| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00653/И |
| Дугаар | 151/ШШ2024/00645 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00645
2024 07 05 151/ШШ2024/00645
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Т аймаг, Ө сум, 2 дугаар баг, Хайрхан гэх газарт оршин суух М овогт Хийн П,
Хариуцагч: Т аймаг, Ө сум, Баянтуул 1 дүгээр багт оршин суух Т овогт Лийн Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,866,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч Л.Бөд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “2019 оны 9 дүгээр сарын сүүлээр би өөрийн дүү болох Э.Дгийн хамтаар Т аймгийн А суманд оршин суух хаягтай иргэн Ч.Гансүх гэх хүнээс 3 тооны хурган хуцыг 1,350,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн эзэмшлийн малдаа өсгөж, үржүүлж байх үед 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус сумын Баянтуул 1 дүгээр багийн нутагт оршин суух хаягтай Л.Б хэмээх хүн ирээд, би хуц, ухна маллаж байгаа, 5 тооны хуц хонио өгөөч, өөрийн эзэмшлийн малдаа хариуцаж маллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын эхээр буцааж өгье гэж өөрийн биеэр ирж асууж гуйхаар нь би зөвшөөрөөд хүлээлгэж өгч явуулсан юм. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 5 тооны хуц хонио авах гээд Л.Бийн гэрт очсон чинь 2 тооны хуц хонь чинь үхчихсэн гэж хэлэхээр нь үхсэн гэх нотолгоо байгаа юу гэж асуусан чинь зураг нь байгаа, араас чинь фэйсбүүк цахим хаягийн чатаар явуулъя гэж хэлэхээр нь би за явуулаарай гэж хэлээд 3 тооны хуц хонио аваад явсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 5 хоногийн дараа залгаад утсаа авахгүй байхаар нь гэрт нь очиж уулзсан чинь Л.Б үхсэн гэх 2 тооны хуц хонины зураг одоо явууллаа гэж хэлээд одоог хүртэл утсаа авахгүй, гэрт нь очихоор байхгүй, дандаа худлаа хэлж байна. Тухайн үед хүлээлгэж өгч байхад бичгээр тэмдэглэл, гэрээ хийсэн. Тухайн гэрээ тэмдэглэл нь Л.Бөд өөрт нь байгаа. Би тухайн үедээ хүлээлгэж өгч байгаа гэх 5 тооны хуц хонины зураг дарсан. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.
2.Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х.Пын нэхэмжилж байгаа 2 хуцны мөнгийг 2 хувааж төлнө. 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэх 1,366,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/; Т аймгийн Прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэгийг хаах тухай” прокурорын тогтоол /хх 4-6/, хариуцагчаас: хариу тайлбар /хх 22/, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Хуц, ухна маллах гэрээ” /хх 23/-г шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч Л.Бөд холбогдуулан гэм хорын хохиролд 2,866,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “2019 оны 9 дүгээр сарын сүүлээр би өөрийн дүү болох Э.Дгийн хамтаар Т аймгийн А суманд оршин суух хаягтай иргэн Ч.Гансүх гэх хүнээс 3 тооны хурган хуцыг 1,350,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн эзэмшлийн малдаа өсгөж, үржүүлж байх үед 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус сумын Баянтуул 1 дүгээр багийн нутагт оршин суух хаягтай Л.Б хэмээх хүн ирээд, би хуц, ухна маллаж байгаа, 5 тооны хуц хонио өгөөч, өөрийн эзэмшлийн малдаа хариуцаж маллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын эхээр буцааж өгье гэж өөрийн биеэр ирж асууж гуйхаар нь би зөвшөөрөөд хүлээлгэж өгч явуулсан юм. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 5 тооны хуц хонио авах гээд Л.Бийн гэрт очсон чинь 2 тооны хуц хонь чинь үхчихсэн гэж хэлэхээр нь үхсэн гэх нотолгоо байгаа юу гэж асуусан чинь зураг нь байгаа, араас чинь фэйсбүүк цахим хаягийн чатаар явуулъя гэж хэлэхээр нь би за явуулаарай гэж хэлээд 3 тооны хуц хонио аваад явсан” гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Х.Поос 5 тооны хуц авч маллаж байх хугацаанд 2 тооны хуц нь үхсэн гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэх 1,366,000, нийт 2,866,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. /хх-22/
4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,806 төгрөгөөс 30,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 30,403 төгрөг, хариуцагчаас 30,403 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэх 1,366,000, нийт 2,866,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Под төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Пын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,806 төгрөгөөс 30,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 30,403 төгрөг, хариуцагч Л.Бөөс 30,403 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Под олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН