Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 91

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                        

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч Б.Б-т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бтод холбогдох эрүүгийн 1730000680044 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ЛЗ86111576 регистртэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.Б. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Б-т нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  Баянгол  гэх газарт Г.М-тай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Б.Б-т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М ах ирээд айлын найранд орсон. Тэр айлд архи ууж байгаад өөр айл руу явж архи уусан.Тэгээд муудаад ийм зүйл болсон. Би хохирлоо нөхөн төлсөн. Хохирогч надад гомдол саналгүй гээд бичиг хийж өгсөн. Өөр ярих зүйл байхгүй... гэв. 

 

- Яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтын өгсөн: Хоол цай идэж уучихаад 0.5-ын Ерөөл архи 4 шилийг ууж дуусгачихаад М, М-ын малчин Б бид 3 Э гэх айл руу очоод бас 3 шил архи  уугаад байж байтал М Б-г “ чи муу юу хийгээд намайг дагаад байгаа юм, гар зайл чи”  гээд хөөгөөд байхаар нь би М-ыг аваад Ө ахыруу явсан бөгөөд гэрийнх нь гадаа очоод би М-д “ чи өөрийнхөө малчин Б-г яагаад тэгж дээрэлхэж байгаа юм бэ, тэр чинь бид нартай адилхан хүн шүү дээ” гэхэд М “чамд хамаагүй гөлөг минь” гэхэд миний уур хөдлөөд М-ыг өшиглөж унагаасан бөгөөд М босож ирээд намайг бас цохиж байх шиг байсан. Айлын гадаа байсан шилэн дээгүүр өнхөрсөн юм шиг байсан, согтуу байсан болохоор сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

 

 - Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянголд байх дүү болох Б-ыхаар өөрийн малчин болох Б-тай орсон бөгөөд хажуу айл болох Б-ыг дуудаж оруулж ирээд 0.5 граммын Ерөөл архи 3 шилийг ууж дуусгачихаад урд нь байх Д гэх айлынд очиж бас 2-3 шил архи хувааж уусны дараа би Бг “ чи муу гөлөг яахаараа надтай цуг архи ууж байгаа юм гар, зайл чи гээд хөөсөн “ юм. Тэгсэн Б “ та ингэж болохгүй 2-лаа гаръя “ гээд намайг авч гараад бид 2 Ө гэх айлруу явсан. Өгийн гадаа очоод Б “ та яагаад Бг дээрэлхээд байгаа юм “ гээд агсархад нь би “ чи муу битгий хуц “ гэхэд  Б намайг гараараа нүүр рүү цохиод унагасан юм. Би босч ирээд Б-той барьцалдаж ноцолдсон, Б намайг унагаагаад нүүр рүү өшиглөөд байх шиг байсан. Тухайн үед би унахдаа иртэй юман дээр ойчсон юм шиг байсан гуянаас цус гарч байсан. Тэгээд байж байтал Ө гэрээсээ гарч ирээд та 2 боль гээд салгасан. Би өглөө Ө-гийнд сэрсэн бөгөөд бие муу байхаар нь түргэн дуудсан.Б намайг зодохдоо зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Би эмчилгээний зардал болох 250.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр санал, гомдол байхгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/

 

- Гэрч С.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24 цагийн үед гэртээ унтаж байтал гэнэт гадаа хүмүүс ноцолдоод байх шиг болохоор нь гараад хартал Б М-ыг унагаад дээр нь гарчихсан толгойруу нь гараараа цохиж байхад нь би гүйж очоод салгасан юм. Тухайн үед Ө бас цаанаас ирж салагасан. Намайг харахад гараараа цохиж байсан. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, 

 

- Гэрч С.Ө-ын мөрдөн байцааланд өгсөн:  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24 цагийн үед гэртээ унтаж байтал гэнэт гадаа хүмүүс ноцолдоод байх шиг болохоор нь гараад хартал Б М-ын дээр гарчихсан гараараа толгой руу нь цохиж байхад нь би гүйж очоод салгасан юм. М сэрээд миний гуя шал хөндүүр байна гэхээр нь хартал гуяндаа зүсэгдсэн шархтай байсан. Манай гэрийн урд варений шил байсан ба тэрэн дээр очоод зүссэн байх гэж бодсон. Тухайн үед  гэрээс гарахад Б нь гараараа цохиж байсан. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

- Гэрч Б.С-ийн мөрдөн байцааланд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед Ө гэх хүн утсаар М нь бусдад зодуулсан байдалтай бие таруухан байна, хурдан ирээч гэж дуудлага өгсөн бөгөөд тухайн үед сумын төлөөлөгч рүү ярьж мэдэгдсэн. Эмнэлэгийн машинтай жолооч Э, Туяа эмч бид 3 дуудлагаар очиход биеийн байдал нь хүндэвтэр, амин үзүүлэлт хэвийн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, баруун гуя нь ямар нэгэн зүйлд зүсэгдсэн байсан ба сумын эмнэлэгт ирээд анхан шатны тусламж үзүүлж аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. М нь “ах нь архи уучихаад амнаасаа болж хүнд зодуулчихлаа гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

 

        -Яаралтай тусламжийн хуудас. 2017.09.07. /хх- 35/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09-р сарын 08-ны өдрийн 334 дугаартай дүгнэлтэнд: 1.Г.М-ын биед зүүн бугалганы гадна дунд хэсэгт 2 ширхэг хатгагдсан шарх, орчны зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны гадна дунд хэсэгт ташуу байрлалтай зах ирмэг тэгш зүсэгдсэн шарх, 2 нүдний алимны цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд, хамарт, хамрын дор, эрүүний ооч хэсэгт, хүзүүний урд хэсэгт, эрүүний зүүн буланд, буруун шанаанд зүүн чихэнд, зүүн ташаа орчим цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг хатгагдсан зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр, бусад гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 15-р хуудас/

 

- Б.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/

 

- Хохирогч Г.М-ын шүүхэд ирүүлсэн хүсэлт.2017.09.20. зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 09 сарын 06-ны шөнө 22.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг Баянгол гэх газарт иргэн Г.М-тай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь “ зүүн бугалганы гадна дунд хэсэгт 2 ширхэг хатгагдсан шарх, орчны зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны гадна дунд хэсэгт ташуу байрлалтай зах ирмэг тэгш зүсэгдсэн шарх, 2 нүдний алимны цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд, хамарт, хамрын дор, эрүүний ооч хэсэгт, хүзүүний урд хэсэгт, эрүүний зүүн буланд, буруун шанаанд зүүн чихэнд, зүүн ташаа орчим цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.М, гэрч С.А, С.Ө, Б.С, нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 338 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож  байна. 

 

Б.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл үндэстэй байна.

Хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.М-тай хамт архи ууж, согтуурсан үедээ Г.М-тай хувийн буюу бусдыг дээрлэхлээ гэх асуудлаас маргаан үүсгэн, түүнийг өшиглөх, унагах, гараар цохих зэргээр зодсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь гэрч С.А-ын “ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24 цагийн үед гэртээ унтаж байтал гэнэт гадаа хүмүүс ноцолдоод байх шиг болохоор нь гараад хартал Б М-ыг унагаад дээр нь гарчихсан толгойруу нь гараараа цохиж байхад нь би гүйж очоод салгасан юм. Намайг харахад гараараа цохиж байсан. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан ” гэх, гэрч С.Ө-ын “ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24 цагийн үед гэртээ унтаж байтал гэнэт гадаа хүмүүс ноцолдоод байх шиг болохоор нь гараад хартал Б М-ын дээр гарчихсан гараараа толгой руу нь цохиж байхад нь би гүйж очоод салгасан юм. М сэрээд миний гуя шал хөндүүр байна гэхээр нь хартал гуяндаа зүсэгдсэн шархтай байсан. Манай гэрийн урд варений шил байсан ба тэрэн дээр очоод зүссэн байх гэж бодсон. Тухайн үед  гэрээс гарахад Б нь гараараа цохиж байсан. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан “ гэх мэдүүлэгүүдээр тогтоогдоно.

 

Б.Б тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Учир нь тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүйг ухамсарлаж мэдсэн атлаа согтуурсаны улмаас ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. 

 

          Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлож буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн,  мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан,  мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

 Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Г.М-д учруулсан хохирол буюу эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

 Б.Б-ын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлж учруулсан хор уршгийг арилгасан, түүний үйлдлээс бусдад хөнгөн хохирол учирсан боловч эдгэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

       

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.М 250.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.М 250.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэснийг гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН