Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 135/шш2024/00797

 

 

 

 

                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/00428/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ****** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******намарын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.*******намар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******туяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.*******намар шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Архангай аймгийн Төвшрүүлэх сангийн аж ахуйд тракторчин хийж байгаад нэр нь солигдоод Мандах ХК болж өөрчлөгдсөн. Энэ компанид 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон гарсан тушаал нь байхгүй байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар, 1995 оны 01 сарын 01-ий өдөр нээсэн №304333 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 1976 оны 08 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын нээсэн Хөдөлмөрийн дэвтэр зэрэг олгосон үнэмлэх зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс Архангай аймгийн Архивын тасгаас лавлагаа, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газраас лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч ******* гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.*******намарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч нь ажлаас халагдсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Д.*******намар нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан 1995 оны 01 сарын 01-ий өдөр нээсэн №304333 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 1976 оны 08 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын нээсэн Хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанд ... 1995 оны 3 сарын 01-нээс 1995 оны 12 сарын 31 хүртэл, 1996 оны 04 сарын 01-нээс 1996 оны 11 сарын 01 хүртэл ажил олгогч байгууллагаар Мандах ХК нь даатгуулагч ******* *******намар нэрээр шимтгэл төлсөн, Мандах ХК 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлсөн тухай лавлагаа, гэрч ******* мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Д.*******намар нь 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Мандах ХК-д тракторч, комбайнчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Д.*******намарын шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******намарыг Мандах ХК-д тракторч, комбайнчаар 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ