Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 

                                    О.*******, О. нарт

                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.*******

Шүүгдэгч өмгөөлөгч М.*******

нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч О.*******, О. нарт  холбогдох 2031003480172 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******ийн *******, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 4 дүгээр байрны 25 тоотод оршин суух, /РД:*******/;

 

-урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлж байсан,

 

 ******* овогт *******ийн , 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/;   '

 

Шүүгдэгч О.*******, О. нар нь бүлэглэж 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Их алт гэх Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усан сангийн газрын хамгаалалтын бүсэд хамаарах 0,01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль-экологид 228,492 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:  О.*******, О. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч   ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч   О.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэж,

 

Шүүгдэгч   О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О. нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******н хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5,000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.1, 4.3, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.*******, О. нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол 228,492 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 6,872,356 төгрөг, нийт 7,100,848 төгрөгийг шүүгдэгч О.*******гаас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Транс капитал” ББСБ-ийн зээлийн барьцаанд байгаа 56-81 УБ улсын дугаартай, “Даевоо” маркийн экскаваторын үнэлгээгээр тогтоогдсон үнэ 6,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч О.*******гаас албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулж,

 

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.******* 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 9 дэх заалтад хэрэгт авагдаагүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг дурдаж гэм буруугийн талаарх шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

 

2.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Даевоо маркийн экскаватор, алт угаах. төхөөрөмж /скрубер/-н үнэ 8,000,000 төгрөгийг шүүгдэгч О.*******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохиролыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.” гэж заасныг зөрчиж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 228,492 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 6,872,356 төгрөг нийт 7,100,848 төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахгүйгээр улсын төсөвт шилжүүлж,

Мөн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас шүүгдэгч О.*******д 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж. заасныг зөрчиж хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж тус тус Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол агуулгын хувьд буруу бичсэнийг бүгд харлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар залруулга хийх нөхцөл байдлыг прокурор яагаад ашигласангүй вэ. Үүнийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Шийтгэх тогтоолыг уншаад дуусмагц шүүгчээс зөвшөөрөл авч байгаад хуульд заасан журмын дагуу 5.400.000 төгрөгөөс дээш ял тохирсон.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар прокурорын тавьж байгаа ялын асуудлаас хөнгөрүүлнэ гэхээс биш доогуур ял өгч болохгүй гэж хэлсэн. Шүүгч прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэж байна, тогтоолоо буруу тайлбарласан байна гэж хэлсэн.     Шүүх хуралдааны танхимаас бид гараагүй, би санал тавьж хэлсэн.  Уг нь бол шийтгэх тогтоолд залруулга хийвэл болохоор байсан гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр О.*******, О. нарт холбогдох 2031003480172 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Прокурорын газраас яллагдагч О.*******, О. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарыг дээрх зүйл ангид зааснаар “хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, яллагдагч О.*******д 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял, яллагдагч О.д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах, О.*******н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Транс капитал ББСБ-ийн барьцаанд байгаа 56-81 УБ улсын дугаартай Даевоо маркийн эксковаторын үнэ 6.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх санал гаргаж анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч О.*******, О. нар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Их алт гэх Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усан сангийн газрын хамгаалалтын бүсэд хамаарах 0,01 га талбайд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 228,492 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Б.Оюун-Эрдэнийн өгсөн “...Тус хэрэгт учирсан нийт 7.100.848 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийлгэх санал хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 13-20 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8/4883 дугаартай албан бичиг /1 хх-ийн 42-43 тал/, Мөнгөн марал ХХК-ий шинжээчийн “...Хууль бус үйл ажиллагааны эдэлбэр газар, ургамлан нөмрөг, хөрсөн нөмрөгт учруулсан эклоги эдийн засгийн хохирлыг тус бүр харгалзах тоогоор үржүүлэхэд 228.492.77 төгрөг байна. Нийт биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 2.990.456 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн зардал 2.261.900 төгрөг, хяналт мониторингийн зардал 1.620.000 төгрөг нийт 6.872.356 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 56-89 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, шүүгдэгч нар прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд дээрх гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд тохиролцож ирүүлсэн ял шийтгэл, албадлагын арга хэмжээг шүүгдэгч нарт хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Харин шүүгдэгч О.*******д анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан боловч шийтгэх тогтоолд 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох гэж ташаа бичигдсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон видео бичлэгээр нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулахаар тогтов.

Прокурор эсэргүүцэлдээ “...Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөгийг О.*******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 228.492 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 6.872.356 төгрөг, нийт 7.100.848 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахгүйгээр улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан ба хор уршгийг нөхөн төлүүлэхээр хуульчлагдаагүй байгааг цаашид анхаарч, улсын яллагчийн зүгээс хор уршгийг нөхөн төлүүлэхээр санал тавихгүй байх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.1, 4.3, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.*******, О. нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол 228,492 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 6,872,356 төгрөг, нийт 7,100,848 төгрөгийг шүүгдэгч О.*******гаас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Транс капитал” ББСБ-ийн зээлийн барьцаанд байгаа 56-81 УБ улсын дугаартай, “Даевоо” маркийн экскаваторын үнэлгээгээр тогтоогдсон үнэ 6,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч О.*******гаас албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  3, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

 

3 дахь заалтыг:

“3.Шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

 

6 дахь заалтыг:

“6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.*******д оногдуулсан 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ