Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2024/0009

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.С

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Сд,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын  нийгмийн даатгалын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч А.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан, “А.Ст өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах“-аар маргасан байна.

            2. Нэхэмжлэгч нь   2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан ба тус газраас өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан   хариу өгчээ.

            3. Улмаар нэхэмжлэгч нь  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар  Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол[1] гаргасан байх ба гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар тогтоолоор[2] “ ... А.Сийн 1992 онд ажиллаж байсан нэгдэл дундын үйлдвэр нь цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учир ажилласан жилд оруулан тооцох боломжгүй” гэж  шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.     

            4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт:

4.1. Монгол улсын иргэн А.С нь 1963 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, одоо 60 настай ба улсад 21 жил, 3 сараас доошгүй жил ажилласан тул 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарт өргөдөл гарган тэтгэврийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгөх гэсэн боловч танд “Таны аймгийн нэгдэл дундын үйлдвэрт  ажиллаж байсан хугацааг шүүхээс тогтоосон боловч тухайн байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учир таны ажилласан жил хүрэхгүй байна” гэж түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн.

4.2. А.Сээс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлыг тус хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тэтгэвэр тогтоох тухай шийдвэр гаргаж өгөхийг  хүсэж гомдол гаргасныг тус зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. А.С нь тус аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан ба тухайн үед ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээгээгүй,  тухайн байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэхэд түүний ямар нэгэн  оролцоо, үүрэг байхгүй юм.

Иймээс А.Сийн өндөр насны тэтгэвэр авах эрх нь зөрчигдөж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

4.3. 2023 онд үйлчилж байсан нийгмийн даатгалын багц хуулиар 60 нас хүрсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг 21 жил 6 сараас доошгүй жил төлсөн эрэгтэй даатгуулагчид өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээр хуульчилсан байна.

            4.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130\ШШ2023\01046 дугаартай шийдвэрээр А.Сийн ажилласан байдлыг дараах байдлаар тогтоосон.  

            Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31 -ны өдрийг дуустал барилгачнаар 3 жил, 5 сар ажилласан, Баян-Өлгий аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар 4 жил, 9 сар ажилласан. Ингэснээр нэхэмжлэгч А.С нь иргэний шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар 8 жил, 2 сар ажилласан байна. № 029900078 дугаартай баталгаажилтын хуудсаар А.С нь 1992 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал  8 жил 6 сарын хугацаагаар нөхөн даатгалд хамрагджээ. Хариуцагчаас ирүүлсэн тайлбарт дурдсанаар А.Сийн цэргийн алба хаасан хугацааг өсгөөд нь 4 жил 8 сар байна.

           4.5. Мөн хариуцагчаас ирүүлсэн тайлбарт дурдсанаар, А.Сийн “Мах маркетад” ажилласан 2009, 2010, 2011 онуудад нийт 7 сар цалин авсан нь тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа тул хоногт шилжүүлэн тооцоход 3 сар, 6 өдөр байна. Ингээд А.С нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын байцаагч нарт өргөдөл гаргах үед тэрээр 21 жил, 7 сар, 3 хоног ажилласан байна.

           4.6. Нийгмийн даатгалын газрын татгалзлын гол үндэслэл тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Нэгдэл дундын үйлдвэрт 1991 оны 7 дугаар сарын 01-ээс 1992 оны 7 дугаар сар хүртэл шимтгэл төлөөгүй асуудалд А.Сийн буруутай ажиллагаа байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн  хариу тайлбартаа:

5.1. Иргэн А.Сийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд “...нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр  эрэгтэй 60 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ” гэж заасан тул 2023 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх нийт хугацаа 21 жил 6 сар байх ёстой.

5.2. Иргэн А.С нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр 1987 оны 10 дугаар сараас 1992 оны 7 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан байдлаа тогтоолгосон байна. Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна.

5.3. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “... нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг  мөн хугацаанд нийгмийн даатгалд  даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд  оруулан тооцно. Үүнд, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлд ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж заасан.

Мөн нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т  “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаанд БНМАУ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна” гэж тайлбарласан.

5.4. 1963 онд төрсөн хүн 21 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд 60 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч А.Сийн хувьд “Мах маркет”-д ажилласан 2009, 2010, 2011 онуудад нийт 7 сар цалин авсан нь тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа тул хоногт шилжүүлэн тооцоход 3 сар 6 өдөр гарч байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.13 өдрийн 130/ШШ2023/01046 дугаар шийдвэрээр 1981.01.01-1984.05.31 хооронд 3 жил 5 сар, 1987.10.01- 1992.07.01 хүртэл 4 жил 10 сар ажилласан байдлаа тогтоолгосон боловч 1992 онд Нэгдэл дундын үйлдвэр нь нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй учир 3 жил 9 сар ажилласан гэж үзээд шүүхийн шийдвэрээр тогтоолгосон нийт жил 7 жил 2 сар байна.

5.5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд  “23.1.1  /ажилтны 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа/ 23.1.2 /ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа/...” гэж заасан байдаг тул 1991 оны 7 дугаар сарын 01-ээс хойш ажилласан хугацаанд Нэгдэл дундын үйлдвэр нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учир ажилласан жилд оруулан тооцох боломжгүй байна. Цэргийн алба хаасан жилийг өсгөөд 4 жил 8 сар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил 8 жил 6 сар нийт 20 жил 7 сар ажилласан жилтэй тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “А.Ст өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах“ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2023 онд үйлчилж байсан Нийгмийн даатгалын холбогдох хуулиар 60 нас хүрсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг 21 жил 6 сар төлсөн эрэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд хариуцагч Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгчийн аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилласныг иргэний шүүхээр тогтоосон  1992 оны 1 дүгээр сарын 1-ээс 1992 оны 07 дугаар сарын 1-нийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа нь хууль бус, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй явдалд нэхэмжлэгчийн буруу байхгүй” гэж тодорхойлжээ.

3. Хариуцагчаас  татгалзлын[3] үндэслэлээ “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр  эрэгтэй 60 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ” гэж заасан тул 2023 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх нийт хугацаа 21 жил 6 сар байх ёстой. Нэхэмжлэгчийн 1992 онд ажилласан үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг аймгийн Нэгдсэн дундын үйлдвэр төлөөгүй тул хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж марган тайлбарлажээ.

4. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн /1994 он/ 4 дүгээр зүйлийн 1-т “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл,  заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай   хуулийн  /2018 он/ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “... 61 дугаар зүйл “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ”, 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас … эрэгтэй даатгуулагчийн төрсөн он 1963, өндөр насны тэтгэвэр тогтоох нас 61 нас 6 сар” гэж тус тус заажээ.

5. Нэхэмжлэгч нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 8 жил 2 сар Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/01046 дугаартай шийдвэрээр[4], 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн албыг  хаасан нь Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9065 дугаартай архивын лавлагаагаар[5], 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдийг хүртэл нийт 8 жил 6 сар тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь нэхэмжлэгчийн НДД № А 0905890 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тэмдэглэлээр[6], “Мах маркет” ХХК-д  2009 онд 9.10 сард, 2010 онд 10, 11 сард, 2011 онд 9,10, 11 сард ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар[7] тус тус тогтоогдож байна.

6. Цэргийн алба хаасан хугацааг иргэний байгууллагад ажиллаж, шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно, ...  2/ цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж зохицуулжээ.

7. Нэхэмжлэгч нь цэргийн хугацаат албыг нийтдээ 3 жил 2 сар хаасан байх ба хуулийн дээрх заалтаар нэг жилийг 1 жил 6 сараар тооцоход 3 жил х 1 жил 6 сар, нийт 4 жил 6 сар (1 жил 6 сар+1 жил 6 сар= 3 жил+1 жил 6 сар=4 жил 6 сар) ,  дээрх хуульд зааснаар  1 жилд нэмсэн 6 сарыг 12 сард хувааж  (6:12=0,5) 1 сард ногдох  хугацааг тэгшитгэж (пропорцоор) тооцоход хагас  сар буюу 15 хоног, 2 сар алба хаасан хугацаа 15x2=30 хоног буюу 1 сар,   нийт 4 жил 7 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөнд тооцох нь зүйтэй байна.

8.  Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” 34 дүгэр тогтоолын хавсралтаар баталсан Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тооцох журмын 4 дүгээр зүйлд “Энэ журмын 2-т дурдсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг сарын цалин, хөлсийг нь үндэслэн дор дурдсанаар тооцно. Үүнд: а/ Даатгуулагчийн тухайн сарын орлогыг Засгийн газраас баталсан цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хувааж, тухайн сард ажилласан нийт цагийг тодорхойлно. б/ Даатгуулагчийн тухайн сард ажилласан нийт цагийг 8 цаг (ердийн ажлын өдөрт ажиллах хугацаа)-т хувааж, тухайн сард ажилласан ажлын өдрийг тодорхойлно. в/ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин, хөлс авсан сар бүрийн ажилласан ажлын өдрийг энэ аргачлалын 4-ийн “а”, “б”-д заасны дагуу тодорхойлж, гарсан хугацааг нэмж, тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлно” гэж, Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолын 1-д “Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сард 108000 /нэг зуун найман мянган/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж, 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиглагчийн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгэр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж тус тус заажээ.

9. Нэхэмжлэгч нь  “Мах маркет” ХХК-д 2009-2011 онуудад  улирлын чанартай ажил хийж, цалин авч байсан бөгөөд  тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох дээрх журмуудад заасан аргачлалаар тооцоход 2009 оны 9 дүгээр сард олсон орлого 44160 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох өдөр  9   /44160:642,85=68,69:8=8.58/, 10 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр цалинжсан байх тул 1 сар, 2010 оны 10 сард олсон орлого 20000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох өдөр 4  /20000:642,85=31.111:8=3.88=4 /, 2010 оны 11 дүгээр сард олсон орлого 68000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд  төлсөнд тооцох өдөр 13 /68000:642,85=105677:8=13/, 2011 оны 10 дугаар сард олсон орлого 85763 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох  өдөр 13 /85763:835,71=102.625:8=12.8=13/, 11 дүгээр сард олсон орлого 100677 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөнд тооцох 15 өдөр /100677:835,71=12046:8=15/, 12 дугаар сард олсон орлого 14245 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох хугацаа 2 өдөр /14245:835,71=17.04:8=2.13=2, нийт хугацаа /9+4+13+13+15+2=56 өдөр:21,2=2 сар 6 өдөр +1 сар /2009 оны 10 сар/ =3 сар 6 өдөр  байна.

10. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, Нийгмийн  даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “ Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно” гэж тус тус заасан.

11. Нэхэмжлэгч нь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсныг иргэний шүүх тогтоосон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, тухайн байгууллагын ажилчны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, хуулийн дээрх заалтаар ажил олгогч хариуцаж  төлөх ёстой тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарлах үндэслэлгүй гэж үзлээ.

12. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, шүүхээр тогтоолгосон  хугацаа 8 жил 2 сар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөнд тооцсон хугацаа 8 жил 6 сар, цэргийн алба хаасны хугацаа 4 жил 7 сар, “Мах маркет”-д ажилласан хугацаа 3 сар 6 хоног, нийт 21 жил 6 сар 6 хоног болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа  татгалзлыг хууль бус гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэлээ.

13. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай  хуулийн /1994 он/  6 дугаар зүйлд  “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байх ба  нэхэмжлэгчийн аймгийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргасан өдрөөр буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг тогтоох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 3 дугаар зүйлийн 2, 6, 4 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл,  заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай   хуулийн  /2018 он/   1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  А.Ст   өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 3 дүгээр хуудас

[2] Хэргийн 4 дүгээр хуудас

[3] Хэргийн 18-19 дүгээр тал

[4] Хэргийн 8-10 дугаар тал

[5] Хэргийн 5 дугаар тал

[6] Хэргийн 6 дугаар тал

[7] Хэргийн 7 дугаар тал