Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 110ШШ2024/0007

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Х.Х,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Х нь “Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч анх Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/21 дугаартай захирамжаар иргэн Ш.Сын тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн “Бага сэвс” нэртэй газраас  өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг 700 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах замаар тухайн газрыг 23 жилийн хугацаагаар эзэмшжээ.

3. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрийг хүчин болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч газрын маргааны асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 443 дугаартай албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор хүчингүй болгохыг хариуцагчид мэдэгдсэн байх боловч уг шийдвэрээ хүчингүй болгоогүй байна.

5. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

5.1. Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвс “/хуучин Халиасхарын бууц/ 189 хаягт байршилтай, нэгж талбарын 8304000924 дугаартай, 700 м2 газрыг Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/21 дугаар захирамжаар 23 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа юм. Тухайн газар нь өмнө Ш.С гэх хүний эзэмшилд байсан ба 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр миний нэр дээр шилжсэн. Сумын Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал надад ......  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, газар эзэмших гэрээ байгуулж, кадастрын зураг гаргаж өгсөн.

5.2. Үүний дараа Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/50 дугаар захирамжаар надад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон талаар сонсоод миний эрх ашгийг зөрчиж байгаа дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргасан.  Засаг дарга миний гомдлыг хянан үзээд, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 7-03/659 дугаартай албан бичгээр “Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/50 дугаар захирамжаар танд газар эзэмшүүлсэн А/21 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй, тухайн захирамж хүчин төгөлдөр байна.” гэсэн хариу өгсөн.

5.3.  Гэтэл Алтанцөгц сумын Засаг дарга тэрний дараахан 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/97 дугаар захирамжаар надад газар эзэмшүүлсэн А/21 дугаар захирамжийг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байв. Тухайн үед надад дээрх захирамжийг гардуулж өгөөгүй, энэ талаар надад огт мэдэгдээгүй. Би энэ талаар 2023 оны 9 дүгээр сард сонсоод аймгийн Засаг даргад дахин гомдол гаргасан. Баян-Өлгий аймгийн Засаг дарга миний гомдлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлснийг тус газраас хянаад, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 443 дугаартай албан бичгээр Алтанцөгц сумын Засаг даргад 2023 оны А/97 дугаартай захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор хүчингүй болгож, эргээд хариу өгөхийг мэдэгдсэн.

Алтанцөгц сумын Засаг дарга дээрх албан бичгийг хүлээн авсан мөртлөө захирамжийг хүчингүй болгоогүй, надад ямар нэгэн хариу өгөөгүй.

5.4. Би холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дээрх 700 м2 газрыг эзэмшиж байгаа бөгөөд иргэн Ш.Саас  уг газрын эзэмших эрхийг гэрээний дагуу шилжүүлж авсан. Алтанцөгц сумын Засаг дарга нь тухайн үед надад газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан мөртлөө дараа дур мэдэн ямар ч үндэслэлгүйгээр өмнөх захирамжаа хүчингүй болгож байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэжээ.

6. Хариуцагч  тайлбартаа:

6.1. Нэхэмжлэгч Х.Х нь Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Ш.С гэгч хүний Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/99 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 0000122739 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан. Х.Хы хүсэлтийг хангаж, Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/21 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсгүүдийг үндэслэж, иргэн Ш.Сын өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн.

6.2. Гэтэл тус сумын 1 дүгээр багийн иргэн С.М гэгч хүн “...миний хашаа хороо, үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газрыг Х.Хд давхар эзэмшүүлсэн.” гэж тухайн газарт холбогдуулж  гомдол гаргасан. Үүнд “Х.Хд Ш.Сын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Засаг даргын А/99 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн бол уг газрын байршлыг тогтоох, мөн газар эзэмшигч Ш.С нь 2016 онд  уг газрыг эзэмшилд авснаас хойш огт эзэмшиж ашиглаж байгаагүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмшүүлсэн захирамж хүчингүй болох ёстой.” гэж маргасан.

6.3. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан Засаг даргын эрх хэмжээний хүрээнд иргэд хоорондын газрын маргааныг зохицуулан шийдвэрлэх үүднээс Алтанцөгц  сумын газрын даамал Б.Кийг явуулж, газар дээр нь маргааны үйл баримтыг судлуулахад иргэн С.М болон Ш.С нарын эзэмшил газар нь хоёр тусдаа газар болох нь газрын сансраас татсан зургаар газрын байршил тогтоогдсон. Мөн Ш.С нь тухайн газрыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Засаг даргын А/99 дүгээр захирамжаар эзэмшилдээ авч, газар эзэмших эрх үүссэнээс хойш 7 жилийн турш огт ашиглаагүй, эзэмшлийн газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон тул Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Сад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон юм.

6.4. Иргэн Ш.Сад тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаар захирамжаар эзэмшүүлж, улмаар Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар хүчингүй болгосон газрыг нэхэмжлэгч Х.Хд  шилжүүлэн эзэмшүүлсэн учир маргаан бүхий захиргааны актаар Х.Хд газар эзэмшүүлсэн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг шилжүүлж буй Ш.Сад газар эзэмшүүлсэн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 тоот захирамж хүчингүй болсон тул Х.Хд тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй болсон.

6.5. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Хд өвөлжөөний болон хаваржааны эзэмшил газар нь тус тус байгаа, Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 дугаартай захирамж Х.Хы эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй юм гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа:

7.1. Нэхэмжлэгч Х.Х нь “Хуучин Халиасхарын бууц” гэх 700 м2 газрыг иргэн Ш.Саас эрх шилжүүлэх гэрээ хийж, хүсэлт гаргаснаар  Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дугаартай захирамжаар тухайн газрыг 23 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн газар 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 тоот захирамжаар Ш.Сад олгогдсон газар байсан. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай асуудал нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлийн хүрээнд явагдсан.

7.2. Алтанцөгц сумын Засаг дарга  2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А/50 дугаартай захирамжаар Ш.Сад газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрийг тухайн газраа 2 жилийн хугацаагаар эзэмшээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

Ш.Сын тухайн газрыг эзэмших эрхийг  2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан А/21 дугаартай захирамжаар Х.Хд шилжүүлсэн. А/21 дугаартай  захирамж гарснаар Ш.Сын уг газрыг эзэмших эрх дуусгавар болсон. Ш.С гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн газрыг Х.Хд түр ашиглуулж байсныг мэдүүлсэн байна.

7.3. Нэхэмжлэгч Х.Х нь маргаан бүхий газарт байшингаа барьж, зусландаа гарч 2023 оны 7 дугаар сард нүүж ирэх үед уг газар иргэн С.Мын газар гэх асуудал яригдсан байна. С.Мэд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/156 дугаартай захирамжаар “Хонхорын буйр” гэх газраас газар эзэмшүүлэхээр захирамж гаргасан байна.  “Халиасхарын буйр”, “Хонхорын буйр” гэх өөр өөр газар байдаг гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа:

8.1. 2016 онд Ш.Сад маргаан бүхий газрыг эзэмшүүлж байсан. Гэхдээ Ш.С нь тухайн газарт амьдраагүй, байшин, хашаа бариагүй гэдэг нь нотлогдож байна. Тус аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Ш.Сад эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон.

8.2. Ш.С нь мал маллаж байгаагүй хүн. Тухайн газрыг өөр хүнд ашиглуулна гэсэн ойлголт байхгүй. Газрыг ашиглуулах, эзэмшүүлэх эрх бүхий субъект нь төр юм. Тухайн үед Ш.Сын нөхөр нь тус аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан. Ш.Сад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон шийдвэр өнөөдөр хүртэл хүчинтэй байгаа.

8.3. Газрын байршлын сансраас авсан зургаар газрын даамал нь маргаан бүхий газар хоёр хүний газар болж давхцаагүй гэдгийг хэлсэн байна. Гэхдээ энэхүү зургийг мэргэжлийн бус хүн ойлгох боломжгүй байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр С.Мын газрын асуудлыг хэлэлцэж, иргэдийн саналаар С.Мэд  тус газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна гэв.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь :

1.Нэхэмжлэгч Х.Хы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч маргаан бүхий 700 м2 газрыг Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дугаартай захирамжаар 23 жилийн хугацаагаар эзэмшсэн, Засаг дарга иргэн Ш.Сын тус  газрыг эзэмших эрхийн гэрчилгээг надад А/21 дугаартай захирамжаар шилжүүлсэн мөртлөө уг шийдвэрээ үндэслэлгүйгээр хүчингүй болгосон.” гэж, хариуцагчаас “...тус сумын 1 дүгээр багийн иргэн С.М нь “...миний хашаа хороо, үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газрыг Х.Хд давхар эзэмшүүлсэн.” гэж тухайн газарт холбогдуулж  маргаан үүсгэсэн, газрын даамлаар маргааныг  судлуулахад иргэн С.М болон Ш.С нарын эзэмшил газар нь хоёр тусдаа газар болох нь сансраас татсан зургаар тогтоогдсон,  Ш.С нь 2016 онд  уг газрыг эзэмшилд авснаас хойш 7 жилийн турш эзэмшиж, ашиглаагүй тул Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар Ш.Сад газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон, иймээс Х.Хд тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй болсон.” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1. Иргэн Ш.Сад Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн “Бага сэвс” нэртэй газраас  өвөлжөөний зориулалтаар 700 м2 газрыг тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаартай захирамжаар эзэмшүүлснээр сумын газрын даамлаас мөн онд 000660957 дугаартай газар  эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

3.2. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл” бүхий баримтаар иргэн Ш.Сын газар эзэмших эрхийн ............... дугаартай  гэрчилгээг Х.Хд шилжүүлэх хүсэлтээ талууд гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/21 дугаартай захирамж гарч,  нэхэмжлэгч Х.Хд тус газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;” гэж заасантай, мөн эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх талаарх 38.4 дэх заалттай тус тус нийцжээ.

3.3. Газрын байршлыг Ш.Сад газар эзэмшүүлсэн Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаартай захирамж, 000660957 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд, мөн Засаг даргын 2023 оны А/21 дугаартай захирамжийн дагуу газар эзэмшигч Х.Хтай газрын даамлын байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, мөн өдөр олгогдсон газар эзэмших эрхийн 0000169279 дугаартай гэрчилгээнд тус тус “Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвсийн ам” /Бага сэвс/  /Хуучин Халиасхарын буйр/ гэж заасан байна.

3.4. Нэхэмжлэгч Х.Х нь “...Засаг даргын А/21 дугаартай захирамжаар эзэмшсэн газарт 2023 оны 5 дугаар сарын сүүлээр байшин барьсан гэж тайлбарласан ба шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн барьсан гэх   6.5 м2 талбайтай  байшин,  малын модон хашлага бүхий объектууд байгаа нь тогтоогдсон. Нэхэмжлэгч тус газарт байшин барьж, газрыг  эзэмшиж ашигласан,  түүнчлэн газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс  тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргаад  4 сар 22 хоног болсон байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн дээрх А/21 дугаартай захирамжийг маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д заасантай нийцээгүй, уг шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасныг зөрчсөн хууль бус байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвс” гэх газарт байршилтай “Хуучин Халиасхарын буйр” гэх газрын кадастрын зургийг эрх бүхий этгээдээс 3 удаа үйлдэж, газрын мэдээллийн санд бүртгэсэн, үүнд анхны кадастрын зураг нь маргаан бүхий газраас  27.5 км-ийн зайтай байршилд, хоёр дахь удаа  2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн кадастрын зураг нь 1.5 км-ийн зайтай байршилд, харин  2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зөвтгөж үйлдсэн гэх кадастрын зургаар тодорхойлогдсон газрын байршил нь нэхэмжлэгч Х.Хы байшин барьсан орчны газар болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 1,2,3 дугаартай кадастрын зургууд, “Иргэн Х.Хд шилжүүлэн эзэмшүүлсэн 700 м2 газрын мэдээллийн санд анх бүртгэгдсэн болон шилжүүлсэн кадастрын зургийн хоорондох зайг харуулсан зураг” бүхий баримтуудаар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч Х.Хы эзэмшсэн газрын байршлыг харуулсан кадастрын зураг өөр өөр байдлаар 3 удаа үйлдэгдэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нөхцөл байдлын талаар гэрч Баян-Өлгий  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Естай “ ... Иргэн Ш.С нь 2016 онд тус газрыг эзэмших үедээ газрын кадастрын зураг үйлдэгдээгүй, Ш.Сад газар эзэмшүүлсэн захирамж болон гэрчилгээнд тухайн газрын нэршлийг зааж өгсөн ба энэ нь Алтанцөгц  сумын “Бага сэвсийн ам” нэртэй газарт оршдог, нутгийн ард иргэдээс “Халиасхарын буйр” гэж нэрлэж ирсэн газар байгаа.

            Ш.Сын эзэмшил газрын мэдээллийг газрын мэдээллийн санд нөхөж оруулах үед газрын байршил нь солигдож буруу орсон байна. Энэ нь манай байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 1 дугаартай кадастрын зураг юм. Энэ нь Ш.Сын бодитой эзэмшиж байгаа газраас 27.5 км зайтай ба системд буруу байршил бүртгэгдсэн байна. Үүний дараа Алтанцөгц сумын газрын даамлаас манай мэргэжилтэн н.Ерболсынд хандаж, Ш.Сын эзэмшлийн газрын кадастрын зураг нь мэдээллийн санд буруу орсон байна гэж мэдэгдэж, газрын байршлыг зааж өгснөөр тус газрын байршлыг тогтоож 2-оор дугаарлагдсан кадастрын зураг үйлдэгдэж, системд бүртгэгдсэн байх боловч энэ нь Ш.Сын эзэмшил газраас 1,5 км зайтай  мөн  өөр газар болох нь тогтоогдсон.

Газрын кадастрын зураг нь буруу үйлдэгдсэн талаар анхны газар эзэмшигч Ш.С болон сүүлд газар эзэмшсэн Х.Х нар удаа дараа надад ирж газрын байршлын зургийг зөв гаргаж өгөх талаар хүсэлт гаргаж байсан ба үүнтэй холбоотойгоор Алтанцөгц сумын газрын даамал Б.К нь  “Халиасхарын буйр” бүхий газрын координатын цэгийг тодорхойлж, 2023 оны 8 дугаар 31-ний өдөр тодорхойлолт бүхий баримтыг  манай байгууллагад ирүүлснээр газрын байршлын зургийг 3 дахь удаагаа үйлдэж, тус газрын зөв байршлыг тогтоож мэдээллийн санд бүртгэсэн юм.” гэжээ.

Кадастрын зураг нь газрын өөр байршилд буруу үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Алтанцөгц сумын газрын даамал Б.К, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Естай нарын мэдүүлэг,  2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Алтанцөгц сумын газрын даамлын тодорхойлолт, мөн өдөр үйлдэгдэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Х.Хы байшин барьж, эзэмшиж, ашигласан газар нь Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Бага сэвс” гэх газарт байршилтай малын бууцтай газар болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон ба Х.Хы эзэмшсэн газрын талаар гэрч Алтанцөгц сумын газрын даамал “...Газар нь байршлын хувьд Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах, нутгийн ард иргэд “Халиасхарын буйр” гэж нэрлэж ирсэн малын бууцтай, малын хашааны суурьтай газар байсан. Тус газарт дээр үеэс н.Халиасхар гэдэг хүн малаа оторлуулж, өвөлжөөний зориулалтаар эзэмшиж,ашиглаж суусан газар байсан бөгөөд хашааны суурийг тухайн үед Халиасхар барьсан.” гэж;

Гэрч Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг дарга Д.Жандос “ Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах “Бага сэвсийн ам” гэдэг газарт орших “Халиасхарын буйр” гэх  өвөлжөөний газрын байршлыг би мэднэ. Би багийн Засаг дарга болсноос хойш тус газарт дээр үед Х.Хы хадам аав Халиасхар гэдэг хүн эзэмшиж сууж байсан талаар, иймээс нутгийн ард иргэд тус газрыг “Халиасхарын буйр” гэж нэрлэж ирснийг мэдсэн. Дараа нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр уг газрыг Ш.С гэгч хүн эзэмшсэн байх ба газар эзэмших эрхээ сүүлд Х.Хд шилжүүлсэн гэдгийг мэднэ. Тус газарт биечлэн очиж үзэж байсан ба уг газарт Х.Х болон С.М нар амбаар маягийн байшин барьсан байгаа.” гэж;

Гэрч М.Халиасхар “Би 1980 оноос 2012 он хүртэл Алтанцөгц сумын 1 дүгээр багт амьдарч байгаад 2012 онд Өлгий суманд нүүж ирж амьдарч байгаа.  Би Алтанцөгц суманд амьдарч байсан хугацаандаа “Бага сэвсийн ам” гэдэг газраас газар эзэмшсэн,...тус газарт олон жил мал маллаж сууж байсан. Тухайн үед би эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр тус газрыг эзэмшиж ашиглаж байсан. Миний эзэмшиж суусан тус газрыг нутгийн ард иргэд “Халиасхарын буйр”,” Халиасхарын бууц”  гэх мэтээр нэрлэж ирсэн. Тус газар нь ямар нэгэн объектгүй, малын бууцтай газар юм. 

Х.Х бол миний хүргэн хүү. Намайг нүүж явсны дараа уг газрыг өөр хүн эзэмшсэн, тэр хүнээс Х.Х нь газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэж хэлсэн ба тус газрыг эзэмшсэний дараа Х.Х байшин барьсан.” гэж тус тус мэдүүлжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” заасан ба дээрх гэрч   нарын мэдүүлэг болон 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн газрын кадастрын зургаас үзэхэд Х.Х нь түүнд олгосон 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 0000169279 дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээнд заасан “Алтанцөгц сумын 1 дүгээр баг, Бага сэвс/ Халиасхарын буйр/ “ гэх байршилд, тухайн газрыг эзэмшүүлсэн Засаг даргын 2023 оны А/21 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсан хугацаанд байшин барьж,  газрыг эзэмшиж ашигласан нь тогтоогдож байна.

2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн кадастрын зургаар тодорхойлогдож буй газрын байршил нь  Х.Хы  барьсан байшин орчны газар байх ба хэдийгээр уг кадастрын зураг нь маргаан бүхий захиргааны акт гарсаны дараа үйлдэгдсэн байх боловч өмнөх кадастрын зургууд нь  газар эзэмшигч Х.Хд эзэмшүүлсэн Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвс” нэртэй газарт орших  “Хуучин Халиасхарын буйр” гэх газрын байршилд үйлдэгдсэн эсэхийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар шалгаж тогтоохгүйгээр Х.Хд эзэмшүүлснээс өөр газарт үйлдэгдсэн буруу кадастрын зургийг үндэслэж, хариуцагчаас Х.Хд эзэмшүүлсэн газрын байршлыг түүний эзэмшиж, ашиглаж байгаа газраас өөр газар гэж үзсэн нь буруу байна.

  6. Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн байшингаас гадна иргэн С.Мийн барьсан гэх 6.3 м2 талбайтай байшин, хоёр талтай малын чулуу хашаа зэрэг объектууд байгаа нь тогтоогдсон. 

Хэргийн нотлох баримтаас үзэхэд, Алтанцөгц сумын Засаг дарга 2022  оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан  А/156 дугаар захирамжаар иргэн С.Мэд Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Бага сэвс” гэх газрын доод талд оршдог гэх “Хонхор буйр” нэртэй газраас И4851365, Е09021087 координаттай 700 м2 газар эзэмшүүлсэн байх ба уг захирамжийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байна.

Уг нөхцөл байдлын талаар Алтанцөгц сумын газрын даамал Б.Кээс шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ “...Алтанцөгц сумын иргэн Махамбет нь 2023 оны 2 дугаар сард надад ирж, “...сумын Засаг даргад Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Сэвс” нэртэй газраас газар эзэмших хүсэлт гаргасан. Миний авахыг хүссэн газрыг байршлыг очиж үзэж өгөөч.” гэж хүссэн. Үүний  дагуу би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр н.М хамтаар түүний зааж үзүүлсэн газарт нь очиход “Халиасхарын буйр” бүхий газар байсан. Тухайн үед би гар “GPS” багажаар газрын координатыг авсан ба “...тус газрыг Ш.С эзэмшдэг  талаар болон тус газрын ойр орчноос өөр газар эзэмшихийг хүсвэл багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлээд 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсны дараа газар эзэмших боломжтой.” гэдэг хариуг иргэн н.М өгч байсан юм. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Махамбет нь миний газар дээр нь очиж авсан координатын цэгийг тусгуулж, Алтанцөгц сумын Засаг даргаар 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/33, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаартай 2 захирамжийг Засаг даргаар гаргуулж надад үзүүлсэн. Уг хоёр захирамжийг би төлөвлөөгүй, надад мэдэгдэлгүйгээр хууль бус захирамж гаргуулсан. Яагаад гэхээр М хамтаар “Халиасхарын буйр” бүхий газарт очиж, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  /N4851365,  E09021087/ координаттай газар болохыг тодорхойлсон байхад 2023 оны 4 дүгээр сарын 05, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэсэн огноогоор миний 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тодорхойлсон координатыг тусгуулж “Хонхор буйр” гэсэн нэртэй газар болгож, Ш.С болон Х.Х нарын эзэмшлийн газарт захирамж гаргуулж авсан байсан. Дараа нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дугаартай захирамжаар дээрх хоёр захирамжийг Газрын албаны шаардлагын дагуу хүчингүй болгосон байна. Энэ талаар буюу А/51 дугаартай захирамж гарсан талаар би мэдээгүй юм.” гэжээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ш.Саас шилжүүлж авсан, Ш.С нь тухайн газрыг Алтанцөгц сумын  Засаг даргын 2016 оны  А/99 дугаартай захирамжаар эзэмшсэн  байхад хариуцагчаас 2022 оны А/156 дугаартай захирамж гаргаж, уг газрыг иргэн С.Мэд давхар эзэмшүүлсэн мөртлөө нэхэмжлэгч Х.Хы эзэмшсэн газар нь иргэн С.Мийн  газартай давхацсан байсан, энэ талаар С.М гомдол гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

7. Хариуцагчаас иргэн Ш.Сын маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг Х.Хд шилжүүлэх замаар 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр А/21 дугаартай захирамж гаргаж, газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсний дараа 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр  А/50 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримтлан Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны А/99 дугаартай “Бага сэвсийн ам Халиасхарын буйр” гэх газраас өвөлжөөний зориулалтаар Ш.Сад эзэмшүүлсэн 700 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас уг нөхцөл байдалтай холбогдуулж, Ш.С нь 2016 онд  уг газрыг эзэмшилд авснаас хойш 7 жилийн турш эзэмшиж, ашиглаагүй тул Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар Ш.Сад газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон, иймээс   Х.Хд тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласан.

Гэрч Ш.Саас шүүхэд “..Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаартай захирамжаар Алтанцөгц сумын 1 дүгээр багт хамаардаг “Сэвсийн ам” гэх газарт байршилтай урьд нь н.Халиасхар гэдэг хүн эзэмшиж өвөлжиж суусан гэх бууц бүхий сул газрыг эзэмшсэн. Нутгийн ард иргэд уг газрыг “Халиасхарын буйр” гэж нэрлэдэг ба уг газраас 700 м2 газрыг надад эзэмшүүлсэн юм. Манайх хэдэн тооны адуутай бөгөөд уг малаа маллах зорилгоор “Халиасхарын буйр” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших болсон. 2017 онд би тэтгэвэрт гарсан ба өвчтэй ээжийгээ асрахаар сумын төвд байсан. Үүний дараа ковид өвчин гарсан шалтгаанаар тус газарт биечлэн очиж өвөлжиж чадаагүй. Нэхэмжлэгч Х.Х малчин хүн бөгөөд “Сэвс” гэх газарт бас малаа малладаг. Иймээс бид адуу малаа 2018 оноос хойш Х.Хд захидаг байсан. Х.Х нь 2018 оноос хойш уг газрыг ашиглаж ирсэн ба уг газрын эзэмших эрхийг өөрт нь шилжүүлэхийг хүссэн тул би зөвшөөрөөд хоорондоо харилцан тохиролцсоноор хуульд зааснаар гэрээ байгуулж, 2023 оны А/21 дугаартай захирамжаар тус газрын эзэмших эрхээ би Х.Хд шилжүүлсэн болно.

Газрын байршлыг би мэдэж байгаа, биечлэн очиж үзэж байсан. Уг газарт барьж байгуулсан байгууламж байхгүй. Малын бууцтай сул газар юм. Мөн малын хашаа барих боломжтой ойрхон чулуу ихтэй газар байсан. Хашаа барихаар болж чулуу буулгана гэж манай гэрийнхэн ярьж байсан. Гэхдээ яг чулуу буулгасан эсэхийг мэдэхгүй. Уг газрыг би эзэмших үед надад кадастрын зураг үйлдэж өгөөгүй. Би захирамжийн дагуу эзэмшиж байсан. Би ер нь тэтгэвэрт гарсан 2017 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар гэрээсээ их гараагүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын А/50 дугаартай захирамжийн талаар би мэдэхгүй. Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас, газрын даамлаас мэдэгдэж, захирамж танилцуулж байгаагүй. Анх надад газар олгосон захирамжийг хүчингүй болгосон эсэхийг мэдэхгүй.” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж тус тус заасан.

Хариуцагчаас шүүх хуралдааны явцад Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны А/50 дугаартай захирамжийн талаар иргэн Ш.Сад мэдэгдэхийг газрын даамалд даалгасан гэж тайлбарласан боловч тус сумын газрын даамал Б.Кээс энэ талаар шүүхэд “...энэхүү 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/50 дугаартай захирамжийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Уг захирамжийг би Ш.Сад танилцуулаагүй, цахим мэдээллийн санд А/50 дугаартай захирамж бүртгэгдээгүй.” гэж мэдүүлжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Алтанцөгц сумын Засаг дарга маргаан бүхий газрын анхны эзэмшигч Ш.Сын тус газрыг эзэмших эрхийг дээрх 2023 оны А/50 дугаартай захирамжаар хүчингүй болгохдоо захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар эрх, хууль ёсны  ашиг сонирхол  нь хөндөгдөж байгаа этгээд болох Ш.Сыг оролцуулаагүй, оролцогчийн тайлбарыг сонсоогүй, тухайн газрыг эзэмшээгүй гэж үзсэн боловч энэ талаар ач холбогдол бүхий  бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөн газар эзэмшигч иргэнд мэдэгдэхгүйгээр А/50 дугаартай захирамж гаргасан  байх ба энэ нь хууль бус байна.

Түүнчлэн Ш.Сад анх маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн 2016 оны А/99 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байсан хугацаанд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр  нэхэмжлэгчид шилжүүлсэн, ингэснээр нэхэмжлэгч тухайн газарт байшин барьж, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлсэн байхад газрын анхны эзэмшигч Ш.Сад газар эзэмшүүлсэн шийдвэрийг дээрх байдлаар  хүчингүй болгосон нь хууль бус, иймээс хариуцагчаас Ш.Сын тухайн газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон тул маргаан бүхий  газрыг нэхэмжлэгч Х.Хд эзэмшүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа нь  үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/97 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.РИЗА