Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 92

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар ,

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-д холбогдох 1730000040024 дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялаар шийтгүүлж байсан, Т.Н. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Нар дэлгүүрт 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө нэвтрэн орж бэлэн 270.000 төгрөг, Болор архи 2 шил, Экс архи 1 ширхэг, 2.5 литрийн пиво 1 ширхэг, шпрот загасны консерв 4 ширхэг, хятад асаагуур 24 ширхэг, ууттай кофе 30 ширхэг, сахлын татуурга 4 ширхэг, Айфоне маркийн гар утас 1 ширхэг, ментос бохь 3 боодол, шил арчигч 1 ширхэг, үүргэвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 480.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгай хийхгүй байж болох байсан. Би буруугаа ухаарч байна. Тоо мэднэ, мөнгө тоолж чадна.Би 60.000 төгрөг авсан. Хохирлыг төлсөн. Би хийсэн хэргээ хүлээж байна...гэв.

 

 - Яллагдагч Т.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07-р сарын 04-ний 20 цаг өнгөрөөж гараад Сүхбаатарын талбай дээр сууж байгаад шөнө 00 цаг өнгөрөөд хойшоо буцаад ахынхруугаа явж байхад 2 дугаар сургуулийн зүүн талд байх Нар дэлгүүр хаалттай байсан. Тэгэхээр нь зүүн талын 2 цонхны хойд талын гадна хамгаалалтыг татаж аваад цонхыг нь хөшиж онгойлгоод дотогшоо орсон. Тэндээс 2.5 литрийн Боргио пиво 1-ийг, 30 орчим ширхэг кофе, лаазалсан загас 4 ширхэг, 1 хайрцаг нарийн тамхийг аваад, баруун талын өрөөнд байсан цүнхтэй нөүтбүүк байсныг нөүтбүүкийг нь гаргаж тавиад цүнхэн дотор байсан цагаан өнгийн гар утсыг нь хамт аваад цүнхэн дотроо авсан эд зүйлүүдээ хийж 20 гаруй ширхэг асаагуур, шил  арчигч авч баруун талын лангуун дор байсан цаасан хайрцагтай мөнгийг бүгдийг нь аваад гарсан. Хулгайлсан эд зүйлээ Х ахын хашаанд байдаг амбаарт хийсэн. Тэгээд авсан эд зүйлээсээ пивоо задалж ганц нэг балгаад асгаад хаясан. Авсан мөнгө 60.000 орчим төгрөг байсныг мотоцикльдоо бензин хийж хоол хүнсний зүйл аваад Дарьганга сумаар яваад дуусгасан. Тухайн үед Дарьганга сум явах гээд мөнгөгүй болчихоод байсан. Тэгээд л Нар дэлгүүрийн хажуугаар явж байхдаа гэнэт хулгай хиймээр санагдаад цонхоор нь орж хулгай хийсэн. Би хохирогч А-т 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 366.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад төлөх төлбөр байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

 

 - Хохирогч Н.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед би дэлгүүрээ хааж түгжээд гэр рүүгээ харьсан. Маргааш  өглөө нь 10 цагт дэлгүүрээ нээх гэж очиход манай дэлгүүрийн хойд талын цонхны төмөр хаалтыг салгаад дор тавьчихсан, форчик нь нээлттэй байсан. Тэгэхээр нь хаалгаа нээж дотор нь орж үзэхэд лангууны ард мөнгөний хайрцаг дотор байсан орлогын мөнгө болон архины лангуун дээрээс 3 шил архи, хүнсний лангуунаас лаазтай эд зүйл, цүнхтэй гар утас, асаагуур зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм. Нийт бараага 480100 төгрөгөөр үнэлнэ. Манай дэлгүүрээс хулгай хийсэн Нэргүй гэдэг залуу 3 боодол ментос бохь, 4 ширхэг сахлын татуурга, Айфоне-5 маркийн гар утас, 24 ширхэг асаагуур, 28 ширхэг хаан кофе, 1 ширхэг Гайхмаараа нэртэй шил арчигчийг хүлээлгэн өгсөн. Би Нэргүйгээс хохирлын мөнгө 366.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр авсан болохоор одоо надад гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/

 

-Хурууны хээг бэхжүүлэн авсан баримт /хх-ийн 7-р хуудас/

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09, 12-15-р хуудас/

 

-Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн комиссын Я.Т-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон шийдвэр 

 

-Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/

 

-  Т.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Нар дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 270.000 төгрөг, Болор архи 2 шил, Экс архи 1 ширхэг, 2.5 литрийн пиво 1 ширхэг, шпрот загасны консерв 4 ширхэг, хятад асаагуур 24 ширхэг, ууттай кофе 30 ширхэг, сахлын татуурга 4 ширхэг, Айфоне маркийн гар утас 1 ширхэг, ментос бохь 3 боодол, шил арчигч 1 ширхэг, үүргэвч зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Н.А-т нийт 480.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Н-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.А-ын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

 

Т.Н-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Тэрээр мөнгө, эд зүйл авах зорилгоор буюу шунахай сэдэлтээр дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориуллалтай байранд шөнийн цагт нууцаар, цонхны хамгаалалтыг эдвэж хууль бусаар нэвтэрч орсон ба гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдын өмчлөх эрхэнд бага хэмжээний хохирол учруулсан байна. 

 

Прокуророос ирүүлсэн шүүгдэгч Т.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлож буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн хийгээд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймд шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д заасан буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна .   

 

 Шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Н.А-т  хохиролд 366.000 төгрөг, 3 боодол ментос бохь, 4 ширхэг сахлын татуурга, Айфоне-5 маркийн гар утас, 24 ширхэг асаагуур, 28 ширхэг хаан кофе, 1 ширхэг Гайхмаараа нэртэй шил арчигч зэргийг буцааж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

 Т.Н-н үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан боловч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

       

Шүүгдэгч Т.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.А-т 366.000 төгрөг, бусад эд зүйлийг буцаан өгч  хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Н-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, ерөнхий ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Н-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Ат 366.000 төгрөг, бусад эд зүйлийг буцаан өгч хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор  хүчинтэй болно.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН