Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0133/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                   А.Цэрэндулам 

Улсын яллагч                                        Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч        С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                Б.Б нарыг оролцуулан

     

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1739000000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1997 оны 06 сарын 28-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 3 дугар баг, 3-17 тоотод амьдардаг, 2017 оны 03 дугаар сарын 23-нд Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Б.Б 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Булагийн 10-10 тоотод Д.Быг бусадтай маргалдаж, зодолдохоос сэрэмжлэх зорилгоор цээжин тус газар нь гараараа 1 удаа түлхсэний улмаас унаж Д.Б амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.А мөрдөн байцаалтад өгсөн: “... Би талийгаач Д.Б төрсөн эгч юм. Талийгаач дүү маань Сүхбаатар аймгийн харъяат Хонгорзул гэдэг хүүхэнтэй сүүийн 1 жил хамтран амьдарч байсан. Болсон хэрэг явдлын талаар би мэдэхгүй. Дүү маань хавар ноолуурын үеэр байж байгаад ээжийг гэр авч өгье гэхэд гэр авахгүй гээд 800.000 төгрөг аваад ажил хийнэ гээд явсан. Хамгийн сүүлд 2017.06.29-ний өдөр Сүхбаатар аймаг руу Хонгорзулын хамт явж ажил хийнэ гээд ээжээс зардлын мөнгө 100.000 төгрөг аваад явсан. 2017.7.5-6 ны өдрүүдэд ээжтэй утсаар яриад Сүхбаатар аймагт ажил хийж байна. Хонгорзул тогооч хийж байгаа гэж ярьсан. 2017 оны 07 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Цагдаагийн газраас дүүг маань нас барсан талаар мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, шүүгдэгч Б. Баттулгаас оршуулгын зардал 4,0 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 5,0 сая төгрөг нийт 9,0 төгрөгийг авсан учир одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.  

 

Гэрч М.Оргодолбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай хашаан дотор байсан давхар кабинтай порланд машины зүүн талд байсан чиргүүлийн зүүн талд нэг залуу дээшээ хараад газар хэвтсэн байдалтай байсан. Тухайн үед хажууд нь 2 залуу байхаар нь наад хүн чинь яасан юм бэ гэхэд гэж асуухад татаад ойччихсон байхаа гэсэн. Тэрнээс хойш 10-аад минут болсон. Босохгүй болохоор нь очоод харахад нэг л хачин байхаар нь би түргэн дуудсан. Эмч ирж үрээд амьсгал хураасан. Би эхнэрээсээ дараа нь юу болсон талаар асуухад нэг залууг нь түлхээд унагаж байхыг харсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/, 

 

Гэрч М.Туулын мөрдөн байцаалтад өгсөн: “...  талийгаач эхнэртэйгээ маргалдаад байх шиг байсан. Яг ямар учраас маргалдаад байгааг нь би мэдээгүй, эхнэр нь талийгаачийг нааш ир гээд байн байн дуудаад харин нөхөр нь чи надаар яах гээд байгаа юм гэж хэлээд байсан. Миний бодлоор бол манайд ирэхээсээ өмнө л энэ 2 хоорондоо маргалдсан байсан юм шиг санагдсан. ... Талийгаач эхнэрээ дэлгүүр лүү явсан хойно удалгүй манай гэрээс ирээд манай хашааны зүүн талд байдаг чиргүүлийн хойд талд зогсоод нэгэнтэй нь юм яриад зогсоод байсан. Хэнийг нь анзаараагүй. Мөн тэнд Өсөхөө гэдэг залуу хамт зогсож байсан. Би яг энэ үед гэдэс цэвэрлээд сав суулгаа угааж цэвэрлэж байсан. Удалгүй Тулгаа гэдэг залуу гараад урагшаа 00 руу чиглээд машины баруугаар ороод явсан. Удалгүй нөгөө хэд чиргүүлийн хойд талд  маргалдаад байгаа бололтой харахад нэг л эвгүй байр байдалтай байцгааж байсан. Тэгээд зуух руугаа хараад юм хийж байтал ард гэнэт л маргалдаад байгаа бололтой чимээ гарахаар нь эргээд хартал нөгөө Тупгаа гэдэг залуу гараараа талийгаачийн цээж рүү түлхээд арагш нь унагасан. Талийгаач яг чиргүүлийн гарны хойно зогсож байсан болохоор унахдаа чиргүүлийн гар даваад яг чиргүүлийн гар дээгүүр араараа дээшээ хараад унасан унаад ямар нэгэн хөдөлгөөн болон ямар нэгэн чимээ гараагүй. Тэгсэн Тулгаа гэдэг залуу ухаан алдчихлаа гэж хэлсэн. Мөн нэг нь өө амьсгаатай байна гэж хэлж байх шиг байсан. Тэгтэл Тулгаа нь над руу ирээд шанагаар ус 2 удаа авч талийгаач руу цацсан. Тэгээд л  болохоо байлаа гээд түргэн тусламж дуудахаар болж түргэн рүү манай нөхөр утсаар дуудлага өгсөн /хх-ийн 45-46 тал/, 

 

Гэрч Г.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... намайг тамхи татаад сууж байхад талийгаач миний урд ирж зогсоод “чи манай эхнэртэй явалдах гээд байна уу“ гээд согтуурхаад үг хаяад байсан. Би талийгаачид ах боль хамт олноор явж байна. Сайхан хорхог боодог хийж байхад хэрүүл маргаан хийгээд яах вэ? гэж хэлсэн. Энэ үед Баттөгс  надаас ирээд тамхи аваад миний хажууд тамхи татсан. Баттөгсийг тамхи татаж байхад талийгаач бас л намайг эхнэртэйгээ хардаад сонин сонин юм яриад байсан. Талийгаачийн ярьсан зүйлийг Баттөгс сонссон. Тэгээд ах яах гээд байгаа юм бэ гээд портерын хойд талаас аваад 2-3 алхмын цаана зогссон. Энэ үед мөн Нарийка портерын зүүн талд байсан чиргүүлийн гар дээр сууж байгаад босоод талийгаач болон Баттөгс рүү очсон. Машины урд талаас Баттулга мөн ирсэн. ... Баттөгс талийгаачийн шанаа руу гараараа 1 удаа цохиод авсан. Талийгаач ч өөдөөс нь цохих гээд дайрсан тэгтэл Баттулга талийгаач болон Баттөгс нарын голоор ороод талийгаачийн цээж рүү нь гараараа түлхтэл талийгаач гар дээгүүр даваад ард талаараа унасан. Би талийгаачийг чиргүүл дээр унахыг харчихаад гэр лүү орсон. Миний яг араас Баттөгс орж ирсэн. Тэгтэл Баттулга гаднаас орж ирээд “энэ ах сонин болчихлоо татаад байна” гэж нилээн сандарсан байдалтай орж ирсэн. ... Даваадорж талийгаачийн цээжин дээр нь 2 гараараа хиймэл амьсгал хийж байгаа юм шиг дарсан. Ухаан орохгүй байхаар нь би талийгаачийг араас нь 2 гараараа цээжээр тэврээд өргөөд хэд, хэд сэгсэрсэн боловч ухаан ороогүй ... Баттулга талийгаачтай муудалцаагүй. талийгаач Баттөгсөд цохиулаад унаагүй, толгойгоороо ямар нэгэн юм мөргөөгүй харин цохиулаад Баттөгстэй барьцалдаад авсан. Тэгтэл Баттулга голоор нь ороод талийгаачийг түлхчихсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/,

 

Гэрч Ү.Баттөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би цонхоор харахад талийгаач чиргүүлийн хойд талд зогсож байсан. Тэгээд Өсөхбаяр талийгаач руу очиж байгаа харагдсан. Тэгээд би араас нь гарсан. Тэгэхэд Өсөхбаяр тамхи татаад чиргүүлийн баруун талд байсан машины хойд талд сууж байсан. Харин талийгаач хажууд нь зогсчихсон байж байсан. Өсөхбаяр талийгаачид хандан та нэг зангаараа байгаа ч ээ. Хүн болгонтой хэрүүл хийгээд байх юм амралтын өдөр хорхог боодог хийцгээж сайхан байхад гэж хэлж байсан. Харин талийгаач өөдөөс нь согтуурхаад чи тэгээд яах уу гэж хэлсэн. Өөр ч бас юм ярьсан тэр нь надад сонсогдоогүй. Тэгээд би тэр үед Өсөхбаяр талийгаач хоёрыг муудалцаж магадгүй юм байна гэж бодоод Өсөхбаяраас очиж тамхи аваад урд нь тамхиа асаагаад зогссон. Энэ үед би ч талийгаачид та одоо болих хэрэгтэй, оръё гэсэн тэгэхэд талийгаач над руу бүр ойртоод ирэхэд би баруун гараараа талийгаачийн шанаа хавьцаа руу түлхсэн. Би талийгаачийг хүчтэй түлхсэн. Талийгаач хойшоо 1-2 алхам хөл алдсан. Гэхдээ унаагүй.  Тэгээд надруу ухасхийсэн тэгтэл яг голлоод Баттулга орж ирээд намайг зүүн гараараа түпхсэн. Би ч талийгаачийг ухасхийхээр нь эргэж хараад тэр чигтээ гэр лүү орсон. Миний араас Өсөхбаяр орж ирж суусан. Тэгээд төд удалгүй Баттулга бүр сандарчихсан бараг уйлчих шахаад хүний бие эвгуй болчихлоо гээд орж ирсэн. Тэгээд гэрээс бүгд гарцгаасан. Гарахад талийгаачийг чиргүүлийн гарын зүүн талд хашааны баруун талд газар хэвтүүлчихсэн нүүр болон хувцас нь ус болчихсон норсон байсан. Байшинд сууж байхад нэг нь орж ирээд ус хутгаад гарч байсан юм хэн гэдгийг анзаараагүй. ... Даваадорж ах талийгаачийн цээжин дээр нь гараараа 2-3 дарсан. Өсөхбаяр талийгаачийг араас нь тэврээд хэд хэд сэгсэрсэн.  Би энэ үед талийгаачийн зүрхийг чагнахад зүрх нь цохилж байсан. Би талийгаачийг цохиогүй. Харин баруун гараараа эрүүнийх нь доороос хүчтэй түлхсэн. ... Энэ асуудал бол маш хурдан хугацаанд болж өнгөрсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-56 тал /

 

Гэрч О.Ганцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өсөхбаяр гэоээс гэрч ирээд миний хойд талд утсаа оролдоод зогсож байхдаа талийгаачид та битгий давраад байгаарай хүн пязда наахуүгаар битгий дуудаад байгаарай. Дүү нь тийм сайхан ааштай хүн биш шүү гэж хэлсэн. Энэ үед талийгаач миний хойд  талд буюу чиргүүлийн  хойд талд хашаа налаад зогсож байсан чинь нөгөө бригадын Увс аймгийн нэг залуу ирээд талийгаачид хандан та битгий давраад байгаарай гээд талийгаачийн зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд дахиад талийгаачийг цохих гээд байхаар нь Баттулга ирж тэр хоёрын голоор орж салгаад талийгаачийн цээж рүү гараараа түлхсэн чинь талийгаач арагшаа чиргүүл рүү унасан. Тэгээд эргэж босож ирээгүй. Баттулга талийгаачийг нөгөө Увсын залуутай маргалдаж байхад хажууд нь байгаагүй яг талийгаачийг цохих үед нь ирж таарсан тэгээд хараад хөөе, хөөе гээд гүйж ирээд голоор нь ороод салгаад талийгаачийг цохих үед нь ирж таарсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 58-59 тал/

 

Гэрч Б.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: “... Туул эгчээс юу болсон юм бэ гэж асуухад Туул эгч Баттулга, Өсөхбаяр, талийгаач 3 хашааны дотор чиргүүлийн хойо яриад зогсож байснаа Баттулга талийгаачийг хойноосоо урагшаа төмөр чиргүүл рүү түлхчихсэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 тал/

 

  Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... бригадын хэд хашааны зүүн талд эвдэрхий машины хажуу талын чиргүүлийн гарны хажууд бөөгнөрөөд зогсож байсан. Тэгэхээр нь очоод яав гэж асуухад нөгөө бригадын нэг залуу талийгаач Батжаргалыг газар уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь талийгаачийг наадах чинь халуунд архи уугаад манараад унасан юм биш үү гэж хэлээд шанагатай ус авчираад нүүр лүү нь цацсан чинь ямар ч хувиралгүй байхаар нь гэрийн эзнээр дуудуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 тал/

 

Шинжээч Ч.Алтанцэцэгийн: ... Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цус харвалт нь тархины эд рүү нэвчсэн байдалтай байсан. Энэ нь гэмтлийн гаралтай цус харвалт гэх үндэслэл болж байгаа юм. Хэрэв гэмтлийн гаралтай бус цус харвалт байсан бол цус харвалт нь тархины эд рүү нэвчихгүй байсан. Талийгаачийн дагзны ар хэсгийн хуйхан дотор бүлэгнэлт үүсээгүй, шинэ цус хуралт үүссэн, мөн эд эсийн шинжилгээгээр тархинд үүссэн цусан бүлэн нь 0-6 цэгийн зураглалтай байгаа зэрэг байдлууд нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байгаа болохыг нотолж байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017.07.24 №042 тоот дүгнэлтэд: 1.Талийгаач Д.Б биед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, гуя, өвдөг, шилбэний зулгарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаач Д.Б нь элэгний архаг үрэвсэлтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. 4. Дээрх тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд гэмтэлд хамаарна. 5. Шинжилгээнд ирүүлсэн Д.Б гэж хаягласан 4.5 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. 6. Шинжилгээнд ирүүлсэн Д.Бын гэх цус нь О/1/ бүлгийн харъяалалтай байна. 7. Талийгаач нь тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас баржээ. /хх-ийн 90-91 тал/, 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний акт 2017.09.06 № 042 тоот дүгнэлт: 1. Талийгаач Д.Б-ын биед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, гуя, өвдөг, шилбэний зулгарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл тул дээрх гэмтэл нь шууд үхэлд хүргэх боломжтой. 3. Шинжилгээнд ирүүлсэн Д.Б гэж хаягласан цусанд 4.5 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно /хх-ийн 95-96 тал/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-89 тал/, 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130 тал/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123 тал/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130 тал/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Булагийн 10-10 тоотод Д.Быг бусадтай маргалдаж, зодолдохоос сэрэмжлэх зорилгоор цээжин тус газар нь гараараа 1 удаа түлхсэний улмаас хохирогч Д.Б унаж, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлгүүд болон шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймээс шүүх шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 10.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь Б.Б нь хохирогч М.А хохирол төлбөр 9,000,000 төгрөгийг төлсөн баг хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

         Шүүх шүүгдэгч Б.Б хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд зөрчилд холбогдохгүй, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай. 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА