-09 дугаартай зөрчлийн актыг шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт ирсэний дараа танилцсан, уг асуудлаар маргаж буй тул хийн тоног төхөөрөмж, баллон дутагдлыг үндэслэлгүй болохыг тогтоолгоно. Байгууллагатай гэрээний үндсэн дээр харьцах асуудлыг хийн тоног төхөөрөмж баллоныг харилцагч байгууллага болон хувь хүмүүст зээлээр өгсөн. Нийт 52 баллон актлуулах өгснөөс 19 ш баллон акталсан байсан. Үлдсэн 33 ш баллоныг хэрхэх талаар шийдвэр гараагүй. Эдгээр 55 ш баллон нь Д***** ХХК-ийн станцад байгаа болно. ЗДТГ буюу талбайд 50 кг 1 ш, 20 кг 2 ш /цоожтой байгаа/, Айл баян уурхайд 50 кг 2 ш /99765396 Төмөрбат/, Монголын төмөр зам 50 кг 1 ш, 14 кг 5 ш /88108375 340-р зөрлөг/, Ү.Б****** 14 кг 2 ш /88108884/. Энэ баллонууд нь 2020 онд ирсэн бөгөөд зарим нь хугацаа дуусаж байсан хийн түлшний гэрээг бүсийн менежер болон АСБҮалба хариуцан хийдэг. Тухайн үеийн хийсэн гэрээнүүд жил бүр сунгагдах зарчмаар явагддаг. Гэвч хийн түлшний гэрээ нь санхүүгийн албанд өдийг хүртэл очоогүй байсан. Гэрээний үндсэн дэрээ хийг олгосон тухайн гэрээг АСБҮА-ын дарга шийдвэрлэж улмаар гэрээг байгуулдаг, тэрхүү шийдвэрээр хий олгосон тул миний бие хариуцахгүй болно. Томилолтын зардал нь миний буруутай үйлдлээс шалтгаалж гараагүй, тухайн хүмүүс замд буюу Говьсүмбэрт авто замын осол гаргасан улмаас үүссэн төлбөр тооцоо учир мөн хариуцахгүй болно. Тиймээс Д******* ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Д***** ХХК-ийн 22/639 тоот Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг /хх 4/, Д**** ХХК-ийн 22-672/07-30 тоот Ажлаас халах тухай албан бичиг /хх 5/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх 18/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 19-21/, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар /хх 54/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 68-69/, итгэмжлэл /хх 164/, Голомт банкны дансны хуулга /хх 192-203/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 225/, МТ-Шатахуун түгээх станцын баримт /хх 229/, фото зураг /хх 230/,

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Д***** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8/, итгэмжлэл /хх 9/, хариу тайлбар /хх 13-14/, сөрөг нэхэмжлэл /хх 24-25/, Хөдөлмөрийн гэрээ /хх 27-28/, Ажлын байрны тодорхойлолт /хх 29-30/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх 31/, Д**** ХХК-ийн Ерөнхий захирлын 13/586/05/58 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх 32/, Д***** ХХК-ийн Ерөнхий захирлын 19/1611/06/121 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх 33/, Зөрчлийн акт №19/12/377 /хх 34/, Д***** ХХК-ийн Ерөнхий захирлын 20/334/06-31 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх 35/, Зөрчлийн акт №20/03-63 /хх 36/, Зөрчлийн акт №22/06-06 /хх 37/, Д***** ХХК-ийн Ерөнхий захирлын 22-672/07-50 дугаар Ажлаас халах тухай тушаал /хх 38/, Зөрчлийн акт №22/09-03 /хх 39/, О.А*****, Д****** ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дарга Б.С***** танаа өргөдөл гаргах нь /хх 40/, Д**** ХХК-ийн 22/639 тоот Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг /хх 41/, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хурлын протокол /хх 42/, Д** ХХК-ийн Санхүү эдийн засгийн албанд хүсэлт гаргах нь /хх 43/, Д***  ХХК-ийн Дотоод хяналтын албанд хүсэлт гаргах нь /хх 41/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 45, 92, 101/, Авлагын тооцоо бодсон баримт №15 /хх 46/, Зарлагын баримт /хх 58, 110/, Авлагын тооцоо бодсон баримт /хх 78, 84, 90/, Цалингийн карт /хх 79, 85, 91, 99/, Төлбөр тавьсан акт /хх 80, 82, 86, 87, 88, 93, 95, 100, 102, 105, 107, 108, 112, 114, 115, 116, 117, 119/, Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх 81, 96/, Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл /хх 83, 89, 94, 97, 98, 109, 119, 120/, Бараа материалын зарлагын баримт /хх 103, 104, 106/, Ачаа хүлээлцсэн баримт /хх 111, 113/, Д***** ХХК-ийн Ерөнхий захирлын 22-1006/14-81 дугаар Баллон актлаж төлбөр тавих тухай /хх 122/ Ашиглалтаас хасч актлах баллоны жагсаалт /хх 123/, **** аймгийн ***** сумын АХЦС 47 салбараас ирсэн баллонд үзлэг хийсэн комиссын шийдвэр /хх 124-125/, Д****л ХХК-ийн Ерөнхий захирлын 19/510/14/40 дугаар Эрх шилжүүлэх тухай тушаал /хх 135/, Худалдах, худалдан авах гэрээ №20/82 /хх 136-137/, Авлагын задаргаа /хх 138, 141, 144, 147, 150, 153/, Худалдах, худалдан авах гэрээ №20/88 /хх 139-140/, Худалдах, худалдан авах гэрээ №20/81 /хх 142-143/, Худалдах, худалдан авах гэрээ №20/48 /хх 145-146/, Худалдах, худалдан авах гэрээ №20/94 /хх 148-149/, Худалдах, худалдан авах гэрээ №20/92 /хх 151-152/, Д**** ХХК-ийн байгууллагын дотоод журам /хх 154-160/, Д**** ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хх 161-162/, Итгэмжлэл /хх 190/, Д****** ХХК-ийн 24/192 тоот албан бичиг /хх 212/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.А***** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, хариуцагч Д**** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сар, улирлын тооллогоор тооцоо нийлээд явж ирсэн. Борлуулалтын үндсэн дээр манай салбар 2022 онд шалгарч, шагнал авч байсан. Гэтэл гэнэт дутагдал гаргасан нэрээр ажлаас халсанд гомдолтой байна, шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд Д*** ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 9,180,000 төгрөг гаргуулах, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны цалин хөлс 1,964,963 төгрөг гаргуулах, замын зардал 150.000 төгрөг, нийт 11.294.963 төгрөгийг нэхэмжилнэ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: О.А***** нь АХЦС47-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гарган сахилгын шийтгэл авч байсан. О.А****** үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан тул манай компани 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан гэж үгүйсгэсэн.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Д***** ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 80,748,018 төгрөг, Д***** ХХК-д учруулсан хохирлыг тогтоохоор томилолтоор ажилласан ажилтнуудын томилолтын зардалд 1,215,780 төгрөг, нийт 81,963,798 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

5. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийг хийн тоног төхөөрөмж баллоныг харилцагч байгууллага болон хувь хүмүүст зээлээр өгсөн. Нийт 52 баллон актлуулах гэж өгснөөс 19 ш баллон акталсан байсан. Үлдсэн 33 ш баллоныг хэрхэх талаар шийдвэр гараагүй. Эдгээр 55 ш баллон нь Д***** ХХК-ийн станцад байгаа болно. Гэрээний үндсэн дэрээ хийг олгосон тухайн гэрээг АСБҮА-ын дарга шийдвэрлэж улмаар гэрээг байгуулдаг, тэрхүү шийдвэрээр хий олгосон тул миний бие хариуцахгүй болно. Томилолтын зардал нь миний буруутай үйлдлээс шалтгаалж гараагүй, тухайн хүмүүс замд буюу Говьсүмбэрт авто замын осол гаргасны улмаас үүссэн төлбөр тооцоо учир мөн хариуцахгүй болно гэж үгүйсгэж байна.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. О.А***** нь Д**** ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 13/586/05/58 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Автомашин хийгээр цэнэглэх станц 47-гийн дарга албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаагүй Д**** ХХК-тай байгуулсан байна. /хх 27-28/

Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.15. хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж зааснаар нэхэмжлэгч О.А***** болон хариуцагч Д****** ХХК нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

 

Талууд Дашваанжил ХХК-ийн Ерөнхий захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл буюу хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхэд маргасан.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.

Д***** ХХК-ийн байгууллагын дотоод журмын 7.2.5-т Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ажилтны зүгээс гаргасан ноцтой зөрчил гэдэг ойлголтод компанийн үйл ажиллагаа явуулж буй салбарын онцлог, зөрчлийн шинж чанар, учруулах хор уршигийн нөлөө, ажилтантай тохиролцсон нөхцлийг харгалзан үзэж дараах зөрчлүүдийг хамруулна. Үүнд: 7.2.5.1-т Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлдэггүй, хэрэглэгчидтэй зүй бусаар харилцсан, хяналт шалгалтын байгууллагаас болон дотоодын үзлэг шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлгээ авсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан атлаа биелүүлэхгүй зөрчсөн, технологийн ноцтой зөрчил гаргасан гэж заасан байна.

Д**** ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 05ы өдрийн  ****** ногдуулах тухай 19/1611/06/121 дүгээр тушаалаар ****** аймгийн ***** суманд байрлах АХЦС47-гийн дарга О.А******* нь хариуцсан ажлын байрыг эмх замбараагүй байлгасан, саравч зам талбайн будаг хийгээгүй, борлуулалтын автомашиныг засаагүй, 3 өдрийн орлогыг тушаагаагүй нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шалгалтаар илэрсэн гэж нэг сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх 33/

Д***** ХХК-ийн Ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 13ы өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 20-334/06-31 дүгээр тушаалаар **** аймгийн **** суманд байрлах АХЦС47-гийн дарга О.А***** нь ажилдаа хариуцлагагүй хандаж түгээгч нарт хяналт тавьж ажиллаагүй зөрчил гаргасан гэж хоёр сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх 35/

Мөн Д***** ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн № 22/06-06 тоот Зөрчлийн актаар АХЦС47-гийн дарга О.А******** нь өдөр тутмын борлуулалтын тайланг худал мэдүүлдэг, өөрөө хөтөлдөггүй. 2022.05.31-ний өдрийн байдлаар 19,082,827 төгрөгийн авто, ахуй, тоног төхөөрөмж, баллоны дутагдал гаргасан. Данс гэрээгүй зээлээр олгосон байгууллагуудын мөнгийг оруулаагүй олон сар болсон. Зээлээс олгохоос гадна борлуулалтын орлого сар бүр дутуу тушаадаг. Мөн ойлголт удаан олон хэлүүлдэг зэрэг шаардлага хангахгүй байна гэж ажлаас яаралтай чөлөөлөх дүгнэлтийг гаргасан байна. /хх 37/

АСБҮА-ны дарга О.А****** нь хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал нийт 39,433,400 төгрөгийн дутагдал гаргасан нь 2022 оны 9 дүгээр сарын 09ий өдөр хийсэн тооллогоор тогтоогдож, Д****** ХХК-ийн Ерөнхий захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаар тушаалаар О.А****** ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх 38/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэсэн үндэслэлээр О.А****** ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ******** ногдуулсан нь хуульд нийцэж байна. Тодруулбал, Д****** ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05ы өдрийн ****** ногдуулах тухай 19/1611/06/121 дүгээр тушаалаар, 2020 оны 3 дугаар сарын 13ы өдрийн ***** ногдуулах тухай 20-334/06-31 дүгээр тушаалаар тус тус нэхэмжлэгчид ******ногдуулсан байх тул нэхэмжлэгч О.А***** хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс ...Миний бие хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал 39,433,400 төгрөгийн баримттай танилцаагүй, тушаалын үндэслэх хэсэгт заагдсан 22/09-03 тоот зөрчлийн акттай танилцаагүй учир уг баримт материалтай танилцахаар өргөдлийг гаргасан ч шийдвэрлээгүй гэх тайлбарыг гаргасан. Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заажээ.

Хэрэгт авагдсан Д******ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний Хурлын протоколоос үзвэл нэхэмжлэгч О.А***** нь сахилгын зөрчлийн хуралд оролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс Д****** ХХК-ийн Санхүү эдийн засгийн албанд өөрийн сахилгын зөрчилтэй холбогдуулан төлбөрийг 3 сарын хугацаанд төлөх талаарх хүсэлтийг гаргасан байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

7. Хариуцагч Д****** ХХК-иас Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 80,748,018 төгрөг, Д****** ХХК-д учруулсан хохирлыг тогтоохоор томилолтоор ажилласан ажилтнуудын томилолтын зардалд 1,215,780 төгрөг, нийт 81,963,798 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно гэж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан.

Хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №19/255 Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдсан байна. Уг гэрээний 2.7 итгэмжлэн хариуцуулж олгосон бараа материал, хөрөнгө, мөнгөний бүрэн бүтэн байдлыг өөрийн буруугаас хангаж чадаагүй бол хохирлыг үл маргах журмаар бүрэн барагдуулж компанийг хохиролгүй болгох гэж заасан байна.

 

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нэхэмжлэгчээс 81,963,798 төгрөгийн хохирол учруулсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй. Тодруулбал, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 45, 46 дугаар талд авагдсан Авлагын тооцоо бодсон баримт №15 баримтад дутагдлын нийт дүн 90,500,890 төгрөг, төлбөрийн үлдэгдэлийг 80,748,018 төгрөг гэж, Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад 75,754,810.28 төгрөгийн өртэй гэж зөрүүтэй байгаа нь тодорхойгүй байхаас гадна Авлагын тооцоо бодсон баримт №15 баримтад О.А****** ээлжийн амралт, хуримтлалын сан, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн, баллон хүлээлгэж өгсөн, нийт 5,714,685 төгрөгийг суутгасан гэж, сөрөг нэхэмжлэлд цалин халагдах үед тооцогдсон ээлжийн амралт, хуримтлалын санд хуримтлагдсан 500,000 төгрөг, нийт 5,722,872 төгрөгийг суутган тооцож гэж үнийн дүн зөрүүтэй байна. Дээрх баримтуудыг хариуцагч Д****** ХХК-иас үйлдсэн бичгийн баримт байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байна.

Харин хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №22/09-03 Зөрчлийн акт нь Д***** ХХК-ийн Ерөнхий захирлын 22-672/07-50 дугаар Ажлаас халах тухай тушаал баримттай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нөхцөл байдлаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч О.А****** хариуцагч Д******** ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирлыг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №22/09-03 Зөрчлийн актаар буюу 39,433,400 төгрөг гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д****** ХХК нь өөрт учруулсан эд хөрөнгийн хохиролд 39,433,400 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

7.2. Шүүх хуралдаанд гэрч Б.А****** ...Акталсныг хасах ёстой. Харин хассан үгүйг би сайн мэдэхгүй байна. Нийт 48 баллон ирснээс 24 актлагдсан байсан. ...Нэг баллон 175.000 төгрөг байсан. 4.200.000 төгрөг болно гэх мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргийн 124-125 дугаар талд авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Д*******аймгийн С***** сумын АХЦС 47 салбараас ирсэн баллонд үзлэг хийсэн комиссын шийдвэрээр нийт 48 баллоныг бүртгэсэн байх бөгөөд 24 балланыг ашиглалтын хугацаа дууссан гэж тэмдэглэж, акталсан болон ашиглалтын хугацаа дууссан баллонууд нь Хийн цэнэглэх станцын актын баллоны агуулахад тусад нь хадгалсан болно гэжээ. Уг бичгийн баримт нь цаг хугацааны хувьд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №22/09-03 Зөрчлийн актын дараа үйлдсэн баримт байх тул нэхэмжлэгчийн ...Нийт 52 баллон актлуулах өгснөөс 19 ш баллон акталсан байсан. Үлдсэн 33 ш баллоныг хэрхэх талаар шийдвэр гараагүй гэх сөрөг нэхэмжлэлийн татгалзлын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

7.3. Иймд хариуцагч Д***** ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирол болох 39,433,400 төгрөгөөс актлагдсан баллоны үнэ болох 4,200,000 төгрөгийг, О.А****** цалин, халагдах үед тооцогдсон ээлжийн амралт, хуримтлалын санд хуримтлагдсан 500,000 төгрөг, нийт 5,722,872 төгрөгийг хасч, нэхэмжлэгч О.А***** нийт 29,510,528 төгрөгийг гаргуулан хариуцагч Д***** ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 52,453,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д***** ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,180,000 төгрөг гаргуулах, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны цалин хөлс 1,964,963 төгрөг гаргуулах, замын зардал 150.000 төгрөг, нийт 11.294.963 төгрөг гаргуулах тухай О.А**** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.А***** 29,510,528 төгрөгийг гаргуулан Д***** ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 52,453,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,080 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч Д******* ХХК-д олгож, хариуцагч Д***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 567,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.А****** 182,423 төгрөгийг гаргуулан хариуцагч Д****** ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН