Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

                                     Н.*******, Т.******* нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.*******

Шүүгдэгч Н.*******, Т.*******

нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Т.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн 2131001840205 дугаартай 175/2022/0016/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* ******* овогт *******ын *******, 1991 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Дулаанхаан тосгоны ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, Бумцэндийн 56-45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/;

 

******* овогт ын *******, 1996 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Аптай аймгийн Цогт суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Төрийн банкинд теллерийн туслах ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, Бумцэндийн 56-37 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч Н.*******, Т.******* нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг, Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын ажилчдын нийтийн орон сууц болох 56 дугаар байрны 39 тоотод оршин суух М.ыг нөхөртэйгөө хардсаны улмаас гэрийнх нь төмөр хаалгыг хүч хэрэглэж буюу хутгаар хөшиж онгойлгон оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж, М.ын үснээс зулгаан чирэх, татах, нүүр лүү нь алгадах, толгой руу нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, чамархай, хацар, бугуй, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.*******, Т.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, шүүгдэгч ******* овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг хүч хэрэглэж буюу заазуураар хаалгыг нь хөшиж онгойлгож, хууль бусаар нэвтрэн орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Н.*******, Т.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.*******, Т.******* нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Т.******* нарт оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.*******, Т.******* нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэн,

 

Шүүгдэгч Н.*******, Т.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр  шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 09 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Одмаа, Т.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан бөгөөд, 2 өөр төрлийн ялуудыг хэрхэн дүйцүүлж шилжүүлж нэгтгэж байгаа талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан боловч, тогтоох хэсэгт тодорхой хуулийн үндэслэлийг дурдаж шийдвэрлээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

 

2.     Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “ ... 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж... ” гэж шийдвэрлэсэн нь шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. 7.1 дүгээр зүйлүүд нь ”хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” ойлголтыг хуульчилж тогтоосон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг “оногдуулсан хорих ялыг тэнсэх” агуулгаар хэрэглэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, улмаар тэнссэн тохиолдолд хэрэглэх зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.******* дүгнэлтдээ:  Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.*******, Т.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.*******, Т.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.*******, Т.******* нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Т.******* нарт оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү шүүгдэгч нарт ял шийтгэл ногдуулахдаа шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

1.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн  нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог. 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 жилийн хугацаагаар хорих хоёр өөр төрлийн ялыг нэмж нэгтгэхдээ  “хөнгөн ялыг хүндэд нь багтаан” гэж хуульд заагаагүй багтаах гэсэн агуулгыг хэрэглэсэн, өөр төрлийн ялыг хооронд нь дүйцүүлэн шилжүүлж нэгтгэсэн, тогтоох хэсэгтээ ял нэгтгэсэн хуулийн үндэслэлийг дурьдаагүй, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн заалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2.Монгол улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээ шүүхэд хуулиар олгогдсон.

Гэтэл шүүхээс шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэлд нь  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн  нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч Н.*******, Т.******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Н.*******, Т.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.*******, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН